| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2017/00100/И |
| Дугаар | 134/ШШ2017/00127 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2017/00127
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, эрэгтэй, 26 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Хэрлэнгийн 2-6 тоотод оршин суух, Сор овогт Хуягаагийн Хишигбаяр /РД:ЕЙ91071814, утас:91555455 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1975 онд төрсөн, эрэгтэй, 41 настай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг, Зүлэгт гэх газар оршин суух, Цорос овогт Лхайжаагийн Батзориг /РД:ЕЙ75061917 утас:98204439/-т холбогдох
Хороог албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Хишигбаяр, хариуцагч Л.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х.Хишигбаяр миний бие 5 дугаар багт байрлах Оорцогийн бууц-ыг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Сүмбэр сумын Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан. Гэвч манай хамаатан болох Л.Батзориг 1 жил өвөлжөөн дээр чинь өвөлжмөөр байна гээд буусан боловч ирэх зун нь хороо бариад урьд нь манай байсан, энэ хороог өгөхгүй, алж хядна шүү гээд сүрдүүлээд байна.
Мөн албан ёсоор гэрчилгээ нь миний нэр дээр байгаа бууцыг дээрэмдэх маягаар авахыг санаархаж байна.
Иймд, Оорцогийн бууцан дээр барьсан хороог нь албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа:
Л.Батзориг миний бие Зүлэгтийн баруун бууц гэдэг газрыг анх 1992 онд цулгай газар байхад нь хороо барьж бууц болгосон юм. Улмаар манайх болон манай эцэг, эх уг газарт суурьшиж байсан. Миний бие төв орох шаардлагатай болсон тул ах дүү нартаа захиж орхиж, түр зуур бууя гэсэн айлыг буулгуулж харж хамгаалж байсан. 2012 онд миний төрсөн ахын хүү Отгонбаярт өгсөн боловч удалгүй нас барж түүний дүү болох Л.Хишигбаяр өөр дээрээ бичиг гаргуулж авсан байсан. Л.Хишигбаяр нь З.Олонбаатар гэдэг хүний малыг маллаж байгаад дутаасан учир З.Олонбаатар өрөө төл, оронд нь бууцаа өг гэж шахаж шаардсны улмаас уг бууцыг оронд нь өгөх гээд байгаа тул би өгөхгүй гэсэн юм.
Тус бууц нь бидний олон жил нутаглаж, суурьшиж ирсэн нутаг учраас гадны хүнд өгмөөргүй байгаа юм. Олонбаатар нь миний ахын өнчин хүүхдийг мал маллуулна гэж малаа өгчихөөд, одоо өрөнд оруулж, байгаа ганц зүйлийг нь авах гэж дарамталж өргөдөл бичүүлж байгаад гомдолтой байна.
Иймд, уг маргааныг үнэн зөвөөр нь ялгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би бууцан дээр 1991 оны 07 дугаар сард хороо босгож өөрөө барьж сангийн аж ахуйн хонь маллаж байгаад 2003 оны 09 дүгээр сар хүртэл байсан. Тэгээд хүүхдүүд сургуульд орж манайх төв рүү нүүхээр болсон тул Х.Хишигбаярын ах болох Х.Отгонбаярт өгч байсан. Х.Хишигбаярын аав нь миний төрсөн ах. Х.Отгонбаярт мал маллаж байгаа юм чинь гээд Оорцог гэх газрыг өгсөн. Тэгтэл Х.Отгонбаяр нь зуурдаар нас барсан. Би 4 жилийн дараа буцаж мал маллаж эхэлсэн. Тэгээд Х.Хишигбаяраас надаа бууцаа зарахуу гэж асуухад зарна, 3 000 000 төгрөг өг гэж хэлж байсан. Би тугалтай үхэр, 1 500000 төгрөг өгье гэж хэлж байсан. Х.Хишигбаяр нь хүний мал маллаж байгаад өрөнд ороод, манай гэрийнхний хэн ч очсон бууж болдог байсан газрыг өөрөө дур мэдэж зарсан байдаг.
Олонбаатар гэдэг бууц авсан хүн нь өөрийн нэр дээр шилжүүл гэж захиргаан дээр явж байгаа сураг байсан. Надад Х.Хишигбаяраас булаацалдаад байх зүйл байхгүй. Надтай эрүүл саруул ярилцаад ойлголцсон бол болох байсан. Би одоо хэдэн малтай болсон. Дорноговь аймгийн Айраг суманд оторлож байгаа. 2 жил бууцан дээрээ буугаагүй хүнийг бууц эзэмших эрхийг цуцалдаг, бууцыг цуцалдаг. Би бууцыг гадагшаа хүнд өгмөөргүй байна, ах дүү нар дотроо авч байвал надад хамаагүй. Үнэ тохирч зарна гэвэл би бууцыг худалдаж авна. Олон сая төгрөгөөр зарна гэвэл би авч чадахгүй байна гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Хишигбаяр нь хариуцагч Л.Батзоригт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багт байрлах Оорцогийн бууц гэх өвөлжөөн дээр барьсан хороог албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчаас маргаан бүхий өвөлжөөг ... нэхэмжлэгч нь төрөл садангийн биш хүнд зарах гээд байгаа. Би үүнийг зөвшөөрөхгүй, ах, дүүсийн аль нэг нь эзэмшиж байвал би маргахгүй, энэ өвөлжөө манай ах, дүү нар олон жил өвөлжиж ирсэн өвөлжөө тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багт байрлах Оорцогийн бууц гэх өвөлжөөний газрыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тоот захирамжаар, 700 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Х.Хишигбаярт 15 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд /улсын бүртгэлийн дугаар 00606/ бүртгэгджээ.
Нэхэмжлэгч Х.Хишигбаяр нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаж, төрийн байгууллагаас дээрх өвөлжөөний газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг олж авсан байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хууль ёсны эзэмшигч Х.Хишигбаярын эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдвөл уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй ба шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, хууль ёсны эзэмшигч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д ... Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул хариуцагч Л.Батзориг нь тус өвөлжөөг эзэмших эрхгүй этгээд байх тул нэхэмжлэгчийннэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Хишигбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Хишигбаярын эзэмшлийн Сүмбэр сумын 5 дугаар багт байрлах 000456871 дугаар гэрчилгээтэй, Оорцогийн бууц гэх өвөлжөөн дээрх хороог албадан буулгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хишигбаярт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА