Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-гийн Э-д холбогдох эрүүгийн 2117000000094 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт М-гийн Э /РД:........./, Улаанбаатар хотод 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын ............ тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч М.Э нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв дотроос иргэн Д.Н-ын Samsung galaxy note-8 маркийн гар утсыг хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч М.Э нь согтуугаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвд Д.Н-ын байрлаж байсан өрөөнөөс Samsung galaxy note-8 маркийн гар утсыг хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н гэдэг хүнтэй хамт пачка тамхи зараад нэг шил архи авсан. Тэгсэн ах нь эндээс хоолны материал авъя ахдаа цуйван хийгээд өгчих гээд 3-н хэрчсэн гурил, мах авсан. Би цуйван хийж өгөөд архиа хувааж уугаад байрнаас нь төв рүү явж байгаад Т эгчтэй таарсан. Т эгчийг Соёлын төвийн гадаа байж бай гээд ороход хүн байхгүй, өрөө нь онгорхой байхаар нь Samsung galaxy Note-8 гэдэг утсыг авсан. Архи ууж байгаа юм бол ууя гэж бодоод буцаж очсон. Гар утсыг архи уух гээд авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, прокуророос сонсгосон 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

1.2. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Шивээговь сумын Соёлын төвд байрлаж байсан байрандаа Б, Э гэсэн хүмүүстэй нэг шил архи хувааж уугаад Э явсан бөгөөд би Б-ийн хамт сургууль руу яваад буцаж ирээд гар утсаа хайсан чинь олдоогүй, утас руугаа залгатал холбогдох боломжгүй болсон байсан. Миний алдсан гар утас нь Samsung galaxy note-8 маркийн хар өнгийн гар утас байсан. Уг утсыг би нэг жил гарангийн өмнө Улаанбаатар хотын Тэди төвөөс 700 000 төгрөгөөр авсан. Одоо бол 500 000 орчим төгрөгийн үнэтэй байгаа байх гэж бодож байна. Би Шивээговь сумын Соёлын төвийн өрөөнд сургалт явуулах үүднээс түр байрлаж байсан. Тухайн үед хаалгыг түгжээгүй байсан. Э, Б нараас өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-16 хуудас/

                                           

1.3. Гэрч Л.Ив мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед манай дэлгүүрт Т ганцаараа орж ирээд хар өнгийн гэртэй /ямар маркийн гар утас гэдгийг нь мэдэхгүй гэх/ гар утас харуулаад энэ утсыг тавиад таниас юм зээлээд авч болох уу гэж асуухаар нь би зөвшөөрөөгүй. Т хэлэхдээ энэ миний утас, таниас тамхи зээлж аваад 2-3 хоногийн дараа хүүхдийн мөнгө буухаар төлчихье гээд 30 орчим минут гуйгаад суугаад байхаар нь би зөвшөөрөөд 1 пачка Улааншонхор, 2 ширхэг Esse нэртэй тамхи өгөөд явуулсан. Маргааш нь 10 цагийн үед Э орж ирээд та миний утсыг авсан байна гэхээр нь би чамаас гар утас аваагүй, Т-с авсан гэтэл Э надтай хэрүүл хийж байгаад тэр хар өнгийн гэртэй утсыг аваад явсан. Т өмнө нь манай дэлгүүрээс юм аваад гарахдаа яг тэр хар өнгийн гэртэй утастай адил утсаар яриад явж байсан болохоор би Түмэн-Өлзийгийн утас мөн л гэж бодсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

 

1.4. Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед намайг Ж ахынд байж байхад Э согтуу ирээд та гэртээ байхгүй байна, би гэрээр чинь ороод гарлаа, хоёулаа соёлын төв яваад ирье, манай ах надад нэг шил архи авч өгнө гэсэн юм гэхээр нь би түүнтэй хамт сумын Соёлын төв рүү явсан. Соёлын төвийн гадаа очоод би ороогүй үлдсэн ба Э дотогшоо ороод удаад байхаар нь би 9 дүгээр байрны зүгт алхаж байтал Э араас гараад ирсэн. Бид хоёр Ж ахын гэрт байж байгаад Э гараад явсан. Орой 18 цагийн үед би Ж ахынхаас гараад гэр рүүгээ очоод буцаад Ж ахынх руу явж байтал Э хар өнгийн том гар утас барьчихсан явж байсан. Тэр утсыг дэлгүүрт тавиад тамхи аваад өгчих гэхээр нь би И-ын дэлгүүрт нэг пачка Улааншонхор нэртэй тамхинд тавьсан. Соёлын төвөөс гарч ирэхдээ гар утастай байсныг нь мэдэхгүй байна. Тухайн утсыг манай ахын утас байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

1.5. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 4-5, 6-7 хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /х.х-ийн 39 хуудас/

 

1.7. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 41-44 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч М.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч М.Э-гийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч М.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

ХОЁР: Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь манай нөхөр байгаа юм. Э бид хоёр дундаасаа 4-н хүүхэдтэй, хамт амьдраад 2 жил болж байна. Э одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Э нь даруу, төлөв, ажилсаг, тусч, 4-н хүүхдийн сайн эцэг. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Гэхдээ архи уусан үедээ хүнтэй муудалцаж маргалддаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

2.2. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Э нь төлөв зантай хүүхэд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/

2.4. Иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /х.х-ийн 59, 61 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Э-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Прокуророос шүүгдэгчийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-гийн Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхманлайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА