Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: “Ө б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Р-д холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаартай захирамжийн хавсралтын 1 дүгээрт байгаа “Ө б” ХХК-д холбогдох хэсэг хууль бус үндэслэлгүй гарсан болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Ө б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ааргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/230 дугаартай захирамжаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын эзэмшиж байсан 18000 метр квадрат талбай бүхий газрыг уг захирамжаар Ө б ХХК-ны эзэмшилд шилжүүлэх захирамж гарсан байдаг. Уг захирамжийг аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон. Газар олгохдоо тендер шалгаруулалт явуулаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн байгаа. Захирамжийн үндэслэлд зөвхөн тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газрыг Ө  б ХХК-д өгсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.

        Төрийн байгууллагын албан хаагчдын ажлаа хийгээгүй буруутай ажиллагаанаас хувийн хэвшил болон хуулийн этгээдийн захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг зааж өгсөн байгаа.  Төрийн албан хаагчийн ажлаа хийгээгүйн үүрэг хариуцлагыг хуулийн этгээд хүлээх ёсгүй. 40 дүгээр зүйлийн 40.2-г барьж аймгийн Засаг дарга хүчингүй болгох эрхтэй. Гэхдээ 40.1-д заасан үндэслэл байгаа тохиолдолд аймгийн Засаг дарга захирамжаа хүчингүй болгоно. Тэгэхээр 40.1-д заасан үндэслэлийг барьж захирамж гараагүй. Захирамж гарахдаа тендер явуулаагүй байна гэдгээр гарсан. Үнэхээр энэ асуудлыг хүчингүй болгохоор байсан бол хувийн хэрэг дотор юу байгаа талаар судалсан бол 40.1-т заасан үндэслэл гарч ирэхээр байна. Үүнийг судлаагүй Засаг даргын захирамж гарсан. Тендер гэж байна. Үүнийг хэн явуулах ёстой юм. Ө Б ХХК явуулах юм уу? үгүй, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар явуулах ёстой. Энэ явагдаагүй нь үнэн. Ө Б юу гэж тайлбарладаг вэ гэхээр орон нутагт тодорхой хэмжээний санхүүжилт оруулаад өгөөч гэж өөрсдөө гуйж байсан гэсэн. Тухайн үед энэ хүмүүс мэдэж байсан. Засаг дарга солигдохоор нэг компаний эрх ашиг сөхөгдөж нэг компанийг хохироож байна. Газар эзэмших гэрчилгээ болон газар эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу? гэдэг энд яригдахгүй. Төрийн албан хаагч нарын ажлаа хийгээгүйн улмаас энэ компаний эрх ашиг хөндөгдөж 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт газар дээр хийгдсэн. Хэрвээ цуцлагдсан хэвээр байвал Ө б ХХК төрөөс хохирлоо нэхэмжилнэ. Төр хүнээс нэхэмжлэх гэхээр бүрхэг байна. Хэний буруутай үйл ажиллагаанаас газар эзэмших эрх зөрчигдсөн талаар тогтоогдож байж Ө б  хохирлоо барагдуулна эсхүл төр хохирлоо барагдуулах нөхцөл байдалд хүрч байна. Засаг дарга юу гэж хүчингүй болгосон гэхээр тендер сонгон шалгаруулалт явуулсан бол энэ газар тодорхой хэмжээний үнээр зарагдах байсан. Тийм учраас улс хохирч байна гэж түрүүчийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Хэн гэдэг төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс энэ асуудал гарсан талаар заавал тогтоогдож байж Ө б хохирлоо барагдуулах юм уу? төр хохирлоо барагдуулах юм уу?  гэдэг асуудал дараа дараагийн шатанд явах нь зайлшгүй энэ шийдвэрээс хамаарахаар байгаа учраас төрийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагааг төр нь тогтоогоод хохирлоо буруутай албан тушаалтнаас нэхэмжилнэ.  Газрын тухай хуулийн 33 дээр газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журам гэж байгаа. 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг нийслэл дүүргийн газрын алба, тухайн иргэн аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэнэ гэж байна. Энэ дарааллаар улсын бүртгэл нь сүүлд байна. 2-т нь үйлдвэр үйлчилгээ явуулах газар эзэмших эрх авсан иргэн аж ахуй нэгж байгууллага нь 90 хоногт багтаан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй эрхийн гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэнэ гэж байгаа. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэхээр өөр өөр заалтууд байна. Энэ хүмүүсийн хэлээд байгаагаар газрын төлөвлөгөөнд тусгах асуудал нь шинээр газар авч байгаа тохиолдолд тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах талаар ярьж байгаа. Газар эзэмших эрх шилжүүлэх тухайд эрх шилжүүлэх байгууллагад байсан төлөвлөгөө тэр чигээрээ байна. Тэгэхээр 2016 оны газарт энэ газар тусгагдаж байсан. 2019 онд шинээр тусгагдахгүй.   Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахиж нэг хүний нэр дээ шилждэггүй. 40.2-т заасан үндэслэл гэж байна. Энэ хуулийн 40.1-ийн үндэслэл тогтоогдвол гэж байгаа. Өнөөдрийн захирамжийг хүчингүй болгож байгаа үндэслэлд 40.1-д заасан үндэслэл байхгүй. Нэмэлт тайлбарууд хууль зөрчсөн гэсэн асуудал захиргааны хэрэг үүссэнээс хойш хэргийн материалд нотлох баримт цугласнаас хойш нэмэгдэж гарч байгаа тайлбар, тухайн захирамжийг гаргахдаа энэ төрийн албан хаагч зөрчсөн гэж гараагүй. Ийм хуулийн заалтууд зөрчигдсөн учраас хүчингүй гэж гараагүй.40.2-ыг барьж байгаа нь өөрөө энэ хүмүүсийн тайлбартай зөрчилдөж байна. Тендер явуулаагүй, холбогдох өргөдөл баримтуудыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй байхад захирамж гарч байгаа бол Захиргааны ерөнхий хуулиар шийдэгдэх байсан. Өнөөдрийн хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн тухайд 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй учраас үүнийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Орон нутгийн өмчийн газарт байсан Ө б ХХК-ний газрыг аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газар гэж Тамгын газарт гаргасан байгаа. Энэ эрхийг зөвхөн Засаг дарга хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Хэрэгт авагдсан баримтууд өөрөө асуудалтай. Үүнийг бүрэн шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. Аймгийн Засаг даргад гаргаж байж аймгийн Засаг дарга энэ асуудлыг шийдэх болохоос аймгийн Тамгын газрын даргад ийм эрх хэмжээ байхгүй. Хоёрдугаарт газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа заалт нь хуульд заасан үндэслэлээр биш, өөрөө авсан байгаа үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг илт зөрчсөн байхад хуульд заасан үндэслэл гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Газар авсан үйлдэл нь Орон нутгийн газраас шилжүүлэх хүсэлт нь хууль бус Тамгын газарт гэж толгой нь буруу, хаяглаж хүргүүлсэн газар нь буруу. Энэ газрын тендер зарлаж дуудлага худалдаагаар авах журамтай байхад Ө  б ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг 2019 оны төлөвлөгөөнд оруулаагүй, батлаагүй.  Газрын тухай хуулийн 31.2 дээр хүсэлт гаргасан байршил нь аймаг нийслэл сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлж болохоор заагдсан байна гэж хуульд тодорхой зааж өгсөн. Нотлох баримтаар ирсэн газрын төлөвлөгөөнд үүнийг оруулж заасан зүйл огт байхгүй. Тэгэхээр энэ хуулийн заалтыг зөрчсөн байна. Үүнийг зөрчсөний улмаас одоо эзэмшиж байгаа газар нь Орон нутгийн өмчийн эрх хэмжээ нь тэндээ байгаа гэж үзэхээр байна. Хүсэлт нь хууль бус хаяглаж гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээнд Y дугаар аваагүй. А-ийн тайлбар дээр мөн Y дугаар олгож байж тухайн гэрчилгээ хүчин төгөлдөр болно гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. 06 дугаар сарын 11-нд авсан гэрчилгээ Y дугаар аваагүй, бүртгэлд ороогүй, материал дутуу, Ариунсэлэнгийг мэйл хаягаар явуулсан гэж баримт өгч байна. Энэ нь тухайн үеийн байгууллага удирдлага гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа хийгээгүй, араас нь мэйл хаяг явуулаад гарын үсэг материалаа бүрдүүлж өг гэсэн байгаа нь төрийн албан хаагч нарт ингээд явж байх цаг зав байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засаг даргын газар эзэмших эрх олгох захирамж яаж гардаг процессыг ярьж байна. Газрын тухай хуульд зориулалт зааж бусад холбогдох журмуудад заасан эрх үүргүүдийг тодорхойлсон байдаг. Үүний дагуу газар эзэмшүүлэх ажиллагаа явагдаагүй учраас хууль бусаар гарсан захирамж гэж Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон. Энэ газар нь яаж олгогддог юм, ямар шат дарааллаар хэнд, хэн эрхийг нь олгодог талаар шат дарааллууд тодорхой байгаа. Энэ дараалал алдагдсан байгаа. Яагаад алдагдсан гэхээр хууль журмын дагуу явах боломжгүй байсан учраас хууль бусаар захирамж гарсан гэдэг нь ойлгомжтой байгаа. Захирамжийн төслийг хэн бэлддэг юм гэж байна. Энэ төслийг манай байгууллагаас бэлддэг. Үүнийг манайхаас бэлдсэн хүн байхгүй. Манайд хянагдаж бүртгэлтэй байдаг. Ийм зүйл байхгүй. Хэн нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс ийм асуудал гаргасан. Энэ асуудлыг шийдсэний дараа болно гэж үзэж байгаа бол хэн нэгэн хохирсон байх ёстой. Хохирол нь тодорхой болж буруутай этгээд тодорхой байх ёстой. Хуулийн тухайд ямар нэгэн шат дараалал, хуулийг хэрэгжүүлэх зүйл явагдаагүй. Жишээлбэл бичиг баримтыг яагаад аваагүй юм гэж байна. Ямар материалыг бүрдүүлж өгөх ёстой юм. Түүнд ямар материал хавсаргадаг юм. Хүсэлтийг үндэслэж байж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж үүнийг үндэслэж төлөвлөгөөнд орсон иргэдийн дунд сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаа явуулдаг зарчимтай. Энэ зарчимд огт нийцээгүй гарсан захирамжийг хүчингүй болгох нь зүй ёсны хэрэг. Магадгүй хүчингүй болгох үндэслэлд дурдаагүй байхыг үгүйсгэхгүй. 40.1-т заасан үндэслэл гэж шилжүүлж авсан гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүл шинээр гэрээ байгуулаагүй гэж байгаа. 40.1.3-ыг зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэж өмнөх захирамж гарсан байгаа. Гэтэл хуульд төрийн байгууллагад энэ заалт хамаарахгүй гэж тодорхой бичсэн. Энэ иргэн, аж ахуй нэгж хоорондын эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэлж байгаа болохоос төрийн байгууллага хаа хамаагүй газар тоот гаргаж шилжүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй.

        Шилжүүлэхтэй холбоотой асуудлуудыг тодорхой заасан байгаа. Шилжүүлсэн эрхтэй этгээд шилжүүлж байж албан татвар төлсөн байх ёстой. Төрийн байгууллага байсан учраас ямар ч боломж байхгүй. Ингээд 40.1.7 дахь асуудал дахиж гарч ирнэ. Ийм байдлаар үндэслэл хангалттай байгаа учраас захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Гэрээ байгуулах гэрчилгээ олгох нь нэг доор хийгддэг салшгүй нэг хэсэг болдог. Гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж заасан байдаг. Гэрчилгээ олгох хугацаа нь Засаг даргын захирамж гарч хүчин төгөлдөр болж байгаа. Ингэсэн тохиолдолд газар эзэмших эрх авсан этгээд мэдүүлгээ өгөх ёстой. Ингэхдээ өөрийн биеэр ирж өгнө. Энэ дараалал үүн дээр байхгүй. Газар эзэмших хүчингүй болгосон захирамжийн заалттай холбоотой асууж байна. 40.2 дээр байгаа 2 заалтыг түрүүн дурдсан. Энэ 2 заалтад шилжүүлж авсан гэрчилгээ шилжүүлэхтэй холбоотой асуудлыг 40.2 дээр зааж өгч, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг нь хориглоно гэсэн заалтад байгаа. Гэхдээ хориглоно гэсэн заалтыг үндэслэж хүчингүй болгох хуулийн заалтууд тусдаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар захиргааны хэрэг шийдвэрлэхтэй холбоотой асуудал болох юм байна гэж ойлголоо. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцээгүй гээд бүх үндэслэлүүдийг бичиж өгсөн. Аль аль байдлаараа гарсан захирамж хууль бус гарсан гэв. 40.1.2-г үндэслэлгүй гэж үзээд байх шиг байна. Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэсэн захирамж байгаа үүнтэй холбоотой газар эзэмших эрхийн зөрчлийг бусдад шилжүүлэх 38-р зүйлийг дурдлаа 38.2, 38.1-т Монгол улсын иргэн аж ахуй нэгжийн хооронд явагдана. Энд ямар ямар бичиг баримт байхын 38.3 дээр засаг дарга ямар зүйлийг тодруулахын ямар хугацаанд хүлээж авах юм, юуг үндэслэж шийдвэр гаргах юм. Эрхийн хэрэгжилтийг шилжүүлэх тухай хүсэлт гэдэг асуудлыг яригдаж байгаа шилжүүлэх гэж жишээлбэл орон нутгийн өмчийн алба хүсэлт гаргах ёстой байна тэгэхдээ төрийн байгууллагадаа хүсэлт гаргах боломж байхгүй тийм учраас хүсэлт гаргаагүй байх захирамж нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдэг нь тодорхой болоод байна. Нэгэнт хоорондоо шилжүүлсэн нь нотлогдохгүй байж байгаад гарсан шилжүүлэх тухай захирамж нь өөрөө үндэслэлгүй гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дахь заалт, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчимд нийцээгүй хууль зөрчин гарсан 3 иргэн, аж ахуйн нэгж,  байгууллага буюу Ө б ХХК-ний худалдааны төвийн зориулалтаар олгосон 18000 м2, М ХХК-ны орон сууцны зориулалтаар олгосон 678.5 м2, Ш.Ш-ын орон сууцны зориулалтаар олгосон 678.5 м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

         Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд Аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/182 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг үндэслэн Алтай хотын инженерийн байгууламж бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргасан “Ө б” ХХК-д худалдааны төвийн зориулалтаар 48677 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Дараа нь аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/235 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.4 дэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Орон нутгийн өмчийн газрын худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байгаа 000438044 дугаартай эрхийн гэрчилгээ бүхий 18000 м2 газрыг “Ө б” ХХК-д 15 жилээр эзэмших эрхийг шилжүүлж эзэмших газрын байршил, хэмжээг 1-2 дугаар хавсралтаар баталж, захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны А/593 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 5 дахь хэсэгт холбогдох хэсэг, 2019 оны А/182 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон байна. 

    Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, хуулийн 38.2-т зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг баримт бичгийг хавсаргахаар заасан. Хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулж, 38.4-т зааснаар “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан байна.

         Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/593 дугаар захирамжаар  О н ө а-ы  Жаргалант баг Хуучин Нисэх буудлын зүүн урд талд 18000 м2 худалдааны төвийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг “Ө б” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ аймгийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 229 дугаар “тус газрын нэр дээр бүртгэлтэй Есөнбулаг сумын Жаргалант багт байрлах 1800 м2 орон нутгийн өмчит газрыг “Ө б” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэсэн албан бичгийг хүргүүлсэн, “Ө  б” ХХК  2019 оны 05 дугаар сарын 24-ны 2019/03 дугаар албан бичгээр “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн паркийн хойт талын 48677 м2 орон нутгийн өмчит газрыг худалдааны төв байгуулах зориулалттайгаар Ө б ХХК-нд шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан байхад аймгийн Засаг дарга “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай”  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/235 дугаар захирамжийг гаргасан байгаа нь хууль бус байна.

        Тодруулбал: Аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлага хангасан тохиолдолд /нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт/ газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах байсан бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэхэд хуулиар тогтоож өгсөн анхан шатны баримт байхгүй, Орон нутгийн өмчийн албанаас 1800 м2 газрыг шилжүүлэхийг зөвшөөрсөн, “Ө б” ХХК-наас 48677 м2 газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүссэн зэрэг газрын хэмжээ зөрүүтэй байхад 18000 м2 газрыг шилжүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж гарсанаар газар эзэмших гэрээ хийгдээгүй газрын гэрчилгээ олгосон байгаа хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Газрын тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.1.3-т “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” гэж зааснаар “Ө б” ХХК-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа нь үндэслэлтэй байна.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх шийдвэр нь хууль бус Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн  тул хүчингүй болгосон талаарх тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдох маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ захиргааны байгууллага албан тушаалтан нь анх газар эзэмших эрх шилжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан шаардлагыг хэрхэн хангасныг анхаарсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Өөдрөг баян ХХК-ний аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/580 дугаартай захирамжийн хавсралтын 1 дугаарт байгаа “Ө б” ХХК-нд холбогдох хэсэг хууль бус үндэслэлгүй гарсан болохыг тогтоож хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ