| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2021/0903/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/913 |
| Огноо | 2021-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/913
2021 9 06 2021/ШЦТ/913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
хохирогч Ц.Э...........н,
шүүгдэгч Б.Э...........үү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Б...........тын Э...........үү, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ............................, урьд
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 2 сарын хугацаагаар тогтоосон.
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 182 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд Б.Э...........үүг тооцсоныг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялын хэмжээг 2 жил 3 сар 1 хоногийн хугацаагаар дүйцүүлэн тогтоосон.
4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 1 сарын хугацаагаар тогтоосон.
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 630 дугаар магадлалаар Б.Э...........үүг гэм буруутайд тооцсон шийдвэрийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э...........үүд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгэж, энэ ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосон.
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э...........үүгийн эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож нэн даруй сулласан.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Э...........үү нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э...........нтэй хардалтын улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, бугалга, тохой, мөрөнд цус хуралт, зулайд зөөлөн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Б.Э...........үү мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
2. Хохирогч Ц.Э...........н мэдүүлэхдээ: “...2021 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө найзуудтайгаа гадуур байж байгаад, такси барих гэсэн чинь Б.Э...........үү ирсэн байсан. Би Б.Э...........үүг ирсэн гэдгийг мэдээгүй. Намайг машинд суухад түлхээд, цохиод байсан. Бид хоёр Баруун салаа орох хүртэл муудалцсан. Тэгээд Баруун салааны гэрт нь ороод эвлэрсэн. Бид хоёр гэрээс нь буцаж гарч яваад Баянхошууны гудамжинд очоод Б.Э...........үү машиндаа унтсан. Тэгэхээр нь би машинаас нь буугаад явсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “...Цэрэндэжид овогтой Э...........нээс 2021 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 9-8 тоотод бусдад зодуулсан...” гэх баримт (хавтаст хэргийн 01),
2. Хохирогч Ц.Э...........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж ...найзуудтайгаа пиво уучхаад найз залуу Э...........үү рүү утсаар ярьж байгаад ойр зуурын зүйл асуудлаас болж утасны цаанаас маргалдаад зогсож байтал манай эрэгтэй найз Г...........а миний гар утсыг хажуугаас булааж аваад Э...........үүг “чи эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм” гэж утасны цаанаас маргалдаж муудалцаад утсаа салгаж надад өгсөн. Тэгээд би ганцаараа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-ийн үйлчилгээний урд талд зам дээрээс такси барьж гэртээ харих гээд шөнийн 3 цагийн үед зогсож байтал Э...........үү ............... улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хүрч ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд толгой руу нэг удаа цохиж машиндаа суулгаж замдаа элдвээр харааж 2-3 удаа толгой руу цохиж Баянхошууны .......................... тоот байрлах гэрийнхээ гадаа ирсэн. Тэгснээ ...гэртээ оруулж байгаад баруун гараараа миний нүүр ам, толгой хэсэгт 5-6 удаа цохиж, хөлөөрөө ээлжилж миний баруун хөлийн гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, баруун зүүн гарын булчин болон мөр, шуу хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгээд намайг уйлуулж элдвээр харааж байгаад уучлаарай хайраа гэж хэлээд хамт хэвтсэн. Тэгтэл ах нь гаднаас согтуу орж ирээд Э...........үүгээс мөнгө нэхэж маргалдахад ...Э...........үү уурлаад өмднийхөө тэлээг тайлж байгаад “чамаас бүх зүйл болсон” гэж хэлээд толгой руу 3-4 удаа ороолгож ална гэж хэлээд цохитол ах нь хажуугаас салгаж болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
- “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Э...........үүгийн гэрийн хаягийг андуураад хэлчихсэн байна. Намайг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаанд байрлах гэртээ ...зодсон... би өөрт учирсан 422.100 төгрөгөө гаргуулаад авчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11).
3. Гэрч О...........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найзууд болох Э...........үү, Баатарцогт хамт гадуур явж байтал Э...........үү манай хуучин найз охин Э...........ний утсаар нэг согтуу залуу залгаад томроод байна. Байгаа газрынхаа хаягаа зааж өгч байна хамт оччихоод ирье гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд Э...........үүгийн машинтай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн хажууд байрлах Сити нэртэй зочид буудал руу явж байтал 19-ийн үйлчилгээний төвийн хажуугийн зам дээр Ц.Э...........н шөнийн 02 цагийн өнгөрч байхад ганцаараа зогсож байтал Э...........үү өөрийнхөө ............... улсын дугаартай Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ хажууд нь очиж зогсоод машинаасаа бууж Э...........нийг алгадаж аваад машиндаа суулгаад Баянхошуу руу явах замдаа ...машин дотор 2-3 удаа нүүр рүү нь алгадаж аваад хэрэлдэхээр нь болиоч гэж хэлээд Баянхошуунд ирээд Э...........үүгийн гэрт очиход Э...........н, Э...........үү хоёр дотогш орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5681 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Духны баруун дээд хэсэгт 6х2см бүдэг хөхөлбөр өнгийн, баруун гарын хэсэгт 6х6см, 3х3см, 2х2см, 6х8см, 1х1см, 1х0.8см, 1х1.5см баруун тохойд 1х1см, зүүн мөрний төвгөрт 3х3см хүрэн улаан өнгийн захаараа бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралтуудттай. Толгойн баруун зулайн хэсэгт тэмтрэхэд овойж хавдсан, эмзэглэлтэй.
2021.06.26-ны “Лазер мед” эмнэлгийн КТГ-д: ...гавал ясанд хугаралгүй, Зүүн дух этмойд хөндийн болон 2 талын гайморын хөндийн ханын салст зузаарсан...Flax-н орой хэсэгт 1х0.6х0.7см хэмжээтэй /+540/HU нягтралтай шохойжилтой. ...тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...ДҮГНЭЛТ
1. Ц.Э...........ний биед тархи доргилт, дух, бугалга, тохой, мөрөнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13),
5. Шүүгдэгч Б.Э...........үүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр... хуучин үерхэж байгаад салсан найз охин Э...........н орой 23 цагийн үед согтуу утсаар хэрүүл маргаан хийгээд байж ярьж байтал түүний хажуугаас нэг эрэгтэй согтуу залуу утсыг нь аваад “хэл амаар доромжилж... чаддаг юм бол хүрээд ир банди минь, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн хажуугийн “Сити” зочид буудалд байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2021 оны 6 дугаар сарын 26-ны шөнийн 03 цагийн үед тухайн газар очих гээд өөрийнхөө Toyota Prius-30 маркийн цагаан өнгийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо байх замаар явж байтал Э...........н зам дээр такси барих гээд ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь хажууд нь очиж зогсоод машинаасаа буугаад Э...........нтэй маргалдаж муудалцсан чинь өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд алгадаж аваад машиндаа суулгаад... гэр рүүгээ явсан. Бид хоёр замдаа хэрэлдэж маргалдаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 26 тоотод байрлах гэрт иртэл Э...........н надаас архи нэхээд байхаар нь миний уур хүрээд унт гэж хэлтэл өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь алгадаж аваад толгой болон нүүр хэсэгт нь баруун гараараа 3-4 удаа цохиж аваад хэсэг юм ярьж байгаад эвлэрч унтахаар болоод хэвтсэн. Тэгтэл гаднаас манай ах Эрдэнэбилэг согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхэж асуухаар нь “байхгүй” гэж хэлтэл Э...........н хажуугаас “ахдаа мөнгө өгөөч, архи авч өгөөч” гэж илүү зүйл яриад байхаар нь уур хүрээд “чи ер нь хажуугаас хуцдаг хэн юм бэ” гэж хэлээд өмднийхөө тэлээгээр Э...........ний бие хэсэгт 2-3 удаа ороолготол хажуугаас Эрдэнэбилэг салгахаар нь хувцсаа өмсөж Э...........н дагуулж машиндаа суулгаад Баянхошууны эцсээс хойш гудамжинд зогсож байгаад унтчихсан...Э...........н миний найз охин байж байгаад салчихсан байсан юм. Түүнээс болоод бид хоёр гэр бүлийн хамааралтай хүмүүс биш дундаасаа хүүхэдгүй...Э...........н надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, хэрэв нэхэмжлэх юм бол өгөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),
- Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 26-28),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 101, 102), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55), шүүхийн шийдвэрийн хуулбарууд (хавтаст хэргийн 60-61, 96-100, 62-68, 91, 69-78, 88-90, 92-93), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 58, 103), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 104, 105) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э...........үүд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Э...........үү нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 26 тоотод иргэн Ц.Э...........нийг “хэл амаар доромжилсон, архи нэхсэн, ахдаа архи авч өгөөч” гэж хэлсэн зэрэг зүй бус авирлалаа гэх шалтгаанаар түүний эрүүл мэндэд халдаж биед нь тархи доргилт, дух, бугалга, тохой, мөрөнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь;
- Хохирогч Ц.Э...........ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...Э...........үүтэй утсаар ярьж байгаад ойр зуурын зүйл асуудлаас болж утасны цаанаас маргалдаад зогсож байтал манай эрэгтэй найз Г...........а миний гар утсыг хажуугаас булааж аваад Э...........үүг “чи эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм” гэж утасны цаанаас маргалдаж муудалцаад утсаа салгаж надад өгсөн. Тэгээд би ганцаараа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 19-ийн үйлчилгээний урд талд зам дээрээс такси барьж гэртээ харих гээд шөнийн 3 цагийн үед зогсож байтал Э...........үү ............... улсын дугаартай цагаан өнгийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хүрч ...ирээд толгой руу нэг удаа, ...машиндаа суулгаад ...2-3 удаа, ...Баянхошууны ...гэртээ оруулж байгаад баруун гараараа миний нүүр ам, толгой хэсэгт 5-6 удаа цохиж, хөлөөрөө ээлжилж миний баруун хөлийн гуя хэсэгт 2-3 удаа өшиглөж, баруун зүүн гарын булчин болон мөр, шуу хэсэгт 3-4 удаа цохисон. ...өмднийхөө тэлээг тайлж байгаад “чамаас бүх зүйл болсон” гэж хэлээд толгой руу 3-4 удаа ороолгож ална гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),
“...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ Э...........үүгийн гэрийн хаягийг андуураад хэлчихсэн байна. Намайг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаанд байрлах гэртээ ...зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11).
- Гэрч О...........................ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 02 цагийн өнгөрч байхад ...Э...........үү өөрийнхөө ............... улсын дугаартай Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээ Ц.Э...........ний хажууд нь очиж зогсоод машинаасаа бууж алгадаж аваад машиндаа суулгаад Баянхошуу руу явах замдаа ...машин дотор 2-3 удаа нүүр рүү нь алгадаж аваад хэрэлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5681 дугаар дүгнэлт: “...1. Ц.Э...........ний биед тархи доргилт, дух, бугалга, тохой, мөрөнд цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13),
- Шүүгдэгч Б.Э...........үүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 26-ны шөнийн 03 цагийн үед ...Э...........н зам дээр такси барих гээд ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь хажууд нь очиж зогсоод машинаасаа буугаад Э...........нтэй маргалдаж муудалцсан чинь өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд алгадаж аваад машиндаа суулгаад... гэр рүүгээ явсан. Бид хоёр замдаа хэрэлдэж маргалдаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 26 тоотод байрлах гэрт иртэл Э...........н надаас архи нэхээд байхаар нь миний уур хүрээд унт гэж хэлтэл өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь алгадаж аваад толгой болон нүүр хэсэгт нь баруун гараараа 3-4 удаа цохиж аваад хэсэг юм ярьж байгаад эвлэрч унтахаар болоод хэвтсэн. Тэгтэл гаднаас манай ах Эрдэнэбилэг согтуу орж ирээд надаас архины мөнгө нэхэж асуухаар нь “байхгүй” гэж хэлтэл Э...........н хажуугаас “ахдаа мөнгө өгөөч, архи авч өгөөч” гэж илүү зүйл яриад байхаар нь уур хүрээд “чи ер нь хажуугаас хуцдаг хэн юм бэ” гэж хэлээд өмднийхөө тэлээгээр Э...........ний бие хэсэгт 2-3 удаа ороолгосон. ...Э...........н миний найз охин байж байгаад салчихсан байсан юм. Түүнээс болоод бид хоёр гэр бүлийн хамааралтай хүмүүс биш дундаасаа хүүхэдгүй...Э...........н надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, хэрэв нэхэмжлэх юм бол өгөх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Э...........үү нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч Ц.Э...........ний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э...........үү нь хохирогч Ц.Э...........ний биед халдаж цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Б.Э...........үүг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э...........н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 422.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч Б.Э...........үүг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э...........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э...........үүд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Э...........үүгийн бусдын эрүүл мэндэд халдаж учруулсан гэмтлийн шинж байдал, удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдлыг харгалзан харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Э...........үүд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлд зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2108 0000 01066 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б...........тын Э...........үүг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Э...........үүд 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э...........үүд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э...........үү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ