Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2017/00117

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1971 онд төрсөн, эмэгтэй, 46 настай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 9 тоотод оршин суух, ЕТ71122702 регистрийн дугаартай, Боржигон овогт Намжилдоржийн Ичинхорлоогийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Н.Ичинхорлоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Н.Мягмаржавтай 2005 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Хүү М.Тэмүүлэн 2013 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн. Салснаас хойш хүүг маань Н.Мягмаржав 2016 оны 10 дугаар сард, 2016 оны 11 дүгээр сард, тус тус цэцэрлэгээс нь шууд өмссөн хувцастай нь хулгайлж авч явсан бөгөөд тухайн бүрд нь би өөрөө очиж Н.Мягмаржавыг эзгүйд нь байгаа газраас нь хулгайлан авчирч байсан. Сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цэцэрлэгээс нь өмссөн хувцастай нь авч явсан ба одоог хүртэл ямар ч хэл сураггүй, холбоогүй байгаа болно. Н.Мягмаржав нь огт утсаа авдаггүй хүүхдийг маань яриулдаггүй.

Н.Мягмаржав нь одоогийн байдлаар оршин суугаа тодорхой хаяггүй эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод л байгаа сурагтай. Дам сургаар сонсоход 5 хүүхэдтэй хүүхэнтэй хамтран амьдраад удаагүй сурагтай байна.

Иймд, миний бие хүү М.Тэмүүлэнгээ өөрийн асрамжид байлгах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкны зээлийг өөрөөр нь төлүүлэх хүсэлттэй байгаа боловч энэ хүн тодорхой оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа учраас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Мягмаржавыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Н.Ичинхорлоо нь хүү Н.Тэмүүлэнг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, банкны зээлийг төлүүлэх хүсэлттэй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дайртан овогт Намсрайн Мягмаржавыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно” гэжээ. 

Иргэн Н.Мягмаржав нь албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь Н.Ичинхорлоогийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар 01-ний 212 дугаар тодорхойлолт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар Н.Мягмаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 201642575813 тоот барьцаат зээлийн гэрээ, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дайртан овогт Намсрайн Мягмаржавыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Н.Мягмаржав нь 1971 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ХЖ71052514 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 9 тоотод оршин суух үндсэн хаягтай, холбоо барих утасны дугаар 99023510, 96023510 гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч Н.Ичинхорлоогийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дайртан овогт Намсрайн Мягмаржавыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Мягмаржавыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Н.Мягмаржав нь 1971 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ХЖ71052514 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 9 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоогоор Улаанбаатар хотод байж болзошгүй, холбоо барих утасны дугаар 99023510, 96023510 гэсэн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.ЦОГЗОЛМАА