| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халх баян овогт Баярцогтын Чт холбогдох эрүүгийн 2117000000093 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 12-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240 000 төгрөг хураах ял, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ХМШЗ/153 дугаартай захирамжаар тус шүүхийн 2019 оны 08 дугаар 26-ны 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас ялын эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг өршөөн хэлтрүүлж байсан гэх Х овогт Б-ын Ч /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Б.Ч нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 1-18 тоотод 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Яийн зүүн гарын 4 дүгээр хурууг хувийн таарамжгүй харилцааны улмаас хазаж хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 1-18 тоотод 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Яийн зүүн гарын 4 дүгээр хурууг хувийн таарамжгүй харилцааны улмаас хазаж хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Б гэх хүнтэй энэ оны 3 сараас хамтран амьдрах болстай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Би өвөл Facebook дээрээс зар харж байгаад мал маллуулна гэсэн айл байвал ярьж байгаад цалин мөнгөө тохириод очиж мал малладаг. Надад өөрийн гэсэн мал байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 17 цагийн үед байх. Би Баянтал сумын 1 дүгээр баг Сүлд 1-18 тоотод Х-ийн гэрт орон дээр нь хэвтэж байтал Я орж ирээд надаас мөнгөн бөгж, зүүлт 2 нэхээд байхаар нь би мөнгөн бөгжийг нь Ят өгчихөөд мөнгөн зүүлт чинь Гурвансайхан суманд манай гэрт байгаа одоо энд байхгүй би өгөх боломжгүй байна гэтэл Я намайг хараагаад, агсам тавиад уурлаад байхаар нь би Х эгчийнхээс гараад ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү явж байтал манай эхнэр Б миний өөдөөс алхаж байсан ба эхнэр дээрээ очтол ардаас Я дагаж ирээд манай эхнэр Бгийн үснээс зулгаагаад гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ба манай эхнэрийн үснээс гараараа зулгаачихаад тавихгүй байхаар нь би Яийн зүүн гарын ядам хурууг нь мушгиад гарыг нь тавиулсан юм. Тэгээд би Бг дагуулаад хадам ээж С-ынх руу явсан. Я бид хамт амьдарч байгаад 2 жилийн өмнө салсан юм. Өс хонзонгийн асуудал байхгүй. Би Яийн мөнгөн бөгж, зүүлт 2-ыг түр зүүх гээд авсан байсан юм. Би бөгжийг нь өгчихсөн байгаа одоо зүүлтийг нь ажил хийгээд мөнгөтэй болохоороо өгнө. Хэрэг гарсан өдөр манай эхнэр бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Я хэрэглэсэн байсан. Нилээн согтуу байсан. Яийг цохисон зодсон асуудал байхгүй. Яийн хурууг мушгиснаас үүдэн хуруу нь хугарсан, мултарсан бусад байдлаар гэмтээгүй байх гэж бодж байна. Я миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Манай эхнэр буцаагаад Яийг цохисон асуудал байхгүй. Ят зодуулсны дараа толгой жаахан өвдөж байсан. Одоо ямар нэгэн өвдөж зовиурлаж буй зүйл байхгүй...”гэх мэдүүлэг. /хх-ийн 59-60-р хуудас/
Хохирогч Л.Я мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Баянтал суманд Х гэх хүнтэй уулзахаар гэрт нь /хаягийг нь тодорхой мэдэхгүй гэх/ очиход Хгийн хүү нь А, Ч, Х гуай өөрөө байж байсан. Тэгээд Ч өмнө нь миний монетэн ээмэг, гинж зэрэг нийт 240 000 төгрөгийн эд зүйлийг түр зүүгээд өгье гээд авчихсан байсан. Тэр эд зүйлээ авъя гэтэл намайг хэл амаар доромжлоод байсан ба миний хамар руу болон зүүн чамархай луу нэг нэг удаа гараараа цохисон, бас миний зүүн гарын ядам хурууг хазсан. Тухайн үед цагдаа дуудахад Баянтал сумын төлөөлөгч П хүрч ирээд миний гарын зургыг авчихаад яваад өгсөн. Чын төрсөн ахтай найз болохоор Чтай танилцсан юм. Садан төрлийн холбоо байхгүй. Чыг архи уусан үгүйг нь анзаараагүй. Тухайн үед би архи уучихсан байсан. Гэхдээ тэгтлээ согтоогүй байсан. Би Чыг цохисон зодсон асуудал байхгүй. Чын хазсан зүүн гарын ядам хуруу хавдаж шархалсан. Одоо маш их өвдөж зовиурлаж байна. Чт зодуулсандаа маш их гомдолтой байна. Чт хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна. Миний зүүн гарын ядам хурууг хазахдаа Хгийн гэрт хазсан ба миний хурууг хазчихаад Ч Хгийхээс гараад зугтаагаад яваад өгсөн. Миний хамар болон зүүн чамархай луу нэг нэг удаа гараараа цохихдоо Хгийхээс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт гадаа цохисон. Ч миний хурууг хазахад хажууд Х, Анар байсан. Гадаа Ч намайг зодох үед Чын эхнэр Б нэг дүүтэйгээ ирсэн. Гараа эмчлүүлэхэд шаардагдсан бүх мөнгөө хохирлын тооцоо хийлгүүлсэн. Чаас гаргуулан авах хүсэлтэй байна. Миний гарыг Ч үүдэн шүдээрээ ядам хурууны доод хэсгээс дунд хэсэг рүү шувтарч хазсан. Ядам хурууны дунд үе дээр хазагдлын шарх гүн үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 7, 9, 11-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед дэлгүүр орчихоод гэр рүүгээ Баянтал сум, 1 дүгээр баг, Сүлдийн 1-17 тоот руу харьж явтал Ч урдаас тосоод ирж байсан. Тэгээд над дээр ирэхэд Чын араас Я хөөгөөд явж байсан. Тэгээд араас нь хүрч ирснээ намайг ална, чи муу янхан гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байтал Я миний хэвлийн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би хэвлийдээ цохиулсны улмаас доошоо гэдэс рүү таталт өгөөд тонгойгоод байж байтал Я миний үснээс 2 гараараа зулгаасан. Тэгэхээр нь манай нөхөр Ч Яийн гарыг тавиулах гээд хуруунаас нь мушгисан байж магадгүй. Гэхдээ би доошоо тонгойсон байсан болохоор Ч Яийн аль хуруунаас нь мушгисныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг Я үстчихсэн байсныг Ч тавиулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн ба дуудлагаар П төлөөлөгч хүрч ирээд Яийн хурууных нь зургийг авсан байх. Би болон манай нөхөр Ч бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Я архи уучихсан нилээн согтуу байсан. Би тухайн үед Яийг цохисон зодсон асуудал байхгүй. Я намайг өшиглөөд үстсэн, харин Я, Чын хоолойноос нь боогоод, нүүр рүү нь хэдэн удаа гэдгийг нь сайн мэдэхгүй гараараа цохиж байсан. Би одоо 5 сартай жирэмсэн Ят цохиулснаас үүдэн миний хэвлийгээр хаяа хатгаж өвддөг болсон. Намайг хэл амаар доромжилсон, мөн намайг зодсон учраас Ят гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/,
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед байх гэж санаж байна. Манай гэрийн орон дээр нь Ч унтаж байтал Я орж ирээд Чыг угзарч, татаж сэрээгээд миний бөгж, зүүлтийг өг гэж нэхээд Чын гарт байсан бөгжийг аваад хуруундаа зүүчих шиг харагдсан. Би гадагш гарчихаад буцаад гэртээ ортол Ч, Я нар ар араасаа цувралдаад манайхаас гарч явсан. Тэгээд би цаашаа юу болсныг огт мэдээгүй. Тухайн үед би гэртээ хүү Амаржаргалын хамт байсан. Ч архи уугаагүй байсан. Харин Яийг архи уусан үгүйг мэдэхгүй байна. Ч Я нар манайд хэрэлдэж, маргалдсан, муудсан, зодолдсон асуудал байхгүй. Ямар ч байсан зүүлт, бөгжний асуудал яриад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед 9954-тэй дугаараас /дугаарыг нь бүтэн санахгүй байна гэх/ над руу Б залгаад Я гэх хүн намайг зодоод байна гэсэн би тухайн үед Чойрын төв дээр ажилтай явж байсан болохоор 18 цаг өнгөрөөгөөд Баянталын 1 дүгээр баг Лүн 9-4 тоотод Яийн байгаа газар очоод Яээс юу болсон талаар асуухад Чын эхнэр Б миний зүүн гарын ядам хуруунаас хазсан гэсэн ба зүүн гарын ядам хурууг нь хартал ядам хуруу нь доод хэсэгт шалбарсан байсан. Хурууг нь тойруулаад хартал ямар нэгэн өөр шарх зулгаралт харагдахгүй байхаар нь ингэж хазна гэж юу байхав хазуулсан бол хуруу чинь тойроод шалбарч, хазагдлын ором үүсэх ёстой биздээ. Унаад гараа гэмтээчихсэн юм биш үү гэтэл үгүй ээ Б л намайг хазсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэхээр чамайг Б хазсан юм бол Бг би энд аваад ирье. Та 2 урд урдаасаа хараад болсон асуудлыг надад ярь гэтэл Я миний хуруу өвдөөд байна. Одоо Чойрын төвд очиж эмнэлэгт үзүүлж, цагдаад гомдол гаргана гэхээр нь би Яийг эмнэлэгт хуруугаа үзүүлэг гэж бодоод явуулсан. Тэгээд Бгийнд очиж уулзтал намайг гэр рүүгээ явж байтал Ч миний замыг тосоод над дээр хүрээд ирсэн. Гэтэл араас нь Я бас хамт дагаад ирсэн ба Я намайг доромжилоод элдвээр хэлээд байсан. Тэгээд миний хэвлий рүү хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи Яийн баруун гарын ядам хурууг хазсан уу? гэж асуутал Б огт тийм зүйл болоогүй харин Я намайг үстсэн, цохисон гэж хэлсэн. Я надтай уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж анзаарагдаагүй. Эрүүл байх шиг байсан. Б архи уугаагүй байсан. Би Яийн хурууны зургийг утсан дээрээ авах гэсэн боловч миний утасны цэнэг дууссан байсан болохоор зургийг нь авч чадаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 21-ний 16 цагийн үед байх би Бтай дэлгүүр орж тамхи авчихаад Б бид 2 манайх руу явж байх замд гадаа, гудамжинд Ч ах Я эгчээс зугтаагаад бид 2-ыг чиглээд ирсэн. Тэгээд Б бид 2 дээр Я ирчихээд мөнгөний тухай яриад хэрэлдээд байсан. Гэхдээ яг ямар учиртай мөнгөний тухай яриад байгаа гэдгийг би огт ойлгоогүй. Гэтэл Я эгч гэнэт уурлаад Бгийн гэдэс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бас үснээс нь зулгаасан. Тэгээд Ч ах Я эгчийг Бгаас салгаж байсан. Яг яаж салгасан гэдгийг нь би харж чадаагүй. Тэгээд би Я эгч Бг дахиад зодож магадгүй гэж бодоод Бг дагуулаад гэр рүүгээ орсон. Я эгч тухайн үед архи уучихсан нилээн согтуу байсан. Ч ах бас жоохон архи уучихсан байх шиг байсан. Харин Б архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед Ч Б нар Яийг цохисон асуудал байхгүй. Я Бгийн гэдэс рүү өшиглөөд үснээс нь зулгаагаад татаад байсан. Ч ахыг заамдаж барьчихаад тавихгүй байсан. Бд ямар нэгэн ил харагдах бэртэл гэмтэл үүсээгүй байсан. Я эгчийг Б бид 2-ыг чиглээд ирэхэд нь гар нь шалбарсан, зулгарсан, цус гарсан зүйл байсан үгүйг би огт анзаараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,
Гэрч Ц.П мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Б.Ч гэх хүнийг танина. Бид 2 багын найзууд байгаа юм. Б.Ч нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 1-17 тоотод эхнэрийн хамт амьдардаг. Дундговь аймагт мал малладаг байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Б.Ч нь зан чанарын хувьд даруу төлөв, хүнтэй зөв харьцдаг. Сайн залуу байгаа юм. Ч архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг. Архи уусан үедээ агсам согтуу тавих, бусадтай муудалцах асуудал гаргадаггүй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Б.Ч нь манай охин Бгийн нөхөр байгаа юм. Б.Ч нь Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 1-17 тоотод эхнэрийн хамт амьдардаг. Манай охин Бтай энэ оны 3 сард танилцсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Б.Ч нь зан чанарын хувьд даруу, төлөв, ажилсаг, шударга, хүнтэй зөв харьцдаг. Сайн хүү байгаа юм. Ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан талаар би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
Гэрч Б.Ч, хохирогч Л.Я нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:
“Хохирогч Л.Я: 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ч нь миний хамар руу болон зүүн чамархай руу нэг нэг удаа гараараа цохисон бас миний зүүн гарын ядам хурууг хазсан. Гэрч Б.Ч: Би Яийн нүүр рүү цохисон асуудал байхгүй. Мөн зүүн гарынх нь ядам хурууг хазаагүй. Я манай эхнэр болох Бгийн үснээс зулгаачихаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд зүүн гарынх нь ядам хурууг хойш мушигсан нь үнэн. Хохирогч Л.Я: Би Бгийн гэдэс рүү нь өшиглөөгүй. Харин үстсэн нь үнэн. Гэхдээ би Бг үсдчихсэн байхад Ч миний гарыг тавиулах гэж миний ядам хурууг мушгаагүй хазсан. Гэрч Б.Ч: Я Бг нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн. Мөн үстсэн өөрөөр зодсон асуудал байхгүй. Б буцаагаад Яийг цохисон зодсон асуудал байхгүй.” гэх тэмдэглэл /хх-ийн 29-30-р тал/,
овьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 264, 263 дугаартай дүгнэлтүүдэд: Б.Ч, Ч.Б нарын биед гэмтэл тогтоогдоогүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 35, 39-р тал/
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 257 дугаартай дүгнэлтэд:
- Л.Яийн биед зүүн гарын 4-р хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.08.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн гарын 4-р хурууны хазагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р тал/
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан талаар болон үзлэгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 48, 50-53-р тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Я, гэрч Ч.Б, Б.Х, Х.П, Ц.О, Ц.П, Ц.С нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №257 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байна.
Мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ХМШЗ/153 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”- ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг өршөөлд хамруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг өршөөлд хамруулаагүй байх тул эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Анхан шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн 2117000000093 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид нөхөн төлөх хохирол төлбөргүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-овогт Б-ын Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Б.Чаас 89650 /наян есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, ХБ-302 тоотод оршин суух хохирогч Л.Ят олгосугай.
6. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ