Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/690

 

 

 

 

 

     2021          11           01                                          2021/ШЦТ/690

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Жад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********, урьд ял шийтгэлгүй, Г.Ж /РД:*********/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Г.Ж нь  2021  оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “BIG”  худалдааны төвийн хойд замд улсын дугааргүй, Reddot брэндийн “CPCD30T” маркийн сэрээт ачигчийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;’’ 10.1  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө  зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.10. “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад тусгагдаагүй газарт баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.Бын жолоодож явсан мопедтой мөргөлдсөний улмаас Г.Дгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

          Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “BIG”  худалдааны төвийн хойд замд улсын дугааргүй, Reddot брэндийн “CPCD30T” маркийн сэрээт ачигчийг /механикжсан тээврийн хэрэгсэл/ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ...тээврийн хэрэгсэл жолоодох;’’ /механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч нь “М” ангиллын эрхтэй байх/ 10.1  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө  зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг үүсгэхгүй байх  бүх нөхцөлийг хангана.”, 10.10. “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад тусгагдаагүй газарт баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Л.Бын жолоодож явсан мопедтой мөргөлдөж зорчигч Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 5-10 дугаар хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Сэрээт ачигчийг жолоодож явсан жолооч Ж нь “BIG” барилгын худалдааны төвийн автомашины зогсоолын урдах хэсгээс гарч ирэх ба энэ үед  “Kmysa”  маркийн улсын дугааргүй мопедтэй жолооч, зорчигч нар уг автомашины  зогсоолын зүүн талаас ирж  бичлэгийн 17 дахь секундэд зорчих хэсгийн хойд хэсэгт мөргөлдөөд мопедтой жолооч, зорчигч нар газарт унах үед сэрээт ачигчийн жолооч хэсэг ухраад бууж ирээд мөргөгдсөн жолооч, зорчигч нар дээр очиж байв...” гэх тэмдэглэл /хэргийн 13 дугаар хуудас/,

            Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар  сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутын орчим би нөхөр Бын хамт Баянгол дүүргийн нутаг “ BIG” худалдааны төвийн хашаан дотор мопедтэй явж байгаад өргөгч машинд мөргүүлсэн. Тухайн үед би нөхрийнхөө ард сундлаад хамгаалах малгай өмсөөд  зүүнээс баруун зүгт явж байхад манай нөхөр хөөш гээд аймаар орилох үед уг машин мөргөлдөөд би зүүн тал руугаа унасан. Уг өргөгч машин эхэлж мөргөөд зогсох шиг болсон. Гэтэл намайг газарт унасны дараа уг өргөгч машин араас түрээд мопедтэй цуг давхар хавсраад түрж явж байгаад зогссон. Би босох гэтэл хөдөлж чадахгүй байсан. Тэгээд удаагүй түргэн тусламж  ирээд намайг аваад явсан. Би мөргүүлээд газарт унах үед миний зүүн талын халаасанд байсан нөхрийн “Самсунг Эс-7 Эджэ” маркийн гар утас эвдэрсэн. ...Би мөргүүлэх үедээ жирэмсэн зургаан сар 7 хоногийн хугацаатай байсан. Эмч намайг одоо эмнэлэгт хэвтээд ургийг цэвэрлүүл, тээх боломжгүй гэж хэлсэн. ...Дөнгөж хөдлөөд явж байсан болохоор нээх их хурдтай яваагүй. Одоогоор бид нар өөрсдөөсөө 1.100.000 төгрөгийг гаргаж эм, тарианд хэрэглээнд явж байгаа. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. ...Манай нөхрийн Мопедны засвар болон эмчилгээний зардалд нийт 5.000.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17, 109 дүгээр хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би уг мопедийг 2 сарын өмнө 2.800.000  төгрөгөөр худалдан авсан, гаалийн бичиг нь байгаа. Уг мопедийн хөдөлгүүрийн багтаамж нь 50 сс, мөнгөлөг хар өнгийн мопед бөгөөд ямар нэгэн ангиллын  үнэмлэхээр унадаггүй юм. Жолооч Ж нь миний эхнэр Дгийн эм тарианы зардал болон миний хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Надад болон манай эхнэрт ямар нэгэн санал гомдол байхгүй...

         /гэрчээр өгсөн/... 2021 оны 07 сарын 31-ний өдрийн 15 цагийн орчим эхнэр Д бид  хоёр өөрийн  “Kmysa”  маркийн хар өнгийн мопедтой  Баянгол дүүргийн нутаг “BIG” барилгын худалдааны төвөөс барилгын материалын үнэ асуучихаад гарах гээд эхнэр Дгаа хойноо суулгаад явж байтал замын урдаас нэг өргөгч По гэдэг машин урсгал сөрж гарч ирээд эхнэр бид хоёрыг мөргөөд нэг зогссоноо хөдөлгөөнөө үргэлжлүүлээд эхнэр Дг уг хоёр тээврийн хэрэгслийн дундуур оруулаад хэсэг түрж байгаад зогссон. Тэгээд өргөгч  машины жолооч бууж ирээд цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Удаагүй түргэн ирээд эхнэр бид хоёрыг аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод эхнэрийг үзүүлэхэд эхнэр Дгийн нуруу нь хугаралттай  байна гэж хэлсэн. Би 10 орчим км цагийн хурдтай явж байсан. Миний бие зүгээр би ямар нэгэн эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Эхэлж мопедын зүүн талаас мөргөөд нэг зогссоноо хөдөлгөөнөө үргэлжлүүлээд 3 орчим метрийн  зайд түрж явж байгаад зогсоод ухрах үйлдэл хийгээд бүрэн зогссон...” гэх мэдүүлэг /хэргийн  24, 29 дүгээр хуудас/,

         Гэрч Г.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”BIG” худалдааны төвд ахтайгаа хамт ажиллаад хоёр жил болж байгаа. Манай ах тэр өргөгч машинаар бүх ажлаа хийдэг...” гэх мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

         Иргэний хариуцагч С.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ажилтан Ж нь үйлчлүүлэгч бараа аваад гараараа ачиж өгөхгүйгээр уг өргөгч машинаар зөөж өгөх гээд явж байгаад осол гаргасан байсан. Өмнө нь склад дотор ганц нэг удаа унадаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 105 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №6950 дугаартай:

  1. Г.Дгийн биед ууцны 3-р нугалмын хугарал, зүүн бугалга, зүүн суга, өвдөг, ууцанд  цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл  нь эрүүл  мэндийг удаан хугацаагаар  сарниулах  тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 42-43 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн “Самсунг Эс-7 Эдже маркийн гар утас 180.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 53 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн “Автомашины эвдрэл хохирлын үнэлгээ-260.000 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хэргийн 57 дугаар хуудас/,

            2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 216 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

  1. Reddot брэндийн, “CPCD30” маркийн улсын дугааргүй, 3 тн даацтай 4,3 метрийн өндөрт ажиллах хүчин чадалтай дизель хөдөлгүүртэй Сэрээт ачигчийг жолоодож явсан жолооч Ганбатын Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн “ 3.7. Жолоочид  дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” “10.10 Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад  тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. “Kmysa” маркийн улсын дугааргүй мопедыг жолоодож явсан жолооч Л.Болдбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
  3. Зам  тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 60-61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Жын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...“ВIG” худалдааны төвийн ар талын замаар өргөгч машинаа унаад склад руу ачаа ачих гээд чигээрээ хойд зүг рүү явж байгаад мопедтой 2 хүнийг мөргөж унагасан. Би тухайн үед өргөгч машинаа буулгаад өөрийнхөө гар утсаар түргэн дуудсан. Би хохирогчид эмчилгээний зардал болон мопедны мөнгөнд 5.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 102  дугаар  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 88 дугаар хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 89 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 90 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 91 дүгээр хуудас/, хохирогчид хохирол төлсөн тухай тэмдэглэл /хэргийн 95 дугаар хуудас/, хохирогч Г.Дгийн “...эмчилгээний зардал болон Мопедны засварт нийт 5.000.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”  гэх мэдүүлэг /хэргийн 109 дүгээр хуудас/,

         сэрээт ачигч худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 66-74 дүгээр хуудас/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн 113-116 дугаар хуудас/, “Тэгш булаг” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас/ хэргийн 127 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “BIG”  худалдааны төвийн хойд замд улсын дугааргүй, Reddot брэндийн “CPCD30T” маркийн сэрээт ачигчийг /механикжсан тээврийн хэрэгсэл/ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ... тээврийн хэрэгсэл жолоодох;’’ /механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч нь “М” ангиллын эрхтэй байх/ 10.1  “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг  өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг үүсгэхгүй байх  бүх нөхцөлийг хангана.”, 10.10. “хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад тусгагдаагүй газарт баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас  иргэн Л.Бын жолоодож явсан мопедтой мөргөлдөж зорчигч Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.  

Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг”, 3.1.2 дахь хэсэгт “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт “...М ангилалд трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн”, 2.3 дахь хэсэгт “...М ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найман насанд хүрсэн хүнд олгоно” гэж хуульчлан зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ж нь “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ механикжсан тээврийн хэрэгсэл болох Reddot брэндийн “CPCD30T” маркийн сэрээт ачигчийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гарган зорчигч Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэхээр байна.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Жын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

          Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байна.

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

            Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

        Шүүгдэгч Г.Ж нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Г.Жыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор 1.012.600 төгрөгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Г.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 5.000.000 төгрөгийг /хэргийн 95 дугаар хуудас/ төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ж нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Жад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Ж нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

          Шүүгдэгч Г.Жын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

 Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Жад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №1150072 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Жыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Жад “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1150072 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ж нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО