Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр         Дугаар 2018/ДЗШ/25                                            Баруун-Урт

 

Д.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Гт холбогдох эрүүгийн 1830000560054 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 24А орон сууцны  107  тоотод  оршин  суух  улсаас  авсан   гавьяа  шагналгүй,   ял   шийтгэлгүй 

Боржигон овогт Д.Г /РД: ЖЬ77071960/ 

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвөөс баруун тийш 11 км газарт “Prius-30” маркийн 48-49 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Энхтүшигийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Гэрэлтуяа, Н.Мөнхтүшиг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Д.Гийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, энэ хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гт мэдэгдэж, шүүгдэгч нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Гэрэлтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунзаяа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд  хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байхад шүүхээс түүний эрх зүйн байдлыг дордуулан нэг удаагийн үйлдлээр хоёр зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөн Д.Гт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээе гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Шүүгдэгч Д.Г  нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн 

үед Сүхбаатар аймгийн  Түмэнцогт  сумын төвөөс баруун тийш 11 км газарт “Prius-30” 

маркийн 48-49 УБВ улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н.Энхтүшигийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Гэрэлтуяа, Н.Мөнхтүшиг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Д.Гэрэлтуяа /хх-23-24/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Халиунзаяа /хх-19-20/, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 115, 112, 114 дугаар дүгнэлт /хх-32, 35, 45/,  тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн техникийн шинжээчийн 18 дугаар дүгнэлт /хх-29/, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-4-5, 9-12, 13/, осол, хэрэг гарсан газар дээр хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 

Энэ хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг  зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж дүгнэн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу хамгийн хүнд ялтай хэсэг болох тухайн зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь шүүхээс үндсэн бүрэлдэхүүн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг хийж, энэ талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ. 

Шүүхээс шүүгдэгчид  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ аваагүй орхигдуулсныг зөвтгөж, түүнд зан үйлээ засах, орших суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.  Сүхбаатар  аймаг  дахь  сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай;

1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг “Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй. 

1.2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 

1.3. Тогтоох  хэсэгт  “Шүүгдэгч  Д.Гт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 

7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах, орших суух газар, ажлаа өөрчлөх, орчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг 

үүрэг  хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

1.4. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Гт мэдэгдсүгэй” гэсэн заалтыг нэмсүгэй.

Хоёр. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Дөрөв. Шүүгдэгч Д.Гт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай. 

Тав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНТУНГАЛАГ 

         ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                 О.БААТАРСҮХ