Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч А.Аварзэд,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Г-д холбогдох эрүүгийн 2117000000058 дугаартай хэргийг 2021 оны 09 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Н-ын Г /РД:............/, Төв аймгийн Баянчандмань суманд 1968 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, ............. гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, урьд 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2 жил 2 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөгдөж суллагдсан гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 13 дугаар гудамжны 1315 тоот хашаан дотор байрлах монгол гэрт У.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун хөлөөрөө нүүр рүү нь 1 удаа өшиглөн газар унагаж улмаар түүний нүүрэн тус газар 2 удаа хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.Г нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 13 дугаар гудамжны 1315 тоотод У.Б-тай хэрүүл маргаан үүсгэн маагалдаж баруун хөлөөрөө түүний нүүр хэсэгт нь 1 удаа өшиглөн газар унагаж, улмаар нүүрэн тус газар нь 2 удаа хөлөөрөө дэвсэж бие махбодид нь зүүн хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд урагдсан шарх, зүүн нүдний зовхинд, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Баянбулаг гэх газар оршин суух иргэн М-ы гэрт очиход Б, эхнэр Н-ийн хамт архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь би хамт уугаад их согтсон. Тэгээд хамт архи ууж байсан Б-тай муудалцаж өшиглөж, дэвсэн зодоход нүүрнээс нь их хэмжээний цус гаргасан. Тухайн үед цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн үед би их согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг мэдэж байгаа. Би хохирогчид 1 570 000 төгрөгийн хохирлыг төлсөн гэв.

1.2. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 05 дугаар сарын 11-ны өдөр эхнэр бид хоёр Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 13-1315 тоотод найз М-ыд дэлгүүрээс 2 шил Хараа нэртэй архи авч хувааж уугаад бид нар нилээн согтоцгоосон. М-ыд гаднаас Г ганцаараа 16 цагийн үед халамцуу орж ирээд бид нар нэмж 1 шил архи хувааж уусан. Би согтоод Г-тэй маргалдсан байсан. Юунаас болж маргалдсанаа бол сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л Г уурлаад над руу дайраад байсан. Тухайн үед би М-ны гэрийн баруун хойд хэсэгт буюу багананы хойд талд газар суучихсан байхад Гансүх над руу босч ирээд миний нүүр лүү зүүн нүдний орчимд баруун хөлөөрөө 1 удаа өшиглөхөд би хойшоо саваад унасан. Намайг дээшээ хараад унасан байх үед Г миний нүүрэн дээр хэд хэдэн удаа дэвссэн. Тухайн үед гэрт манай эхнэр Н, найз Мэндсайхан нар байсан. Миний нүдний орчмоос болон хамраас цус гараад гэрийн хивс, хулдаас болон бусад зарим эд зүйлүүдийг цусаар бохирдуулсан. Яг ямар шалтгааны улмаас болж маргалдсанаа санахгүй байна. Би түүний өөдөөс зодолдоогүй, гар хүрээгүй. Зодуулсны дараа түргэн дуудаад намайг эмнэлгийн машин ирж аваад эмнэлэгт хүргэж миний зүүн нүдний гадна хэсэгт оёдол тавьсан. Бидний хувьд урьд өмнө нь муудаж маргалдаж муудсан зүйл байхгүй. Миний хувьд 2011 онд мотоциклиос унаж групп тогтоолгосон. Тэр үед миний нүдний уг хэсэг болон толгой нуруу гэмтэж байсан. Түүнээс хойш унаж татдаг өвчтэй болсон. Мөн 2015-2016 оны үед Говь-Угтаал сумын баруун талд мотоцикльтой ганцаараа явж байгаад онхолдож тал цус харавсан. Эмчилгээ хийлгэж арай дээрдсэн. Тэр үеэс л миний хараа муудаж толгой тархины өвчтэй болсон. Г миний зүүн нүд рүү цохисон. Түүний улмаас миний зүүн нүдний хараа улам муудсан. Зүүн нүд харахын хувьд харж байгаа. Энгийн хүний нүд шиг харахгүй байна, баруун нүднээсээ муу харж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19, 154 хуудас/

1.3. Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Б, М бид гурав М-ны гэрт 15 цагийн орчимд дэлгүүрээс 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авч хувааж уугаад сууж байхад гаднаас Г ганцаараа 16 цагийн үед халамцуу орж ирээд бид нар нэмж 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад хувааж уусан. Архи уугаад Б, Г нар нилээн согтсон. М ганцаараа пиво уугаад суугаад байсан, архинаас ганц нэг л татсан. М бид хоёр бол нэг их согтоогүй байсан. Тэгээд гадаа харанхуй болох гээд гэгээ тасарч байх үед буюу 20 цагийн үед Г манай нөхөртэй маргалдаж эхэлсэн. Манай нөхөр Г-д би бол баян хүн олон малтай гэхэд би гуйлгачин биш ялгаагүй олон малтай гэж хэлээд маргалдаад Г манай нөхрийг гэрийн баруун хойд хэсэгт сууж байхад нь баруун хөлөөрөө нүүрэн тус газар нь нэг өшиглөхөд манай нөхөр хойшоо саваад дээшээ хараад унасан байх үед нь Г манай нөхрийн нүүрэн дээр нь дэвсээд байсан. Би Г-д болиоч ээ гэж байж болиулсан. Манай нөхрийн нүд, хамраас нь их хэмжээний цус гараад байсан. Удалгүй эмнэлэг, цагдаагийн машинтай хүмүүс ирсэн. Эмнэлгийн машин манай нөхрийг авч яваад оёдол тавиад буцааж хүргэж ирсэн. Манай нөхөр Гансүхийн өөдөөс зодолдоогүй, зодох ч тэнхэлгүй согтуу байсан. Зодоон болох үед гэрт М, Г, Б бид дөрөв байсан. Миний бодлоор манай нөхөр Б Г-д баярхсанаас болсон байх гэж бодож байна. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Г, Б нарын хувьд урьд өмнө нь маргалдаж муудсан байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

1.4. Гэрч Э.М-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б, Н нар нь дэлгүүр орж 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи, 2,5 литрийн савлагаатай том пиво авч ирснийг бид гурав манай гэрт уугаад сууж байхад гаднаас Г ганцаараа 16 цагийн үед халамцуу орж ирээд бид нарын ууж байсан архинаас хувааж уусан. Түүнийг ирсний дараа би дахиад 0,5 литрийн 1 шил Хараа нэртэй архи дэлгүүрээс авчирч ууцгаагаад Г, Б хоёр нилээн согтсон. Би пиво л уусан, архинаас ганц нэг л татсан. Н архинаас уусан гэхдээ согтолт нь гайгүй байсан. Архи  ууж байгаад 20 цагийн үед Г, Б нар хоорондоо маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь Б би олон малтай хүн, чи гуйлгачин гэсэн утгатай үгийг Г-д хэлэхэд Г би гуйлгачин биш би ч малтай гээд хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед би гэрийн зүүн урд хэсэгт тогоо, шанаганы саваа уутлаад буруу хараад сууж байх үед л Г Б-ыг зодчихсон байсан. Намайг эргээд харахад Г, Б-ын дээрээс нь нүүрэн дээр нь дэвсэхэд Н тэр хоёрыг хориод болиулсан. Б-ын толгойноос нь цус гараад байх шиг байсан. Нүүр нь нилээн цус болчихсон царай нь мэдэгдэхгүй байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн. Би анх яг хэнийгээ цохисныг хараагүй. Эхнэр нь гараад Гансүх манай нөхрийг сууж байхад нь өшиглөж унагаад дээрээс нь дэвссэн гэсэн. Н, Г, Б бид 4 байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

1.5. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаар дүгнэлтэд: У.Б-ын биед зүүн хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд урагдсан шарх, зүүн нүдний зовхинд, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд учирсан. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөмсгөнд урагдсан шарх, зүүн нүдний доод зовхинд урагдсан шар, зүүн нүдний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/

1.6. Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай нэмэлт дүгнэлтэд: У.Б-ын биед зүүн хөмсөг, нүдний доод зовхинд язарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын хянганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. У.Б-ын биед учирсан гэмтлүүдийг ямар хүний үйлдлээр үүссэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. У.Б нь өмнө нь тархиндаа гэмтэл авч байсан учраас 2021.06.11-ний өдрийн томографи шинжилгээнд тархины зөөлрөл тодорхойлогдсон. Уг тархины зөөлрөлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Эмнэлгийн бичиг баримтаа ирүүлээгүй тул унаж татдаг өвчтэй байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021.06.24-ний нүдний эмчийн үзлэг, харааны мэдрэлийн диск шалгах шинжилгээнд: онош – харааны мэдрэлийн диск хэвийн. Төвийн хараа шалгах шинжилгээнд: онош – төвийн шар толбо хэвийн гэсэн байгаа нь нүдний хараа бууралт нь тархины зөөлрөлтэй холбоотой байж болзошгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 159-161 хуудас/

1.7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 2-5 хуудас/

1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, хохирогч У.Баттулгын үзэг оношлогоо хийлгэсэн баримтууд /х.х-ийн 7-8, 65-66, 103-120,162-163,167-168 хуудас/

1.9. Хохирогч У.Б-ын хохирлын баримтууд /х.х-ийн 102, 133 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч С.Ганбат нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч У.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний хувьд хохиролдоо 1 300 000 төгрөгийг Г-ээс авсан, нэмж 500 000 төгрөгийг хохиролд нэхэмжилнэ. Үүнээс 271 468 төгрөг нь баримттай, 228 532 төгрөг нь баримт байхгүй. Хохирлын мөнгөө авбал надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 154 хуудас/

2.2. Гэрч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г-тэй найзалж нөхөрлөөд 5-6 жил болж байна. Тэр Сүмбэр сумын 5 дугаар багт ахындаа мал маллаж амьдардаг ба өөрийн гэсэн хэдэн малтай. Хувийн зан байдлын хувьд хүнтэй их нөхөрсөг, их тусархуу зантай. Архи дарс нээх их хэрэглээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

2.3. Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Г бид хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс. Г нь хөдөө ахындаа мал маллаж амьдардаг, өөрийн гэсэн цөөхөн хэдэн малтай, эхнэр хүүхэдгүй, ганц бие хүн. Хувийн зан байдлын хувьд нийтэч, хүнд тусархуу, байгаа юмаа хүнээс харамлаж мэддэггүй, хүнтэй зөв боловсон харьцдаг, хар ажил төрөлд сайн хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 46-51 хуудас/

2.5. Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 53-57 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналуудыг тус тус гаргажээ.

   Шүүхээс шүүгдэгч Н.Гнь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч У.Б-аас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлууд нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000058 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгдэгч Н.Г нь 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялын эдлээгүй үйлдсэн хугацаанаас чөлөөлөгдсөн боловч энэхүү нөхцөл байдал нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамруулахгүй үндэслэлд хамрагдахгүй гэж шүүхээс үзлээ.

Хохирлын тооцоо: Хохирогч У.Б нь эмчилгээ хийлгүүлэхэд гарсан зардалд нийт 1 800 000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 101 дүгээр хуудсанд нийт 1 398 866 төгрөг, 133 дугаар хуудсанд нийт 262 600 төгрөгийн нотлох баримт тус тус авагджээ. Үүнээс 1 300 000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн мэдүүлэг, 270 000 төгрөг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус нотлогдсон ба нийт 1 570 000 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгч Н.Г нь хохирогч У.Баттулгад төлсөн барагдуулсан байна.  

Мөн 101 дүгээр хуудсанд авагдсан энгийн эмийн жор 152 000 төгрөг, Хаан банкны орлогын мэдүүлэг 100 800 төгрөгийн баримтууд нь тус тус нотлох баримтын шаадлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч У.Б нь эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр нэхэмжилж байгаа 228 532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Гансүхийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ын Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2117000000058 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар хохирогч У.Б-аас гэм хорын хохиролд нэхэмжилсэн 228 532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Г-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА