Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Ц.Цэрэндулам

Улсын яллагч                                                     Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  О.Үүрцайх    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уртнасан  овогт Пунцагийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201610000103 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1970 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 40 айлын а-104 тоотод оршин суух,  гавъяа шагналгүй,  2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар  тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Уртнасан овогт Пунцагийн Мөнхбат РД: /ЕЮ70082918/

Яллах дүгнэлтээр: Шүүгдэгч Д.Мөнхбат нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын задгайд суух иргэн Адьяагийн гэрт иргэн Ж.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой болон хүзүүн тус газар нь заазуураар зүсэж улмаар түүний бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр вакзол дээр явж байтал таньдаг хүн цэцэрлэг хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгсөн. Надад урьд нь хүн жижиг шилтэй архи 2 ширхэгийг өгсөн байсан ба тэр жижиг шилтэй архийг уугаад явж байтал Ж.Мөнхбаттай таарахаар нь андаа яаж явна даа гэж асуухад  амарч явна гэхээр нь би нэг газар зарах гэж байгаа талаараа хэлээд үзэх үү гэсэн. Тэгээд хамт Адъяа гуайнд очоод жорлонгийн хаалга салсан байна гэж хэлээд гараад үлдсэн архиа ууж дуусгаад машинаа асаах гэсэн чинь машин асахгүй байсан. Тэгээд Адъяа гуайн машины акумляторыг авч асаасан. Тэгээд тэдний гэрт очиж үлдсэн архиа уусан.  Адъяа гуайн гэрт байж байхад Ж.Мөнхбат Адъяа гуайгаас  та морь уядаг уу гэж асуухад тийм гэж хэлэхэд Ж.Мөнхбат надад хандан энэ  газраа зарах уу гэхээр нь эхнэр мэднэ гэсэн чинь 1 700000 төгрөгөөр зарчих гэсэн.  Урьд нь би Ж.Мөнхбат дээр хүнд зодууллаа гэж шалгагдаж байсан бөгөөд чи хүнд зодуулж мөнгө авдаг, юмаа мэдэхгүй охин, прокурортой суучихаад онгироо болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд гарч яваад хажуу айлын хүний утсаар эхнэр рүү яриад Ж.Мөнхбат намайг дарамтлаад байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би буцаж Адъяа гуайн гэрт орж ирээд сууж байтал хөгшин янхан хүүхэнтэй суусан, охин гээд байхар нь би тэнд байсан заазуурыг авахад лаа унтарсан. Тэгээд ийм хэрэг болсон. Дараа нь би  гадаа машинд ороод сууж байтал Ж.Мөнхбатын эхнэр ирээд Ж.Мөнхбатыг аваад явсан. Адъяа гуайн гэрээс гараад явган явсаар байгаад цагдаа дээр ирсэн  гэв.

- Хохирогч Ж.Мөнхбат” Ж.Мөнхбат миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр П.Мөнхбатад толгойн тус газартаа заазуураар цохиулж  биедээ гэмтэл авсан ба П.Мөнхбат нь эмчилгээний зардлыг төлж барагдуулж, уучлалт гуйж надтай эвлэрсэн тул миний зүгээс П.Мөнхбатаас нэхэмжлэх зүйл болон гомдол санал  байхгүй болно гэжээ. /хx-ийн 112 дугаар тал/

- Гэрч Т.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн“...1. П.Мөнхбатын биед зүүн гарын 2-р хурууны 3-р үений ар талд зүсэгдсэн шарх, цээжний баруун урд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлийн зүүн гарын 2-р хурууны 3-р үений ар талд зүсэгдсэн  шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цээжний  баруун урд талд цус хуралт гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэнэ. 3. Учирсан гэмтлийн зүүн гарын 2-р хурууны 3-р үений ар талд зүсэгдсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, цээжний баруун урд талд цус хуралт гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөгүй гэсэн 186 тоот дүгнэлт /хx-ийн 76 дугаар тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 07-14 дүгээр тал/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17 дугаар тал/

- П.Мөнхбатын хэрэг болох үед өмсөж явсан хувцасанд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-21 дүгээр тал/

- 2016.04.12-ны өдрийн П.Мөнхбатын цуснаас дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 26 дугаар тал/

- 2016.04.12-ны өдрийн Ж.Мөнхбатын цуснаас дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар тал/

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29 дүгээр тал/

- Гэрч Л.Булганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 45- дугаар тал/

- Гэрч Ш.Лундаагийн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3548 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 100 дугаар тал/

- Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 165 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 101-104 дүгээр тал/

-Ж.Мөнхбатын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гомдол саналгүй талаарх тодорхойлолт/ хх-ийн 112 дугаар тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Мөнхбат нь согтуурсан үедээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын задгайд суух иргэн Адьяагийн гэрт хохирогч Ж.Мөнхбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой болон хүзүүн тус газар нь заазуураар зүсэж улмаар түүний бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан   гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч П.Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэвч шүүгдэгч П.Мөнхбат хохирогч Ж.Мөнхбат нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт хэргийн материалд хавсаргаж ирүүлсэн байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь 14 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг, архины шил 3 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар хураагдан ирсэн эд мөрийн баримтыг устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283,  284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уртнасан овогт Пунцагийн Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй бөгөөд  шүүгдэгч нь 14 хоног цагдан хоригдсон,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг, архины шил 3 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Мөнхбатад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар П.Мөнхбат, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ