Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 12 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр           Дугаар 2018/ДЗШ/26       Баруун-Урт

 

Х.Эт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийв. 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар, 

шүүгдэгч Х.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн,

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Эийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201717000096 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Шинэ Далангийн 1-1 тоотод түр оршин суух, 

ял шийтгэлгүй, Боржигон овогт Х.Э /РД: ЛЮ89010976/ 

Х.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг дахь “Эрхэс” зочид буудалд, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баруун-Урт сумаас зүүн хойш Морин хуурын хөшөөний дэргэд машин дотор хохирогч С.Батбямбыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Прокуророос Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах зардалгүй, хохирогч С.Батбямба нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн дугуй захтай цамц, хар өнгийн жинсэн өмд, ягаан алаг өнгийн дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, С.Батболдын гаргаж өгсөн болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан бичлэг бүхий 2 ширхэг дискийг хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдолдоо: Би өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын талаар маргаан байхгүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэжээ.   

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж  заалдах   шатны   шүүх   шүүгдэгчийн   гомдолд   заасан   асуудлаар 

хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг дахь “Эрхэс” зочид буудалд, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Төмөртэйн уурхайн урд талын Морин хуурын хөшөөний дэргэд 18-06 УБЗ улсын дугаартай “Аксент” маркийн машинд хохирогч С.Батбямбыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцэж байна. Үүнд: 

-Хохирогч С.Батбямбын “... 2017 оны цагаан сарын өмнө “Дээж” худалдааны төвийн урд ганцаараа явж байгаад хартал Эрдэнэхуяг, Эрдэнэмандах нар нь машинтай явж байсан. Эрдэнэхуяг нь миний гарнаас татаад машиндаа суулгасан. Бид нар нийтдээ 2-3 пиво ууж дуусах үед гадаа харанхуй болсон. Эрхэс нэртэй буудал руу очсон. Эрдэнэмандах нь буудал руу ороод гарч ирээд: За оръё гээд намайг сугадаад буудал руу оруулсан. Машинаас буухад толгой эргээд байсан. Өрөө рүү ороод би унтаад өгсөн байсан. Эрдэнэхуяг нь миний хувцсыг тайлж хүчирхийлсэн. Энэ үед би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэх тэнхээгүй согтсон байсан. Миний хувьд урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй бөгөөд энэ үед их өвдөж байсан. Өглөө сэрэхэд орны даавуу нилээн цус болсон байсан. ... 2017 оны 3 сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд Эрдэнэхуяг над руу залгаад: -Гэрийн чинь гадаа байна гараад ир гэсэн. Түүнтэй уулзтал: -Машинд суучих төв рүү хүргээд өгье гэхээр нь Би өөрөө явчихна гэхэд Эрдэнэхуяг намайг хүчээр машиндаа суулгасан. Эрдэнэмандах, Гансүх хоёр хамт явсан. Хадат-Эрдэнэ дэлгүүрээс 2,5 литрийн 2 пиво авсан. Хөдөө гарч зогсоод пивоо хувааж ууцгаасан. Намайг уухгүй гэтэл тэр гурав миний ам руу хүчээр пиво хийгээд байхаар нь би өөрөө ууя гээд авч уусан. Буцаад аймгийн төвд орж ирээд Монмарс дэлгүүрээс Ерөөл архи 2 шил, 2.5 литрийн пиво аваад Төмөртэйн уурхайн замаар хөдөө гарсан... Эрдэнэхуяг нь арын суудалд орж ирээд миний цээж рүү түлхэж, хэвтүүлээд бэлгийн ажил хийж, намайг хүчиндсэн.  Миний хувьд өөдөөс нь түлхсэн боловч дийлээгүй... Маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх /1-р хавтас х 5-9, 15-18, 83-84, 127-129, 144, 199-200/,

- Шүүгдэгч Х.Эийн “Бид хоёр 2-3 сар үерхсэн. Үерхэж байх хугацаандаа бэлгийн харьцаанд ордог байсан. 2017 оны 01 сарын 18-ны өдөр бид хоёр яриад Эрхэс зочид буудалд орсон... 2017 оны 3 сарын 31-ний өдөр Батбямбыг гэрээс нь дуудаж, гаргаад машиндаа суулган Гансүхийг аваад аймгийн зүүн хойд захад байдаг дэлгүүрээс 2.5 литрийн пиво 2 савыг аваад хөдөө гарсан. Гансүхийн гэр аймгаас зүүн хойш Хөндлөн гэдэг газарт байдаг... Явах замдаа пивоо уунгаа Төмөртэйн уурхайн урд байдаг Морин хуурын хөшөөний дэргэд зогсоод Гансүх, Эрдэнэмандах нар машинаас гараад машинд Батбямба бид хоёр бэлгийн ажил хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас х 39-49, 132, 197-199, 2-р хавтас х 18-20/,

- Яллагдагч Х.Эрдэнэмандахын “Би хувьдаа “Аксент” маркийн 18-06 УБЗ улсын дугаартай машинтай. 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 15 цагийн үед ах Х.Этайгаа хамт явсан. Батбямбатай гэрээсээ гарч байх үед нь таараад машинд оруулж суулгасан. Манай найз С.Гансүхийг бага Дөрвөлжийн байрнаас авсан. Гансүх, Эрдэнэхуяг нар дэлгүүр орж 2.5 литрийн пиво хоёрыг аваад Гансүхийн хөдөө гэр лүү явсан. Замдаа дөрвүүлээ пивоо уучихаад Төмөртэйн уурхайн урд талд байдаг Морин хуурын хөшөөний дэргэд очиж зогссон. Тэгсэн чинь Эрдэнэхуяг ах “Гансүх та хоёр буучих” гэхээр нь бид хоёр машинаас буугаад хөшөө үзсэн. Машинд Батбямба, Эрдэнэхуяг нар үлдсэн. 15-20 минутын дараа машинд суугаад хөдөлсөн.  Гансүхийн гэрт очиход ээж, ах нар нь байсан. Аймагт 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд дөрвүүлээ манай гэрийн урд талд байдаг эзэнгүй хашаанд машиндаа хоноод өглөө 7 цагийн орчимд Батбямбыг гэрт нь хүргэж өгсөн.” гэх /1-р хавтас х 10, 45-47, 52-53/,  

- Яллагдагч Гансүхийн “2017 оны 03 сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд намайг Бага Дөрвөлжид ах Гантулгындаа байхад Эрдэнэхуяг орж ирээд: -Хөдөө танайх руу явъя гэсэн. Би хамт гарсан чинь хашааны гадаа Эрдэнэмандах өөрийнхөө цагаан Аксент машиныг барьчихсан, арын суудалд Батбямба сууж байсан. Тэгээд бид аймгийн хамгийн зүүн хойд захад байдаг дэлгүүрээс 2.5 литрийн пиво хоёр савыг аваад манайх руу чиглээд аймгаас зүүн хойш Төмөртэйн уурхайн замаар явсан. Замдаа пивоныхоо нэгийг задлаад дөрвүүлээ хувааж уусан. Эрдэнэмандах бид хоёр Морин хуурын хөшөөний дэргэд машинаас гараад тэнд байсан сандал дээр сууж байхад Эрдэнэхуяг, Батбямба нар машинд үлдсэн. Би тэр хоёрыг бэлгийн ажил хийж байна гэж бодсон...” гэх /1-р хавтас х 49-50, 55-56, 133/,

-Гэрч З.Мөнхзулын “Би Баруун-Урт суманд Эрхэс нэртэй зочид буудал ажиллуулдаг. Манай буудлын бүртгэлд ЛЮ89010976 регистрийн дугаартай, Хадбаатар овогтой Эрдэнэхуяг гэдэг хүн буудалд хонохоор 2017 оны 01 сарын 18-ны шөнө 00 цаг 10 минутанд бүртгүүлсэн байна.” гэх /1-р хавтас х 87-88/, 

-Гэрч С.Болортуяагийн “Манай хамгийн бага дүү С.Батбямба нь аав Саарал, ээж Цэцэгээ нарын хамт Баруун-Урт суманд оршин суудаг... 2017 оны 4 сарын 2-ны өдөр Батболд руу залгаад асуухад ах дүү гурав Батбямбыг хүчиндсэн байна. Батбямба өөрөө очиж, цагдаад мэдүүлэг өгсөн гэсэн.” гэх /1-р хавтас х 20/, 

-Гэрч С.Батболдын “... Манай дүү Батбямба манайд амьдардаг. Намайг хот явсны дараа энэ хэрэг гарсан байсан. Энэ хэрэг гарахын түрүү орой нь Эрдэнэхуяг, Эрдэнэмандах нар манайд ирээд манай хүргэн Ууганбаярт хөөгдөөд гарсан байсан.  Энэ хэрэг гарсныг сонсоод маргааш нь би аймагт ирсэн чинь эхлээд Эрдэнэхуяг нь ирж уулзаад “Намайг уучил” гээд уйлсан... ” гэх /1-р хавтас х 28-29, 130, 203/, 

-Гэрч Б.Сайнбаярын “Би С.Гансүхийн аавынх нь төрсөн дүү, Харин Х.Эрдэнэмандах, Х.Э нарын ээжийнх нь төрсөн дүү юм. Би хөдөө Хөндлөн гэх газарт нутагладаг С.Гансүхийн гэрт хааяа очиж, ажилд нь тусалдаг. 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой намайг Гансүхийн гэрт түүний ээж Сумьяасүрэн, Ганбат нартай байхад 20 цагийн орчимд Эрдэнэхуяг, Эрдэнэмандах, Гансүх нар нэг танихгүй охины  хамт Эрдэнэмандахын машинтай ирсэн. Ирэхдээ архи үнэртүүлсэн байсан. Тэд ирээд хоол идчихээд аймаг буцлаа гээд явсан...” гэх /1-р хавтас х 25/ мэдүүлгүүд, 

-Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 125 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтас х 146-149/, 

-Зочид буудлын бүртгэл /1-р хавтас х 89-91/, 

-Цагаан өнгийн “Аксент” маркийн 18-06 УБЗ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн 01357262 тоот гэрчилгээ, гэрэл зураг /1-р хавтас х 134-136/, 

-Дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х 124-126/, 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан бичлэг бүхий CD зэрэг баримтууд болно. 

Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн зүйлчлэл нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан бөгөөд түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг хүссэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.Эийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эийн цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь   шүүхийн   шийдвэрт   нөлөөлсөн,  эсхүл   нөлөөлж   болохуйц  нөхцөл  байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД            Д.БАЙГАЛМАА

                                               С.ОЮУНТУНГАЛАГ