Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/805

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгчид Ж.Тэгшмандал, Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-т холбогдох 2008000001326 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *** тоотод оршин суух хаягтай, урьд 2004 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х овгийн Б-ын Ц /РД:чй*****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ : 

Шүүгдэгч Б.Ц нь 2020.08.25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүйн гол” гэх газарт Ч.Д-тэй газрын маргаан хийж Ч.Д-гийн хүзүү, цээжин хэсэгт нь маажиж, нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь : 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд : 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан... Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Хүйн гол гэж газарт 2020.08.25-нд газрын маргаанаас болж бусдад хүрзээр цохиулсан...гэх тэмдэглэл /хх-02/,

- иргэн Ч.Д-гээс Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-03/,

- хохирогч Ч.Д-гийн /2020.08.27-нд өгсөн/...Би 2020 оны 08-р сарын 23-нд иргэдийн дуудлагаар гол усны хажууд маш том хэмжээний хашаа барьж байна гэх дуудлагын дагуу ирсэн тэгээд иргэд маань цуг очоод бид шаардлага тавьсан, та нар энэ хашаагаа түр зогсоочих маргааш бүгдээрээ очиж дүүргийн газрын албатай очиж 3 цагт уулзъя гэж тохирсон тэгээд би 3 цагийн үед яваад очиход тэд нар ирээгүй тэгээд 2020 оны 08-р сарын 24-ны өдөр хашаагаа бариад үргэлжлүүлээд явж байхад би 2020 оны 08-р сарын 25-нд очсон тэгээд би нутгийн иргэдтэй явж очин та хэд тохирсон цагтаа ирээгүй дүүргээс зөвшөөрөөгүй байхад хашаагаа бариад байгаа юм бэ, дүүргийн газрын албаны дарга Н.Б-той уулзахад М байцаагчийг дуудсан тэгээд би хүйн гол дагасан газруудыг цуцалж өгнө үү, дүүргийн хамгаалалтад авсан байж яагаад газар олгов энэ газруудыг цуцалж өгнө гэсэн яасан бэ гэтэл хаана хашаа барьж байгаа юм бэ тэр газрууд руу надтай хамт М-ыг явуулж шийдвэрлэ гэж хэлсэн. М нь би өөрөө ажилтай байгаа болохоор энэ 7 долоо хоногийн 4 дэх өдөр очиж цуцалсан газруудыг байрлалуудыг зааж өгч цуг хамтарч ажиллана гэж хэлсэн.  Тэгээд энд хашаа бариад байхад нь би хүрч ирээд, та нар газрын албанаас зөвшөөрөөгүй байхад хашаагаа барьдаг ямар эрхтэй хүмүүс вэ, газрын албаны байцаагч нь иртэл 4 дэх өдөр хүртэл зогсоо гэж хэлсэн тэгтэл чамд хамаа байхгүй бид дүүргээс зөвшөөрлөө авцан гээд надад кадастрын зургаа үзүүлсэн тэгээд, би ч гэсэн кадастрын зураг үзүүлээд та нарын газар хашаа барь гэсэн зөвшөөрөл байхгүй байна гэтэл чи ямар ядаргаатай хар пизда вэ ална тална гэж дайрсан тэгээд дайрахаар нь би ч бас хэрүүл маргаан хийсэн тэгтэл хүрзээр цохих гэж  далайхад нутгийн ах бариад авсан, би барьж байсан цаасаа хүнд өгөх гээд эргэж харж өгчихөөд эргээд хартал хүрз цохисон, тэгээд чи муу яахаараа намайг цохидог юм гэж бид 2 зууралдсан, зууралдах хооронд миний цээжэн тус газрын самардсан бас нүүрэн тус газар цохисон. Өмнөх 2020 оны 08 сарын 23-нд ирэхэд намайг цохисон залуу бас нэг залуу 2 чамайг шоронд авч орж байгаад бандидаж ална, чамайг ах дүү нартай чинь хамт ална гэж заналхийлсэн энд миний хувьд гомдолтой байна, би ямарваа нэгэн юм миний ах дүү хамаатан саданд янз янзын юм тохиолдох юм бол би энэ хүмүүсийг гэж үзнэ, би бас олон нийтийн газраар явдаг учраас над ямарваа нэгэн байдлаар ахиж халдахын бол энэ хүмүүсийг гэж үзнэ гэх мэдүүлэг /хх-04-05/,    

- хохирогч Ч.Д-гийн /2020.09.03-нд өгсөн/...Ц 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 15 цагт дүүргийн газрын албан дээр уулзъя гэхээр нь би 15 цагт ирсэн чинь Ц ирээгүй. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нутгийн иргэд энэ хүмүүс хашаагаа хатгаад дууслаа гэж хэлэхээр нь би Б, Х, Б гэдэг хүний дүү, Д, Б бид нар Ц-гийн хашаан дээр очоод та нар яагаад дүүргийн газрын албан дээр ирнэ гэж хэлчихээд яагаад ирээгүй юм бэ, газрын албаны байцаагч М /8811-0254/ 4 дэх өдөр хүртэл хашааг нь бариулахгүй байж бай, би өөрөө очно гэж надад хэлсний дагуу би хашааг нь бариулахгүй, хашаа барихаа боль гэж шаардлага тавьсан. Тэгтэл  Ц гэдэг хүн чамд ямар хамаатай юм бэ пизда минь ээ, энэ лалар яагаад оролдоод байна, чамайг ална шүү, яагаад далдагнаад байгаа юм гэж хэлээд бид 2 маргалдсан, тэр үед Ц гартаа хүрз барьсан байсан бөгөөд намайг цохих гэсэн чинь нутгийн ах Б гэдэг хүний дүү хүрзнээс нь бариад авсан чинь миний нүүр, хэсэгт хүрз цохисон. Ц-тай яагаад намайг цохидог юм гээд маргалдаж байхад Ц миний хүзүүг боож цээж маажсан байна лээ. Тэрнээс өөр зодоон цохион болоогүй бөгөөд нутгийн ах нар тэр хүнийг надаас салгасан би цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-10/...Тэгтэл Ц чи ямар ядаргаатай пизда вэ гээд хүрзээ бариад ирсэн. Хүрзээ бариад дайраад маргалдсан. Би барьж байсан бичгээ ард байсан хүндээ өгөөд эргэж харахад намайг хүрзээрээ нүдний доод зовхи руу цохисон. Тэгээд би намайг цохидог хэн бэ гээд маргалдсан. Тухайн үед барьцалдаж авсан...Ц тухайн үед надаас уучлалт гуйчих юм болов уу гэхэд тийм зан гаргаагүй. Газрын албан дээр уулзах гэж тохирох үед бас муудалцаж байсан.../хх-105-106/,

- гэрч Д.Ц-гийн...Би найзуудтайгаа нийлж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх газарт жимс жимсгэнэ тариалахаар 5 га газрыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2017 онд авсан юм. Тэгээд үйл ажиллагаа явуулах гээд хашаа хатгах гэсэн чинь манай авсан газар дээр хар зам баригдах ажил явагдаад манай газар дээгүүр тээвэрлэлт хийгээд хашаа хатгаж чадаагүй байсаар байгаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны үеэс хашаагаа хатгаж эхэлсэн. Тэгсэн Д гэдэг залуу нутгийн иргэдийг удирдаж хашаа бариулахгүй гэж эсэргүүцсэн. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Д, найз Ц, Н, Э нарын хамт очоод газар дээрээ хашаагаа хатгаж байсан юм. Н, Д хоёр хашаагаа авах гээд явсан хойгуур Д, Б гэдэг залуучууд 4 машинтай 2 мотоциклтэй согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс авчраад хашааг бариулахгүй буулга гэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэр хүмүүс шууд хашаа эвдээд, Д гэдэг залуу нь хашхираад байхаар нь дуугай байж байлдаа хоёулаа ярилцъя гэж хэлсэн чинь чам шиг авгайгаар дуугаа хураалгахгүй гээд хашхираад орилж чарлаад хараагаад байсан. Тэр үед Ц, Э бид гурав юм хийчхээд багажаа эмхэлж байсан. Д, Б нартай цуг ирсэн ногоон өнгийн фудволктой, бор өнгийн бөөрөнхий малгай тавьсан согтуу залуу далжигнаж байгаад Цын барьсан байсан хүрзийг булаацалдаад эхэлсэн. Тэр үед Д нүүр лүү цохичихлоо гээд гэнэт орилж чарлаад байсан бөгөөд Д, Ц хоёр хоорондоо ерөөсөө зодолдоогүй Ц хүрзээр хүнийг цохиж зодоогүй. Тэнд хэрүүл маргаан хийж байхад Д, Н хоёр сүүлд ирээд цагдаагийн байгууллагад хандахаар болсон...гэх мэдүүлэг /хх-58/,

- гэрч С.Э-ын...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найз Н, Ц, Ц, Д бид нар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд хашаа хатгаж дуусаад Д, Н хоёр машинтай явсан Ц, Ц бид гурав цай уух гэж байсан чинь 2 машинтай хүмүүс ирсэн. Тэр хүмүүсийг удирдаж байсан Д, Б хоёроос бусад нь бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд нэг залуу нь хашааг нааш, цааш нь хөдөлгөөд нураах гээд байсан бөгөөд бусад залуучууд нь бид гурав луу хашаа барилаа, хашаагаа буулга гээд уурлаж дайрсан. Тэд нарын дунд байсан ногоон цамцтай өндөр нуруутай залуу Ц-тай зууралцаж аваад салахгүй байсан. Ц бид хоёр салгах гэсэн чинь салахгүй зууралцаад нөгөө хэдэн залуучууд нь турхираад хэрүүл хийгээд орилж чарлаад чанга чанга дуугараад элдвээр хэлээд байсан. Цогтбаяр тухайн үед хүрз барьсан байсан бөгөөд ногоон цамцтай өндөр залуу хүрзнээс нь бариад тэр хоёр хүрзээ булаацалдаж байсан чинь Д гэдэг залуу хүрзэнд хальт шүргэгдсэн юм шиг байна лээ. Тэгснээ би намайг хүрзээр цохилоо гээд дайраад байсан. Тэр үед Н, Д хоёр ирээд цагдаа дуудсан...Д, Ц хоёр хоорондоо ерөөсөө зодолдоогүй. Газрын маргаанаас болж бүгд хоорондоо муудалцсан. Ногоон цамцтай өндөр залуутай Ц хүрз булаацалдаад байсан, тэрнээс зодоон цохион болоогүй...гэх мэдүүлэг /хх-16/,

- гэрч М.Б-ийн...Би Партизан нутаг гээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгоны нутгийн зөвлөлийн тэргүүн юм. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс Хүйн голын хажууд хүмүүс 5 га газарт хашаа барьж эхэлсэн. Тэр үед нутгийн хүмүүстэй нийлж очоод 27-ны өдөр хүртэл хашаа барихаа түр зогсоочихоо, тэр өдөр газрын албанаас хүмүүс ирж асуудлыг шийднэ гэсэн гэхэд газрын эзэн эмэгтэй бид нар бичиг баримттай юм чинь хашаагаа барина гэснээс болж хашаа барьж байсан 3 хүнтэй маргалдаж эхэлсэн юм. Тэр үед би Партизан нутаг нэртэй фейсбүүк группт шууд бичлэг хийсэн. Хашааг бариулахгүй гэж Хүйн голын иргэдийн хөдөлгөөний тэргүүн Д, гишүүн Б, нутгийн иргэд болох Б, Д, олгой хочтой ах нарын хамт очсон. Тэгсэн маргаан дунд хашаа барьж байсан тарган намхан гартаа хүрз барьсан хүн Д рүү дайраад хүрзээр цохих гэж байхад Б хүрзийг нь барьсан чинь хүрз нүүрийг нь цохисон чинь хоорондоо хүрзээр цохилоо гээд маргалдсан, Б хүрзийг нь тавихгүй бариад байсан. Тэрнээс өөрөөр бол зодоон цохион болоогүй, газраасаа болоод л маргалдсан сүүлд хашаа барьж байсан хүмүүс дээр Портер машинтай 2 хүн нэмэгдэж ирсэн...гэх мэдүүлэг /хх-26/, 

- гэрч Э.Д-ын...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхнэр Ц, найз Ц, Э, Н бид нар Ар гүнтэд хашаа барьж байгаад Н бид хоёр Портер машинтай явж айлын хашаанаас хашаагаа ачиж байсан чинь Э, Ц, Ц нар дээр машинтай согтуу залуучууд ирсэн хэрүүл маргаан хийгээд хашааг эвдээд буулгаад байхаар нь Н бид хоёр ирсэн чинь хашааг бариулах гээд удаа дараа бид нартай маргалдаад байсан Д, Б нар хэдэн согтуу хүмүүс дагуулаад ирсэн хэрүүл хийж байсан. Д гэдэг залуу нь Ц-ыг хүрзээр нүүр лүү цохилоо гээд гүтгээд хэрүүл хийгээд байсан. Н бид хоёрыг ирснээс хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй бөгөөд цагдаад дуудлага өгөөд Партизаны цагдаа дээр очсон...Тухайн үед байсан ногоон өнгийн фудволктой, бөөрөнхий ногоон малгайтай залуу би хүрз булаалдаж байсан чинь Д хүрзэнд цохигдсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-43/,   

-  гэрч Ш.Н-ийн... Би Ц, Ц нарын гэр бүлтэй нийлж жимс, жимсгэнэ тариалахаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн аманд 5 га газар авсан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс газар дээрээ хашаа хатгасан чинь нутгийн хүмүүсийг Д гэдэг залуу удирдаж бид нарын хашааг бариулахгүй гэсэн бид нар гэрчилгээний канондсан хуулбарыг үзүүлсэн чинь хуурамч юм байна гээд байхаар нь ажлаа зогсоогоод газрын албанаас гэрчилгээний эх хувийг аваад үзүүлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хашаагаа барьж байсан. Би Портер машинтай юм ачиж байсан бөгөөд хашаа бариад Ц, Ц, Э нар үлдсэн байсан юм. Тэгсэн хүмүүстэй маргалдаад байхаар нь Д гээд хамт юм хийж байсан залуучууд ирсэн чинь Д тэргүүнтэй 7-8 залуу ирсэн байсан бөгөөд тэр залуучуудын ихэнх нь согтуу залуучууд байсан. Намайг ирэхэд Д гэдэг залуу чи намайг хүрзээр цохио биз дээ гээд Ц луу дайраад байсан, Ц болохоор би чамайг хүрзээр цохиогүй гээд байсан. Би тэгээд цагдаад дуудлага өг гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-14/, 

- гэрч Д.Б-гийн... Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хүйн гол гэх газарт мал малладаг юм. Тэгсэн 2020 оны 08 дугаар сард малын бэлчээр дээр 5 га газарт хашаа барьж эхэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай нутгийн хүүхдүүд ирээд малын бэлчээр дээр хашаа хатгаж байна, нутаг усаа хамгаалах хэрэгтэй байна гээд найз Баттулгын машинд суугаад найз П-тай хамт очсон. Д, Б, Д гээд нутгийн дүү нар ирсэн. Тэгээд хашаа барьж байгаа 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр хүмүүстэй уулзаад хашааг чинь бариулахгүй гээд тэр хүмүүстэй маргалдаж муудалцсан. Тэгэхэд хашаа барьж байсан нэг залуу хүрзээ далайгаад Д-гийн нүүрэнд нь хальт цохисон. Тэгэхээр нь би хүрзээрээ дахиад хүн цохиж магадгүй гэж бодоод хүрзийг нь булааж авах гээд хүрзнээс нь барьж аваад булаацалдаад Д-гээс холдуулсан. Тэгсэн хүмүүс дээр Портер машинтай 2 хүн нэмэгдэж ирээд хоорондоо газраас болж маргалдаж муудалцсан юм. Тэрнээс ерөөсөө зодоон цохион хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-18/, 

- шинжээчийн дүгнэлт :...Ч.Д-гийн биед баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-20-21/,

- 2020 оны 10 сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл :...Хар өнгийн төмөр хашааны хажууд хар өнгийн саравчтай малгай өмссөн, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктай, гартаа цаас барьсан Ч.Д, Д-гийн цаад талд улаан өнгийн кейстэй утсаар бичлэг хийж байгаа цагаан  өнгийн фудволктой, цагаан өнгийн дугуй малгай өмссөн эмэгтэй харагдах ба нэг эрэгтэй “та нар наанаа зөвшөөрлийг авчаад барь хөөе, хөөе зөвшөөрлийн авчаад барь” гэж хэлэхэд нэг эмэгтэй авсан шүү дээ гэхэд нэг эрэгтэй аваагүй байна, би өчигдөр очиж уулзлаа харин надад энэ зургаа гаргаж өглөө гэж хэлэхэд дүрсэнд хөх өнгийн фудволктой, хар хөх өнгийн дугуй малгайтай, зүүн гартаа хүрз барьсан Б.Ц, урд талд нь хар өнгийн фүдволктой, хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй харагдана. Б.Ц Ч.Д дээр ирэхэд Ч.Д за байж бай, энэ байна за юу гэж хэлээд кадастрын өнгөтөөр хэвлэсэн зураг үзүүлэхэд, Б.Ц-ын хажууд байсан эрэгтэй “юу юм чи, юу хийж байгаа юм” гэхэд бас нэг эрэгтэй чи зүгээр байгаарай тэр лоомоор шаах нь ээ гэж хэлэхэд, Б.Ц “бид нар юм хийж байна болох уу, бид нар газар дээрээ юм хийж байна” гэхэд Ч.Д өчигдөр надад энэ зургийг гаргаж өглөө гэж хэлэхэд Б.Ц энэ зураг гэж хугацааных нь цаг өдөр хаана байна гэхэд нэг эрэгтэй 4 дэх өдөр учраа олно тэр хүртэл битгий бариул гэсэн гэхэд дүрсэнд хар, улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй, жижиг биетэй, бараан алаг өнгийн цамцтай, хар бараан өмдтэй эрэгтэй нар овоорсон байдалтай харагдах ба Ч.Д өчигдөр би утсаар яриа биз дээ гэхэд нэг эрэгтэй та нар битгий давраад бай хэн бэ та нар гэж хэлэхэд цаанаас нь цагаан өнгийн фудволктой, цагаан өнгийн дугуй малгайтай, цайвар өнгийн өмдтэй, хар нүдний шилтэй эмэгтэй Д нааш ир гэхэд нэг эрэгтэй бүгдийг нь дуудъя гэж хэлэв. Ч.Д цагаан өнгийн фудволктой, цагаан өнгийн дугуй малгайтай, цайвар өнгийн өмдтэй, хар нүдний шилтэй эмэгтэй дээр кадастрын зураг барин ирэхэд эмэгтэй нь за за байж бай гэхэд Ч.Д М-ын өнгөтөөр гаргаж өгсөн зураг энэ байна гэхэд эмэгтэй нь энэ 2020 оны 08 дугаар сарын 24-нд өчигдөр би ингэж кадастрынхаа зургийг хэвлүүлж гаргасан гэхэд хажуу талаас нэг эрэгтэй хүн та энэ чинь зүгээр хэвлүүлээд гаргасан байна шүү дээ гэхэд эмэгтэй нь за за энэ гэрчилгээ нь байна, гэрчилгээнийх нь дугаар, за энэ хараа энэ байна гэхэд нэг эрэгтэй та энэ өөрийнхөө юуг хэвлүүлж л авсан байна шүү дээ гэхэд эмэгтэй нь юу гэсэн үг юм бэ гэхэд нэг эрэгтэй одоо хашаагаа очоод бариа гэсэн бичиг чинь хаана байгаа юм гэхэд эмэгтэй нь зөвшөөрөл энэ байгаа юм биш үү гэж хэлэхэд нэг эрэгтэй үгүй үгүй наадах чинь биш гэхэд ногоон алаг өнгийн бөөрөнхий малгайтай, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктой хар бараан өмдтэй хүн үгүй үгүй наадах чинь биш гэж хэлэн эмэгтэйгээс кадастрын зураг болон гэрчилгээг булааж авахад эмэгтэй нь яагаад байгаа юм бэ, яагаад хүний юм гэхэд нэг эрэгтэй зүгээр өгч байлдаа үзээдэхье гээд хоорондоо маргалдахад эмэгтэй нь за үз үз гээд за алив би чамд өөрийг өгий гэж хэлэхэд Ч.Д битгий ураад бай гэхэд эмэгтэй нь бас та битгий зулгаагаад хүний юм ураад бай гэж хэлээд кадастрын зураг, гэрчилгээгээ за май үз үз гээд өгөв, Д тэр хашаагаа барь гэсэн бичиг нь хаана байна гэхэд эмэгтэй нь за уучлаарай Д тийм юм байдаггүй битгий хуцаад байгаарай чи одоо тийм юм байдаггүй ш дээ гэхэд Д барина гэвэл та сансаны чинь гарз гэхэд эмэгтэй нь барина, би барина гэхэд Д битгий хуцаад байгаарай харъя би чамайг харъя гэж хэлэн хоорондоо маргалдав. Хар бараан өнгийн хувцастай мөр хэсэгт улаан өнгийн оруулгатай эрэгтэй хашааны төмрөөс барьж байгаад ганхуулж хөдөлгөхөд Б.Ц яаж байгаа юм хөөе гээд тэр хүнд хандсан үг хэлээд зүүн гартаа хүрзээ барьсан явж байхад Ч.Д Б.Ц дээр очив. Биеэрээ түлхэлцээд хоорондоо маргалдахад Б.Ц пизда минь хөөш гэхэд Ч.Д чи муу тэгээд яахын яадгийн гээд хоорондоо маргалдахад Ч.Д хар өнгийн саравчтай малгайгаа хойш нь харуулж өмсөөд яахын хөөе гэж хэлэхэд ногоон өнгийн ханцуйтай хар өнгийн фудволктой дугуй малгайтай Б зогсож байгаад бичлэг газар луу харахад хөөе хөөе гээд эрэгтэй хүн дуугарч байж бай пизда минь гээд хоорондоо муудалцаж байгаа сонсогдох ба бичлэгт Б.Ц, Б хоёр дундаа хүрз булаацалдаад хоёр тийш нь савчуулж Б.Ц нь хойш ухраад Б түлхээд унагаах гэж зүүн хөлөөрөө Цын баруун хөлийн ард мордох үйлдэл хийгээд наагуур нь хүмүүс юм ярьж байгаа сонсогдох ба дахиад цохиулъя болио боль гэж ярьж байгаа сонсогдоод Д Б.Ц Б нар дээр очоод яагаад чи намайг цохидог юм, яахаараа чи намайг цохидог юм хөөе май чи муу гэж хэлэхэд дүрсэнд Б.Ц улаан өнгийн судалтай мөртэй, хөр өнгийн цамцтай эрэгтэй, хойш нь түлхээд хөдөлгөөнийг нь хориод хойш нь түлхээд явж байхад Б, Д нар дүрсэнд орж ирэх ба Д баруун гараараа нүүрээ дарсан харагдахад эмэгтэй энэ цохисон ш дээ, энэ цохисон үгүй үгүй гэж хэлж байгаа тод сонсогдоход Ч.Д “зүгээр байгаарай муу авгай минь за юу”гэж хэлэхэд эмэгтэй “хуцаарай май пязда минь, чи муу яадаг муу хуц бэ” гэж хэлэхэд Ч.Д “чи муу нутгаас минь хөөдөг хэн бэ, хөөе хөөе пязда минь ”чи муу намайг хүнээр цохиулдаг хэн бэ гэж хоорондоо маргалдах ба үүнээс хойш хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй...гэх тэмдэглэл /хх-63-67/,

- 2020.09.28-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн...1286021311741048 гэсэн гарчигтай бичлэгийг нээж үзэхэд: хар өнгийн төмөр хашааны хажууд хөх өнгийн дугуй малгайтай, хөх өнгийн футволктой Б.Ц, хар өнгийн саравчтай малгайг саравчийг хойш нь харуул өмссөн, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктай Ч.Д, ногоон алаг өнгийн бөөрөнхий малгайтай, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктой хар бараан өмдтэй Д.Б, цайвар өнгийн саравчтай малгайтай, хүрэн бор өнгийн цамцтай, ногоон алаг өмдтэй цагаан гуталтай махлаг биетэй эрэгтэй хүн, хар улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй, жижиг биетэй, бараан алаг өнгийн цамцтай, хар бараан өмдтэй эрэгтэй нар овоорсон байдалтай харагдах ба нэг эрэгтэй дахиад цохь писда минь гай болов гэж хэлээд дундаа юм булаацалдаж байхад эмэгтэй хүн банка, Н наадахаа салгалдаа гэж хэлэхэд Ч.Д хүрз бариад чи яахаараа намайг цохидог юм хөөе, чи яахаараа намайг цохидог юм гэж хэлээд бичлэг хийж байгаа талын гартаа хүрзээ далайгаад Б.Ц-ыг хүрзгүй гараараа түлхээд чи муу яахаараа намайг цохидог юм хөөе гэж хэлээд авав. Ойр байсан цагаан өнгийн малгайтай бор алаг цамцтай ногоон алаг өмдтэй махлаг эрэгтэй дундуур нь орж хар, улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй, жижиг биетэй бараан алаг өнгийн цамцтай, хар бараан өмдтэй эрэгтэй нар салгах гэж дундаар нь ороход Ч.Д-гийн гараас хар өнгийн хувцастай, өндөр биетэй хар нүдний шилтэй эрэгтэй хүрзийг гараас нь аваад газар шидэв. Ч.Д май муу “ал минь” гээд гараараа салаавч гаргахад Б.Ц "чи муу хараарай” гэж хэлээд хүмүүс дундуур нь ороод салгаж байхад эмэгтэй хүн чамайг хэн цохисон юм, хөөе хөөе энэ цохисон шүү дээ, энэ цохисон ш дээ хөөе хөөе ногоон ханцуйтай хар өнгийн фудволктой хар бараан өмдтэй Д.Б харуулахад дүрсэнд хар өнгийн саравчтай малгайг саравчийг хойш нь харуул өмссөн, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктай Ч.Д баруун гар талынхаа алгыг хараад “зүгээр байгаарай муу авгай минь за юу”гэж хэлэхэд эмэгтэй “хуцаарай май пязда минь, чи муу яадаг муу хуц бэ” гэж хэлэхэд Ч.Д “чи муу нутгаас минь хөөдөг хэн бэ, хөөе хөөе пязда минь” гэж хэлэхэд эмэгтэй чи муу одоо яагаад зайгаа юм гэж хэлэхэд дүрсэнд хар, улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй хар өнгийн төмөр хашааг нааш цааш нь ганхуулах ба эмэгтэй яасан хар муу зэвүүн хулгайч нар бэ хэлэхэд бичлэгт эрэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж байлаа. Бичлэгт машинууд харагдаад эргэж хар, улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй, эрэгтэй дээр хашааны хажууд эмэгтэй очоод “чи муу одоо яах гээд байгаа юм бэ новшоо хөөе, гэхэд эрэгтэй хүн бас чи хөөе хүний хөрөнгөд халдаад, чи хөөе гэж хэлэхэд эмэгтэй чи муу ямар зэвүүн хар хулгайч бэ чи муу” гэж хэлэв. Бичлэгийн 01:35-д ногоон алаг өнгийн бөөрөнхий малгайтай, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктой хар бараан өмдтэй Д.Б, хар өнгийн төмөр хашааны хажууд хөх өнгийн дугуй малгайтай, хөх өнгийн фудволктой Б.Ц, хар өнгийн саравчтай малгайг саравчийг хойш нь харууг өмссөн, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктай Ч.Д хашааны хажууд зогсож байгаа харагдах ба Ч.Д чамайг би харуулна за юу гэж хэлэхэд Б.Ц “чи булааж аваад чи цохио биз дээ” гэж хар улаан алаг өнгийн цамцтай хар бараан өнгийн өмдтэй эрэгтэй рүү хандаж хэлэхэд эмэгтэй үгүй ээ үгүй үгүй энэ булааж авч байгаад энэ цохисон юм гээд ногоон алаг өнгийн бөөрөнхий малгайтай, ногоон ханцуйтай хар өнгийн фудволктой хар бараан өмдтэй Д.Б-г заагаад “энэ энэ”  гэж хэлэхэд Д.Б битгий андуураарай гэж хэлэхэд эмэгтэй бичлэг хийсэн, битгий хуц гэж хэлэв. Бичлэгт эрэгтэй хүмүүс муудалцахаа больж зогсож харагдах ба эмэгтэй Н цагдаа руу залга шууд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү” гэж хэлээд “чамайг танай энэ чинь хүрз булаацалдаж байгаад цохисон, чи өөрөө очиж цохиулсан шүү, харин тэгж ярьвал, за битгий хуцаа чи хуц за юу, үгүй энэ чинь цохисон шүү дээ” гээд бичлэг Д.Б-г харуулав. Ч.Д “сохор биш бол чи мэдэх л ёстой айн” гэхэд эмэгтэй “танай энэ чинь цохисон шүү дээ гэж хэлэхэд эрэгтэй хүн согтуу байна уу үгүй юу шалгуулаад үз гэж хэлээд бичлэг 2 мин 21 секундэд дуусав...гэх тэмдэглэл хх-54-55/,

- шүүгдэгч Б.Цын...Би найзуудтайгаа нийлж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га жимс жимсгэнэ тариалах газрыг албан ёсны бичиг баримтыг нь гаргуулж авсан юм. Уг газарт 2020 оны 08 дугаар сарын 23-ны үеэс эхэлж хашаа барьж эхэлсэн юм. Тэгсэн Б, Д тэргүүтэй нутгийн иргэд нь хашаа бариулах эсэргүүцээд байсан. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц, Н, Д бид нар хашаагаа хатгаад Д, Н хоёр юманд яваад Ц, Болдоо бид гурав хашаа нь дээрээ байж байсан чинь 1 машинтай 7-8 хүн ирсэн юм. Тэр хүмүүсийг Д, Б нар удирдаж байсан. Бид нарын хашааг бариулах, газрын бичиг үзүүл зөвшөөрөлгүй барилаа гээд тэд дайрч давшлаад бөөн маргаан болсон юм. Тэр үед би гартаа хүрз барьсан байсан чинь ногоон малгайтай, ногоон фудволктэй залуу миний хүрзнээс барьж аваад булаах гээд байхаар нь би хүрзээ өгөхгүй гээд булаацалдсан. Тэгж байх хоорондоо Д гэгч нь нүүр лүү хүрзээр цохилоо гээд над руу дайраад хэрүүл хийгээд байсан. Би Д-г ерөөсөө хүрзээр цохисон асуудал байхгүй, Д-тэй ч би маргаан, хэрүүл хийгээгүй Д тэнд хаана байсныг нь мэдэхгүй байна...Би Д-гийн биед ерөөсөө халдаагүй. Энэ гэмтлийг хэн яаж учруулсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-12, 39/...Тухайн өдөр хэсэг бүлэг согтуу хүмүүс ирсэн. Тэр үед нэрийг нь мэдэхгүй байсан. Тулга гэдэг залуу шууд л барьсан хашааг савлуулаад байсан. Тэгэхээр нь наадах чинь бид нарын хийсэн ажил гээд болиулах гэж байсан юм. Хохирогч бид хоёр муудалцсан байсан. Тэр үед миний хүрзийг Б гэдэг хүн булаалцалдаад байсан. Би энэ хүнтэй булаалцалдаагүй. Би хүрзээ авах гэж байсан болохоос энэ хүнийг цохих санаа сэдэл байгаагүй. Тэр хооронд энэ хүн намайг цохилоо гээд хараагаад байсан. Би энэ хүнд бараг ойртоогүй, цохиогүй, би энэ хэргийг хийгээгүй. Бичлэгт бид хоёрыг муудалцах үед Б тонгойгоод авч байгаа нь харагдаж байгаа. Тэгээд бид хоёр муудалцсан. Энэ хүн согтуу хүмүүс авч ирсэн гэв.../хх-105/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох :        

Шүүгдэгч Б.Ц-ыг 2020.08.25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүйн гол” гэх газарт Ч.Д-тэй газрын маргаан хийж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох боломжгүй дараах үндэслэл, үйл баримт тогтоогдов. Үүнд :  

1. Б.Ц ба Д.Б нар харилцан хүч чадлаа дайчлан “хүрз” булаалцахад Б.Ц нартай маргалдаж байсан Ч.Д тус маргаанд дур зоргоор оролцох үедээ тийнхүү булаагдан савчигдаж байсан “хүрз”-нд оногдсон болох нь огт үгүйсгэгдээгүй байна.  

Нотлох баримт : - хохирогч Ч.Д-гийн...”ална” гээд дайрсан, би ч бас хэрүүл маргаан хийсэн тэгтэл хүрзээр цохих гэж далайхад нутгийн ах бариад авсан, би барьж байсан цаасаа хүнд өгөх гээд эргэж харж өгчхөөд эргээд хартал хүрз цохисон.../хх-04-05/...Тэгтэл Ц гэдэг хүн чамд ямар хамаатай юм бэ пизда минь ээ, чамайг ална шүү, яагаад далдагнаад байгаа юм гэж хэлээд бид 2 маргалдсан, тэр үед Ц гартаа хүрз барьсан байсан бөгөөд намайг цохих гэсэн чинь нутгийн ах Б гэдэг хүний дүү хүрзнээс нь бариад авсан чинь миний нүүр, хэсэгт хүрз цохисон..мэдүүлэг /хх-10/,   

- гэрч Д.Бийн:...Тэгсэн маргаан дунд тарган, намхан гартаа хүрз барьсан хүн Д рүү дайраад хүрзээр цохих гэж байхад Б хүрзийг нь барьсан чинь хүрз нүүрийг нь цохисон чинь хоорондоо хүрзээр цохилоо гээд маргалдсан Б хүрзийг тавихгүй бариад байсан. Тухайн үе Д-гээс өөр хүн гэмтэж бэртсэн асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-26/,  

- гэрч С.Э-ын:..Тэд нарын дунд байсан ногоон цамцтай өндөр нуруутай залуу Ц-тай зууралцаж аваад салахгүй байсан...Цогтбаяр тухайн үед хүрз барьсан байсан бөгөөд ногоон цамцтай өндөр залуу хүрзнээс нь бариад тэр хоёр хүрзээ булаацалдаж байсан чинь Д гэдэг залуу хүрзэнд хальт шүргэгдсэн юм шиг байна лээ. Тэгснээ намайг хүрзээр цохилоо гээд дайраад байсан гэх мэдүүлэг /хх-16/,    

- гэрч Д.Ц-гийн:...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...Д, Б нартай цуг ирсэн ногоон өнгийн фудволктой, бор өнгийн бөөрөнхий малгай тавьсан согтуу залуу далжигнаж байгаад Ц-ын барьсан байсан хурзийг булаацалдаад эхэлсэн. Тэр үед Д нүүр рүү цохичихлоо гээд гэнэт чарлаад байсан бөгөөд...Ц хүрзээр хүнийг цохиж зодоогүй гэх мэдүүлэг /хх-58/,    

- гэрч Э.Д-ын...Тухайн үед байсан ногоон өнгийн фудволктой, бөөрөнхий ногоон малгайтай залуу “би хүрз булаалдаж байсан чинь Д хүрзэнд цохигдсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-43/, 

- гэрч Б.Ц-ын...Нэг залуу миний гарт барьсан байсан хүрзийг булаацалдаад намайг газар унагаах гээд би ноцолдсон юм. Тэгсэн Д гэдэг залуу намайг хүрзээр цохичихлоо гээд байсан. Би Д гэдэг залууг хүрзээр цохиогүй гэх мэдүүлэг /хх-12/,  

 - Б.Ц-ын яллагдагчаар өгсөн:...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр...Тэр үед би гартаа хүрз барьсан байсан чинь ногоон малгайтай, ногоон фудволктой залуу миний хүрзнээс барьж аваад булаах гээд байхаар нь би хүрзээ өгөхгүй гээд булаацалдсан. Тэгж байх хоорондоо Д гэгч нь нүүр лүү хүрзээр цохилоо гээд над руу дайраад хэрүүл хийгээд байсан. Би Д-г ерөөсөө хүрзээр цохиогүй...тухай мөрдөн байцаалт /хх-39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлүүд/,  

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл :...Ч.Д Б.Ц дээр очин түлхэлцээд хоорондоо маргалдахад Б.Ц писда минь хөөш гэхэд Ч.Д чи муу тэгээд яахын гээд саравчтай малгайгаа хойш харуулж өмсөн яахын хөөе гэж хэлэхэд ногоон өнгийн ханцуйтай хар өнгийн фудволктой дугуй малгайтай Б зогсож байгаад бичлэг газар луу харахад хөөе хөөе гээд эрэгтэй хүн дуугарч байж бай писда минь гээд хоорондоо муудалцаж байгаа сонсогдох ба бичлэгт Б.Ц, Б хоёр дундаа хүрз булаацалдаад хоёр тийш нь савчуулж Б.Ц нь хойш ухраад Б түлхээд унагаах гэж зүүн хөлөөрөө Цын баруун хөлийн ард мордох үйлдэл хийгээд наагуур нь хүмүүс юм ярьж байгаа сонсогдох ба дахиад цохиулъя, боль гэж ярьж байгаа сонсогдов.../хх-65-66/...Б.Ц, Ч.Д, Д.Б...нар овоорсон байдалтай харагдах ба нэг эрэгтэй дахиад цохь писда минь гай болов гэж хэлээд дундаа юм булаацалдаж байв...Ц нь эрэгтэй рүү хандаж “чи булааж аваад цохио биз дээ гэж хэлэхэд эмэгтэй...энэ булааж авч байгаад цохисон юм гээд Б-г заагаад “энэ энэ” гээд...бичлэг хийсэн, энэ чинь цохисон гээд бичлэгт Б-г харуулав.../хх-54-55/,   

Тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тухайн нотлох баримт тус бүр эх сурвалжаа тус тус харилцан давхар нотолж байх тул тухайн нотлох баримтуудыг худал гэж үгүйсгэн няцаах үндэслэлгүй гэж үзнэ.

2. Нотолгооны чадваргүй буюу эх сурвалжгүй болох нь тогтоогдсон нотлох баримтаар шүүгдэгчийг гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй.

Хохирогч нь тийнхүү бусдын харилцан булаалдаж байсан хүрзэнд оногдсон болохыг нотолж буй хохирогч Ч.Д /хх-04-05,10/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлүүд/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтуудаар :  

- гэрч Д.Б-гийн...Тэгэхэд хашаа барьж байсан нэг залуу хүрзээ далайгаад Д-гийн нүүрэнд нь хальт цохисон. Тэгэхээр нь би хүрзээрээ дахиад хүн цохиж магадгүй гэж бодоод хүрзийг нь булааж авсан...гэх мэдүүлэг /хх-18/, 

- хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн...Тэгтэл Ц чи ямар ядаргаатай пизда вэ гээд хүрзээ бариад ирсэн. Хүрзээ бариад дайраад маргалдсан. Би барьж байсан бичгээ ард байсан хүндээ өгөөд эргэж харахад намайг хүрзээрээ нүдний доод зовхи руу цохисон...гэх мэдүүлэг /хх-105-106/ тус тус худал буюу эх сурвалжгүй болох нь нотлогдон тогтоогдож байх тул нотолгооны чадваргүй буюу эх сурвалжгүй худал мэдээлэл гэж үзнэ.     

Тодотгоход, хохирогч Ч.Д нь өөрийн барьж байсан цаасан баримтыг ард байсан хүндээ өгөөд эргэж харахад намайг хүрзээрээ цохисон гэж мэдүүлсэн боловч тийнхүү “эргэн харсан” гэх тухайн үед Б.Ц ба Д.Б нарын харилцан “хүрз” булаалцалдах үйл явц хэдийн эхэлчихсэн буюу хохирогч талаас анхлан үүсгэсэн маргааны эхлэл, өрнөл, дэс дараалалд өөрчлөлт  ороогүйгээр тасралтгүй үргэлжилж байсан болох нь дээр дурдсан хохирогч Ч.Д /хх-04-05,10/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлүүд/, камерын бичлэгт үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн өмнөх шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр камерын бичлэгүүдийг дахин шинжлэн судлахад тухайн асуудалд эргэлзээ, зөрүүтэй байдал үүсээгүй ба энэ талаарх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтийг бусад оролцогч талууд огт үгүйсгээгүй /хх-108-109/ болно.        

Харин тус хэргийг хуулийн дагуу Давж заалдах шатны шүүхэд хянуулах явцад тус хэрэгт өмнө шинжлэгдсэн компакт дискүүд гэмтсэн байх ба энэ нь хохирогч тийнхүү бусдын харилцан булаалдаж савчигдаж байсан хүрзэнд оногдсон болохыг нотолж буй нотлох баримтуудын нотолгооны чадварт нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.     

3. Хохирогч нь хуулиар шууд эрх олгогдоогүй байхад бусдыг уриалан Б.Ц нарын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулж буй “жимс тарих эзэмшил газарт хашаа барих” үйл ажиллагааг нь хүч хэрэглэн таслан зогсооход чиглэгдсэн хууль бус, зүй бус үйлдлийг удаа дараа хийсэн байгааг зөвтгөх үндэслэлгүй.      

Нотлох баримт: Иргэн Д.Ц-д “жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмшүүлэх тухай” захирамж, эзэмшлийн газартаа эргэлтийн цэгийн дагуу хашаа барих, зориулалтын дагуу ашиглахыг мэдэгдсэн баримт /хх-40, 50, 46/, гэрч Д.Ц  /хх-58/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Цын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 37-39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд  Д.Ц нар эзэмшил газар дээрээ хашаа барьж буй үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл, баримт огт тогтоогдоогүй байхад хохирогч Ч.Д нь төрийн бус байгууллагын нэр барин зарим иргэдийг уриалан 2020.08.23, 2020.08.25-ны өдрүүдэд Д.Ц нарын эзэмшил газар дээрээ хашаа барьж буй үйл ажиллагааг хүч хэрэглэн таслан зогсоох, хашаа барьж буй хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлэх, зүй зохисгүй авирлах зэргээр хууль бус, зүй бус үйлдлүүдийг тодорхой давтамжтайгаар хийсэн байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдсонгүй.   

Зүй нь Ч.Д хэрэв бусад этгээд нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж нийтийн эрх ашигт хохирол учруулж байна гэж үзэх баримт сэлт үнэхээр байгаа бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх улмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэхэд чиглэгдсэн үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж болохыг үгүйсгэхгүй ба харин төрийн бус байгууллагын нэр барин өөрийн дур зоргоор, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн тухайн асуудлыг хүчээр, дур зоргоор шийдвэрлэх эрх хэмжээ хууль тогтоомжоор түүнд олгогдоогүй байх тул хохирогч, түүнтэй хамт байсан зарим хүмүүсийн зүгээс цаг хугацааны тодорхой давтамжтай хийгдсэн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тийнхүү 2 талын хоорондын маргааны эхлэл, өрнөл, тасралтгүй үргэлжлэх шалтгаан хийгээд энэ явцад хор уршиг үүсэж болох анхдагч нөхцөлийг бүрдүүлжээ.     

4. Шүүгдэгч нь анхнаасаа хохирогч руу чиглэсэн гэмт санаа, зорилготой байгаагүй нь тогтоогдсон байх төдийгүй шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй.            

Хохирогч нь тийнхүү бусдын харилцан булаалдсанаас савчигдаж байсан “хүрз”-нд оногдсон болохыг нотолж буй хохирогч Ч.Д /хх-04-05,10/, гэрч Д.Б /хх-26/, гэрч С.Э /хх-16/, гэрч Д.Ц /хх-58/, Б.Ц-ын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-12, 39/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлүүд/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-65-66, 54-55/ зэрэг нотлох баримтууд үгүйсгэгдэж няцаагдаагүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирлыг шүүгдэгчийн гэмт санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй.      

Мөн тухайн нотлох баримтууд болон хохирогчийн...Ц-тай яагаад намайг цохидог юм гээд маргалдаж байхад Цогтбаяр миний хүзүүг боож цээж маажсан байна лээ. Тэрнээс өөр зодоон цохион болоогүй бөгөөд нутгийн ах нар  тэр хүнийг надаас салгасан...гэх мэдүүлэг /хх-10/ зэргээс үзэхэд бусдын харилцан булаалдаж байсан хүрзэнд Ч.Д оногдсон байхаас энэ явцад Ц-тай дахин хүрзээр цохисон эсэхээр маргалдаж, харилцан бие биедээ хүч хэрэглэсэн болох нь үгүйсгэгдээгүй байх тул өөрийн гарт байсан хүрзээ бусдад булаалгуулж  болон Ч.Д-гийн заналхийлж, хүч хэрэглэсэн үйлдэл бүхий тухайн нөхцөл байдлын хүрээнд Б.Ц нь хохирогчийн хүзүүг боож цээжийг маажсан гэх үйлдэл эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлогдоогүй байх төдийгүй хохирогч талын хууль бус, зүй бус үйлдлийн эсрэг хэн боловч таслан зогсооход чиглэгдсэн үйлдэл хийж болохыг Эрүүгийн хуулиар хориглоогүй болно.         

Түүнчлэн хохирогч нь мөн Ц-гийн эзэмшлийн тухайн газарт 2020.08.23-нд очихдоо нэг залууд цохиулсан тухай мэдүүлсэн /хх-4/ байх тул хохирогчийн цээжинд зулгаралт, хүзүүнд цус хуралт зэрэг шарх гэмтэл үүссэн нь чухам хэзээ буюу 2020.08.23-ны өдөр эсхүл 2020.08.25-ны өдөр учирсан эсэх асуудлыг зохих шалгуур үндэслэлээр ялгаа заагтайгаар тогтоосон тусгай мэдлэгийн баримтгүй байх тул таамаглах боломжгүй юм.  

Нэгэнт шүүгдэгчийн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй буюу шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтэл шархад хамаарах дээр дурдсан нөхцөл байдлууд үүссэн байх тул шинжээчийн дүгнэлтэд заасан “дээрх гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй байх төдиийгүй тухайн гэмтлүүдийг хүрзэнд оногдсон болон бусад хүчин зүйлсээс үүссэн гэж ялган зааглахад “дээрх гэмтлүүд” гэсэн нь задарч улмаар тус бүртээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх үндэслэл, үйл баримт болж байгааг тодотгон тэмдэглэх нь зүйтэй.       

 

Дээрх үндэслэлүүдэд хамаарах нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай болох нь тогтоогдсон ба тус нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийг цагаатгах тухай түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч гэм буруутай тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Иймд хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан шалгаж, үнэлэх замаар хэргийн бодит байдал буюу гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бодитой бөгөөд эргэлзээгүй тогтоосон байх шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах бүхий л нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.          

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тийнхүү хэрэгсэхгүй болгосон тул хохирогчийн гаргасан 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.               

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага үл хүлээлгэх :                       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тийнхүү хэрэгсэхгүй болгосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээс гадна түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тус хэрэгт хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хавсарган үлдээв.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3, 36.9, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :      

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.                

2. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

3. Хохирогчийн гаргасан 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.   

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6. Тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгасугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР