| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-10-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ны Х-т холбогдох эрүүгийн 2117000620095 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Д аймгийн Д сумын дугаар баг, ............ газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ч-ны Х /РД:......./,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Х нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил ундраа худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Д.С-н эзэмшлийн iphone-X маркийн гар утсыг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил ундраа худалдааны төвийн лангуун дээрээс насанд хүрээгүй хохирогч Д.С эзэмшлийн iphone-X маркийн гар утсыг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ч.Х мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим өөрийн нөхөр Ч.П-н хамт өөрийн машин болох Т.Аxio маркийн цагаан өнгийн 38-63 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хүнс авах болон эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах шалтгаанаар орж ирсэн. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсний дараа 15 цагийн орчим би минутыг нь сайн санахгүй байна. Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Оргил ундраа хүнсний дэлгүүрт ганцаараа орж худалдан авалт хийсэн. Худалдан авалт хийж байх үед дэлгүүрийн баруун хэсэгт лангууны хажуу талд хайрцагтай бараан дээр хар өнгөтэй утас мэт зүйл байхаар нь очоод хартал хар өнгийн гар утас байсан. Тэр үед би тухайн утсыг өөрөө ашиглах зорилгоор авсан. Тэгээд Оргил ундраа хүнсний дэлгүүрээс 103 000 төгрөгийн худалдан авалт хийгээд дэлгүүрээс гарч өөрийн аавын машин болох Т.Аxio маркийн цагаан өнгийн 38-63 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
1.3. Насанд хүрээгүй хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хамаатны ахын ажиллуулдаг Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Оргил ундраа хүнсний дэлгүүрт ажилд нь тусалж байхад миний халаасанд байсан гар утас томдоод түүртээд байхаар нь өрсөн байсан бараан дээр утсаа түр тавиад яваад ирэх үед миний утас байхгүй болсон байсан. Тэр үед би хамт ажиллаж байсан хүмүүс тоглоод авсан байх гэж бодоод тоогоогүй. Тэгээд орой 19 цагийн үед гайхаад камер шүүхэд өөр хүн аваад явж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.
Би тухайн хүнээс 900 000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
1.4. Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай төрсөн дүү болох Ч.С нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 25 минутад Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил ундраа худалдааны төвд өөрийн хэрэглэдэг байсан iphone X загварын гар утсыг алдсан. Тэгээд камерын цагийг шүүж үзэхэд 15 цаг 25 минутад алдсан байсан. Уг нь камерын бичлэгт бичигдэж үлдсэн байсан.
Би гар утсыг нь 2020 оны 12 дугаар сард 1 200 000 төгрөгөөр худалдаж авч хэрэглэж байгаад 2021 оны 3 сард дүү С өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
1.5. Гэрч Ч.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Ч.Х-н хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд эмнэлэгт үзүүлэнгээ дэлгүүр орж ойр зуурын эд зүйл цуглуулахаар хадам аав Ч-ны 38-63 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд Чойр дээр эхнэрээ эмнэлэгт үзүүлчихээд Оргил ундраа худалдааны төв, Андууд худалдааны төв, Дугуй дэлгүүрүүдээр ороод Монсуль ШТСтанцаас бензин хийгээд Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу буцсан. Тэгээд өчигдөр цагдаагаас ярьж байна гэж ярихаар нь эхнэрээ асуусан чинь тухайн өдөр Чойр дээр явж байхдаа Оргил ундраа гээд дэлгүүр дотроос гар утас байхаар нь авчихсан юм гэж хэлэхээр нь гар утас авсан гэдгийг нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
1.6. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
1.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.Х нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил ундраа худалдааны төвийн лангуун дээрээс насанд хүрээгүй хохирогч Д.С-н эзэмшлийн iphone-X маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 900 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлтээр нотлогдож байна.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Х-н үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ч.Х нь шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ч.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ
Ч.Х нь төлөв даруу хүн. Өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тогтуун зан араншинтай хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2.2. Гэрч Ч.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ч.Х нь их эелдэг даруухан, элдэв хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй, хүнтэй хэл амаа амархан ололцдог, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тийм хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/
2.4. Шүүгдэгч Ч.Х- жирэмсний хяналтын карт зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба жирэмсэн болох нь түүний жирэмсний хяналтын картаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ны Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Х нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ