Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1065

 

 

         2021        10         27                                    2021/ШЦТ/1065

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: Б.Энэрэл,

шүүгдэгч Н.Ганбатыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ганбатад холбогдох эрүүгийн 2108014200918 тоот хэргийг 2021.10.11-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1998.02.20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй гэх, Ховд аймгийн “Баян заан” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сум 10 дугаар баг, Тахилт 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, одоо Баянзүрх дүүргийн Цэргийн 300 айлын 62 тоотод үеэл ах Бат-Эрдэнийнд түр оршин сууж буй гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ПЮ98022012/ Хошуут овогт Нямдэлэгийн Ганбат нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Ганбат нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн гудамжны 43-67 тоотод “хашааны зэрлэг зулгаасангүй” гэх шалтгаанаар иргэн Т.Бямбабаярын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөн газарт унагааж нуруу болон цээж рүү нь өшиглөх зэргээр зодож Т.Бямбабаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Т.Бямбабаярын: ”...Би Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 43-57 тоотод байх байшинд дүүтэйгээ амьдардаг. Би барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг бөгөөд орой 17 цагаас маргааш өглөөний 05 цаг хүртэл ажилладаг. Би 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд ажилдаа явах бэлтгэлээ хангачихаад орондоо хэвтэж байхад хажуу талын хашаанд ирсэн үл таних 28-35 нас орчим эрэгтэй хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирээд намайг “бос, зэрлэг зулгаа” гэсэн. Тэгэхээр нь би “уучлаарай би одоо ажилдаа явах гэж байна, чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу уурлаад гараад явсан. Тэр залууг Н.Ганбат гэдэг юм байна лээ. Тэгээд 5 минут орчмын дараа тэр залуу манай гэрт дахин орж ирээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би орноосоо босоод өөрийгөө хамгаалаад тэр залууг заамдсан. Гэтэл тэр залуугийн нь ах нь орж ирээд тэр хүнийг аваад гарсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад ахтайгаа гар утсаар ярьж байхад тэр залуу дахин ирээд намайг “чи хэнтэй яриад байгаа юм” гээд миний зүүн талын өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би газарт унаад нүүрээ хаагаад хэвтсэн. Тэгэхэд тэр залуу миний нуруу болон цээж рүү өшиглөж цохиж байсан. Тэгээд дахиад ах нь ирээд тэр залууг болиулсан. Би хэрэг явдал болох үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Толгойн ар дагз хэсэгт хөндүүрлэж өвдсөн. Их зовиуртай байсан...” гэх мэдүүлэг, /хх-31-32/

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 7 дүгээр сарын 09-ны өдрийн 6041 дугаартай “Т.Бямбабаярын дагз зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, цээжинд 2 зулгаралт, баруун тохойнд зулгаралт, нуруунд 2 зулгаралт, зүүн өвдөгөнд зулгаралт болон цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-15-16/

- Яллагдагч Н.Ганбатын: “16 цагийн үед нөгөө байшинд нь ороод тэнд байгаа залууд “хамт нэг дор амьдарч байж хашааныхаа зэрлэгийг хамт зулгаалцаад дуусгачихъя” гэсэн. Тэгээд тэр залуу бид хоёр хэсэг маргалдсан. Тэгээд би гараад явсан. Дахин тэр залуугийн гэрт ороход тэр залуу хэвтэж байхаар нь дахин хэлэхэд хөдлөхгүй байхаар нь би нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Тэр залуу намайг заамдаад авсан. Тухайн үед Алтангэрэл ах орж ирээд бид хоёрыг салгасан. Хэсэг байж байгаад тэр залуу гарч ирээд утсаар яриал “энэ сүүдэрнүүдээ хашаанаас зайлуул” гэж байсан. Миний уур хүрээд очоод хөл рүү нь өшиглөхөд доошоо суухад цээж рүү нь хөлөөрөө өвдөглөж цохисон. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг Т.Бямбабаярын биед учруулсан...” гэх  мэдүүлэг /хх-48-49/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Н.Ганбатын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ганбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн гудамжны 43-67 тоотод 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “хашааны зэрлэг зулгаасангүй” гэх шаардлага тавин маргалдаж, иргэн Т.Бямбабаярын нүүрэн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохиж, хөл рүү нь өшиглөн газарт унаган нуруу болон цээж рүү нь өвдөглөх, өшиглөх зэргээр хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж Т.Бямбабаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Т.Бямбабаярын мэдүүлэг /хх-31-32/, шинжээчийн 2021 оны 7 дүгээр сарын 09-ний өдрийн 6041 дугаартай дүгнэлт /хх-15-16/, Н.Ганбатын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ганбатын энэхүү үйлдэл үл ялиг зүйлээр шалтаглан танхайрсан, шууд санаатай үйлдэл байна.

Иймд Н.Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ганбатын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Бямбаярын биед “дагз зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, цээжинд 2 зулгаралт, баруун тохойнд зулгаралт, нуруунд 2 зулгаралт, зүүн өвдөгөнд зулгаралт болон цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 7 дүгээр сарын 09-ны өдрийн 6041 дугаартай дүгнэлтээр /хх-15-16/ тогтоогдож байна.

Хохирогч Т.Бямбабаяр “225000 төгрөг бэлнээр авсан. Иймд ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх хүсэлт гарган /хх-66/ иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Н.Ганбатын нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-58/ тогтоогдож байна.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Н.Ганбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Т.Бямбабаяр “гомдол саналгүй“ гэсэн ба түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хошуут овогт Нямдэлэгийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошуут овогт Нямдэлэгийн Ганбатад 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Ганбатын нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.Бямбабаяр нь 225000 төгрөг хүлээн авсан “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ганбат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Н.Ганбатад мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ