Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 59

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                    

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч М.Шийрэв, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмарын Шийрэвт холбогдох эрүүгийн 201625030653 дугаартай, 186/2016/0045/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-51 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Мягмарын Шийрэв /РД:УХ:86050416/,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                             

Шүүгдэгч М.Шийрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “17 нэртэй” шөнийн клубт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн О.Бямбасүрэнг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед баруун нүдний алимны цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч М.Шийрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн зүйл үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

    Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Бямбасүрэнгийн:..2016 оны 03 дугаар сарын 13-ны орой би өөрийн дүү Болор-Эрдэнийн хамт 11 дүгээр хороололд байх ажлаа тараад 22 цаг өнгөрөөгөөд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байрлах “Хөхийн дуудлага” нэртэй караокед 5-10 минут сууж байгаад эргээд 17 нэртэй шөнийн клубт өөрийн дүүгийн хамт явж орсон. Орж суугаад хүний нэг нэг пиво захиалаад 1 цаг орчим сууж байгаад дахин хүний нэг нэг пиво захиалаад ууж байгаад талбайд гарч бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд суутал үл таних нэг залуу хүрч ирээд та хоёр Дэнжийн мянгынх уу гэж асуухаар нь чамд хамаагүй, чи ширээн дээрээ очиж суу, гэж хэлтэл явахгүй байгаад  байхаар  нь зайлаачээ гэж хэлэхэд манай дүү ирж таарсан. Тэр залуу ямар ч үгийн зөрүүгүй миний баруун нүд орчим гараараа нэг удаа цохьсон. Тэр үед манай дүү Болор-Эрдэнэ цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр залууг авч явах үед нь чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд нүүр лүү нь гараараа 2 удаа алагдсан.  Би гэрлүүгээ хариад маргааш нь эмнэлэгт цагдаад хандаж өргөдлөө өгсөн. Би зайлаач гэж хэлээд ширээн дээрээ очиж суу гэж хэлсний төлөө намайг шууд цохьсон. Өөр ямар нэгэн маргаан болоогүй. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй залуу байсан. Намайг харахад тэр залуу архи бага хэмжээгээр хэрэглэсэн юм шиг байсан. Би 1 дүгээр эмнэлэг дээр 120.000   төгрөгөөр толгойн томографын зураг авахуулсан, би тэр өдрөөс хойш 5 хоног ажилдаа яваагүй. Миний өдрийн цалин 33.000 төгрөг, 5 хоног гэж тооцохоор 165.000 төгрөг, болж байна. Өөрт учирсан бодит хохирол болох 285.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх 17-18/,

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч О.Болор-Эрдэнийн:...Би 2016 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим өөрийн төрсөн эгч Бямбасүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны автобусны буудал дээр уулзаад бид “Хөхийн дуудлага” нэртэй караоке пабд ороод хүний нэг пиво уугаад  дуулж байгаад гарч ирээд хойд талд нь байх “17 night club”-т орж үйлчлүүлээд хүний нэг пиво захиалж аваад сууж байтал би өөрийн төрсөн эгч Бямбасүрэнгийн хамт талбайд гарч бүжиглэж байгаад манай эгч ширээн дээрээ суучихсан юм.Тэгээд би ганцаараа талбайд бүжиглэж байхад зүс таних залуу манай эгчийн ширээн дээр очоод суучихсан байсан. Би ширээн дээр нь очиход Бямбаа эгч нэг залууг ширээн дээрээс бос гэж хэлэхэд нүүрэнд нь нэг удаа цохиж шилийг нь хагалсан. Би яаж байгаа юм бэ? гээд тэр залууг 2-3 удаа алагдаж аваад цагдаагийн газарт аваачиж өгсөн. Тэгээд би гэрлүүгээ харьсан. Маргааш нь тус цагдаагийн газарт эгчийн хамт очиж өргөдлөө өгсөн гэх мэдүүлэг. /хх 19-20/,

          2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Хүрэлшагайгийн:...Тухайн өдөр би 17 nigth cigtb-т зөөгчийн ажил үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр үед би уг бааран дотор байх караокед зөөгчийн ажил хийж байгаад манай баар байх караоке шөнийн 02 цагаас 03 цагийн хооронд хаасан юм. Би уг зодооны талаар ямар нэгэн зүйл анзаарч хараагүй, бааран дотор байсан хүмүүс салгаж дийлэхгүй болохоор намайг дуудаг юм. Тухайн өдөр би караокед байсан болохоор баарны заалруу нээх орж ирээгүй гэх мэдүүлэг. /хх-21/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Бишдарийн:.. Миний дүү Шийрэв нь 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, бага насаа гэрээрээ байж байгаад Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд 4 дүгээр анги хүртлээ сууж байгаад 57 дугаар сургуульд 8 дугаар ангиа бүрэн дунд боловсролтой төгсөөд, барилгын коллежийг гагнуурчин мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Витафит ХХК-д гагнуурчнаар 2004 оноос хойш ажиллаж байгаад 2010 онд БНСАУ руу яваад 2013 онд ирсэн. Нарантуул заах дээр өөрийн төрсөн ахын тээшин дээр хамт ажиллаж байгаа. Дүү маань ганц бие, одоо ээжийн хамт амьдардаг гэх мэдүүлэг. /хх 23-24/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3737 тоот актын:

1. О.Бямбасүрэнгийн биед баруун нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт. /хх-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хэргийн  газарт   нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  фото  зургууд /хх 12-16/,  М.Шийрэвийг сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол,  тэмдэглэлүүд /хх 33-36/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны  засаг даргын тодорхойлолт / хх-37/, иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /хх-39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/, хохирогч  О.Бямбасүрэнгийн Чингэлтэй дүүргийн шүүхэд бичиж өгсөн хүсэлт /хх-61/ зэрэг  баримтуудыг  шинжлэн  судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

М.Шийрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах “17 нэртэй” шөнийн клубт нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн О.Бямбасүрэнг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний биед баруун нүдний алимны цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь хохирогч О.Бямбасүрэнгийн... пиво захиалаад ууж байгаад талбайд гарч бүжиглэж байгаад ширээн дээрээ ирээд суутал үл таних нэг залуу хүрч ирээд та хоёр Дэнжийн мянгынх уу гэж асуухаар нь чамд хамаагүй, чи ширээн дээрээ очиж суу, гэж хэлтэл явахгүй байгаад  байхаар  нь зайлаачээ гэж хэлэхэд манай дүү ирж таарсан. Тэр залуу ямар ч үгийн зөрүүгүй миний баруун нүд орчим гараараа нэг удаа цохьсон...гэх мэдүүлэг, гэрч О.Болор-Эрдэнийн:...Би 2016 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим өөрийн төрсөн эгч Бямбасүрэнгийн хамт.... “17 night club”-т орж үйлчлүүлээд хүний нэг пиво захиалж аваад сууж байтал би өөрийн төрсөн эгч Бямбасүрэнгийн хамт талбайд гарч бүжиглэж байгаад манай эгч ширээн дээрээ суучихсан юм.Тэгээд би ганцаараа талбайд бүжиглэж байхад зүс таних залуу манай эгчийн ширээн дээр очоод суучихсан байсан. Би ширээн дээр нь очиход Бямбаа эгч нэг залууг ширээн дээрээс бос гэж хэлэхэд нүүрэнд нь нэг удаа цохиж шилийг нь хагалсан. Би яаж байгаа юм бэ гээд тэр залууг 2-3 удаа алагдаж аваад цагдаагийн газарт аваачиж өгсөн...гэх мэдүүлэг, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 3737 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч М.Шийрэв нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.   

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Шийрэвт холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Шийрэвийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг тус тус баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх  нь  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч  О.Бямбасүрэн нь миний бие хохирол  болох 285000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 26-ний өдөр хүлээн  авсан бөгөөд би шүүгдэгч  М.Шийрэвт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад  учруулсан хохирлыг  төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.                                                                     

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч  М.Шийрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Шийрэвийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Мягмарын Шийрэвийгг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жил,   1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Шийрэвт оногдуулсан 3 /гурван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Шийрэвт оногдуулсан 3 /гурван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

     5. Шүүгдэгч М.Шийрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Шийрэвт урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

    7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Шийрэвт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ