Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам

Улсын яллагч Н.Амаржаргал

Иргэдийн төлөөлөгч Б.Байгалтуяа

Хохирогчийн өмгөөлөгч О.Үүрцайх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

Шинжээч эмч П.Гаваасүрэн

Гэрч Б.Гэрэлтуяа, Д.Дашбямба, З.Анхцэцэг,

Шүүгдэгч Н.Тулгантамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Нэргүйн Тулгантамирт холбогдох эрүүгийн 201610010073 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 12-нд Төв аймгийн Баян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1-р баг, 79-2 тоотод оршин суух, Боржигон овгийн Нэргүйн Тулгантамир /РД: НВ87021218/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Н.Тулгантамир нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хараа зочид буудлын 302 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Алдарсайхантай маргалдан улмаар өөрийн эхнэр З.Анхцэцэгийг алгадлаа гэж өмөөрч Н.Алдарсайханы толгойн тус газар мөргөж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Тулгантамир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2016 оны 04 сарын 10-ны орой 20 цагийн үед намайг БНХАУ-ын Эрээн хотоос орж ирээд гэртээ очих үед манай эхнэр Анхцэцэг, миний найз ирчихсэн байна, би гарч уулзчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд нэг их удалгүй эхнэр миний утас руу залгаж чи Гүн буудлын ресторанд хүрээд ир манай найзтай танилц гэж хэлсэн, тэгэхээр нь би өөрийн найз Отгонбаярын хамт уг газарт очиход манай эхнэр Анхцэцэг, Отгонбаярын эхнэр Гэрэлтуяа, Одноо гэх манай эхнэрийн найз 3-лаа хоол идээд сууж байсан. Тэгээд л бид 5-лаа уг газарт хоол идэж 22 цагийн үед ресторанаас гарч, Одноог буудалд оруулж амраахаар болсон юм. Одноо маргааш өглөө Эрээн хот руу гарах байсан тул вокзалтай ойрхон Хараа буудлын 301 тоот өрөөнд оруулж, уг өрөөнд орох үед 3 эмэгтэйчүүд пиво ууя гэхээр нь 6 лааз пиво авч ирж өгсөн. Тэгээд л өрөөнд орсноос хойш эмэгтэйчүүд хоорондоо юм ярьцгааж, нэлээд орой болсон үед Отгонбаяр унтаж амарч харин би сагс үзээд сууж байсан юм. 02 цагийн үед намайг сагс үзээд сууж байхад өрөөний хаалгыг нэг үл таних залуу онгойлгож шагайж, байн байн хараад байсан ба тэгээд 2-3 удаа шагайж харсаныхаа дараа тамхи байна уу гэж хэлсэн, тэр үед нь уг залууд тамхи байхгүй хаалгаа хаа гэж хэлсэн. Тэгсэн чинь хаалга хаачихаад буцаж манай өрөөн дотор орж ирээд чи муу намайг хаалга хаа гэдэг хэн бэ, бацаан минь чи намайг таних уу гэж хэлээд миний шилэн хүзүүн дээрээс бариад намайг өрөөнөөс авч гарсан, тэгээд өрөөний гадна коридорт гараад чи энэ өрөө рүү ор гэж 302 тоотыг зааж харин манай өрөөний хаалгыг гаднаас нь дарж зогсож байгаад намайг өөрийнхөө өрөөнд оруулж өрөөний хаалгыг дотроос нь түгжсэн. Тухайн үед манай өрөөнд байсан хүмүүс гарч ирэх гээд байсан юм. Намайг өрөө рүү орох үед Хараа буудлын эзэн нь Дашбямба гэх залуу мөн үл таних махлаг биетэй ах сууж байсан. Тэгэхээр нь би өрөөний буйдан дээр очиж суухад намайг уг өрөөнд оруулсан Алдарсайхан гэх залуу жижиг сандал аваад нөгөө хоёрынхоо урд намайг суулгаж өөрөө миний хажууд сууж, миний шилэн хүзүүн дээрээс бариад хамт байсан нэг залуугаараа тамхи асаалгаж намайг тамхи тат гэж хэлээд ам руу тамхи хийсэн. Тэр үед нь би түүнийг эсэргүүцэж та тамхитай байж яагаад тамхи асууж өдөж хоргоогоод байсан юм гэж хэлсэн, тухайн үед өрөөний хаалгыг гаднаас нь манай эхнэр тогшоод байсан болохоор би сандал дээрээс босож өрөөний хаалгыг нээсэн. Тэр үед гаднаас манай эхнэр Алдарсайханд хандаж та яагаад манай нөхрийг дарамтлаад байгаа юм гэж хэлсэн чинь чи дугуй бай гичий минь гэж хэлж байсан. Тэр үед нь би өрөөнөөс гарах гээд цааш алхаж байхад ард тас хийх чимээ гарсан, эргээд хартал манай эхнэр Анхцэцэг хажуу тийш дайвж унах гэж байсан. Тэгэхээр нь би Алдарсайхан руу гүйж очоод та яахаараа хүний жирэмсэн эхнэрийг нөхрийх нь нүдэн дээр цохьдог юм гэж хэлээд барьцалдсан, тэр үед Алдарсайхан өөдөөс гараа далайх шиг болсон тэр үед нь би цохих гэж байна гэж бодоод доошоо тонгойход түүнтэй мөргөлдчихсөн юм, ер нь бол өөд өөдөөсөө тонгойх шиг болохдоо л мөргөлдсөн, тэр үед Дашбямба гэх залуу намайг тэвэрч, орон дээр унагаагаад чи ямар овоо бацаан бэ гэх мэтээр хэлсэн бөгөөд тухайн үед түүний ардаас манай эхнэр болон найзууд нь татаж салгасан. Яг энэ үед гаднаас цагдаа нар орж ирсэн гэв. 

 -Хохирогч Н.Алдарсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ...Намайг Хараа буудлын 302 тоот өрөөнд байхад Тулгантамир гэх залуу ороод ирчихсэн байсан яг яаж орж ирсэн гэдгийг санахгүй байна, нэг мэдэхэд л миний зүүн талын гарнаас татаад нүүрний хэсэг рүү мөргөчихсөн, тухайн үед би толгойн ар дагз хэсгээрээ буудлын өрөөнд савж унасан юм. Үүнээс хойш би ухаангүй нэлээд удаж тархиндаа хагалгаа хийлгэсэн. Надад өөр санаж байгаа юм одоогийн байдлаар байхгүй байна. Уг хүнээс шалтгаалан миний биед гэмтэл учирч эмчилгээ хийлгэж байх явцад урсгал зардал их гарсан тэр болгоныг буруутай этгээдээс нэхэмжлэхгүй байгаа. Эмчилгээ хийлгэж байхдаа баримт авалгүй их зардал гаргасан би буруутай этгээдээс зөвхөн баримтын дагуу л нэхэмжилж байгаа. Намайг өвчтэй байх хугацаанд эхнэр маань 3 сар гаруй өөрийн ажлыг хийгээгүй, мөн 8 дугаар сард тархины хагалгаанд дахиж орох гэж байгаа энэ бүгдийг нэхэмжлэхгүй байгаа. Эхнэр бид 2 хоёулаа ажилгүй байж өрхийн орлогогүй болсон, эмчилгээнд гарсан зардлаа Тулгантамираас гаргаж авах хүсэлтэй байна. Би Эрээн хот руу тархины зураг авхуулах гэж гарсан юм тухайн үед юаниар төлбөр төлсөн, харин төлбөр төлсөн юанийг Замын-Үүд сумаас 309 төгрөгөөр худалдан авч гарсан юм гэжээ. /хх-ийн 22/

-Гэрч Б.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ….Буудлын өрөөнд орохдоо бид нар хүн хүний 2, 2 лааз пиво бага зэрэг идэж уух юм аваад өрөөнд орж хамтдаа ярьж суусан юм. Цаг орой болох үед манай нөхөр уг өрөөнд унтаж амарсан ба Тулгантамир, Одноо, Анхцэцэг бид дөрөвийг яриад сууж байхад өрөөний хаалгыг нэг үл таних эрэгтэй онгойлгоод, хаалгаар шагайж тамхи байна уу гэж бид нараас асуусан, тэр үед нь Тулгантамир тамхи байхгүй байна хаалгаа хаа гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө үл таних ах өрөөний хаалга хаачихаад нэг их удалгүй буцаж онгойлгоод Тулгантамирыг нааш ир дээ чи гэж хэлээд хуруугаараа дохиж дуудах үед Тулгантамир яасан бэ ахаа гэж хэлээд түүн рүү очиход түүний шилэн хүзүүнээс нь барьж аваад өрөөнөөс аваад гарчихсан. Тэр үед Анхцэцэг түүний ардаас гараад Тулгантамирыг авч орсон 302 тоот манай өрөөний өдөөс харсан өрөөний хаалгыг онгойлгох гэтэл хаалга нь дотроосоо түгжээтэй байх шиг байсан. Тэгэхээр нь Анхцэцэгийн ардаас Одноо бид 2 гарч уг өрөөний хаалгыг тогшиход онгойлгож өгөхгүй хэсэг удсан ба нэлээд тогшиж байгаад энэ хаалгыг онгойлгоод өг гэж Анхцэцэгийг орилох үед буудлын ресепшин дээш гарч ирсэн. Тэр үед буудлын өрөөг дотроос нь Тулгантамир өөрөө онгойлгоод санаа зоволтгүй яасан бэ гэж  хэлсэн. Тэр үед Анхцэцэг уг өрөө рүү орсон юм. Анхцэцэгийг өрөөнд орох үед манай өрөөнд орж ирсэн Алдарсайхан гэх ах Тулгантамирын цаад талд нь зогсож байсан. Анхцэцэг уг хүнд хандаж та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд түүний хөл рүү өшиглөж түүний ардаас сарвайж алгадах шиг болоход Алдарсайхан эргэж хараад гарынхаа алганы ард хэсгээр Анхцэцэгийн нүүр рүү нь цохьчихсон. Тэгсэн чинь Анхцэцэг яая намайг цохьчихлоо гэж хэлээд уйлаад доош суухаар нь Одноо бид 2 юу болчихов гэж хэлээд өрөөн дотор ороход Тулгантамир Алдарсайхан нар зууралдчихсан байж байсан. Тэгээд л нэг харахад Алдарсайхан газарт унаж, мөн өрөөнд байсан Дашбямба гэх залуу Тулгантамирыг тэвэрч орон дээр дарж унагасан. Тэгээд л Анхцэцэг Тулгантамир луу очиж Дашбямбаас салгах гэж Дашбямбын цамцны ардаас татаж байсан би ч гэсэн Анхцэцэг рүү очиж түүнийг боль гэж хэлээд татаж холдуулсан гэжээ.      /хх-ийн 23-24/

-Гэрч Д.Дашбямбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Өрөөнд орж нэлээд ярьж сууцгаасны дараа Алдарсайхан өрөөнөөс гарсан бөгөөд өрөөнд буцаж орж ирэхдээ үл таних залууг дагуулан орж ирсэн. Тэгээд Алдарсайхан нэг өрөөнөөс тамхи асуусан чинь энэ залуу байхгүй хаалгаа хаа гэдэг байна ш дээ гэж хэлээд ууртай байх шиг байсан. Тэгээд Алдарсайхан нөгөө залууд хандан чи ахыгаа танихгүй байна уу гэж хэлээд хажуудаа суулгаж ярилцсан ба тухайн үед Тулгантамир Алдарсайханд хандаж би таныг танихгүй байна, гутлаа өмсчих хоёулаа гарч эр хүн шиг учраа ольё гэж хэлээд Алдарсайхан, Тулгантамир нар хамтдаа босож өрөөнөөс гарах гэсэн юм. Тулгантамирыг өрөөнд орж ирснээс хойш өрөөний хаалгыг гаднаас нь эмэгтэй хүмүүс тогшиж, өшигчиж, орилж цохиж байсан юм. Тэгээд Алдарсайханыг өрөөнөөс гарах гээд тавчиг өмсөж байх зуурт өрөөний хаалгыг Тулгантамир онгойлгох шиг болсон тэгсэн чинь гаднаас нэг эмэгтэй орж ирээд Алдарсайханд хандаж, та яаж байгаа юм манай нөхрийг гэж хэлээд түүний тахим руу нь өшиглөж, алгадах шиг болсон тэр үед Алдарсайхан түүнийг зөрүүлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Энэ үед Тулгантамир эхнэрээ өмөөрч ямар нэг зүйл хэлэлгүй Алдарсайхны гарнаас нь татаж зууралдаад түүний толгой хэсэг рүү 1 удаа мөргөж унагасан. Тэгээд л Алдарсайхан арагшаа дагз хэсгээрээ өрөөний шалан дээр савж унаад Тулгантамир ч гэсэн түүний дээр нь унасан. Энэ үед би сандлаасаа ухас хийн босоод Тулгантамирыг Алдарсайханаас салгаж орон дээр дарж унагасан юм. Энэ үед Тулгантамир миний духнаас хазаж намайг гэдийх үед хамар луу мөргөсөн, мөн өрөөнд орж ирсэн 2-3 эмэгтэй миний нүүр хэсэг рүү цохиж алгадсан. Тэр үед Алдарсайхан руу харахад чихнээс нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь эмнэлэг дуудсан. Эмнэлэг дуудсаны дараа цагдаа нар ч гэсэн ирсэн гэжээ.  /хх-ийн 25-26/

-Гэрч З.Анхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...Шөнө 01 цаг өнгөрч байх үед манай өрөөний хаалгыг нэг үл таних хүн онгойлгоод өрөөний хаалгаар хэд хэдэн удаа хараад байсан бөгөөд тухайн үед Одноо ямар ядаргаатай юм бэ, өрөөний хаалга онголзуулаад тав тух алдагдуулаад байх юм гэж хэлж байсан. Үүнээс хойш нэг их удалгүй манай өрөөний хаалгыг онголзуулаад байсан Алдарсайхан орж ирээд бид нараас хөөе тамхи байна уу гэж асуусан. Тэр үед нь манай нөхөр Тулгантамир тамхи байхгүй байна наад хаалгаа хаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Алдарсайхан манай өрөөний хаалгыг хаачихаад буцаж онгойлгоод өрөөнд орж ирээд манай нөхөр Тулгантамирт хандаж чи ямар овоо бацаан бэ, чи намайг таньж байна уу гэж хэлээд Тулгантамирын шилэн хүзүүн дээрээс нь бариад өрөөнөөс чирж гаргасан. Тэр үед Одноо Алдарсайхан руу очоод болиоч гэж хэлээд гарнаас нь Тулгантамирыг салгах гэтэл Одноог цааш нь түлхчихээд Тулгантамирыг аваад гарчихсан. Өрөөнөөс Тулгантамирыг аваад гарсны дараа бид нар хойноос нь гарах гэтэл Алдарсайхан өрөөний хаалгыг гаднаас нь барьчихсан бололтой хаалга онгойхгүй байсан харин  хаалганы гадаа Алдарсайхан, Тулгантамирт хандаж чи наад өрөө рүүгээ ор гөлөг минь гэх мэтээр хэд хэдэн удаа орилж байсан. Тэгээд л Алдарсайхан Тулгантамирыг дагуулаад 301 тоот өрөө рүү орчихсон. Би түүний араас очиж уг өрөөний хаалгыг онгойлгох гэтэл өрөөний дотор талаас цоожилсон байсан. Тухайн үед Одноо, Гэрэлтуяа бид гурав 301 тоот өрөөний хаалгыг нээж өгөхгүй байхаар нь би доод давхар руу үйлчлэгч рүү бууж байхад үйлчлэгч миний өөдөөс гарч ирж байсан. Тэгэхээр нь би үйлчлэгчид манай нөхрийг 301 тоот өрөө рүү оруулаад дотроос нь цоожилчихлоо онгойлгоод өгөөч гэж хэлэхэд, үйлчлэгч өрөө рүү очоод буудлын үйлчлэгч байна хаалгаа нээ гэж хэлж 2-3 удаа тогшиход өрөөний хаалгыг манай нөхөр Тулгантамир онгойлгосон. Бид нарыг өрөөний хаалгыг тогшиж байхад 301 тоот өрөөнд манай нөхөр Тулгантамир та өөрөө тамхитай байж яагаад бид нараас тамхи асууж намайг дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлж байгаа нь сонсогдсон. Өрөөний хаалгыг нээсний дараа би 301 тоот өрөөнд ороод дараа нь Одноо, Гэрэлтуяа нар цувраад орох гээд үүдэнд зогсож байхад өрөөн дотор 2 буйдан дээр 2 залуу суучихсан энэ хоёрын хажууд Алдарсайхан зогсож байсан, тухайн үед манай нөхөр өрөөний хаалганы үүдэнд байж байсан. Намайг ороход манай нөхрийг дээрэлхсэн байдалтай харагдсан учраас би эдгээр хүмүүст уурлаж, та нар яахаараа манай нөхрийг дээрэлхэдэг юм ямар даварцан юм гэж хэлчихээд, Алдарсайхан руу танимхайрч та яагаад байгаа юм гэж хэлээд түүний хажуугаар гарахдаа гараараа баруун талын мөр рүү нь алгадаж ёворчихоод эргээд хартал Алдарсайхан миний зүүн талын чихний арын хэсэг рүү нэг удаа алгадсан. Тухайн үед би ёоё гэж хэлээд алгадуулсндаа урагшаа тонгойж ойчих гээд тэнцвэр алдаад буцаж босоод эргээд хартал Тулгантамирыг орон дээр Алдарсайхантай хамт байсан Дашбямба дарчихсан, харин Алдарсайхан өрөөний голд дээш харчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би Дашбямба руу очиж түүнийг нөхрөөсөө салгах гээд араас нь татаж байгаад хувцас, толгойноос нь зулгааж татаад босгосон. Тухайн үед Одноо миний хажууд ирчихсэн байсан харин Гэрэлтуяа өрөөний үүдний ойролцоо байсан байх. Намайг Алдарсайханаар алгадуулаад доош тонгойх үед манай нөхөр Тулгантамир Алдарсайханд хандаж чи манай жирэмсэн эхнэрийг алгаддаг хэн бэ гэж хэлж байсан, би ямар шалтгаанаар Алдарсайханыг өрөөний голд унасан гэдгийг хараагүй намайг эргээд харахад л уначихсан байсан, ер нь их хоромхон зуурт болоод өнгөрсөн гэжээ. /хх-ийн 27-28/

-Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 04 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хараа буудалд ээлжинд ажилласан юм. 2016 оны 04 сарын 10-ны 22 цагийн орчимд Тулгантамир гэх залуу өөрийн эхнэр, найз нөхдийн хамт буудлын 301 тоот өрөөнд орсон, тухайн үед манай буудлын 302 тоот өрөөнд буудлын захирал Дашбямба, түүний найз Алдарсайхан мөн үл таних нэг залуу байж байсан юм. Тэгээд 01 цагийн үед доод нэг давхарт ресепшиний байрандаа байж байхад 3 давхарт хүмүүс шуугилдаад ресепшин гэж эмэгтэй хүн намайг дуудаад байхаар нь би дээш гарж очтол Тулгантамирын эхнэр түүний найз Гэрэлтуяа нар 302 тоот өрөөний хаалгыг нүдээд байж байсан. Мөн хаалга онгойлгоод өгчих гэж надад хэлсэн. Тухайн үед Тулгантамирыг Алдарсайхан өрөөндөө авч ороод дотроосоо түгжчихлээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 302 тоот өрөөний хаалгыг тогштол уг өрөөний хаалгыг Тулгантамир онгойлгоод зүгээр зүгээр санаа зоволтгүй гэж хэлсэн, тэр үед Тулгантамирын эхнэр Анхцэцэг уг өрөө рүү орж Алдарсайханд хандаж та яагаад байгаа юм гэж хэлээд хөл хэсэг рүү нь өшиглөж, толгой руу нь хальт алгадах шиг болсон. Тэр үед Алдарсайхан эргэж хараад Анхцэцэгт уурлаж түүнийг хацар хэсэг рүү нэг удаа алгадчихсан түүнийг нэлээд хүчтэй алгадсан юм. Тэгсэн чинь Тулгантамир Алдарсайханд чи манай эхнэрийг алгадлаа гэж эхнэрээ өмөөрөөд түүн рүү дайрч түүнийг мөргөх шиг болж Алдарсайхан ар дагз хэсгээрээ унасан, тэгээд л өрөөнд бужигнаж Дашбямба Тулгантамирыг хорьж салгасан. Тухайн үед би уг өрөөний гадна үүдэнд хараад зогсож байсан болохоор болсон хэргийг бүгдийг нь сайн харж чадаагүй. Анхцэцэг өрөө рүү орж нөхрөө өмөөрч Алдарсайханд хандаж та яаж байгаа юм гэж танимхайрч хэлээд, түүний хөл рүү нь өшиглөж, толгой руу нь алгадах шиг болсон тухайн үед нэг их хүчтэй өшиглөж уурлаж бухимдаад байхгүй байхаар нь Алдарсайхан Анхцэцэг нарыг нэг нэгнийгээ таньдаг юм байна гэж бодсон тэгсэн чинь Алдарсайхан уурлаж Анхцэцэгийг алгадчихсан юм гэжээ.  /хх-ийн 29/

-Гэрч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Тухайн өдөр Цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарын дагуу шөнийн эргүүлийн үүргийг ахлагч О.Төмөрхуягийн хамт гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цагийн орчимд Замын-Үүд сум 1-р баг Хараа зочид буудлын 3 давхарт хүмүүс зодолдоод байна гэх дуудлага хүлээн авч Хараа буудалд руу очсон. Уг буудалд очиж буудлын 302 тоот өрөөнд ороход 3 хүн байсан, тухайн үед өрөөнд байх Алдарсайхан гэх залуу дээш харчихсан шалан дээр хэвтчихсан түүний чихнээс цус гарсан бололтой мөн өөрийнхөө хажуу талд бөөлжчихсөн хэвтэж байсан, мөн зүүн мөр нь мултарчихсан бололтой байсан тухайн үед эмнэлэг дуудчихаад хамт байсан 2 хүнээс нь болсон хэргийн талаар асууж тодруулахад Дашбямба гэх залуу нь манай өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан Тулгантамир гэх залуутай Алдарсайхан маргалдаж, Алдарсайханыг Тулгантамир мөргөж унагасан гэж хэлсэн. Тухайн үед 301 тоот өрөөнд Тулгантамир гэх залуу эхнэр Анхцэцэг болон 2-3 найзынхаа хамт байсан бөгөөд дуудлагаар очих үед 302 тоот өрөө рүү орж ирээд маргалдаад байхаар нь Тулгантамирыг өрөө рүү нь оруулж Алдарсайханыг эмнэлэг рүү хүргэн өгсөн. Нэг их согтолттой байгаагүй гэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн үед Тулгантамираас юу болсон талаар асууж тодруулахад намайг өрөөндөө байж байхад Алдарсайхан манай өрөө рүү орж ирээд тамхи нэхээд байсан тэгээд намайг өрөө рүүгээ дагуулж ороод тамхи нэхэж маргалдсан тухайн үед миний араас манай эхнэр Анхцэцэг орж ирээд намайг өмөөрч Алдарсайханыг өшиглөсөн чинь Алдарсайхан манай эхнэр Анхцэцэгийг алгадчихсан юм, тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч Алдарсайханыг мөргөөд унагачихсан гэж хэлж байсан. Ер нь бол энэ талаар Дашбямба гэж залуу ч хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 30/       

-Гэрч Г.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 04 сарын 10-ны орой хувийн ажлаар Замын-Үүд орсон тэгээд манай найз Алдарсайхан утсаар яриад би гэрийнхээ гадаа байж байна чи хүрээд ир би хүлээж байя гэж хэлсэн. Тэгээд би Алдарсайханы гэрийнх нь гадаа очоод Алдарсайхантай уулзаад бид 2 гадуур жоохон явж байгаад хоолны газар орж хоол идээд бид 2 тус тусдаа 4,4 пиво уусан. Тэгээд Дашка гээд Төрийн банкны эрхлэгч залууг дуудсан. Дашка ирээд бид 3 жоохон сууж байгаад Дашкагийн буудалд бид 3 ороод 302 тоот өрөөнд ороод бид хэд хэдэн пиво уугаад байж байтал Алдарсайхан тамхи гал яриад гараад явсан. Тэгээд орж ирэхдээ нэг залуу дагуулж орж ирсэн. Би тэр залууг танихгүй юм байна лээ. Тэгээд тэр залуу орон дээр суугаад Алдарсайхан нөгөө залууг дуудаад наашаа хажууд суу гээд суулгаад тамхи тат гээд тамхи өгсөн. Тэр залуу тамхи татаагүй бариад сууж байсан. Бид хэдийн орсон өрөөний хаалга нь гаднаас онгойдгүй дотроосоо онгойдог юм байсан, хаалга хүн тогшоод Алдарсайхан хаалга нээсэн тэгээд 3 хүүхэн орж ирсэн. Тэр нэг хүүхэн нь Алдарсайхан луу дайраад чи манай нөхрийг яагаад байгаа юм бэ гээд Алдарсайханыг алгадаад өшиглөөд байсан. Тэгээд нөгөө залуу Алдарсайханыг заамдаад мөргөсөн тэгсэн Алдарсайхан ар дагзаараа шалан дээр саваад унасан. Тэгээд Дашка нөгөө залууг тэвэрч аваад орон дээр дараад унасан. Тэгсэн тэр залуу Дашкаг  бас хазаад мөргөсөн байсан. Тэгээд буудлын жижүүр ирсэн би нөгөө хэдийг боль гээд салгасан мөн буудлын жижүүрийг эмч, цагдаа дууд гэсэн. Тэгээд нээх удаагүй цагдаа ирээд араас нь эмч ирээд эмнэлэг рүү аваад явсан. Алдарсайхан гал тамхи яриад гарсан тэгэхдээ л Алдарсайхан, Тулгантамир хоёр гадаа муудсан байх би энэ талаар сайн мэдээгүй гаднаас хүүхнүүд орж ирээд Тулгантамир гэх залуу гэнэт л тас гээд Алдарсайханыг мөргөөд унагасан. Тэр залуу Алдарсайханыг нүүрэн тус газар нь нэг удаа л мөргөсөн тэгээд Алдарсайхан ар дагзаараа шалан дээр савж унасан гэжээ. /хх-ийн 116-117/

-Гэрч Ю.Одончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2016 оны 04 сарын 10-ны өдөр би Эрээнээс Монгол руу орж Замын-Үүд суманд хонохоор болоод манай оюутаны найзтайгаа уулзаад мөн манай найз бас нэг найзаа дагуулаад ирээд бид хэд доороо Худалдаа хөгжлийн банктай буудалд ороод бид хэд хоёр, хоёр шил пиво уугаад сууж байсан чинь бид хэдийн орсон буудлын хажуу талын өрөөнөөс юм уу хаанаас ч юм нэг согтуу залуу өрөө андуурч орж ирээд дахин, дахин орж ирээд байсан. Тэр залуу дахин, дахин орж ирээд тамхи нэхээд, мөн гал байна уу гэж нэхээд мөн тэнд байсан хүмүүсээс хэрүүл өдөөд байсан юм. Тэр үед нь манай найз оюутаны ангийн найз Нараагийн нөхөр Тулгантамир зурагт үзээд сууж байгаад тэр согтуу залууг хэд хэдэн удаа өрөөнөөс гаргасан ба сүүлдээ бүр нөгөө залууг би өрөөнөөс гаргах гээд урд очиж хаагаад чи одоо яагаад байгаа юм танай өрөө чинь энэ биз дээ гэж хэлсэн чинь тэр залуу намайг бага зэрэг түлхэх шиг болсон чинь цаанаас Тулгантамир босож ирээд нөгөө залууг өрөөнөөс чирээд хоорондоо зууралдаад гарсан юм. Тэгээд нөгөө залууг өрөөнд нь оруулсан бололтой эргээд ороод ирсэн юм. Тэгээд гарцгаасан би өрөөндөө ганцаараа хоносон тэд нар гараад гэр, гэр лүүгээ явсан юм. Тухайн үед буудалд манай өрөөнд Тулгантамир эхнэр Нараа мөн найз нь гээд танихгүй эмэгтэй нөхөртэйгөө тэгээд би, бид 5 байсан юм. Туханй үед Тулгантамир өрөөнд орж ирж хэрүүл өдөөд гарахгүй байсан залуутай маргалдаж зодоон хийсэн юм байхгүй би тэрийг бол яг хараагүй гэхдээ нэг их удаагүй эргээд өрөөнд нь оруулчихлаа гээд ороод ирсэн тийм зодоон болох цаг хугацаа болоогүй юм гэжээ. /хх-ийн 119/    

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/

-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-17/

-Шинжээчийн 200 дугаартай дүгнэлт: 1.Н.Алдарсайханы биед гавал тархины хүнд гэмтэл, зүүн чамархай хэсгээс суурь яс руу чиглэсэн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн эдийн няцрал, хатуу хальсан дорх цус хуралт, зөөлөн бүрхүүл дорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсэн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. /хх-ийн 38/

-Шүүгдэгчйн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын шүүгдэгчийн ам бүл, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/

-Шүүгдэгч нь захиргааны зөрчил авагдаж байсан тухай мэдээлэл /хх-ийн 62-64/

-Хохирлын баримтууд /хх-ийн 71-101/

-Төрийн банкны юаний ханшийн лавлагаа /хх-ийн 120/

-Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 122-123/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Н.Тулгантамир нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цагийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах Хараа зочид буудлын 302 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Н.Алдарсайхантай маргалдан улмаар өөрийн эхнэр З.Анхцэцэгийг алгадлаа гэж өмөөрч Н.Алдарсайханы толгойн тус газар мөргөж, хохирогч ар дагзаараа буудлын өрөөний шалан дээр савж унасаны улмаас гавал тархины хүнд гэмтэл, зүүн чамархай хэсгээс суурь яс руу чиглэсэн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн эдийн няцрал, хатуу хальсан дорх цус хуралт, зөөлөн бүрхүүл дорх цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Алдарсайханы “...нэг мэдэхэд л миний зүүн талын гарнаас татаад нүүрний хэсэг рүү мөргөчихсөн, тухайн үед би толгойн ар дагз хэсгээрээ буудлын өрөөнд савж унасан юм. Үүнээс хойш би ухаангүй нэлээд удаж тархиндаа хагалгаа хийлгэсэн.” гэх мэдүүлэг, гэрч Б.Уранчимэгийн “...Алдарсайхан эргэж хараад Анхцэцэгт уурлаж түүнийг хацар хэсэг рүү нэг удаа алгадчихсан түүнийг нэлээд хүчтэй алгадсан юм. Тэгсэн чинь Тулгантамир Алдарсайханд чи манай эхнэрийг алгадлаа гэж эхнэрээ өмөөрөөд түүн рүү дайрч түүнийг мөргөх шиг болж Алдарсайхан ар дагз хэсгээрээ унасан, тэгээд л өрөөнд бужигнаж Дашбямба Тулгантамирыг хорьж салгасан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Цогтбаатарын “...Тэгээд нөгөө залуу Алдарсайханыг заамдаад мөргөсөн тэгсэн Алдарсайхан ар дагзаараа шалан дээр саваад унасан. Тэгээд Дашка нөгөө залууг тэвэрч аваад орон дээр дараад унасан.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Баясгалангийн “...Тулгантамираас юу болсон талаар асууж тодруулахад намайг өрөөндөө байж байхад Алдарсайхан манай өрөө рүү орж ирээд тамхи нэхээд байсан тэгээд намайг өрөө рүүгээ дагуулж ороод тамхи нэхэж маргалдсан тухайн үед миний араас манай эхнэр Анхцэцэг орж ирээд намайг өмөөрч Алдарсайханыг өшиглөсөн чинь Алдарсайхан манай эхнэр Анхцэцэгийг алгадчихсан юм, тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч Алдарсайханыг мөргөөд унагачихсан гэж хэлж байсан. Ер нь бол энэ талаар Дашбямба гэж залуу ч хэлж байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 200 дугаартай дүгнэлт, шинжээч П.Гаваасүрэнгийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт “Хохирогч Алдарсайханд учирсан хүнд гэмтэл нь газар толгойгоор савж унах үед үүсэх боломжтой, энэ хэргийн хувьд Алдарсайхан нь унахдаа толгойн ар дагзаараа шалан дээр унаснаас үүссэн гэж үзэж болно. Хатуу мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь хүний гар, төмөр, чулуугаар хийсэн хатуу биет, шал зэрэг хамаарна. Хохирогч Алдарсайханы гавал тархины MRI шинжилгээгээр түүний толгойнд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан болон шүүгдэгч нар нь шүүх хуралдаан дээр “....хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаан, хохирогч Алдарсайхантай мөргөлдсөн” гэх мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Иймд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Тулгантамирыг согтуурсан үедээ хэрэг үйлдсэн гэж ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн боловч энэ нь хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгчийн согтуурлын байдал тогтоогдоогүй тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Н.Тулгантамирт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж хохирлыг төлсөн /3.500.000 төгрөгийг/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, анх удаа хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн Тулгантамирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нэргүйн Тулгантамирыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаарр зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тулгантамирт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Тулгантамирт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                               Э.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                       Л.БАТЖАРГАЛ

                                                            Д.АДЪЯАСҮРЭН