Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр        Дугаар 2018/ДЗШ/23                                 Баруун-Урт

М.Ат холбогдох

 эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Б.Дэнсмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор Э.Хосбаяр, 

Шүүгдэгч М.А, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор М.Ат холбогдох эрүүгийн 1830000450040 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сүхбаатар-Эрчим ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн 302 тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Захчин овгийн М.А /ЛМ94062258/

Шүүгдэгч М.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Завьяа” дэлгүүрийн хойд талын засмал замын явган хүний гарц дээр явган зорчигч Ж.Баярсайханыг Аванте маркийн 80-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр яллагдагч  М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Аыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан М.Ат энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялд, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдэх 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 

зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: ... М.А нь 2017.01.24-ний өдрийн 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлэн уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн. М.А нь хянан харгалзах хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд урьд шийтгүүлсэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдэх 8 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Тэрээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй байх боломжтой. 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дүйцүүлэн хасах, хэрэгсэхгүй болох талаар тухайлан зохицуулаагүй байгаа нь түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн урьд шийтгүүлсэн 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг нэмж нэгтгэхгүйгээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд М.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ. 

Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: М.А нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн   давж   заалдах   гомдолд   заасан   асуудлаар   хязгаарлалгүй  тухайн 

хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.А нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Завьяа” дэлгүүрийн хойд талын засмал замаар Аванте маркийн 80-05 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчигч Ж.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцжээ. Үүнд: 

-Шүүгдэгч М.Аын “2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би эхнэртэйгээ хамт найзынх руугаа явж байсан. Урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад гэнэт зүүн талаас гуйвсан хүн гарч ирсэн. Би тормос дарсан боловч амжихгүй тэр хүнийг мөргөсөн. Би хоёр тал руугаа харахад машин байхгүй байсан. Гэнэт л хүн гараад ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хх 17-18, 76/; 

-Хохирогч Ж.Баярсайханы “2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр багийн хуралд суучихаад харих замдаа гэрийнхээ зүүн талд байдаг Завьяа гэдэг дэлгүүрээс 0.75 литрийн пиво авч ганцаараа уучихаад  гэр лүүгээ харих санаатай зам хөндлөн гарах гээд гарцаар баруун тийш гарч явтал урдаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн. Би мөргүүлснээ л санаж байна. Нэг сэргэхэд эмнэлэг дээр байсан. Мөргүүлснээс болж, толгойдоо гэмтэл авч, хоёр хөл хугарсан...” гэх мэдүүлэг /хх 15/; 

-Гэрч Г.Одончимэгийн “2018 оны 01 сарын 25-ны орой 21 цагийн орчимд найз залуу Анхбаярын Аванте маркийн машинд суугаад Завьяа нэртэй дэлгүүрийн хажуу талын засмал замаар ертөнцийн зүгээр зүүн хойд зүг рүү явж байтал машин нь нэг юм мөргөх шиг болсон. Буугаад харсан чинь 50 орчим насны эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан. Тэр хүний толгойноос цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 16 /; 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 84 дугаартай “Ж.Баярсайханы  биед хавсарсан гэмтэл: гавлын зүүн чамархай болон суурь ясны далавчийн цууралт, зүүн талын чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины хүнд зэргийн няцралт, зүүн хөлний дунд чөмөгний болон баруун хөлний шилбэний ясны бяцарсан зөрөөтэй хугарал, нүүрний хэсгийн болон толгойн үстэй хэсгийн зулгаралт, зүсэгдсэн шарх, хуйхан доорх цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.”  гэх дүгнэлт /хх 20-21/ зэрэг болно. 

Энэхүү хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч, хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.  

М.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна. 

Тус шүүхээс түүнийг болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нэмж төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан тэнссэн ялыг нэмж нэгтгэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулсугай: 

1/. Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч М.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.

2/. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Ат тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.” гэсэн заалт нэмсүгэй. 

3/. Тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аын цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Дөрөв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          О.БААТАРСҮХ

       ШҮҮГЧИД                    Б.ДЭНСМАА

                                            С.ОЮУНТУНГАЛАГ