Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 502

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 02-48 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ТВ86021701, Булгадар овогт Хишигбаярын Анхбаярын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 02-46 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЭ82112918, Зуутраг овогт Дашдаваагийн Болдбаатарт холбогдох,

       Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Анхбаяр, хариуцагч Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Х.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Анхбаяр нь 1986 онд төрсөн, 30 настай. Би 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.Болдбаатартай гэр бүл болж, 2014 оны 2 дугаар сарын 18-нд хүү Б.Эрдэнэбаатар, 2016 оны 1 дүгээр сарын 27-нд охин Б.Бүжин нарыг төрүүлсэн. Бид хамт амьдраад 4 жил гаруй болж байна. Бид гэр бүл болсноос хойш эхний хэдэн жилийн хугацаанд бусдын адил ойлголцож, үр хүүхдээ халамжлан эв найртай амьдарч байсан. Гэтэл нөхөр маань архи ууж ирэхээрээ намайг хэл амаар дайрч доромжлон, элдвээр хэлдэг болсон. Ажил хийж цалингаа авах бүртээ байнга архи уудаг, мөн энгийн үед ч архи ихээр ууж, ажил дээрээ хүнтэй маргаж уурласан уураа 2 хүүхэд бид гуравт гаргаж, Мөнгө төгрөг олж ирэхгүй хүнд нэмэргүй гээд намайг элдвээр хэлж дайрдаг. 2 хүүхэд рүүгээ салаавч гаргаж, хэлэх хэлэхгүйгээр хэлж уурладаг. Энэ нь миний хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд маань өвдөх, гэр оронд янз бүрийн мөнгөний хэрэг гараад нөхөртөө Мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр тоодоггүй. Би анх нөхөртэйгээ суухдаа 4 настай нэг хүүтэй байсан. Нөхөр, хүү бид 3 эхний нэг жил өөрийн гэсэн гэр орон байхгүй байсан тул манай ээжийн гэрт хамт амьдардаг байсан. Ингээд 2014 онд намайг том хүү Б.Эрдэнэбаатарыг гаргасны дараа хүү маань хатгаа аваад эмнэлэгт хэвтчихсэн байхад Д.Болдбаатар миний дагавар хүүг цохиж, зодсон байсан. Тэрнээс болоод хүү маань толгой өвддөг өвчтэй болсон. Одоо том хүү маань Улаанбаатар хотод тусдаа амьдарч байгаа. Миний бие Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж хариугаа аваад анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд Д.Болдбаатар бид хоёрын гэрлэлтийг цуцалж, бидний дундаас төрсөн 2 хүүхдийг маань миний асрамжид үлдээж өгнө үү. Гэхдээ Д.Болдбаатар хүүхдээ харж хандаж чадах юм бол хүү Б.Эрдэнэбаатарыг аавд нь өгөхөд татгалзахгүй гэжээ.

      Хариуцагч Д.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зүйл үнэний ортой, гэхдээ дагавар хүүхдийг зодсон гэдэг нь намайг гүтгэсэн шинжтэй байна. Би тийм юм хийгээгүй, цалин багатай тул миний мөнгө хүрэлцдэггүй, Надад мөнгө хэрэгтэй гэж хэлдэг нь үнэн. Би архи уудаг байсан нь үнэн, одоо сүүлийн 1 сар архи уугаагүй, цаашдаа ч архи уухгүй амьдралаа өөрийн хэмжээнд явч явах хүсэлтэй байгаа. Сая авсан цалингаараа 2 хүүхдэдээ хоол унд аваад илүү гарсан 25.000 төгрөгөөр паспортоо захиалсан. Би ер нь эхнэртэйгээ Эвлэрье гэж утсаар гуйсаар байгаа, харин эхнэр маань нааштай хариу өгөхгүй байгаа бага охиноо хөхүүлэхээр 2 удаа ирсэнээс хойш охин маань мөөмнөөс гарах гэж байна. Би цаашдаа архи уухгүй, хүүхдийн хүмүүжилд сөргөөр хандахгүй, эцгийн үүргээ сайн гүйцэтгэж эхнэртэйгээ эвтэй найртай байж амьдралаа авч явж чадна. Би салмааргүй байна. 3 хүүхдээ гурвууланг нь би авч өсгөж чадна гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

    Нэхэмжлэгч Х.Анхбаяр нь хариуцагч Д.Болдбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

      Х.Анхбаяр нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Иргэн Д.Болдбаатар, Х.Анхбаяр нар 2013 оны 5 дугаар сарын 22-ны гэр бүл болж, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Эрдэнэбаатар, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин Б.Бүжин нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр тус тус тогтоогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

     Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хөдөлмөр эрхлэлт зэрэг нөхцөл байдал болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү Б.Эрдэнэбаатарыг эцэг Д.Болдбаатарын, охин Б.Бүжинг эх Х.Анхбаярын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгч Х.Анхбаяр, хариуцагч Д.Болдбаатар нар эд хөрөнгийн маргаангүйг дурдах нь зүйтэй. Мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар зааснаар нэхэмжлэгч Х.Анхбаяр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Болдбаатараас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зуутраг овогт Дашдаваагийн Болдбаатар, Булгадар овогт Хишигбаярын Анхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэбаатарыг эцэг Д.Болдбаатарын, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Бүжинг эх Х.Анхбаярын асрамжид тус тус үлдээсүгэй.

       3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

      4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар зааснаар нэхэмжлэгч Х.Анхбаяр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Д.Болдбаатараас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

     5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР