Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 505

 

    Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 10-20 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, РД:ОЮ86040464, Зуутраг овогт Пүрэвжавын Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, Зах нарийн гэх газарт оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, РД:ОО86072413, Борлууд овогт Жигдэнгийн Содномд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Гэрэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Ж.Содном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч П.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Гэрэлмаа нь 1986 онд төрсөн. Би 2009 онд Ж.Содномтой гэр бүл болж 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Урангоо, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин С.Номин-Эрдэнэ, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин С.Хишигзаяа нарыг төрүүлсэн. Бид хамт амьдраад 7 жил болж байна. Гэр бүл болсны дараа бид аймгийн төвд амьдарч байгаад удалгүй хөдөө буюу Улаандавааны цаана хадмын гадаа бууснаас хойш өдөр бүр янз бүрийн хэрүүл маргаан гарч гэдсэнд олдсон анхныхаа хүүхдийг 5 сартайд нь цочрон давчидсаны улмаас дутуу гаргасан. Ингээд удалгүй хадам дүүтэй нийлж намайг зодон харанхуй шөнөөр гэрээс хөөж аймгийн төвөөс 45 километр зайтай Лизиг гэх газраас би явган алхаж гэртээ ирж байсан. Гэртээ ирээд 20 гаруй хонож байтал ирээд уучлалт гуйж гэртээ харьяа, харихгүй бол амиа хорлоно хэмээн сүрдүүлж байсан учир би уучлангэртээ харьсан. Үүнээс хойш элдэв маргаан гардаг боловч би тэвчин өнгөрүүлж байсан. 2 дахь охин төрөөд 3 сартай болж байтал хэрүүл гаргаж цэргийн израйль хар гутлаар миний өвдөг рүү ээлжлэн 7 хоног хэвтэрт ортол цохисон бөгөөд салах гэхээр амиа хорлох гэж оролдоод уксус ууж эмнэлэгт очиж байсан. Данснаас нь 400.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ тэр мөнгө бид хоёрын дундын хөрөнгө юм. Бага охин маань 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Одоо Ж.Содномтой эргээд хамт амьдарна гэхээр сэтгэл санаа нийлэхгүй, байнга хэрүүл зодоон, дарамттай, айдастай байгаа учраас цаашид Ж.Содномтой хамт амьдрах боломжгүй байгаа тул салахаар шийдсэн. Бид хоёр 2016 оны 9 дүгээр сарын 07-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Би ахынхаа хашаанд гэр бариад 2 хүүхэдтэйгээ амьдарч байна, хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлж чадна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх миний асрамжид үлдээж, эцэг Ж.Содномоос хүүхдүүдэд маань тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

   Хариуцагч Ж.Содном шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Борлууд овогт Жигдэнгийн Содном би 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. 2009 онд П.Гэрэлмаатай гэр бүл болж 3 хүүхэдтэй болон амьдарч байгаад сүүлийн 2 жил буюу 2015 оноос эхлэн тусдаа амьдрах болж намайг янз бүрээр гүтгэх, доромжлох болсон. Намайг гадуур явж байгаад ирэхэд нь хэрүүл маргаан гаргачихсан байдаг байсан. Мөн данснаас мөнгө хулгайлсан гэх мэт асуудлууд байгаа. 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр надад чацарганы шүүс гээд гашуун зүйл болон өөр нэг ус шиг зүйл өгсөн ба би уугаад удалгүй ухаан алдаж эмнэлэгт очсон байсан. Тухайн үед манай гэр юунаас болж шатсаныг би мэдэхгүй бөгөөд эхнэр хэнтэй яаж унтраасныг мэдэхгүй. Аав маань цагдаа авч ирсэн, ямар дүгнэлт гарсныг мэдэхгүй, гэр шатахад манай ах дүү нарын хүмүүст мэдэгдээгүй хүүхдийг маань өөрийнхөө ахынд хүргэсэн байсан. Ингээд бодохоор гэр шатсантай холбоотой гэж үзэж байна.... Мөн П.Гэрэлмаагийн ах нар нь намайг зодсон учраас амиа хорлохоор завдаж байсан нь үнэн. Цаашид би П.Гэрэлмаагаас салахдаа 2 хүүхдээ өгөхгүй. Би П.Гэрэлмаад хань болж чадахгүй ч гэсэн хүүхдүүддээ эцэг байж чадна. Иймд хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээж өгөхийг хүсье. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч П.Гэрэлмаа нь хариуцагч Ж.Содномоос гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ асрамждаа авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     П.Гэрэлмаа, Ж.Содном нар 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж хамт амьдарсан, тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Урангоо, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин С.Номин-Эрдэнэ, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин С.Хишигзаяа нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбаруудаар, мөн охин С.Хишигзаяа нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан болон нь зохигчдын тайлбараа тус тус нотлогдож байна.

       Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, хэрүүл маргаан гарахад хариуцагч Ж.Содном нь амиа хорлоно хэмээн эхнэрээ айлгаж сүрдүүлдэг, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн бөгөөд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.

       Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нарыг эх П.Гэрэлмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ж.Содномоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан тул хариуцагч Ж.Содномоос улсын тэмдэгтийн хураамж 126.762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Гэрэлмаад олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Борлууд овогт Жигдэний Содном, Зуутраг овогт Пүрэвжавын Гэрэлмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчдийн 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр охин С.Урангоо, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр охин С.Номин-Эрдэнэ нарыг эх П.Гэрэлмаагийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-д зааснаар охин С.Урангоо, С.Номин-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ж.Содномоор тэжээн тэтгүүлсүгэй.

       4. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т нэхэмжлэгчийн төлсөн 126.762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Содномоос 126.762 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Гэрэлмаад олгосугай.

      6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР