Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 504

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 7-13 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЮ93091820, Мээрэн овогт Дамирангийн Буянхишигийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 6-1 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЛ89120578, Харчин овогт Нацагдоржийн Мөнхбатад холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Н.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянхишиг миний бие нь 1993 оны 9 дүгээр сард төрсөн, 24 настай. Би Н.Мөнхбаттай 2013 онд гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сард охин М.Анужинг төрүүлсэн. Бид хоёр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Тэгтэл нөхөр маань хамт амьдарснаас хойш эхнэр, хүүхэддээ ямар нэг хайр халамж байхгүй, ямар ч шалтаг шалтгаангүйгээр намайг хардаж, хэл амаар байнга доромжилдог байсан. Би 2012 онд Улаанбаатар хотод Монгол Бизнес дээд сургуульд сурч байгаад нөхөртэй болоод жирэмсэн болсон тул сургуулиасаа 1 жилийн чөлөө авч ирээд дахин явж чадахгүй энд Хөдөлмөрийн Дээд сургуулийн нягтлан бодогчийн ангид үргэлжлүүлэн сурч төгссөн. Би Хөдөлмөрийн дээд сургуульд сурч байхад нөхөр маань миний сургуулийн төлбөр ердөө төлөөгүй бөгөөд манай гэрийнхэн миний төлбөр төлж сургууль төгсгөсөн. Намайг сургуульд сурч байхад чамайг сургууль төгссөний дараа хэзээ ч ажил хийлгэхгүй, чи нягтлан хийж намайг өрөнд оруулна гээд дарамт байнга үзүүлж байсан. Би эхний үед маш их тэвчдэг байсан бөгөөд сүүлийн үед дээрхи байдал нь улам ихсээд амьдрах боломжгүйд хүрсэн. Тэр байтугай манай ээжийг эгчтэйгээ нийлээд ямар ч хэл, үг хэрүүл маргаан гараагүй байхад үснээс нь зулгаагаад зодоод хөнгөн зэргийн гэмтэл хүртэл учруулж байсан. Одоо би Н.Мөнхбаттай цаашид амьдрах ямар ч боломжгүй болсноос шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан амжилтгүй болсон. Н.Мөнхбат нь эвлэрүүлэн зуучлалд гэрлэлтээ цуцлуулна гэдгээ хэлсэн. Бид хоёрт эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй. Иймд нөхөр Н.Мөнхбат бид хоёрын гэрлэлтийг хуулийн дагуу цуцлаж, охин М.Анужинд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

      Хариуцагч Н.Мөнхбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мөнхбат миний бие нь 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай. Би Д.Буянхишигийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Д. Буянхишигтэй 2013 онд гэр бүл болж, 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охинтой болсон. М.Анужин миний охин гэдэг нь үнэн болно. Тиймээс Д.Буянхишигийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, охиндоо тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Д.Буянхишиг нь хариуцагч Н.Мөнхбатаас гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Д.Буянхишиг, Н.Мөнхбат нар 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин М.Анужин төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар 8501000141 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, дугаар 8501000491 тоот төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

  Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан охин М.Анужинг эх Д.Буянхишигийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин М.Анужинг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Мөнхбатаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Н.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамж 98.488 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харчин овогт Нацагдоржийн Мөнхбат, Мээрэн овогт Дамирангийн Буянхишиг нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин М.Анужинг эх Д.Буянхишигийн асрамжид үлдээсүгэй.

      3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин М.Анужинг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Мөнхбатаар тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 98.488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхбатаас 98.488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишигт олгосугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР