Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/259

 

 

 

 

 

 

 

 

  

     2021            05           18                                      2021/ШЦТ/259                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт З Б холбогдох эрүүгийн 21030 0000 0049 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Дэлгэрмаа /тээвэр/, хохирогч Д.Ц, хохирогчийн өмгөөлөгч Т.Даваахүү, шүүгдэгч З Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга С.Цэрэндулам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Od Innovation” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, БД 23 дугаар хороо, ЗН 7-173 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт З Б /РД:УХ95022552/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны 18 цаг 06 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын явган хүний гарцан дээр “Toyota Corolla Axio” маркийн 77-98 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч  Д.Цийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:                  

1. Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаа тараад Яармагийн замаар гэр рүүгээ явж байсан. Тухайн үед гадаа нилээн харанхуй, бүрэнхий болж байсан. Намайг Яармагийн 1 дүгээр автобусны буудалд ойртож явах үед миний машины хажууд зэрэгцээ нэг автомашин явж байгаад явган хүний гарцан дээр огцом тоормослоход нь хохирогч гараад ирсэн. Би хохирогчийг харсан даруйдаа тоормос дарсан боловч зогсож чадалгүй очиж хохирогчийг мөргөсөн.

Би машинаа зогсоогоод буугаад харахад хохирогч зам дээр хэвтэж байсан, очоод үзэхэд цус гарч байсан болохоор би өөрийн машины арын суудалд суулгаад цагдаа болон түргэн тусламжийг яаралтай дуудсан. Тэгээд хохирогчийн биеийн байдлыг асуухад “баруун хөл их өвдөж байна” гэж хэлэхээр нь өвчин намдаах эм уулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд хохирогчийг аваад явсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас бүрэлдэхүүн ирээд хэргийн газарт үзлэг, хэмжилт хийж, би цагдаагийн байгууллагад байцаалт өгсөн.

Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж бусдын биед хүнд хохирол учруулсандаа харамсаж байна. Би жолооч болоод 8-9 жил болж байна. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэх үед жолооч хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа.

Би баримттай гарсан хохирлын 2.565.823 төгрөгийг төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гэрт нь очиж данс руу нь баримттай хохирлын мөнгийг шилжүүлсэн. Мөн нэг удаа хохирогчтой эмнэлэг дээр уулзаж хохирлыг төлсөн. Цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардал хохирлыг тухай бүрд нь төлж барагдуулна. Хохирогчийн 3 сарын цалинтай дүйцэх хохирол болох 1.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч, 10 хоногийн дотор төлж барагдуулна.

Тухайн осол гарсан өдрийн өмнөх өдөр нь цас орсон байсан тул замын цас өдөртөө хайлаад, орой нь бага зэргийн халтиргаа үүссэн байсан. Мөн Яармагийн зам дагуу тод ногоон өнгийн гэрэл ихтэй байдаг тул тухайн гэрэлд нүд гялбаж байсан. Би тоормосоо дараад тодорхой зам туулаад машин зогссон. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Д.Цээс өгсөн:

“...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны орой 18 цагт ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан. Би гэртээ харихын тулд 3 автобус дамждаг. Тухайн үед автобуснаас буугаад эхний замаа гараад дараагийн замаар гарах үед нэг машин ирж байсан.

Би З.Б машинд яаж мөргүүлснээ мэдэхгүй байна. Миний 12 хавирганаас 11 хавирга хугарсан, гарын зүүн булчин тасарсан. Хавирганы хугарлыг “өөрөө явцаараа эдгэрнэ, өөр эмчилгээ байхгүй” гэсэн тул наалт нааж байгаа. Миний уушги хүнд гэмтсэн тул уушгиндаа санаа зовж байна. Хэрэв би “Ковид-19” халдварт өвчин тусвал эдгэрэх боломжгүй болохоор айгаад гадуур гарч, эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа.  

Би “Интермед” эмнэлэгт үзүүлээд төлбөрөө төлөөд З.Б эмчилгээний баримтаа өгсөн. Шүүгдэгч миний эмчилгээний төлбөр болон 2 сарын цалин болох 2.565.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.

Би өнчин ач охинтойгоо хамт амьдардаг. Миний ач охин “Этүгэн” дээд сургуульд сурдаг. Би “Хан Богд” ХХК-д 3 жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Миний сарын тогтмол цалин 660.000 төгрөг. Мөн илүү цагаар ажилласан тохиолдолд манай компаниас илүү цагийн мөнгө олгодог.

Би шүүгдэгчид “чи миний 10 сарын цалин болох 6.600.000 төгрөгийн хохирлыг төлвөл би цаашид гарах эмчилгээний төлбөрийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэж хэлсэн боловч З.Б “манай ар гэрийн байдал хэцүү байгаа тул 6.600.000 төгрөг төлөх боломжгүй” гэж хэлсэн. Миний хувьд шүүгдэгчээс хохирол нэхэмжлээд дахин шүүхээр явах боломжгүй. З.Б миний 3 сарын цалин болох 1.500.000 төгрөгийг 10 хоногт багтаан төлнө гэж байгаа болохоор үүнийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21030 0000 0049 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 01-02х, 05-07х, 08-12х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 13х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Д.Ций хохирогчоор өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цагт ажлаа тараад автобусанд суугаад Хан-Уул дүүргийн эмнэлгийн 2 дугаар автобусны урд буудал дээр буугаад, эхний зам болох баруунаас зүүн тийш явдаг замыг гараад, Хүннү молл худалдааны төвөөс Нисэх рүү явдаг зам дээр 4 автомашин ирж байгаа харагдсан. Автомашинууд зайтай явж байгаа харагдахаар нь би явган хүний гарцаар замыг урдаас хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр бараг гарах гээд 1-2 алхмын зайд явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин ирээд мөргөсөн.

Би замын хойд талын явган хүний зам дээр унасан юм шиг байна лээ. Тэгээд жолооч залуу намайг өргөөд өөрийнхөө автомашины арын суудал дээр суулгаад “би таныг дайрчихлаа” гэж хэлсэн. Жолооч залуу эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрийн утсаар хүү Баасандоржид мэдэгдээд, ...түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.

Эмнэлэг дээр эмч үзээд баруун мөр мултарсан, духан дээр 2 оёо, зүүн хөмсөг дээр 2 оёо тавиад, рентген зураг авахуулаад, дахин ЭХО-д харуулж, цээж болон толгойн томографын зураг авахуулахад зүүн талын 2-8 дугаар хавирга хугарсан, зүүн уушги няцралттай, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, дух, зүүн хөмсөг, 2 нүдний дээд, доод зовхи, дотор булан, зүүн хацар, шанаа, эрүү, зүүн гарын бугалга, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн хөх, баруун гарын шарх, сарвуу, зүүн шилбэ, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцалт гэмтлүүд учирсан байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-31х/,

 

4. Хохирогч Д.Ц Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 16-19х, 22-25х, 55-65х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1361 дугаартай:

1. Д.Ц биед үзлэгээр зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, дотор булан, зүүн хацар, шанаа, эрүү, зүүн гарын бугалга, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн хөх, баруун гарын шуу, сарвуу, зүүн шилбэ, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 51-53х/,

 

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай:

1. Toyota Corolla Axio маркийн 77-98 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч З.Б нь:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Д.Ц, гэрч З.Б нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа /хэргийн 87-88х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Энхбаярыг байцаасан тэмдэглэлд:

“...Үзүүлэгч Д.Ц биед учирсан зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн хийн шингэн хуралдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин дух, зүүн хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, дотор булан, зүүн хацар, шанаа, эрүү, зүүн гарын бугалга, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн хөх, баруун гарын шуу, сарвуу, зүүн шилбэ, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 92х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Б яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 38 минутын үед би ээж Б.Нарангэрэлийн эзэмшлийн Toyota Corolla Axio маркийн 77-98 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа ажлаа тараад Яармагийн Энканто Оранж хотхонд байрлах гэр лүүгээ харихаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр Яармагийн эмнэлгийн автобусны буудлын явган хүний гарц дөхөөд зүүнээс баруун чиглэлд явж байсан. Тэгэхэд 2 дугаар эгнээнд явж байсан автомашин гэнэт тоормослоход, цаад талаас нь явган зорчигч урдаасаа хойшоо чиглэлтэй сандарсан байдалтай гүйгээд гараад ирэхээр нь би автомашиныхаа тоормосыг дарсан боловч зогсож чадалгүй очиж мөргөсөн.

...Би машинаа зогсоогоод явган зорчигч дээр очоод биеийн байдлыг нь асуухад духнаас нь цус гарчихсан байхаар нь би өөрийнхөө утсаар 102-т залгаад “хүн мөргөчихлөө, одоо яах ёстой вэ” гэхэд цагдаа “түргэн тусламж иртэл битгий хөдлөөрэй” гэж хэлсэн. Би 103-т мөн өөрийнхөө утсаар дуудлага өгсөн.

Эхлээд түргэний машин ирж, мөргүүлсэн эгчийн биеийн байдлыг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Дараа нь дүүргийн замын цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж миний бичиг баримтыг хурааж авсан.

...Одоогийн байдлаар би хохирогчийн эмчилгээний зардалд нийт 523.000 төгрөг өгсөн. Дахин эмчлүүлж байгаа болохоор эмчилгээний зардлыг нь төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 101-102х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Нарангэрэл /хэргийн 40х/, Э.Алдармаа /хэргийн 45х/, Т.Зоригт /хэргийн 47х/ нарын мэдүүлэг, “Од инновайшн инженеринг” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 111х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 114х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 112х/, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 126х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагаа шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Б гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З. З Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны 18 цаг 6 минутын үед Toyota Corolla Axio” маркийн 77-98 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын явган хүний гарцан дээр “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Ц мөргөсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон ба уг ослын улмаас явган зорчигч  Д.Ций эрүүл мэндэд ШШҮХ-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1361 дугаартай дүгнэлтэд тусгагдсан “...зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, дух, зүүн хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, дотор булан, зүүн хацар, шанаа, эрүү, зүүн гарын бугалга, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн хөх, баруун гарын шуу, сарвуу, зүүн шилбэ, баруун өвдөгт шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны 18 цаг 6 минутын үед Toyota Corolla Axio” маркийн 77-98 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Наадамчдын зам, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талын явган хүний гарцан дээр “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Ц мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Д.Ц эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэргийн шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч З.Б авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх, мөн хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна. 

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт З. З Б нь хохирогч Д.Ц баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон эмчилгээ үйлчилгээний зардалд нийт 2.565.873 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч миний эмчилгээний төлбөр болон 2 сарын цалин болох 2.565.873 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.” гэсэн /хэргийн 27х, 162х, шүүх хуралдааны тэмдэглэл/ мэдүүлэг баримтуудаар тус тус нотлогдсон байна.

 

Түүнчлэн шүүгдэгч З.Бнь хохирогч Д.Ц осолд орж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцон нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг 10 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч Д.Ц хүлээн зөвшөөрч, шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцсэн нь /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хуулиар хамгаалагдсан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Иймд хохирогчийн осолд орсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт тооцон нэхэмжилж буй 1.500.000 төгрөгийг шүүгдэгч З.Б гаргуулж шийдвэрлэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.   

 

Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 114х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч З. З Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн баримттай гарсан бодит зардлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, З.Б мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №899320 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт З.Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                    

                                                        ТОГТООХ нь:

 

1. С овогт  З Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар З. З Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар З. З Б ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан З. З Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон З. З Б нь 2.565.873 төгрөгийг нөхөн төлснийг тэмдэглэж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт нэхэмжилсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг З. З Боос гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 2-42-5 тоотод оршин суух хаягтай, РД:ШВ58050900, Х Э  овгийн  Д.Цд олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч  Д.Ц нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан З. З Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №899320 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай. 

 

8. Энэ хэрэгт З. З Б нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З. З Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД