Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 81

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Д.О-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, монтер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Д аймгийн З сумын ... 2-4 тоотод оршин суух, У овогт Д.О /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Соёл спорт цогцолборын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд эхнэр Э.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эхнэр тэр өдөр ажлаа тараад явж байхад нь би өөдөөс нь тосож уулзаад хоёулаа эвлэрэх талаар ярилцах гээд соёл спортын ордны урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд орж эхнэртэйгээ уулзсан юм. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад би эхнэрийнхээ толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би эхнэртэйгээ эвлэрэхгүй юм байна гээд хамт замаар алхаад явж байсан чинь эхнэрийн төрсөн эгч нь гээд Эрдэнэзаяа машинтай ирээд дүүгээ аваад явсан. Би араас нь гэрт ирээд гэрт орох гэсэн чинь манай хадам ээж оруулаагүй. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ авмаар байна гээд чанга орилсон чинь цагдаа дуудлаа шүү гэхээр нь юу ч дуугараагүй байж байтал хоёр цагдаа ирээд намайг авч явсан. Би тэр өдөр ганцаараа нэг шил архи уусан байсан гэжээ. /хх-ийн 62-63/

Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 09 сарын 12-ны өдөр Замын-Үүд сумын ачаа шилжүүлэн ачих ангийн ложисток талбайгаас ажлаасаа буугаад явж байтал манай нөхөр залгаад хоёулаа ярилцмаар байна гэхээр нь чи хаана явж байгаа юм бэ гэсэн чинь би өөдөөс чинь очиж байна гэсэн. Надтай уулзахаар ирэхдээ нэлээн согтуу архи уучихсан байсан. Бид хоёр замаар алхаж яваад онцгой байдлын урдуур яваад спорт цогцолборын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнд очиж сандал дээр сууж хоорондоо юм ярьсан. Тэгтэл манай нөхөр надад хандан “танай ээж чинь ямар их амьдралд ордог юм бэ, би яах ёстой вэ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би нөхөртөө “тэгвэл би чамаас саллаа” гэсэн чинь уурлаад миний нүүр рүү 2 удаа чанга алгадсан, дараа нь миний баруун нүд рүү гараараа 5-6 удаа хүчтэй цохьсон. Халуу дүүгэж их өвдөж байсан тэгээд би нөхөртэйгээ дахиж юм ярилгүй нүүрээ дараад сууж байхад манай нөхөр “гэрт чинь хүргээд өгье” гээд зам дагаад алхсан. Санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 21-24/

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Энэ хэрэг болохын урд өдөр орой нь О ажлаасаа ирээд гэртээ унтаж байхад нь О нь жижиг өрөөнд аав ээжид мэдэгдэлгүй чимээгүй нууцаар зодож уруулын доод хэсэгт нь хөхөрсөн байхаар нь манай гэрийнхэн хүргэн болох О-д чи яагаад О-ийг зодсон талаар асуухад О нь та нар битгий гэр бүлийн амьдралд оролцоод бай гэх мэтээр хэлээд өнгөрөөсөн. Бид нар ч гэсэн О-ын өөдөөс юм хэлээгүй өнгөрсөн. Тэгтэл маргааш нь буюу 2021 оны 09 сарын 12-ны оройны 22 цагийн үед манай дүү О-ийг ажлаасаа тараад ирж байхад нь замыг нь тосож хэл амаар доромжилж, спорт цогцолборын урд талын цэцэрлэгт хүрээлэнд оруулж зодон биед нь гэмтэл учруулсан байсан. Энэ хоёр хоорондоо маргаантай байгаа учир О-ыг яаж ч магадгүй гэж бодоод гэрээс машинаа унаад дүүгээ хайтал утсаа ч авахгүй таслаад байхаар нь зам дагаад хайгаад явж байтал Арслангийн орд гэх дэлгүүрийн замын уулзвар дээр манай дүү О нь нөхөр О-ын хамт алхаад явж байсан. Тэгээд би зогсоод дүүгээ аваад О-ынд үлдээгээд явах гэсэн боловч О нь намайг барьж авч зодох гээд дайраад чи гэр бүлийн амьдралд орлоо гээд хэл амаар доромжлоод дайраад байж байхад замаар явж байсан хүмүүс чи болиоч эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд О нь тэр хүмүүстэй хэрэлдэж байх зуур би дүүгээ аваад машинтайгаа зугтаасан. Араас О та нарыг араас чинь очоод гэр бүлээр чинь ална гэж орилоод үлдсэн гэжээ.  /хх-ийн 29-32/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 06-07/

Шинжээчийн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 04/184 дугаартай дүгнэлт: 1.Э.О-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Э.О-ийн биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар уруулын дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 14-15/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар, захиргааны хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл, Замын-Үүд сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35-42/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 56-57/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 69/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/40 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 71-72/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах Соёл спорт цогцолборын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд эхнэр Э.О-ийг зодож эрүүл мэндэд баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар уруулын дээд талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Э.О, гэрч Э.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 17-ний өдрийн 04/184 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Э.О нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б