| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/1015/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1029 |
| Огноо | 2021-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1029
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01585 0978 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Б.Э, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сутай буянт” техникийн зах дээр хувиараа автомашин засдаг гэх, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустай 7 дугаар гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял дээр 1997 оны 717 тоот тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 8 cap 10 хоногийн ялаас 2 жил 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 cap хорих ялаар шийтгүүлсэн байна.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Сутай буянт авто захын Б блокийн ** дугаар павильонд Д.М-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, нүүрэн тус газар нь цохих, заамдаж түлхсэний улмаас тусгаарлах шил хагарч Д.М-ын хацар зүсэгдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Сутай буянт авто захын Б блокийн ** дугаар павильонд Д.М-тай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэйгээр маргалдаж, нүүрэн тус газар нь цохих, заамдаж түлхсэний улмаас тусгаарлах шил хагарч Д.М-ын хацар зүсэгдэж, бие махбодод нь “...баруун хацарт шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Э-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон юм...” гэсэн мэдүүлэг;
2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: “...Э манай павильонд орж ирж намайг заамдаж тусгаарлах шил рүү түлхтэл хагарсан шил нь миний нүүрийг зүссэн” гэсэн тэмдэглэл (хх-ийн 5 дугаар хуудас);
3. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Сутайн буянт захын ** дугаар павильонд ажлаасаа буух гээд байж байтал Э орж ирээд багаж нэхээд байхаар нь би таны багаж манайд байхгүй гэж хэлээд павильоноосоо гаргасан. Тэгтэл чи ямар том болсон юм бэ гээд дахиж орж ирсэн. Таны багаж байхгүй, би буух гэж байна гээд ахиж павильоноосоо гаргасан. Э чамайг жанамаар цохиж ална гээд жанам бариад цохих гэхээр нь би жанамыг нь булааж аваад павильоноосоо ахиж гаргаад цоожлох гэтэл шууд миний зүүн шанаа руу баруун гараа атгаж байгаад цохисон... Бид хоёр заамдалцсан. Э намайг түлхээд бас павильоны шил рүү цохиход шил хагарч миний нүүр зүсэгдсэн. Тэгээд би цагдаа дуудаад гэмтлийн эмнэлэгт очиж 8 оёдол тавиулсан. Павильоны шил хагарсанд гомдол санал байхгүй, угаасаа цуурчихсан солих гэж байсан шил. Э надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, надад эм, боолт тариа зэрэг эд зүйлс авч өгсөн. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21, 23 дугаар хуудас)
4. Гэрч П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э эргэж очоод хэрэлдээд заамдалцаад бие биеэ түлхэж байгаад М нь павильоны хажуу шил мөргөж хагалаад хацар нь зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 6396 дугаартай: “...Д М-ын биед баруун хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би жанам бариад М-ыг “ална шүү, багаж аваад ир, чи ямар том болчихсон юм бэ” гэхэд М жанамыг булааж аваад намайг түлхээд гаргасан. Би М-ын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиход намайг зөрүүлээд заамдсан. Тэгээд бид хоёр заамдалцаад бие биеэ түлхэж байгаад би павильоны шилийг цохиж хагалахад хагархай нь үсэрч М-ын баруун хацрыг зүсэж гэмтээсэн. Би энэ асуудал дээр М-тай учир зүйгээ олсон ба хохирлыг барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас);
7. Шүүгдэгч Б.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 74-80 дугаар хуудас), оршин суугаа газрын лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй талаарх тодорхойлолт (хх-ийн 63 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хх-ийн 64-65 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 44-56 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал (хх-ийн 85-86 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Э нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.М-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Хохирогч Д.М нь “шүүгдэгч миний эм, эмчилгээний хэрэгслийг авч өгсөн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА