Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2019/0036/З |
Дугаар | 04 |
Огноо | 2020-01-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.*******д холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаар: Хурлын дарга Л.ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, шийдвэрийг бичгээр гарган, албажуулахыг хариуцагчид даалгах, ...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан ээлжит 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч П.*******, түүний өмгөөлөгч Ж.*******, хариуцагч аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, ... ээлжит 12 дугаар хуралдаан даргалагч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.*******, өмгөөлөгч В.*******, гуравдагч этгээд Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид ИТХ гэх/ ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагт ... Хурлаар хэлэлцэх асуудал болох “Зохион байгуулалтын асуудал” /Хурлын даргыг чөлөөлж сонгох/-ыг баталсанаар хуралдаан эхэлсэн юм. Энэ асуудлаар ИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, асуудлыг хэлэлцсэнээр тус ИТХ-ын дарга Л. бүлгийн шийдвэр ёсоор ИТХ-ын дарга албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүний энэхүү хүсэлтийг хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжсэн тул хуралдаан даргалагч хуралдааны дэгийн 8.1-д заасан ёсоор “алх цохиж” шийдвэр албан ёсоор баталгаажсан болохыг мэдэгдсэн билээ. ...Үүний дараа хуралдаан даргалагч МАН-ын бүлгээс хуралдааны завсарлага авах болсныг зарлаж, хуралдааныг завсарлуулсан юм.
Ийнхүү завсарласан хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжилж, хуралдаан даргалагчаас “ИТХ-ын дарга Л. албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх өргөдлөө татан авч, хуучин албан тушаалдаа ажиллах болсон тул ажлаас чөлөөлсөн тогтоолын төслийг дэмжиж байгаа нь гараа өргөнө үү? гэхэд ИТХ-ын хуралдаанд оролцогчдоос хэн ч гараа өргөж тогтоолыг дэмжээгүй болно. Аймгийн ИТХ-ын 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гаргаж буй шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1,13 дугаар зүйлийн 13.1.2 “Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан”, 23 дугаар зүйлийн 23.14 “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 25 дугаар зүйлийн 25.1 “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”, 25 дугаар зүйлийн 25.2 “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна”, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 8.1-д “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргана. Тогтоолыг олонхийн саналаар шийдвэрлэж, тусгай дохиогоор /алх цохих/ хүчин төгөлдөр болсныг мэдэгдэнэ”, 8.3-ын “Хурлын дарга тогтоол, шийдвэрийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр нь хэлэлцүүлэн саналыг илээр хурааж батлуулна”, 11.4-ийн “ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд ахлагчаараа дамжуулж хэлэлцэж буй асуудлаар хоёр удаа завсарлага авч болох бөгөөд нийт хугацаа нь 3 цагаас илүүгүй байна” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчиж дээрх шийдвэрийг гаргаж үйл ажиллагаа явуулсан болно.
Мөн тус ИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг албан ёсоор бичгийн хэлбэрээр “Тогтоол” нэрээр гаргаж албажуулах ажиллагаа хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудынг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тус аймгийн ИТХ-ын хуралдааны дээрх хууль бус үйл ажиллагаа, шийдвэр нь тус Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч миний үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой бэрхшээл учруулж, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа болно.
Миний хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “...шударга шүүхээр шүүлгэх эрхтэй...”, “...шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулж сонгох, сонгогдох эрхтэй...” гэж заасныг удирдлага болгон нэхэмжлэлээ гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан хууль бус болсон, тэрхүү хууль бус хуралдаанаас болж өнөөдөр аймгийн эдийн засаг, нийгмийн амьдралд үндсэн өөрчлөлтүүд гарахгүй, хэвээрээ байгаа юм. Залуу улс төрчийн хувьд аймгийн Засаг дарга, Хурлын дарга, төлөөлөгч нар нь хуулиа биелүүлэхгүй байхад бид жирийн иргэдээс яаж хууль биелүүлэхийг шаардах юм бэ. Энэ залуучууд цаашид биднээс үлгэр дууриалал авна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр хуулиа биелүүлдэг болчихвол улсын маань хөгжил дэвшилд нэг ч гэсэн алхам болох юм болов уу. Нэгэнт Хурлын дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд байхад тэрхүү тогтоолыг албажуулаагүйн улмаас цаашаа бүх зүйл хууль бус, буруу болоод явсан. Эцэст нь хэлэхэд өөрийн эрх ашгаас гадна тухайн хуралдаанд суусан 32 төлөөлөгчийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хуралдаан процессын дагуу явагдаж, “...2 удаа завсарлага авна, завсарлагааны нийт хугацаа 3 цаг байна...” гэснийг биелүүлээд явсан бол би тэр өдөртөө Хурлын даргаар сонгогдох боломжтой гэж бодоод хүлээгээд байж байсан.
Гэтэл бүтэн сарын дараа хууль бусаар хуралдаж, Хурлын шийдвэр гарсан. Гэрч Л.*******, Ч.******* нарын мэдүүлгээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гарсан хууль бус шийдвэрийн дагуу одоогийн Хурлын дарга хууль бусаар ажиллаж байна гэдэг нь нотлогдож байна. Мөн хэрэгт нотлох баримтаар ирсэн CD бичлэгээс тухайн өдрийн үйл явдлыг тодорхой харж болно... Бичлэгийн 26 дахь минутад миний бие тогтоол гаргахыг шаардсан боловч хуралдаан даргалагч хурлыг хууль бусаар завсарлуулсан нь тодорхой харагдана.
Иймд Дорнод аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны ИТХ-ын дарга Л.ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, энэхүү шийдвэрийг бичгээр гаргаж, албажуулахыг хариуцагчид даалгуулах, ...ИТХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний уирдлагын тухай хууль, Дорнод аймгийн ИТХ-ын 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан хуралдааны журам, тухайн өдрийн хуралдааны дэгийг тус тус зөрчсөн. Эдгээр хууль, журам, дэгийг зөрчсөн ноцтой зөрчлийг удаа дараа гаргаснаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөхөөс гадна тухайн хуралдаанд оролцсон аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдсөн.
Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс “...*******ийн ******* нь нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект биш...” гэж байна. П.******* бол Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Тэргүүлэгч гэсэн албан тушаал эрхэлж байгаа Монгол Улсын иргэн мөн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасны дагуу шударга шүүхээр шүүлгэх, 16.9-д заасны дагуу сонгох, сонгогдох бүрэн эрхтэй бөгөөд өөрийн хөндөгдсөн эрхийг шүүхээр хамгаалуулах эрхтэй. Нөгөө талаас тухайн орон нутгийн иргэдийг бүрэн эрхтэй төлөөлж байгаа субъект бөгөөд сонгогчдын үнэмлэхүй олонхийн буюу 81 хувийн саналыг авч сонгогдсон.
1. П.******* нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч гэж бичсэн байгаа. Хурлыг төлөөлсөн тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бичигдэх ёстой. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.
2. “...шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гарсан тохиолдолд ямар эрх ашиг сэргэх юм бэ...” гэхээр энэ хүний сонгох, сонгогдох эрх нээгдэхээс гадна аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн сонгох, сонгогдох эрх давхар сэргэнэ.
3. Орон нутгийн Хуралд дахин ийм хууль бус, шударга бус явдал таслан зогсоогдоно гэж харж байгаа. Тухайн шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан өөрсдөө засаж чадахгүй тохиолдолд хүссэн, хүсээгүй шүүхийн туслалцаа авдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагыг дугаарлаж бичсэн, шаардлагууд хоорондоо уялдаа холбоотой. Эхний үйлдлээс дараагийн үр дагавар нь гарч ирж байгаа юм. Тийм ч учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү тодорхойлсон. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойлох эрх нь зөвхөн нэхэмжлэгчид хадгалагддаг онцгой эрх.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд “Дорнод аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаан дээр тус Хурлын дарга Л.ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох”, “...энэ шийдвэрийг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах...” гэж байгаа. Ийм ч учраас Дорнод аймгийн ИТХ, тус Хурлын 2019 оны 12 дугаар хуралдаан даргалагчийг хоёуланг нь хариуцагчаар татсан. “Дорнод аймгийн ИТХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгох” гэж байгаа. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, тус Хурлын хуралдааны дэг, дотоод журмыг бүгдийг нь зөрчсөн. Энэ хуралдаан болох ёсгүй байтал хууль зөрчиж хуралдуулаад шийдвэр гаргачихсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлж шударгаар шийдвэрлүүлэхийн тулд нотлох баримтуудыг маш сайн шинжлэн судалж тогтоох учиртай. Энэ үйл ажиллагаа ил тод нээлттэй явагдлаа гэж үзэж байна. Аймгийн ИТХ-ын 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны бичлэгийг үзэхэд зарим асуудал хуралдааны тэмдэглэлд бүрэн дүүрэн тусгагддаггүй юм байна, эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн үйл баримтыг засдаг юм байна, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж шүүхэд өгдөг юм байна гэж харагдаж байна ...хэрэгт нотлох баримтаар өгсөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны CD бичлэгийг шүүх үнэлэх ёсгүй гэж үзэж байна...
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд үүнийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооноос хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална...” гэж заасан. Хурлын хуралдааны дэг дээр заасны дагуу хуралдаан даргалагч алхаа цохиод асуудлыг шийдвэрлэчихсэн. Энэ бүхнээс өнгөц харахад “...тогтоолоор баталгаажуулна...” гэснийг овжин ашиглаж “...тогтоол нь гараагүй, бид шийдвэрлээгүй орхисон...” гээд сууж байгаа юм.
Дараагийн даргыг нэр дэвшүүлэхийн тулд завсарлана. Энэ завсарлагыг хуралдаан даргалагч авах эрх байхгүй. Гэтэл нам бүлгийн даргын эрхийг эдэлж хурал завсарлуулсан нь хууль журам болон дэгийг зөрчиж байна. Хууль болон танай Хурлын дэгд зааснаар “...нам бүлгийн удирдагч 2 удаа завсарлага авч болох бөгөөд нийт хугацаа 3 цагаас илүүгүй байна...” гэсэн зохицуулалт байгаа. Гэтэл 24 хоногийн дараа хурал зарлаж байгааг юу гэж ойлгох юм бэ. Хуралдаан даргалагч П.******* эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. ... тогтоол заавал гаргаж албажуулах ёстой байсан. Үүнийг хийгээгүй орхигдуулсаны улмаас өнөөдөр “...би цаас өгсөн. Тэр өгсөн асуудлыг ИТХ шийдвэрлээгүй...” гэж ярьж байна. Гэвч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, хүсэлтийг нь хүлээж авч шийдвэрлээд, алхаа цохичихсон. Зөвхөн албажуулах процессыг нь орхигдуулсан байгаа юм. Үүний үр дагавар нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэр юм. Асуудлыг 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа бүрэн шийдвэрлэх боломж байсан. Түүнээс гадна dornod.net гэсэн сайтад “...Хурлын дарга өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө...” гэсэн мэдээ гарсан байна. Бид нийгмийн бүх харилцааг хууль юм уу, ямар нэгэн дүрэм журмаар зохицуулах боломж байхгүй. Гэхдээ хэвшиж тогтсон дэг журам гэж байдаг. Л. “...Хурлын дараагийн дарга томилогдох хүртэл би ажил үүргээ гүйцэтгэнэ...” гэхэд хуралдаан даргалагчийн зүгээс энэ байдлаар шийдвэрлэж байгаа зөвхөн энэ фактаараа Хурлын даргыг чөлөөлсөн гэдэг нь нотлогдоод байна шүү дээ.
2019 оны 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 08-ны өдрүүдийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг харахад өргөдлийг хүлээж аваад шийдвэрлэсэн, үүрэг гүйцэтгэгчийг томилсон болон үргэлжлэн хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзвэл дахин нэг тогтоол, нийт 3 тогтоол гарсан байх ёстой гэж харагдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн. Хууль дээдлэх зарчим гэдэг бол хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн үг шүү дээ. Хуралдаан даргалагч нь эрх мэдлээ хэтрүүлдэг /урвуулан ашигладаг/, нэг асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргадаг, улс төрийн албан тушаалтнууд гаргасан шийдвэрийг дагадаггүй юм байна гэх мэтчилэн аймгийн ИТХ гэдэг хатуухан хэлэхэд цэцэрлэгийн хүүхдүүд тоглоод байгаа мэт харагдаж байна. Дээрх байдлаас харахад П.*******ын хувьд иргэн хүнийхээ хувьд ч тэр, ИТХ-ын төлөөлөгч гэдгээрээ ч тэр өөрийн хөндөгдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна. Хэрвээ шүүхээс нэхэмжлэлийн эхний шаардлагыг үндэслэлтэй байна гэж хангасан тохиолдолд та одоо энэ албан тушаалд байгаа нь хууль бус болж байгаа юм. Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийг баталгаажуулж тогтоол гарна. Үүний дараа дараагийн даргыг томилох асуудал яригдана. Тэгэхээр энэ хүний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Эрх зүйн зөрчил гэдэг бол хуулийн хүрээнд гараагүй гэсэн ойлголт. Энэ утгаар бид 11 дүгээр сарын 08-ны өдрийн үйл ажиллагаа хууль бус гэж тайлбарлаж байгаа юм шүү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байгаа. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий субъект гэдэгт хүссэн хүсээгүй ИТХ, тус Хурлын төлөөлөгч орно. Харин “...хуульд заасан тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр...” гэдэг зохицуулалт байгаа шүү. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэж заасан байна. Иймд миний хувьд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбарыг мэдээллийн эх сурвалж, нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үздэг. Харамсалтай нь Хурлын дотоод журам, дэг нотлох баримтын шаардлага хангахгүй, илэрхий зөрүүтэй байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн ...гэдгийг нотлох үүрэгтэй” гэж заасан. Энэ талаар хангалттай ярилаа. Нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг нотлох баримтын хүрээнд нотолсон. Мөн хуралдааны бичлэгээр энэ бүх асуудал тогтоогдлоо гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09.00 цагт эхэлж, дэгийн дагуу хэлэлцэх асуудал, дотоод журмаа баталсан. Хэлэлцэхээр баталсан асуудалд Хурлын даргын асуудал байсан учраас түүний зүгээс хуралдааныг даргалахаас татгалзаж, тус Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч П.*******өөр хуралдааныг удирдаж явуулахаар болсон. Хурлын дарга энэ өдрийн хуралдаан дээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хуралдаан даргалагч Хурлын даргыг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг чиглэл болгож, хуралдааныг хугацаагүйгээр завсарлуулахаар алх цохисон. Хуралдаан даргалагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч П.*******ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус Хурлын ажлын албанд “...та бүхэн төлөөлөгч нарт 12 дугаар хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай зар хүргэх хэрэгтэй байна...” гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу ажлын албанаас тухайн өдрөө бүх төлөөлөгч нарт зарыг хүргэж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ээлжит 12 дугаар хуралдаан үргэлжлэн хуралдсан.
Хуралдаан эхлэхэд Хурлын дарга Л. чөлөөлөгдөх тухай хүсэлтээ буцаан татаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд хуралдаан даргалагч П.******* өмнө нь төлөөлөгч нарт тараагдсан байсан “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг уншиж танилцуулсан. Ингээд чөлөөлөхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад тухайн хуралдаанд оролцсон 33 төлөөлөгчийн нэг нь ч дэмжээгүй тул уг тогтоол батлагдаагүй бөгөөд үүнийг хуралдаан даргалагч алх цохиж мэдэгдсэн. Хуралдааны хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан даргалагч ээлжит 12 дугаар хуралдаан хаасныг мэдэгдсэн. Нэхэмжлэгч талаас Хурлын дотоод журамтай холбоотой асуудлыг ярьж байна. Дотоод журмын хувьд бидэнд 9 асуудал бүхий журам тараагдсан байгаа. Түүнээс биш 10 асуудал гэж байгааг би ойлгохгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн ИТХ-ын дарга Л. чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотойгоор 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон ээлжит 12 дугаар хуралдаан даргалагчаар тус Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.*******ийг томилсон. ИТХ-ын дарга Л.ыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тогтоол шийдвэр гараагүй, энэ асуудлаар хэлэлцэж, санал хураалт явагдаагүй. Зөвхөн өргөдөл хүлээж авлаа гэсэн асуудал яригдсан. Өргөдлийг хүлээж авлаа, ажлаас чөлөөллөө гэдэг бол хоёр өөр зүйл. Эдгээрийг адилтгаж үзэж болохгүй байх гэж бодож байна. Өргөдлийг хүлээж авсны дараа ажлаас чөлөөлөх үү, үгүй юу гэдэг асуудал яригддаг. Ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэж, санал хураалт явуулъя гэсэн асуудал яригдаагүй. Иймд ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. “...Л.ыг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийхийг даалгаж байна...” гэсэн байгаа. Тэгэхээр ажлаас чөлөөлөгдөөгүй хүн энэ ажлыг гүйцэтгэхээс биш чөлөөлчихөөд энэ хүнийг буцаагаад үүрэг гүйцэтгэгчээр томилдог инээдтэй зүйл байж болохгүй шүү дээ. Энэ хүн ажлаас чөлөөлөгдөөгүй учир үргэлжлүүлэн хийхийг даалгахаар шийдвэрлэсэн гэж би ойлгож байгаа. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаан дээр ИТХ-ын дарга Л.ыг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаж баталгаажуулах, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан 12 дугаар хуралдааны үйл ажиллагаа, түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломж байхгүй. Учир нь, Л. даргыг үүрэг ажлаас нь чөлөөлье гэдэг дээр санал хураахад 100 хувийн саналаар чөлөөлөхгүй гэсэн шийдвэр гарсан. Иймд энэ өдрийн Хурлын үйл ажилалгааг миний бие хүчинтэй гэж ойлгож байгаа учир хэвээр байлгах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14, үргэлжлэн хуралдсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдаан дээр төлөөлөгчдийн олонхийн саналаар яг ямар асуудлыг хэлэлцэж, ямар шийдвэр гарсан бэ гэдэг дээр л гол маргаан үүсч байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тэмдэглэл, дотоод журамд ямар нэгэн засвар хийх, тэдгээрийг нотлох баримтаас хасуулах болон үнэн зөв эргэлзээгүй талаас ямар нэг санал хүсэлт гаргаагүй учир хууль зүйн дагуу авагдсан эдгээр нотлох баримтуудад үндэслэж шүүхийн шийдвэр гарах байх гэж бодож байна. Нөгөө талаас хөдөлшгүй нотлох баримт бол бүрэн хэмжээгээр авагдсан видео бичлэг байна. Дорнод аймгийн ИТХ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлөөлөгчдийн олонхийн саналаар тус Хурлын даргыг чөлөөлөх шийдвэр гаргаагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдчихсон. Хурлын нарийн процедурыг дэгээр зохицуулдаг. Хурлын дэгийн 8.1-т “...Хурал хэлэлцэж буй асуудлаараа тогтоол гаргаж, алх цохиж баталгаажуулна...” гэж журамласан. 8.3-т “...хуралдаан даргалагч тогтоолын төслийг бүрэн буюу хэсэгчлэн заалт нэг бүрээр уншиж танилцуулан, санал хураалт явуулж олонхийн саналаар тогтоол гаргана...” гэсэн байгаа. Аймгийн ИТХ-ын дарга Л.ыг “чөлөөлсүгэй” гэдэг томъёоллоор ямар ч санал хураалт явуулаагүй байж янз бүрийн тайлбар гаргаж, тогтоол гаргахыг шүүхээс даалгаж болохгүй. Энэ асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй учир хуралдаан даргалагчийн зүгээс завсарлага өгч, үргэлжлэн хуралдсан хуралдаанаар Хурлын бүх төлөөлөгчдийн санал авах эрхийг ханган санал хураалт явуулж, олонхийн зарчмаар хэлэлцэх асуудлыг бүрэн төгс шийдвэрлэж байгаа нь хуульд нийцсэн.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч П.******* нь шүүхэд хандаж хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэтээр дугаарласан байгаа боловч дотор нь задлаад үзэхээр: 1. Аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны Л.ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох,
2. Бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах,
3. Үргэлжлэн хуралдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар хуралдааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах,
4. 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн дөрөв шаардлага байж болохоор харагдаж байгаа юм. Эдгээрийг хариуцагчийн зүгээс хүлээн авч хэрэгжүүлэх боломжгүй. Хариуцагчаар Дорнод аймгийн ИТХ, тус Хурлын 2019 оны 12 дугаар хуралдаан даргалагч П.*******, мөн Хурлын дарга Л. гэсэн гурван этгээдийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Эдгээр хариуцагчийн хэн нь нэхэмжлэлийн аль шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх, хэнд ямар эрх олгогдсон зэрэг нь тодорхойгүй байна. Энэ 4 шаардлага тус бүрдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шийдвэрийн төрлүүдэд агуулгын хувьд нийцэж байх ёстой. Гэтэл хариуцагчид даалгах, хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох гэсэн 2 шаардлага нь л агуулгын хувьд нийцэж байгаа юм .
Хүчингүй болгох, даалгах шаардлагууд биелэгдэх боломжтой эсэх дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх асуудал яригдана. Маргаан бүхий захиргааны актын хувьд ч тэр, эс үйлдлийн хувьд ч тэр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх гэсэн хоёр шаардлага тавигдана. Хууль бус байх шаардлагын тухайд тогтоол гаргачихаад тогтоолоо гаргахгүй байна гэдэг дээр хуулийн зарчмуудыг яриад байна. Учир нь, бодит байдал дээр тогтоол гараагүй, асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй, хэлэлцээгүй асуудлаар тогтоол гаргах ямар ч боломжгүй. Энэхүү хууль бус акт, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй байх ёстой... Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ч гэсэн эхлээд иргэнийхээ хувьд гэж байснаа төлөөлөгчийн хувьд ч гаргаж байгаа, нийтийн эрх ашгийн төлөө ч гэдгийг үгүйсгэхгүй гэх байдлаар тодорхойгүй тайлбар гаргаж байна. Бүрдүүлбэрийг харахад П.******* гэдэг хүн хувь хүнээрээ гаргасан гэдэг нь харагдаж байгаа. Энэ тохиолдолд иргэнийх нь хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх ёстой. Гэтэл энэ хүний сонгох, сонгогдох тухай асуудал яригдаагүй, нэр дэвшиж орж ирээгүй, өрсөлдөөгүй. П.*******ыг дараагийн удаа дэвшүүлье гэдэг шийдвэр гарсан юм уу...” гэж гэрч Л.*******, Ч.*******, гуравдагч этгээд Л. нараас асуухад “...дараагийн хүний тухай асуудал яригдаагүй...” гэсэн хариултыг өгсөн.
Иймд П.******* болон Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч нарын сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал тусгагдсан. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой ямар ч маргаан мэтгэлцээн үүсээгүй учир Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх гэдэг асуудал яригдахгүй...
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа гэдэг талаас ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдахад “нийтийн ашиг сонирхол” гэдэг ойлголтыг тусгайлан зааж өгч, үүнийг хэн хамгаалж нэхэмжлэл гаргах эрхтэй юм бэ гэдгийг ч нарийвчлан зааж өгсөн. Тэгэхээр П.******* төлөөлөгч энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн үр нөлөөгөөр хөндөгдсөн эрх шууд сэргэх ёстой. Гэтэл энэ маргаан бүхий асуудал шийдвэрлэгдлээ гэхэд П.******* гэдэг хувь хүний ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх, доройтох зүйл огт байхгүй. Хамгийн гол зүйл нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хурлаас тогтоол гарсан эсэх нь бичлэгт тодорхой байна, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор татгалзаж байгаа гурван үндэслэлээ хэлье.
1.Аймгийн ИТХ хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд тогтоолыг олонхийн саналаар шийдвэрлэж алх цохисноор хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болдог. Хурлын дарга буюу хуралдаан даргалагч тогтоол, шийдвэрийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр хэлэлцүүлэн саналыг илээр, эсхүл нууцаар хурааж батлуулдаг дэгтэй. Энэ талаар аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийн 8.1, 8.2 дээр тодорхой заасан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаан дээр миний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авсан гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн уг өргөдлийг хүлээж авсан гэсэн баталгаа. Харин өргөдлийг хүлээж авсантай холбоотойгоор ямар нэгэн тогтоол гаргасны дараа энэ нь эцсийн шийдвэр болох байсан. Гэтэл энэ өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол гараагүй. Энэ нь Хурлын тэмдэглэл болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байгаа. Л.ыг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байхыг хуралдаан даргалагч даалгасан. Энэ талаар нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдаж өгсөн байгаа.
Харин 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан 12 дугаар хуралдаанаас өмнө Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төсөл тараагдсан байсан. Энэхүү тогтоолын төслийг бүхэлд нь уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцогчид 100 хувь тогтоолын төслийг дэмжээгүй тул тогтоол батлагдаагүй болохыг хуралдаан даргалагч мэдэгдэж алх цохисон нь тус хуралдааны бичлэг, тэмдэглэлээр нотлогдож байгаа. Аймгийн ИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг тус Хурлын Төлөөлөгчид батлахаас татгалзсан нь тэдний өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал бөгөөд үүнийг заавал дэмжиж батал гэж шаардах нь зохисгүй гэж үзэж байна.
2. Аймгийн ИТХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан дээр миний бие чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эргүүлэн татаж авч байгаагаа мэдэгдсэн, хуралдааны бичлэг, тэмдэглэл дээр байгаа. Аймгийн ИТХ хуралдааны дотоод журмаа тухайн хуралдааныг эхлэхэд хэлэлцэж баталдаг. Хуралдааны дэг дээр дотоод журам батлахыг зөвшөөрсөн заалт байгаа. Хуралдааны дотоод журамд “...төсөл санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө буцааж татан авч болно...” гэсэн заалт байдаг.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн талаар тайлбар гаргая. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлд “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу...” захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэх харилцааг зохицуулсан байдаг. П.******* аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэж нэхэмжлэлээ гаргасан байсан. Иймд төлөөлөгчийнхөө хувьд гаргасан гэж үзэж байна. Аймгийн ИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг төлөөлөгчид гаргаагүй нь нэхэмжлэгчид иргэнийх нь хувьд ч тэр ямар нэгэн үр дагавар үүсгэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж болзошгүй байдал үүсгээгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурал нь тодорхой сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлыг олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэдэг журамтай. Нэхэмжлэгч П.******* шүүхэд иргэнийхээ хувьд хандаж байгаа бол Дорнод аймгийн ИТХ хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдалд ямар ч хамааралгүй. ИТХ-ын төлөөлөгчийн хувьд хандаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд хурлыг бүрдүүлдэг төлөөлөгчийн хувьд эрх зүйн үүднээс нэг этгээдэд тооцогдож, эрх зүйн харилцаанд тус тусдаа оролцох боломжгүй юм.
Төлөөлөгч нар бүгд нийлж байж ИТХ захиргааны субъект болно. Төлөөлөгчид тус тусдаа захиргааны субъект болох боломжгүй. Аймгийн ИТХ-ын дарга Л.ыг үүрэгт ажлаас чөлөөлөөгүйн улмаас төлөөлөгч П.******* нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд төлөөлөгч П.******* нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг шүүхээс хүлээн авч шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гаргаж буй этгээдийн талаар тодорхой заасан байна.
Үндсэн хуульд зааснаар Хурлын даргад тус хурлын Төлөөлөгч нар л сонгох, сонгогдох эрхтэй. Хэн нэг иргэнд аймгийн ИТХ-ын даргад сонгох, сонгогдох эрх байхгүй. Иймд иргэнийхээ хувьд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Захиргааны байгууллагын хувьд хандсан гэж үзвэл Хурлын төлөөлөгч дангаараа захиргааны байгууллага болохгүй. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзвэл энэ этгээд нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж болох юм байна гэж ойлгож байгаа.
Хуралдаан даргалагчийн хувьд анх удаа хуралдаан даргалсан учраас жижиг процессын алдаануудыг гаргасан харагдаж байна. Хуралдаан удирдахад чадвар шаардагддаг. Үнэхээр хуралдаан даргалагч “...Хурлын тогтоол гаргасан...” гэж хэлсэн байна... Гэхдээ хуралдаан даргалагч санамсаргүй тэгж хэлснээс болж тогтоол гарсан гэж үзэх боломжгүй юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдааны шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг тогтоолгож бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн хуралдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үйл ажиллагаа... болон хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах[1] нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр шаардлагын үндэслэлээ: Хурлын дарга Л.ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг бичгээр гаргаж албажуулах, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудал, ...хуралдааны дэг, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр нь хууль бус, ... эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, ...үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрх, ашиг хөндөгдсөн гэжээ.
1.Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлон зарлаж, “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, сонгох тухай” зохион байгуулалтын асуудлыг[2] хэлэлцэхээр тогтсон байна.
Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Хурлын танхимд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 31 төлөөлөгч оролцсоноор 88.5 хувийн ирцтэйгээр эхэлж[3], ...хуралдааныг аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч П.******* удирдаж, тухайн хуралдаанд “Зохион байгуулалтын асуудал” хэлэлцэхтэй холбогдуулан, Хурлын дарга Л. нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасны дагуу, ...үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт[4] гаргасныг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, “...хэлэлцэж буй асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах” хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, ...нэр бүхий төлөөлөгчид[5] Хурлын даргаас “...ийм хариуцлагатай цаг мөчид үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж хариуцлагаас зугтаж байгаа шалтгаан”, “ ... намын дотоод асуудал хэдий ч ийм хариуцлагатай цаг үед өвөлжилтийн бэлтгэл, үндсэн чиглэл яригдах ёстой” агуулга бүхий ...асуулт тавьж санал гаргасны дагуу, Хурлын дарга Л. нь “ энэ албан тушаал нь улс төрийн албан тушаал, МАН-ын бүлэг дээр ярилцаад чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн учраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх”, “МАН-ын бүлгийн дарга ...энэ асуудлыг олонхийн бүлгээр ярилцаж олонхийн саналыг харгалзан шийдэлд хүрсэн, цаашид ийм асуудал олон гарахгүй” [6] талаар тус тус санал гарган тайлбарлаж, ...тухайн “Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх” асуудлыг Хурлын Төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, ...хуралдааны CD бичлэг зэргээр нотлогдож байна.
Тухайн өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн асуудал ...олонхийн саналаар дэмжигдсэн учир Хуралдаан даргалагч тогтоол гарган алх цохиж хүчин төгөлдөр болсоныг баталгаажуулан мэдэгдэх хүртэл хэлэлцэх асуудал, ...хуралдааны үйл ажиллагааны дэг[7] алдагдаагүй боловч Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоолыг бичгээр гаргаж албажуулаагүй байгаа нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 ”Хурал хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж ...олонхийн саналаар батална” аймгийн ИТХ-ын Хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1 “...хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана” заасныг зөрчсөн байна. Тодруулбал: Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн зүйл нь зөвхөн захиргааны эс үйлдэхүйгээр хязгаарлахгүй, үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах учраас аймгийн ИТХ нь хэлэлцсэн асуудлаар ...тогтоолыг бичгээр гаргаж албажуулаагүй үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг захиргааны актыг бичгээр гаргахыг даалгах шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн шийдвэрийг бичгээр гаргаж, албажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурна” заасан. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч нь ...тогтоолын төслийг уншиж танилцуулан “алх цохиж” баталгаажуулсан хэдий ч даргалагч П.*******ийн гарын үсэг бүхий тогтоол нь одоог хүртэл албажиж гаргаагүй байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг хэдий ч Хурлын дарга өргөдлөө татсан учир тогтоол гаргах шаардлагагүй хэмээн үгүйсгэн тайлбарлаж байгаа нь буруу юм. Учир нь: 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх” зохион байгуулалтын асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэж, дараагийн “Хурлын даргыг сонгох” асуудлыг хэлэлцэх байсан боловч Хуралдаан даргалагч Хурлыг эзэнгүй орхихгүйн үүднээс хуучин Хурлын дарга Л. үүргийг түр гүйцэтгүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн завсарлуулсан болно[8].
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг үргэлжлүүлэн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 27 минутад Хурлын танхимд ирвэл зохих 35 төлөөлөгчөөс 34 төлөөлөгч ирж 97.1 хувийн ирцтэйгээр[9] явуулсан хуралдаанаар “Хурлын дарга сонгох” зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр[10] тогтсон боловч, нотлох баримтаар ирүүлсэн CD бичлэгээс үзэхэд: ...хуралдаан даргалагч П.******* нь Хурлын төлөөлөгчдөд хандаж, ээлжит 12 дугаар хуралдаан үргэлжилж байгааг мэдэгдээд, шууд “Л. дарга та хүсэлтээ танилцуулчих” гэсний дагуу “...МАН-ын бүлэг энэ асуудал дээр хуралдсан тухайн шийдвэрээ татан авч байгаа тул энэхүү шийдвэрийг үндэслээд өөрийн хүсэлтээ татан авч байгаа”[11] талаар мэдэгдсэн. Хуралдаан даргалагч нь ... хүсэлтээ татан авч байгаа учраас хэлэлцэх асуудлын дагуу Хурлын даргыг чөлөөлөхийг дэмжиж байгаа өмнөх томъёоллоор санал хураалт явуулна гээд шууд санал хураалтыг явуулахдаа ...тогтоолын төслийн агуулгыг өөрчилж ... ажлаас чөлөөлсөн тогтоолын төслийг дэмжиж байгаа эсэх... хэмээн ойлгомжгүй байдлаар танилцуулж, төлөөлөгчдөд ... асуулт асууж, үг хэлэх боломжоор хангаагүй учир Хурлын нэр бүхий төлөөлөгчид[12] “...урьд нь Хурлын даргын чөлөөлөгдөх хүсэлтийг олонхиороо шийдвэрлэсэн”, “...хууль зөрчихөө болиод Хурлын даргыг сонгох дараагийн асуудлаа шийдье”, “...дотоод журмын дагуу хэлэлцүүлэх нь зөв”, “Хурлын дарга нь чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд олонхиороо шийдсэн байхад ... гэнэт орж ирээд өргөдлөө буцааж авъя гэх юм. ... хуралдаад сууж байгаа Төлөөлөгчдөө доромжлоод байгаа юм уу эсхүл Дорнодын ард түмнээ дорд үзээд байна уу, дараагийн асуудлаа хэлэлцье”, “...өмнө нь Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол батлуулаад алх цохисон шүү дээ” гэх зэрэг агуулга бүхий санал, тайлбаруудыг гаргаж, “Хурлын дарга сонгох асуудал”-ыг[13] хэлэлцүүлэх талаар шаардсан хэдий ч тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлээгүй байна.
Хуралдаан даргалагч П.******* нь товлосон асуудал болох ...Хурлын даргын тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх эрхийг нь хязгаарлаж, дотоод журам, дэгийг алдагдуулж, төлөөлөгчдөд ойлгомжгүй байдал үүсгэж, ард түмний төлөөлөл болохын хувьд асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох боломжийг хуулийн дагуу олгоогүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.” тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно”. Хуралдааны дэг”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан нь төрийн хууль иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, дэгээ чанд сахих, асуудлыг чөлөөтэй ажил хэрэгчээр хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно” 4 дүгээр зүйлийн 4.21.3,4.21.4, 4.21.9 “саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан төлөөлөгчдөд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх боломжоор хангана, Төлөөлөгчдөөс гаргасан горимын саналаар санал хураалт явуулна, хууль тогтоомжид заасан эрх, үүрэг”-ийг хэрэгжүүлээгүй хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна.
Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан завсарласнаас хойш 24 хоногийн дараа хуралдсан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар ...товлосон “Хурлын даргыг сонгох” асуудлыг шийдвэрлээгүй, ...шийдвэрлэх асуудлын өөрчлөлтийн талаар төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдээгүй үргэлжлүүлэн Хурлын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжиж байгаа... гэх агуулгаар санал хураалгах байдлаар төлөөлөгчдөд үл ойлголцлолыг үүсгэж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үргэлжлүүлсэн мэтээр ... алх цохиж баталгаажуулсан шийдвэр нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан ... үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасныг алдагдуулсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хэлэлцсэн асуудлаар ...олонхийн саналаар шийдвэрлэж, тусгай дохиогоор алх цохиж хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж байгаа нь эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа учир захиргааны акт гэж үзэх бөгөөд дээрхи хуралдааны акт нь хуульд нийцээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэсний тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3 ...хүн хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах...талаар хуульчилсан байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” заасны дагуу нэхэмжлэгч П.******* болон бусад төлөөлөгчдөөс ч ...нэрээ дэвшүүлэн өрсөлдөх эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгчийг Хурлын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүсэл зорилготой байсан талаархи тайлбар,[14] гэрчийн ...П.*******ыг нэр дэвшүүлсэн тохиолдолд дэмжих байсан гэх мэдүүлэг, нэр дэвшүүлэх талаар төлөөлөгчид болон Намын бүлэг үгүйсгээгүй байхад[15], дээрхи хуралдааны хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл ...сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж, Хурлын даргын албан тушаалд нэр дэвшүүлэн өрсөлдөх боломжийг хязгаарласан ...хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит 12 дугаар хуралдаанаар Хурлын дарга Л.ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр хүчин төгөлдөр байх тул бичгээр гаргаж албажуулахыг хариуцагч ИТХ-д даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хурлын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, /Хурлын даргыг ажлаас чөлөөлөхийг дэмжсэнээр... гэх/ тусгай дохиогоор алх цохиж хүчин төгөлдөр болсоныг мэдэгдсэн захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасныг тус
тус баримтлан, нэхэмжлэгч *******ийн *******ын, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хурлын дарга Л.ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолыг бичгээр гаргаж албажуулахыг хариуцагчид даалгаж, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ИТХ-ын хуралдааныг хууль бус болохыг тогтоож, алх цохиж хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн захиргааны актыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас
[2] Хавтаст хэргийн 5, 87-р хуудас
[3] Хавтас хэргийн 29, 43-р хуудас
[4] Хавтаст хэргийн 41-р хуудас
[5] Хавтаст хэргийн 27-28-р хуудас
[6] Хавтаст хэргийн 28-р хуудас, CD бичлэг
[7] Хавтаст хэргийн 87-96-р хуудас
[8] Хавтаст хэрэгт авагдсан CD бичлэг
[9] Хавтаст хэргийн 30, 44-р хуудас
[10] Хавтаст хэргийн 29-35-р хуудас
[11] Хавтаст хэргийн 42-р хуудас
[12] Хавтаст хэргийн 28-29-р хуудас
[14] Хавтаст хэргийн 72-73-р хуудас
[15] Хавтаст хэргийн 100-р хуудас