Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 134/ШШ2017/00120

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152 дугаар байр, 45 тоотод оршин суух, Тайж овогт Чулууны Энхцэцэг /РД:ЕЙ69082501/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 152 дугаар байр, 3-41 тоотод оршин суух, Боржигон овогт Ваанчигийн Гантуяа /РД:ЗЮ71040506/-т холбогдох

Үндсэн зээл 450 000 төгрөг, зээлийн хүү, 150 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 18 650 төгрөг, нийт 618 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан, хариуцагч В.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн В.Гантуяа нь 2015 оны 03 дугаар сарын 20-нд 300 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, зээлж авсан. Эхэлж авсан 300 000 төгрөгийг хүүтэй, 150 000 төгрөгийг хүүгүй зээлж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байна. 2017 оны 03 дугаар сард Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тохиролцож чадаагүй.

Иймд, иргэн В.Гантуяагаар үндсэн зээл 450 000 төгрөг, хүү 150 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах албанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18 650 төгрөг, нийт 618 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ээжийн ах нь Сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Тэгэхэд В.Гантуяа нь 300 000 төгрөг зээлж авсан. Мөнгө өгсөн нь дансны хуулгаар харагдаж байгаа. 04 дүгээр сарын 02-ны өдөр 160 000 төгрөг ээжийн данснаас гарсан. В.Гантуяа эгч 150 000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ өдөр мөнгийг хувьдаа хэрэглэх байсан бол мобайл банктай мөртлөө 160 000 төгрөгийг бэлэн зарлагадаж авахгүй гэж бодож байна. Сүүлд авсан 150 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөнгө авахдаа би Төрийн банкинд зээлтэй, зээл төлөх гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь 150 000 төгрөг шилжүүлье гэтэл шилжүүлсний хэрэггүй, банк татаад авчихна гэж хэлсэн гэсэн.

Үлдсэн 10 000 төгрөгийг ээж хэрэглээд, 150 000 төгрөгийг В.Гантуяа эгчид өгсөн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Бид нар хүнээс хүүтэй мөнгө аваад хүнд мөнгө зээлэхдээ хүүгүй зээлнэ гэж байхгүй. Тэгэхээр 2 жилийн хугацааны хүүг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч В.Гантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие В.Гантуяа нь тус сумын 1 дүгээр багийн 152 дугаар байрны 3-41 тоотод оршин суух иргэн Ч.Энхцэцэгээс 2015 оны 03 дугаар сарын 20-нд 300 000 төгрөг зээлсэн нь үнэн болно.

300 000 төгрөгийг зээлж авахдаа зээлийн хүү төлж буцаан авах тухай гэрээ байгуулаагүй. Тухайн оны дараа сард нь авсан гэх 150 000 төгрөгийг Ч.Энхцэцэгээс аваагүй. Нотлох баримт болох дансны хуулга нь 160 000 төгрөг ХААН банкны гүйлгээгээр зарлага хийгдсэн нь хувийн өөрийх нь хэрэглээнийх нь зарцуулалт л байх. Харин Ч.Энхцэцэгээс авсан 300 000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь хариуцагч В.Гантуяад холбогдуулан 618 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч В.Гантуяа нь “… Ч.Энхцэцэгээс 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг зээлсэн нь үнэн. Төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг зээлэхдээ хүү төлөх талаар гэрээ байгуулаагүй, харин 150 000 төгрөгийг аваагүй, …дансны хуулга нь 160 000 төгрөг ХААН банкны гүйлгээгээр зарлага хийгдсэн нь хувийн өөрийнх нь хэрэглээний зарцуулалт байх” гэж маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь 300 000 төгрөгийг В.Гантуяад шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ба хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч В.Гантуяа нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөгийг зээлсэн болох нь хариуцагч В.Гантуяагийн “…300 000 төгрөг зээлсэн нь үнэн. Төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “… хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.

Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн байх тул тэдний хооронд хийгдсэн аман гэрээний дагуу хүү тооцох үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “ …үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуулах ажиллагаанд хандахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 650 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Харин талууд 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 150 000 төгрөгийг зээлсэн,  зээлээгүй гэж талаар маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд, хариуцагч В.Гантуяагаас 318 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Гантуяагаас 10 209 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг баримтлан хариуцагч В.Гантуяагаас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлээс 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан В.Гантуяагаас эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болох 18 650 /арван найман мянга зургаан зуун тавин/ төгрөг гаргуулж Ч.Энхцэцэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 200 /хорин гурван мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 209 /арван мянга хоёр зуун есөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.ЦОГЗОЛМАА