| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/0109/З |
| Дугаар | 221/МА2023/0574 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2023/0574
Л.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З
Нэхэмжлэгч: Л.Н
Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б
Гуравдагч этгээд: Т СӨХ
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 563 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З,
Хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0109/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Н нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.Н-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/, Т гудамж, Н айлын орон сууцны 6/1 дүгээр байрыг Н ХХК-ийн захиалгаар, А ХХК-ийн зураг төслөөр “ОЗ” ХХК, “Д” ХХК, “Б” ХХК-ууд гүйцэтгэсэн. Захиалагчаас зургийн төсөл гүйцэтгэгч “А” ХХК-д хүсэлт гаргаснаар А/12-17 дугаартай зураг төслийн өөрчлөлтийг гүйцэтгэж, улсын экспертээр 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлуулсан.
3.2. Гэтэл Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/15/2009 дугаар актаар Н айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээж авахдаа өөрчлөлт оруулсан зургийг хавсаргаагүй нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, /13380/, Т гудамж, Н айлын орон сууцны 6/1 дүгээр байрны зоорийн давхар 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-2204039782 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болсон.
3.3. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн анхны улсын бүртгэл 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр С.С-ийн нэр дээр хийгдсэн нь зураг төсөлд 2011 онд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй, харин ч “А” ХХК-ийн зураг төслийн өөрчлөлт 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн улсын экспертээр баталгаажсан байхад анхан шатны шүүх энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй.
3.4. Анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны барилгыг улсын комисс 2009 онд хүлээн авсан. “А” ХХК-ийн зураг төсөлд өөрчлөлт оруулж улсын экспертиз баталсан огноо 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байхад улсын бүртгэгчийн дүгнэлт, болоод шүүхийн шийдвэрт 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орсон заалтыг баримталж байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
3.5. Нэхэмжлэгчийн барилгын зураг төслийг 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн улсын экспертийн баталснаар өөрчилж улсын комисст хүлээлгэн өгсөн гэж маргаж байхад шүүх маргааны зүйл шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах буюу зураг төслийн болон гүйцэтгэгч байгууллагуудаас нотлох баримт гаргуулах ажиллагааг хийгээгүй.
3.6. “А” ХХК-ийн барилгын зургийн өөрчлөлт Үндэсний төв архивд хадгалагдаагүй бол улсын комиссын актын хавсралт болоод хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэг шийдвэрлэхдээ хэрэгт хавсаргах нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Энэхүү ажиллагаа шүүх хийгээгүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0563 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Анх “Н” ХХК 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/15/2009 дүгээр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Н цамхаг” барилгын өргөтгөлд байрлалтай 16 давхар, орон сууцны зориулалттай, нийт 5600 м.кв талбай бүхий 60 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна.
2.3. Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Б нь маргаан бүхий 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 331 дүгээр дүгнэлтээр дээрх байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай, агуулахын зориулалттай Л.Нын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай бүртгэлийг хүчингүй болгожээ.
2.4. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно”, 15.3-д “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно” /2011 оны 2 сард нэмсэн/, гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэсэн хуулийн зохицуулалттай.
2.5. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...барилгын Цоколийн давхрын байгуулалтад өөрчлөлт оруулсан зураг нь анх ...агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.С-г бүртгэхэд гарч ирсэн тул нэхэмжлэгчийн ...улсын комисс хүлээн авахаас өмнө зурагт өөрчлөлт оруулсан байсан... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, бүртгэлийн байгууллагын архивд хадгалагдаж байгаа зургийг үндэслэн дүгнэлт гаргасан хяналтын улсын байцаагчийг буруутгах боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
2.6. Тодруулбал, “А” ХХК-ийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр боловсруулсан Цоколийн давхрын байгуулалт хэсгийн А/12-17 шифрийн дугаар бүхий зураг төсөлд авто машины зогсоол, дулааны узель, цахилгаан щитний өрөө байрлахаар төлөвлөсний дагуу баригдсан барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/15/2009 дүгээр актаар хүлээн авч ашиглалтад оруулжээ.
2.7. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.С нь тус байрны зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай, 21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохдоо дээрх зураг төслийг өөрчлөн гаргасан зургаар буюу цахилгаан щитний өрөөг агуулахын зориулалттай болгон өмчилсөн болох нь хэрэгт авагдсан Цоколийн давхрын байгуулалтын зураг төсөл, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-103/452 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/4106 дугаартай албан бичиг, С.С-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн газарт гаргасан “...уг талбайг агуулахын зориулалттайгаар засвар хийж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, ...анх зураг төсөл нь цахилгаан щитний өрөө байсан боловч зураг төсөлд дахин өөрчлөлт оруулж, ...агуулахыг тусад нь салгаж өөрийн хөрөнгөөр агуулахын зориулалтаар барьж угсарсан” гэх тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
2.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс орон сууцыг ашиглалтад орохоос өмнө “А” ХХК-иар өөрчлөлт орсон зураг төслийг хийлгэж улсын бүртгэлд хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй төдийгүй хэрэв барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг барилгыг бариулсан захиалагч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Барилгын тухай хууль /2008 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “...захиалагч нь ашиглалтад оруулсан барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, тэг тэнхлэг таталтын акт, зураг төсөл, ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, гадна шугам сүлжээний гүйцэтгэлийн зураг, барилгын ажлын чанар, явцад зохиогч болон мэргэжлийн хяналт гүйцэтгэгчийн дүгнэлт, ашиглалтад хүлээлгэн өгсөн баримт бичгийг тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1 сарын дотор холбогдох архивт шилжүүлнэ” гэсний дагуу уг өөрчлөгдсөн баримт бичгийн хувийг холбогдох архив болон улсын бүртгэлийн газарт хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий дүгнэлтийг энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.9. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Т-ийн гудамж 6/1 дүгээр байрны зоорийн давхрын 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг улсын бүртгэгчээс бүртгэхдээ архив болон улсын бүртгэлийн байгууллагад байгаа эх хувиас зөрүүтэй байхад өөрчилсөн зургийн дагуу бүртгэсэн нь холбогдох хуулийг зөрчсөн байна гэж дүгнээд тус бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасантай нийцэж байна.
2.10. Түүнчлэн С.С-аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн анхны зураг төсөлд өөрчлөлт оруулж, уг талбайг өөрийн хөрөнгөөр засварлаж, зориулалтыг өөрчилсөн гэдгээ тайлбарласан төдийгүй энэ нь эрх бүхий байгууллагын буюу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02-07-103/452 дугаар дүгнэлтээр “...Цахилгааны ерөнхий самбарын байрлалыг анхны төлөв байдал болон ажлын зураг төслөөс өөрчлөн өрөөг агуулахын зориулалтаар ашиглаж, өрөөний хаалгыг шилжүүлэн галд тэсвэргүй модон хаалгаар сольж суурьлуулсан байгаа нь Цахилгаан байгууламжийн дүрмийн 6.2.4-д заасныг хангахгүй байна” гэж, мөн газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/4106 дугаартай албан бичгээр “...шалгалтаар цахилгааны өрөөний байрлалыг зураг төслийн “А” ХХК-д 2008 онд боловсруулж, ...зураг төслөөс өөрчлөн агуулахын зориулалтаар ашиглан өрөөний хаалгыг шилжүүлэн зураг төсөлд тусгагдаагүй хаалгаар сольж, цахилгааны ерөнхий самбарын байрлалыг өөрчилсөн байгаа нь холбогдох хуулийн заалтыг хангахгүй байна” гэж мэдэгдсэн, ийнхүү тухайн барилгын анхны зураг төсөлд тусгагдсан цахилгаан щитний өрөөний зориулалтыг өөрчилж агуулахын зориулалттай болгон засварласны улмаас тус байрны нийт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй бөгөөд өрөөг зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй талаар холбогдох дүгнэлт гарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Иймд маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА