Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2017/00116

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: 1975 онд төрсөн, эмэгтэй, 41 настай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Нэртийн 1-8 тоотод оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгүй, ЕУ75060301 регистрийн дугаартай, Боржигон овогт Төмөртогоогийн Лхагвасүрэнгийн хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Лхагвасүрэн миний бие нь П.Бямбадоржтой 2011 оноос хамт амьдарч, 2013 оны 07 дугаар сард том охин Б.Пүрэвсүрэн, 2015 оны 02 дугаар сард 2 дахь охин Б.Бүжин нарыг төрүүлсэн. Бид энэ хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Учир нь би өмнөх гэрлэлтээ салгаагүй байсан. П.Бямбадорж нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр элэгний өвчнөөр нас барсан юм. Одоо би хоёр хүүхэд Б.Пүрэвсүрэн, Б.Бүжин нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байгаа тул хамтран амьдарч байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна.

Иймд, Т.Лхагвасүрэн намайг П.Бямбадоржтой 2011 оноос 2017 оныг 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн нь П.Бямбадоржтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарах тул шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн, П.Бямбадорж нар нь гэр бүлийн харилцаатай байсан боловч албан ёсоор гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүйгээс тэдний дундаас төрсөн охин Б.Пүрэвсүрэн, Б.Бүжин нар нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байна.

Иймд, шүүхээс хэрэгт авагдсан доорх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн нь П.Бямбадоржтой 2011 оноос 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу түүнийг нас барах хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолтууд, №0000865753-0057 дугаартай Б.Пүрэвсүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, №4207000014 дугаартай Б.Бүжингийн төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 291 дүгээр тодорхойлолт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00/000613 дугаартай байнга оршин суух хаягийн тодорхойлолт, №0000115200-04 дугаартай П.Бямбадоржийн нас барсны гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн, П.Бямбадорж, охин Б.Пүрэвсүрэн, Б.Бүжин нарын хамт авахуулсан гэрэл зургууд зэргээр тогтоогдож байна.

Шүүх дээрх баримтуудыг үнэлэхдээ хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэн, талийгаач П.Бямбасүрэн нарын дундаас төрсөн охин Б.Пүрэвсүрэн, охин Б.Бүжин нарын захиргааны журмаар эцэг тогтоосон, тухайлбал хүүхдийг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ олгосон байдлыг харгалзан, мөн гэрчилгээнд хамтран амьдрагч нар буюу эцэг, эхийн нэр бичигдсэн байдлыг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрт үндэслэсэн болно.

Иймд, Т.Лхагвасүрэнгийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Төмөртогоогийн Лхагвасүрэн, Өлзийбаяр овогт Пүрэвийн Баямбадорж нарыг 2011 оноос 2017 оны оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай. 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Т.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА