Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2017/00121

 

    Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, эрэгтэй, 48 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6 дугаар байрны 4-51 тоотод оршин суух, Харчин овогт Дулмаагийн Сайнхүү /РД:ЗК69073117/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төв /Хуулийн этгээдийн РД:9018433, утас:70546103/-д холбогдох

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7 сар 18 хоногийн 3 662 677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сайнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Сайнхүү намайг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэснийг Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 магадлалаар нэхэмжлэгч Д.Сайнхүү миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговрыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тооцож, нийт 2 985 326 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв нь Д.Сайнхүү миний биеийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчээр эгүүлэн ажилд авсан болно.

Иймд, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 7 сар 18 хоногийн 3 662 677 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

 Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Сайнхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын бүтэц, үйл ажиллагааны сатандартаар танай байгууллагад сантехникчийн ажлын байр байхгүй, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоо, эмнэлгийн орны хязгаарыг батлах А/01 тоот тушаалаар сантехникчийн орон тоо батлагдаагүй учир манай байгууллага Д.Сайнхүүг ажлаас чөлөөлсөн. Гэтэл Д.Сайнхүү ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор түүнийг ажилд нь томилсон. Одоо ч манай байгууллагад шаардлагагүй ажлын байранд шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр ажиллаж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газар, дээд шатны байгууллагаас дээрх орон нутагт нэн даруй хэрэгцээтэй ажлын байранд ажилтанг ажиллуулах, сантехникчийн орон тоог цомхотгох талаар чиглэл заавар байнга өгч байгаа юм.

Тийм учраас Д.Сайнхүүг байхгүй ажлын байранд хүчээр ажиллуулах шийдвэр гаргасан бидний шийдвэр ч хууль бус. Түүнийг ийнхүү арга буюу ажилд нь буцааж томилж ажиллуулж байхад цалин, нөхөн олговор нэхэмжилсэн болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Сайнхүү нь тус Эрүүл мэндийн төвд 2006 оны 05 дугаар сараас 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна гэжээ. Гэтэл Шивээговь сумын Хүн эмнэлгийн  эрхлэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр тушаалаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаар тушаалаар тус эмнэлгийн слесарь, мужаанаар түр 3 сарын хугацаагаар томилогдсон байх бөгөөд дээрх тушаалуудыг нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийлгээгүй байна.

Иймд, Д.Сайнхүүгийн цалин, нөхөн олговор болох 7 сар 18 хоногийн 3 666 677 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сая ярьсан тайлбар нь нэхэмжлэлд дурдагдаагүй зүйл байна. Д.Сайнхүүг 2016 оны 12 дугаар сарын 27-нд давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилд авсан. Тухайн үед манай байгууллагад сантехникчийн орон тоо байхгүй байсан. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын орон тооны бүтэц нь 2013 оны 50-81 гэсэн стандартыг мөрдөж ажилладаг. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сард батлагдсан стандартыг 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж ажиллаж байгаа. Үйлчилгээний ажлын орон тоонд сантехникч гэсэн орон тоо баталж өгөөгүй байсан.

Гэхдээ гэрээт ажилтнаар шаардлагатай тохиолдолд ажиллуулж болно гэж зохицуулж өгсөн байдаг. Дахин яагаад ажлаас чөлөөлсөн бэ? гэхээр манай байгууллага туслах ажилтан 6 гэсэн орон тоо батлагдан ирсэн. Д.Сайнхүүг шүүхийн шийдвэр гарч 7 дахь хүн болгож ажилд авсан. Тэгтэл манай байгууллага 3 сарын хугацаанд цалингийн өрөнд орж эхэлсэн. Тухайн оны цалингийн сан байхгүй үед ажиллуулах эрх байхгүй. Тиймээс мэдэгдэл өгч ажлаас нь 4 сарын хугацааны дараа ажлаас нь чөлөөлсөн. Д.Сайнхүү нь 10 жил манай байгууллагад 10 жил тасралтгүй ажилласан гэж байна. Ажиллаж байх хугацаандаа 2011 оны 09 дүгээр сарын 20-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Дараа нь дахин ажилд томилогдсон байдаг. Томилогдсон тушаал нь 3 сарын хугацаатай түр томилсон тушаал байдаг. Дахин гэрээг сунгахгүй 2015 он хүртэл ажиллаж байгаад сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн стандарт батлагдаж Энхсаруул эмч 2015 онд ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байдаг.

Тэгээд манай байгууллагад гэрээт ажилтнаар ажиллах уу? гэдэг санал тавихад ажиллахгүй гээд ажлаас бүр гарсан. Д.Сайнхүү нь 1 жилийн хугацаанд ажил хийх сэтгэлтэй байсан бол Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын сургууль ажилд авъя гэсэн саналыг тавьсан байдаг. Д.Сайнхүү нь ажил хийх хүсэл сонирхол байхгүй. Би ажлаас халах үедээ та манай байгууллагад гэрээт ажилтнаар ажиллаж болно гэж хэлсэн. Тэгэхэд ажиллаж чадахгүй гээд гарсан гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сайнхүү нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7 сар 18 хоногийн 3 662 677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь “… Сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартаар манай байгууллагад сантехникчийн ажлын байр байхгүй, …шүүхийн шийдвэрээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр арга буюу ажилд нь томилсон, … Д.Сайнхүүг байхгүй ажлын байранд хүчээр авч ажиллуулах шийдвэр гаргасан бидний шийдвэр ч хууль бус юм. Түүнийг ийнхүү арга буюу ажилд нь буцаан томилж ажиллуулж байхад цалин нөхөн олговор нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй …” гэж маргажээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 дугаартай шийдвэрээр Д.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 дугаартай магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн Д.Сайнхүүгийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 985 326 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2016/01015 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх7-14/

Хэдийгээр хариуцагч байгууллагын төлөөлөгч “… Сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартаар манай байгууллагад сантехникчийн ажлын байр байхгүй …” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “… ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор …” олгоно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Д.Сайнхүүг ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Д.Сайнхүүгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцож шийдвэрлэв.

Д.Сайнхүү нь нэг сард  471 814 төгрөгийн үндсэн цалинтай болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байх ба түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын А-д зааснаар тооцож олгов. Үүнд: 2016 оны 04 дүгээр сард ажлын 0 хоног, 05 дугаар сард ажлын 22 хоног, 06 дугаар сард ажлын 21 хоног, 07 дугаар сард ажлын 16 хоног, 08 дугаар сард ажлын 23 хоног, 09 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 20 хоног, 11 дүгээр сард ажлын 22 хоног, 12 дугаар сард ажлын 21 хоног, нийт ажлын 167 хоног, 471 814:21.5=21 944 төгрөг, 167 хоног x21 944=3  664 648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 1971 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 73 584 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар  зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 664 648 /гурван сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан Д.Сайнхүүд олгож, үлдсэн 1971 /нэг мянга есөн зуун далан нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73 584 /далан гурван мянга таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА