Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 134/ШШ2017/00122

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч П.Цогзолмаа даргалж,  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1993 онд төрсөн, эмэгтэй, 24 настай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг, 154-22 тоотод оршин суух, УУ93070707 регистрийн дугаартай, Чоногол овогт Болдбаатарын Цэвэлмаагийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Цэвэлмаа миний бие 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Э.Жавхлантөгсийг төрүүлсэн. Би өөрөө оюутан тул 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Энхтөрд үрчлүүлсэн. Б.Энхтөр нь тал харвалттай, эхнэр Б.Наранцэцэг нь хөл муу байнгын эмчилгээ шаардлагатай болсон тул хүүхэд асарч чадахгүй болсон. Иймд хүү Э.Жавхлантөгсийн үрчлэлтийг буцааж өөрийн нэр дээр болгох хүсэлттэй байна. Б.Энхтөр, Б.Наранцэцэг нар нь хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахад маргаан байхгүй гэсэн.

Иймд, үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхтөр, Б.Наранцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Энхтөр, Б.Наранцэцэг бид Б.Цэвэлмаагийн хүсэлттэй үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд хүү Э.Жавхлантөгсийг Б.Цэвэлмаагийн асрамжид үлдээхэд ямар нэгэн маргаан байхгүй тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна. Шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.

 

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хүү Жавхлантөгсийг 2016 оны 10 сард үрчилж авсан. Бэр охин Б.Цэвэлмаа маань оюутан байсан учраас нөхөр бид 2 хүүхдийг нь өсгөж өгье гэж бодсон. Манай нөхөр 8 сард хөдөө явж байгаад бие нь өвдөөд тал цус харвасан. Тиймээс хүү Э.Эрхэмбаатар, бэр Б.Цэвэлмаа нар сургуулиа төгссөн учраас эцэг, эх хоёрт нь Жавхлантөгсийг буцааж өгөхөөр шийдсэн. Би нөхрөө асрах шаардлага гарсан учраас Жавхалантөгсийг ээж, аавд нь өгөх хүсэлттэй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байна.

Э.Жавхлантөгсийг Б.Энхтөр, Б.Наранцэцэг нарт үрчлүүлсэн болох нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №0000019623 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №0000911636 дугаартай Э.Жавхлантөгсийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээд, хүүхдийн эрх, ашгийг хүндэтгэн, хүсэлт гаргагч Б.Цэвэлмаагийн гаргасан хүсэлтийг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэсэн үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцож, Э.Жавхлантөгсийг төрүүлсэн эх Б.Цэвэлмаагийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, хүсэлт гаргагч Б.Цэвэлмаа болон хүүхдийг үрчлэн авсан эцэг, эх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.Энхтөр, Б.Наранцэцэг нарын хооронд хүсэлтийн шаардлагатай холбоотой ямар нэгэн маргаангүй, одоо Э.Жавхлантөгс нь төрүүлсэн эх Б.Цэвэлмаагийн асрамжид байгаа болох нь хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхэд үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулахаар зохицуулсан боловч үрчлэн авагч Б.Энхтөр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй, үрчлэн авагч Б.Наранцэцэг нь шүүх хуралдаанд оролцох тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан учир Б.Энхтөрийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Э.Жавхлантөгсийг Батдоржийн Энхтөр, Баарайн Наранцэцэг нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Хөхнүүд овогт Энхтөрийн Жавхлантөгсийг төрүүлсэн эх Б.Цэвэлмаагийн асрамжид шилжүүлсүгэй.

3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн уг бүртгэлд өөрчлөлт оруулж Э.Жавхлантөгсийн төрсний гэрчилгээг сэргээхийг Говьсүмбэр аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад даалгасугай.

 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      П.ЦОГЗОЛМАА