Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0080/Э |
Дугаар | 81 |
Огноо | 2016-07-27 |
Зүйл хэсэг | 268.1., |
Улсын яллагч | Ш.Нямдорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам
Улсын яллагч Ш.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Харчу овогт Нацагдоржийн Дамдинбадрахад холбогдох эрүүгийн 201601000061 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, халх, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сумын Сүлд баг, Залуучуудын 75 дугаар байрны 02 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг мөн хугацаагаар ял хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харчу овогт Нацагдоржийн Дамдинбадрах /PД:AЮ84103074/
Прокурорын яллах дүгнэлтээр: Яллагдагч Н.Дамдинбадрах нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газарт шалгагчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 1.3-т “Улсын хилээр нэвтэрч буй зорчигчдын бичиг баримтыг шалгаж, зөрчлийг илрүүлэх”, 1.4-т “Улсын хилээр нэвтэрч буй зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлийн программд үнэн зөв оруулах”, 1.5-д “Илэрсэн зөрчлийг шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, зөрчлийн баримт материалын бүрдлийг хангахад оролцох”-оор заагдсан албан үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амласны үндсэн дээр:
БНХАУ-ын иргэн Бао Мен /Bao Ming/-ээс 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдан аваад үлдсэн төлбөрт 5.000.000 төгрөгийг төлөлгүй, оронд нь хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан хилийн хориг тавигдсан байсан БНХАУ-ын иргэн Лиан Хайжинг /Lian Haijang/-г 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, Яанг Рунгхуй /Yang Runghui/, Жөнг Линг Шиао /Zhing Ling Xioa/ нарыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор мэдээллийн санд бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр тус тус нэвтрүүлэх аргаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Дамдинбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2015 оны 09 сард БНХАУ-ын иргэн Бао Мен надруу залгаад мөнгөө нэхсэн. Мөнгийг нь өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь тэгвэл 3 Хятад улсын иргэнийг Монголоос Хятад улс руу оруулаад өгвөл үлдэгдэл мөнгөө авахгүй гэж хэлсэн. Эхний хүнийг нь 09 сард хилээр гаргаад дараагийн 2 хүнийг нь 11 сард Хятад улс руу гаргасан. Тэр гурван иргэнийг хилээр гаргасны дараа Бао Менд тэр 3 Хятад улсын иргэний паспортыг нь буцагаад өгөөрэй гэж хэлээд авч шатаасан гэв.
- Ажил байдлын тодорхойлолт, Хилийн хоригийн журам, заавар /хх-ийн144-151 дүгээр тал/
- Н.Дамдинбадрах иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр тал/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар тал/
- 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 115-116 дугаар тал/
- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /2 дугаар хх-ийн 175 дугаар тал/
- Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /2 дугаар хх-ийн 169 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Дамдинбадрах нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газарт шалгагчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын 1.3-т “Улсын хилээр нэвтэрч буй зорчигчдын бичиг баримтыг шалгаж, зөрчлийг илрүүлэх”, 1.4-т “Улсын хилээр нэвтэрч буй зорчигч тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлийн программд үнэн зөв оруулах”, 1.5-д “Илэрсэн зөрчлийг шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж, зөрчлийн баримт материалын бүрдлийг хангахад оролцох”-оор заагдсан албан үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амласны үндсэн дээр БНХАУ-ын иргэн Лиан Хайжинг /Lian Haijang/-г 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, Яанг Рунгхуй /Yang Runghui/, Жөнг Линг Шиао /Zhing Ling Xioa/ нарыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор мэдээллийн санд бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр тус тус нэвтрүүлэх аргаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Дамдинбадрахыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль бусдаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Н.Дамдинбадрах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ... болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасан тул шүүгдэгч Н.Дамдинбадрахаас хээл хахуульд авсан 5 000000 төгрөгийг Нийслэлийн прокурорын Улаанбаатар хотын банкны 2617000528 дугаартай дансанд сайн дураар байршуулсаныг улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчу овогт Нацагдоржийн Дамдинбадрахыг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль бусдаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинбадрахын тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинбадрахад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дугаар зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинбадрахын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 5 000000 төгрөгийг Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот данснаас гаргуулж улсын орлого болгосугай.
5. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дамдинбадрахад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Н.Дамдинбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Дамдинбадрахад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ