Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 82

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1983 оны 03 сарын 25-ны 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жил хорих, Төмөр замын шүүхийн 1986 оны 07 сарын 30-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жил хорих, Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1991 оны 09 сарын 25-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил хорих, Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 08 сарын 09-ний өдрийн 438 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих, Хэнтийн аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 12 сарын 19-ний өдрийн 405 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211-р зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих, Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 06 сарын 23-ны өдрийн 148 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сар 20 хоног хорих, Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2001 оны 07 сарын 03-ны өдрийн 81 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих, Дорноговь аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2007 оны 04 сарын  03-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг  хорих ялаар сольж 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт Э.М /РД: .../ нь    

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод П.Г-ийн өгзөг тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 сарын 24-ний өдөр 19 цаг 40 минутын үед гэртээ буюу ... тоотод хоолны махаа хэрчээд сууж байсан чинь Г “хажуу айлын хүүхний алыг нь долоосон биз дээ” гэх мэтээр харааж, хэрүүл хийгээд байхаар нь би “яв зайл” гээд мах хэрчиж байсан хутгаараа далайхад зүүн өгзөг хэсэгт нь санамсаргүйгээр хальт хатгачихсан. Намайг хүмүүстэй хардаад байдаг нь тухайн үед миний уурыг хүргэсэн учир айлгах гэж байгаад хатгачихсан. Миний бие хийсэн хэргээ хүлээж байгаа, мөн уг үйлдлийг гаргасандаа гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 55-56/

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэртээ мах хэрчиж байхад Г хажуу айл руу ороод гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь айлгах гээд мах хэрчиж байсан хутгаар чичсэн юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч П.Г 2021 оны 09 сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 09 сарын 24-ний өдөр ажлаа тараад 13 цагт гэртээ ирээд боорцог хайрсан. Тэгээд боорцог хайрч дуусчихаад Хөвсгөл буудлын зам дагуу байрлах “Smile” дэлгүүрээс 0,5 л савлагаатай Ерөөл архи худалдаж авсан. Тэгээд гэртээ ирээд нөхөр М-ийн хамт уг архийг уусан. Нилээд согтоод гэртээ байж байсан чинь нөхөр М өмнө нь шоронд сууж байсан талаараа яриад байхаар нь бид хоёр маргалдаад хэрэлдсэн. Тэгээд орой 19 цаг 40 минутын үед би гэрийнхээ үүдний баруун гар талд гэрийнхээ толинд өөрийгөө хараад байж байсан чинь М хойморт байрлах цэнхэр эрээн даавуутай хар өнгийн буйдан дээр сууж байгаад гэнэт ардаас босч ирээд миний зүүн талын өгзөг хэсэгт хутгаар хатгасан. Тэгээд бариад үзтэл цус гараад байхаар нь би уйлсан. Тэгээд хажуу айлын эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн өгзөг хэсэгт 0,5 см гүнтэй, 1 см урттай хутгаар зүссэн шарх үүссэн. Тэгээд Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжаар үзүүлэн 1 ширхэг оёдол тавиулсан гэжээ. /хх-ийн 32-33/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тус өдрийн 06 цагт ажлаа тараад гэртээ ирээд гэрээ цэвэрлээд байж байсан чинь 19 цаг 30, 40 минутын үед хажуу айлын Г гэх эмэгтэй орилоод явчихаар нь гараад харсан чинь хутгалчихсан байна гээд хүмүүс яриад байх шиг байсан. Тэгээд би айгаад буцаад гэр рүүгээ ороод хаалгаа түгжчихсэн. Намайг сонсох нь ээ “цус алдаад байна шүү дээ” гэж орилж байсан гэжээ. /хх-ийн 22-24/

Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдрийн 20 цагийн үед цагдаагийн машинаар Г гэх зүүн өгзөг дээр 0,5 см орчим гүнтэй, 1 см орчим урттай зүсэгдсэн шархтай эмэгтэй яаралтай тусламжийн тасагт ирсэн. Зүүн өгзөг дээрх шарханд цэвэрлэгээ хийж цус тогтоогоод 1 оёдол тавьсан. Г гэгч иргэний ухаан санааны байдал “А” үнэлгээтэй, амьсгалын тоо 16, зүрхний цохилт 84, артерийн даралт 100/60, биеийн хэм 36, SpO2 94 хувтай хэвийн байсан гэжээ. /хх-ийн 28-29/  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07/

Эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокуроын 5/24 дугаартай тогтоол /хх-ийн 09/

Шинжээчийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 04/204 дугаартай дүгнэлт: 1.П.Г-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. П.Г-ийн биед зүүн өгзөгнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. П.Г-ийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байх боломжтой. 5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 40-41/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 50-51/

Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх хайлтын систем /хх-ийн 57-67/

Шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл /хх-ийн 71/

Замын-Үүд сумын 1-р багын Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-76/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-134/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 137-138/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 69/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/48 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 141-143/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг ... тоотод П.Г-ийг хутгаар зүүн өгзгөнд нь хатгаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч П.Г /хх-ийн 32-33/, гэрч Д.М /хх-ийн 22-24/, гэрч Г.У /хх-ийн 28-29/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 04/204 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Э.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч П.Г нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Э.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн эрүүлжүүлэгдсэн тэмдэглэл /хх-ийн 71/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 см урттай, 7 см урт төмөр иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б