Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Ө-ын Э-д холбогдох эрүүгийн 2117000020096 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М овогт Ө-ын Э /РД:................./, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1975 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны........дугаар байрны ....... тоотод оршин суух, “Платинум Ланд” ХХК-д дампын оператор ажилтай, бүрэн дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ө.Э нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны 3 дугаар орц 49 тоотод мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн “Anhbayr Bat” гэх нэртэй цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн Хаан банкинд бүртгэлтэй 5054047246 тоот харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 45 000 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 5 дугаар байрны 3-49 тоотод өөрийн гэртээ мэдээллийн технологи ашиглан фэйсбүүкийн “A B” гэх нэртэй цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гар утсаараа оролдож байтал хүмүүс лайв хийж покер тоглуулаад байхаар нь ингэж болдог юм байна гэж бодоод покер тоглуулсан. Тухайн үед хуулийн хариуцлага хүлээлгэдэг гэдгийг мэдээгүй. Коронагийн үеэр гэртээ зүгээр сууж байхаар гэж бодоод цахимаар тоглоом зохион байгуулсан. Тухайн өдөр гэртээ байж байгаад өөрийн LG х-4 маркийн гар утсаар лайв хийж хүмүүсийн мөнгийг өөрийн эзэмшиж байгаа данс руу хийлгээд, мөнгө хожсон хүмүүс рүү буцааж мөнгийг нь өгдөг байсан. Би  45 000 төгрөгийн ашиг олсон. Би ганц удаа тоглуулсан, хэд хоногийн дараа цагдаа дээр дуудагдсан. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокуророос 450 000 төгрөгөөр торгож, гар утсыг хурааж, олсон 45 000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хууль эрх зүйн мэдлэггүйдээ ийм хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

1.2. Гэрч А.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн Хаан банкны 54.........715 тоот дугаартай данс нь миний өөрийн эзэмшлийн данс. Би “A.Z” гэсэн фэйсбүүк хаяг ашигладаг. Би гар утасаараа фэйсбүүк хаягаараа орж байгаад “Да хүрээ” гэсэн групп-д утсаараа live хийж мөрийтэй тоглоом явуулж байхаар нь сонирхоод 5 000 төгрөг, 3 000 төгрөгөөр тоглуулдаг тоглоомонд нь өөрийнхөө данснаасаа мөнгө шилжүүлж тоглосон. Гэхдээ ямар нэгэн мөнгө хожсон асуудал байхгүй, орж тоглосон мөнгөө алдсан. Нийт би санахдаа 2 удаа л орж тоглосон байх. Ямар фэйсбүүк хаягтай хүн тоглуулсныг нь одоо мэдэхгүй байна. Тухайн мөрийтэй тоглоом нь утсаараа шууд дамжуулан бичлэг лайв хийж, 1-6 хүртэл дугаарт хөзөр тараан орох хүмүүс данс руу нь мөнгөө шилжүүлж, суух суудлаа сонгон тухайн номер дээр тараагдсан хөзрөөр бусад хүмүүстэй тоглож байсан. Мөнгө хожвол буцаагаад хожсон хүний дансанд орж ирэх зарчмаар” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-30 хуудас/

 

1.3. Гэрч Э.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би орой 19 цагийн орчим фэйсбүүк хаягаар ороод A B гэсэн хаяг дээр мөрийтэй тоглоом тоглосон. Миний фэйсбүүкийн цахим хаяг Э и гэсэн нэртэй. Би мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Харин тоглоомонд оролцож тоглосон. Тухайн цахим мөрийтэй тоглоом нь хөзрөөр покер хэлбэрээр зохион байгуулагдаж тоглодог юм. Би тухайн өдөр нэг л удаа тоглосон. 5 000 төгрөгийг 54..........7246 дугаартай дансанд хийж тоглоод 20 000 төгрөг хожсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 хуудас/

                               

1.4. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “549............96 дугаарын Хаанбанкны данс нь миний эхнэр болох Б.И-гийн эзэмшлийн данс. Би сар, өдрийг нь сайн санахгүй байна, өөрийн “Ц Н” гэсэн фэйсбүүк хаягаар цахим орчинд орж байхад /ямар хаягаас гэдгийг санахгүй байна/ 7 хүн тус бүр 10 000 төгрөг шилжүүлж, хожсон нь 60 000 төгрөг авдаг тоглоом шууд live хийж явагдаж байхаар нь сонирхоод өөрийн эхнэрийн Хаан банкны данснаас 50..........246 дугаарын данс руу 10 000 төгрөг шилжүүлсэн. Би уг тоглоомыг сайн ойлгоогүй учраас хожигдсон ба дараа нь тоглоогүй. Нийтдээ 7 хүн тоглож хүн тус бүрт 2 хөзөр тарааж, газарт 5  хөзөр дэлгэж, том хөзөртэй нь хождог тоглоом байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37 хуудас/

 

1.5. Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Оройн цагаар нөхөр бид хоёр гэрт байж байхад нөхөр минь өөрийн утсаар “Ц Н” хаягаас фэйсбүүк орж байсан ба тухайн үед фэйсбүүкээр 7 хүн тус бүр 10 000 төгрөг шилжүүлж, хожсон нь 60 000 төгрөг хождог тоглоомын live явагдаж байсан. Тухайн үед нөхөр минь сонирхоод надад чи энэ данс руу 10 000 төгрөг шилжүүлээч би тоглоод үзье гэхээр нь би өөрийн данснаас 10 000 төгрөг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь “Nymdorj 4 suyaa” гэж бичсэн. Уг мөнгийн шилжүүлсний дараа нөхөр минь надад би хожигдлоо энэ худлаа юм байна гэж хэлээд дахиж тоглоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

 

1.6. Гэрч С.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би З З гэсэн фэйсбүүкийн хаяг ашигладаг. Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны 4 цагийн үед “A B” гэсэн хаягнаас live хийж тоглуулж байсан мөрийтэй тоглоомонд оролцсон. Дээрх хүний мөрийтэй тоглуулсан тоглоом нь нэг хүний данс руу мөнгө хийгээд хожсон хүний дансыг аваад мөнгийг хийж дундаас ашгаа авдаг. Жишээ нь: 2 хүн 10 000 төгрөгөөр тоглоход хожсон хүн нь 15 000 төгрөгийг өгөөд зохион байгуулсан хүн нь 5 000 төгрөг авдаг юм шиг санагдсан. Би уг тоглоомыг нэг удаа тоглож 20 000 төгрөг хожсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/

 

1.7. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 13-16 хуудас/

 

1.8. Ө.Э-ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрийтэй тоглосон гэх этгээдүүдийн банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 63-66, 71-109  хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ө.Э-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Э-ы гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Шүүгдэгч Ө.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР: Шүүгдэгч Ө.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 54 хуудас/

 

2.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /х.х-ийн 56, 61 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.Э-ы анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ө.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ө.Э-ы хар өнгийн LG X-4 маркийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Ө.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 45 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ө-ын Э-ыг мэдээллийн технологи ашиглаж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ө.Э-ы хар өнгийн LG X-4 маркийн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Ө.Э-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 45 000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА