Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2017/00124

 

    Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байршилтай, “Хаан банк” ХХК /РД:2693321, Улсын бүртгэлийн дугаар 9016001011/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Уулзварын 1-13 тоотод оршин суух, Тайжийнхан овогт Мөнхтогоогийн Энхбат /РД:КК84102718, утас: 89050549/,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эмэгтэй, 36 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Уулзварын 1-13 тоотод оршин суух, Тавнан овогт Зоригтбаатарын Эрдэнэбат /РД:ЕЙ81112103 утас: 93042628/ нарт холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4 679 179 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, хариуцагч М.Энхбат, З.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банкнаас иргэн М.Энхбат, З.Эрдэнэбат нар нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6 000 000 төгрөгийн цалингийн зээлийн 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан.

М.Энхбат, З.Эрдэнэбат нар нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөх ёстой хугацаанаас 398 хоног хугацаа хэтэрсэн. Одоогоор Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хамтран зээлдэгч нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч ажилтай, зээлэгчтэй зээл төлүүлэхээр утастахад утсаа авдаггүй утсаа авбал цалин буухгүй байна буухаар төлнө гэсэн тайлбарыг байнга өгдөг. Зээлдэгч М.Энхбат, З.Эрдэнэбат нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардлага тавихад биелүүлэхгүй байгаа тул зээлийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Зээлийн гэрээний эцсийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болно.

Иймд, М.Энхбат, З.Эрдэнэбат нараас үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 4 679 179 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Энхбат миний бие нь “Хаан банк” ХХК-иас 6 000 000 төгрөгийг зээлж авснаас үлдэгдэл 3 665 974 төгрөг үлдэж хүүтэйгээ 4 679 179 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Эрдэнэбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Эрдэнэбат би “Хаан банк” ХХК-иас авсан М.Энхбатын зээлд хамтран эзэмшигчээр оролцож гарын үсэг зурсан.

2015 оны 12 дугаар сард М.Энхбатаас гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгосон боловч одоог хүртэл зээлээ төлөг гээд тэтгэмжийн мөнгө аваагүй.

Миний бие “Хас банк” ХХК-д цалингийн зээл 5 100 000 төгрөг, орон сууцны зээл 30 000 000 төгрөг, хүүхдийн хадгаламжийг барьцаалсан зээл 2 350 000 төгрөгийн зээлтэй. Сард 600 000 төгрөг банкинд төлдөг, ахуйн болон 2 хүүхдийн хэрэглээнд цалин хүрэлцдэггүй.

Иймээс “Хаан банк” ХХК-иас авсан М.Энхбатын зээлийг төлөх боломж байхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч М.Энхбат, Э.Эрдэнэбат нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3 665 974 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 941 720 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71 485 төгрөг, нийт 4 679 179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийгг шүүхэд гаргажээ.

Хариуцагч М.Энхбат “… Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, би зээлийг төлнө”,  харин хариуцагч Э.Эрдэнэбат “… надад төлөх боломж байхгүй, би давхар банкуудад зээлтэй …” гэж маргажээ.

Хариуцагч М.Энхбат, Э.Эрдэнэбат нар нь 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 6 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд М.Энхбат, Э.Эрдэнэбат нарын хөдлөх хөрөнгүүд болон зээлийн гэрээнд тодорхойлсон хөрөнгийг барьцаа болгон барьцаалуулсан болох нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ-1717 дугаар барьцаат зээлийн гэрээ /хх6-8/, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч М.Энхбат, З.Эрдэнэбат нар нь 6 000 000 төгрөгийн зээлээс 4 679 179 төгрөгийг төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн төлбөр 3 665 974 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 941 720 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71 485 төгрөг, нийт 4 679 179 төгрөг болсон гэх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын талаар хариуцагч нар маргаагүй.

Харин хариуцагч З.Эрдэнэбат нь “… зээлийг төлөх боломжгүй …” гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна”, 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эртхэй бөгөөд үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл зээлдэгч нарын үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгч тус бүрийн зээл төлөх үүрэг нь тэнцүү байх тул хариуцагч М.Энхбатаас үндсэн зээлийн төлбөр 1 832 987 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 470 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35 742 төгрөг, нийт 2 339 589 төгрөгийг, хариуцагч Э.Эрдэнэбатаас үндсэн зээлийн төлбөр 1 832 987 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 470 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35 742 төгрөг, нийт 2 339 589 төгрөгийг, тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 817 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбат, З.Эрдэнэбат нараас 89 817 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3, 242.11-д заасныг баримтлан хариуцагч М.Энхбатаас үндсэн зээлийн төлбөр 1 832 987 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 470 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35 742 төгрөг, нийт 2 339 589 төгрөгийг, хариуцагч Э.Эрдэнэбатаас үндсэн зээлийн төлбөр 1 832 987 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 470 860 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 35 742 төгрөг, нийт 2 339 589 төгрөгийг тус тус гаргуулж ХААН банкинд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89 817 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч  нараас 89817 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ЦОГЗОЛМАА