Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1488 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,                        тоотод оршин суух,

урьд 2002 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн торгох ялаар,

2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан

Х овогт Дгийн З /РД:           /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр                           тоотод Б.Мтой маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Б.Мийн мэдүүлэг /хх6-9/, гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хх15/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11758 дуугар шинжээчийн дүгнэлт /хх31-32/, шүүгдэгч Д.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх31/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Д.Зыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Мийн “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бямбаа гэх цуг зогсдог жолоочийн хамт гурвалжин захын орчим 1 шил архи хувааж уучхаад архиныхаа халуунд бид хоёр манай найз Зын                        тоотод очиж уулзсан юм. Манай машины зогсоол дээр хамт зогсдог Бямбаа ах З бид нар нийлж архи уусан. Зын гэрт очоод 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг бид 3 хувааж уусан юм. Тэгээд нэг мэдсэн тасарчихсан байсан ба 10 дугаар сарын 08-ны өглөө сэрэхэд Бямбаа явчихсан Зулаа бид 2 сэрсэн. Бямбаа ах хэзээ явсныг би сайн мэдэхгүй байна. Зулаа бид 2 шараа тайлна гэж 0.75 литрийн Хараа нэртэй архи дэлгүүрээс худалдаж аваад бид 2 хувааж уусан. Архи ууж байгаад тасраад өглөө сэртэл миний зүүн нүд хөхөрчихсөн мөн цээж 2 хөлийн шилбэ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би Зулаагаас яагаад ингэсэн юм бэ гэж асуутал би мөргөчихсөн гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байгүй...” гэх мэдүүлэг /хх6-9/,

2. Гэрч Д.Дуламсүрэнгийн “...Маргааш нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчим манай нөхрийн найз З над руу залгаад “нөхөр чинь манай гэрт байна ирж ав” гэж хэлсэн. Тухайн үедээ нэлээн согтуу ярихаар нь би Мтой яръя гэж хэлтэл манай нөхөр надтай ярихгүй байсан. Би очиж авч чадахгүй ээ унаа байхгүй, наадхаа хөөгөөд явуулахгүй яасан юм гэж Зулаад хэлсэн. ...Тэгтэл маргааш өдөр 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуу ирсэн. Ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн мөн нуруу, цээж, хэвлий, 2 шилбэ нь хөхөрчихсөн орж ирсэн. Тэгэхээр нь би яасныг нь асуусан чинь З намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх15/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11758 дугаар шинжээчийн “...Б.Мийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алиманд салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цээж хэвлий, баруун бугалга, зүүн бугалга, зүүн ташаа, өгзөг, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх21-22/,

4. Шүүгдэгч Д.Зын яллагдагчаар өгсөн “...Тэгээд нэг мэдэхэд тасарчихсан байсан ба яг юунаас болж бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсоныг юу ч санахгүй байна. Өглөө нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны орой харанхуй болчихсон байхад сэрэхэд нүүр болон нүд нь хавдчихсан байсан. Би тэгээд түүнээс яагаад ийм болчихсон юм бэ гэж асуухад чи намайг согтуу байхад зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгээд тэр өдөртөө манайд унтаж амарчхаад 2020 оны 10 дугаар сарын 09-ний өглөө гэртээ харилаа гэж хэлээд манайхаас явсан юм...” гэх мэдүүлэг /хх31-32/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д.З:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.З нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.З, хохирогч Б.М нар нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр                                          тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар шүүгдэгч Д.З нь хохирогч Б.Мийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “...Архи ууж байгаад тасраад өглөө сэртэл миний зүүн нүд хөхөрчихсөн мөн цээж 2 хөлийн шилбэ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би Зулаагаас яагаад ингэсэн юм бэ гэж асуутал би мөргөчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.З нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Мийн биед “зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зүүн нүдний алиманд салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, цээж хэвлий, баруун бугалга, зүүн бугалга, зүүн ташаа, өгзөг, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт...” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11758 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.З нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дгийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР