Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00740

 

    “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 91 дүгээр магадлалтай,                                                                                                                       

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж д холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ж , хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: “Т ” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцыг 2011 онд компани байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан хариуцагч Ж.Бат-Эрдэнийг шагнаж эзэмшүүлсэн. Ингэхдээ 5 жилээс дээш ажилласан ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бөгөөд шагналын орон сууцнууд бүгд компанийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдэж, компаниас халагдах, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тохиолдолд орон сууцыг буцааж өгөх журамтай. Ж  нь Төлөвлөлт технологи бодлогын албаны геологи хайгуул, гидрогеологийн өрөмдлөгийн хэлтсийн ахлахаар ажиллаж байгаад 2015 оны 07 сарын 09-ний өдөр халагдсан. Учир нь Могул гэх компани манайд өрмийн ажил гүйцэтгүүлэхээр хандсаныг Ж  ажил албан тушаалаа ашиглан олж мэдээд Могул руу өөрийн найзын компанийн өрмийн ажил гүйцэтгэх үнийн санал, бусад мэдээллийг илгээснийг олж мэдсэн. Улмаар Ж тэй уулзахад гаргасан зөрчлөө хүлээж ажлаас халагдахад гомдолгүй гэсэн. Ингээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тэрээр шүүхэд хандан, ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Улсын дээд шүүх Ж.Бат-Эрдэнийн гаргасан зөрчил нь тогтоогдсон боловч тушаалд заасан ноцтой зөрчил биш гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2016 оны 06 сарын 10-ны өдөр Ж.Бат-Эрдэнийг дуудаж, хурал хийж, шүүхийн шийдвэрээр ажилдаа орох санал тавихад Ж  эс зөвшөөрч явсан. Тэр үеэс одоог хүртэл сураг чимээгүй болж компанитай харилцаагүй болсон боловч компанийн орон сууцанд амьдарсаар байна. Өмнө компани орон сууцаа буцаан авахаар Ж д хандсан боловч үр дүн гараагүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Бат-Эрдэнийг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот орон сууцнаас гаргаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Би 2007 оноос эхлэн “Т ” ХХК-д өрмийн туслах, 2009, 2011 онуудад ахлах инженерээр ажиллахдаа 5 жил сайн ажилласан гэж байраар шагнуулсан. Ажиллаж байх хугацаанд 2015 оны 07 сарын 09-ний өдөр намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Анх байраар шагнахдаа 5 жил ажиллавал байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Би 5 жил хангалттай ажилласан учраас байр авах нөхцөл нь бүрдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Улсын бүртгэлийн Ү-2205848726 дугаартай Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг “Т ” ХХК-д даалгаж өгнө үү. Би анх 2007 онд “Т ” ХХК-д ажилд орж, 2015 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Т ” ХХК-ийн шилдэг ажилтнаар шалгарч, 2011 оны 12 сарын 30-ны өдөр намайг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцаар шагнаж, батламж олгосон. Тухайн үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Дараа нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар захирлаасаа удаа дараа асуухад байж бай гээд өнөөдрийг хүрсэн. Гэтэл уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээрээ гаргасан. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. “Т ” ХХК өөрийн өмчлөлийн орон сууцыг Ж д бэлэглээгүй, худалдаагүй, үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар амлаж, нотариатаар орж гэрээ хийсэн баримтгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар шагнаж амлаж, нийтэд зарлаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Бат-Эрдэнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан болохоос биш байрны асуудлыг шүүх шийдээгүй. Байрыг худалдаж авах саналыг хүлээн авч, төлбөр хийхийг мэдэгдсэн боловч тодорхой хугацаанд үүрэг хүлээгээгүй, хүсэлтээ биелүүлээгүй тул орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдлийг Ж.Бат-Эрдэнийн эхнэр 2015 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авсан боловч гарын үсэг зураагүй. Ж  ажлаас халагдах үедээ эзэмшиж буй 3 өрөө байраа худалдан авах тухай санал удирдлагад гаргаж өгөөч гэж удаа дараа надад хүсэлт гаргаж байсан. Орон сууцны журам дээр 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтныг байраар шагнах шаардлагыг Ж  хангаагүй. Гэхдээ залуу ажилтны ажилд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Ж.Бат-Эрдэнийг байраар шагнасан. 2011 онд байраар шагнуулж, эзэмших эрх авсан ажилтныг 2012 онд гаргасан журам нь дээр мөн хамаарна гэж заагаад байраар эзэмших эрхээр шагнагдсан хүмүүс 60 буюу түүнээс дээш сараар тогтвор суурьшилтай ажиллана гэж заасан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилждэг. Гэтэл “Т ” ХХК болон Ж  нарын хооронд уг орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн хэлцэл байхгүй. Уг байрыг Ж д үнэ төлбөргүй, эзэмшүүлж ашиглуулж байсан нь “Т ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, байр ашиглаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, 2015 оны 08 сарын 25-ны өдрийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл, 2016 оны 06 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажилчиддаа орон сууц эзэмшүүлэх журам зэрэг баримтуудаар тогтоогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                              

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, гурван өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Ж.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, 3 өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь хариуцагч Ж  мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 442,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 91 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэхийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03173 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 91 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт: Нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Т ” ХХК шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмших, өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгохоор шүүхэд хандсан боловч шүүх өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ж.Бат-Эрдэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх үед нь компанийн өмчлөлийн орон сууцыг эзэмшүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан Батламж гэх баримтад орон сууц эзэмшүүлэхээр шагнасан байдаг. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар “Т ” ХХК үүргээ биелүүлсэн, шагнасан орон сууцаа хүлээлгэж өгсөн. 2011 оноос өнөөдрийг хүртэл Ж  уг орон сууцыг үнэ төлбөргүй эзэмшиж ашигласан. 2015 оны 07 сарын 09-нд ажлаас халагдсан. Ж.Бат-Эрдэнийн манай компанид ажиллаж байх хугацаандаа гаргасан шударга бус үйлдлээс болж бид олон сая төгрөгийн ажил гүйцэтгэж олох байсан орлогоороо хохирсон. Манай компаниар ажил гүйцэтгүүлэхээр ярилцаж байсан Могул компанийг Ж  урвуулан авч өөрийн найзын компанидаа ажлыг нь өгч энэ үйлдэл нь ил болох үед ажлаас гарсан. Бид ч хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр итгэл эвдсэн шударга биш хүнийг ажилд авах ёстой гэж шийдсэн. Харин одоо “Т ” ХХК үл хөдлөх хөрөнгөө өмчлүүлэх ёстой гэж шийдэж байгаа нь шударга бус байна. Манай компанид шударгаар ажлаа хийж гүйцэтгэж яваа олон хүмүүсийн орон сууц хүссэн өргөдөл хүний нөөцийн газарт ирсэн байдаг. Би өмчийн эзний хувьд хэнд эзэмшүүлэхээ шийдэх эрхтэй гэж үзэж байна. Энэ эрхийг минь хууль хангасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж эвлэрэн ажиллах боломжгүй итгэл эвдсэн хүнд өмч хөрөнгөө шилжүүлж өгөхийг даалгаж шийдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “орон сууц эзэмшүүлэх журмыг Ж д танилцуулаагүй шагнаснаас хойш гарсан журмаар орон сууцыг нь хурааж авах эрх үүсэхгүй” гэх зэргээр дүгнэсэн байна. Орон сууцаар шагнасан даруйдаа журам гаргаад хурааж авах тухай бид яриагүй. Ж  шагнуулсан байрандаа бараг 8 жил амьдарчихаад байна. Компанид ажиллахгүй байгаа хүнээс орон сууцаа авч өөр ажилтандаа эзэмшүүлье гэж компанийн удирдах зөвлөл шийдвэрлэсэн.

Хоёрдугаарт: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ “Т ” ХХК-ийг өмчлөх эрхтэй болохыг нотолж байгаа баримт юм. Иргэний хуулийн 109.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Өмчлөх эрхийг шилжүүлэх бол Иргэний хуулийн 110.1-д зааснаар зөвхөн хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно. Иргэний хуулийн 183.1-д зааснаар “Т ” ХХК нь 2013 оны 05 сарын 29-ний өдрөөс хойш маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа бөгөөд улсын бүртгэл үнэн зөв юм. Иргэний хуулийн 420.1-д заасан үндэслэл нь нийтэд зарласан байхыг мөн түүнчлэн тодорхой үйлдэл хийх үр дүн бий болгохыг шаардсан байна. Гэвч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх хэмжээний шагнал зарласан бус орон сууцыг эзэмших ашиглах эрхээр ажилтнуудаа шагнасан шагнал болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, компанийн ажилтанд орон сууц эзэмшүүлэх журам зэргээр тодорхой илэрхийлэгдэж байгаа юм. Харин нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохоор шаардах эрхтэй юм. Ж.Бат-Эрдэнийн хувьд эзэмшил үүссэн үндэслэл нь хууль зөрчөөгүй боловч одоо ажиллахгүй байгаа нөхцөл байдал болон өмчлөгч орон сууцыг чөлөөлөх санал тавьснаас хойш одоог хүртэл уг орон сууцанд амьдарсаар байгаа үйлдэл нь түүний эзэмшлийг бус болгож байгаа юм. “Т ” ХХК Ж д орон сууц эзэмшүүлэх болзол, журмыг тогтоосон бөгөөд буцаан шаардах эрх нь хуульд заасан журмаар олгогдсон гэж үзэж байна.

Гуравдугаарт: Шүүх хөндлөнгийн байх тухай ИХШХШ тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл нь шагналын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ж  миний нэр дээр шилжүүлэхийг даалгах гэсэн байхад шүүх “хариуцагчийн хүсэл зоригоос үзвэл шагнасан орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гэж үзлээ” хэмээн хэт нэг талыг барьж шүүх хөндлөнгийн байх, талууд эрх тэгш байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд хариуцагч Ж.Бат-Эрдэнийг компанийн зүгээс ажилд эгүүлэн авах тухай санал тавихад ажиллахаас татгалзаж “ажиллахгүй” гэж хэлээд явсан 2016 оны 06 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Ажилд орохыг дараа дахин шаардаж, компанитай зөвшилцөж байгаагүй, тийм баримт байхгүй юм. Ажиллаагүй атлаа “Т ” ХХК-ийн өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байгаа тул Иргэний хуулийн 106.1-д зааснаар Ж.Бат-Эрдэнийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Ж д холбогдуулан хууль бус эзэмшлээс өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчоос ажилтанд олгосон орон сууц нь маргааны зүйл болсон байх бөгөөд  зохигчдын хооронд 2007 оноос хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, мөн “Т ” ХХК-ийн ерөнхий захирал 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 380 дугаартай тушаал гарган нэр бүхий ажилчдыг орон сууцаар шагнасан, хариуцагч уг орон сууцанд амьдарч байгаа үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй, харин орон сууцны эзэмшил хууль ёсных мөн эсэх, хариуцагч орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн Ж  нь орон сууц эзэмших эрхээр шагнагдсан, ажилтан компаниас халагдсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцааж өгөх журамтай, орон сууц компанийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн, Ж  нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдсан” гэж тайлбарласан.

Хариуцагч нь “...Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасны дагуу компаниас 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Т ” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр болон 2011 оны шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ шалгарсан ажилтнуудаа шагнахдаа намайг орон сууцаар шагнасан, 2015 оны 7 сард захиргааны санаачилгаар ажлаас халагдсан боловч 2016 оны 5 сарын 10-ны өдрийн Дээд шүүхийн 489 дүгээр тогтоол, гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон, шагналын байрыг өмчлөх эрхтэй” гэжээ.

Ажил үйлсээрээ шалгарсан ажилтнуудыг шагнах тухай “Т ” ХХК-ийн  захирлын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар тушаалаар Ж д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Шинэ хотхоны 8 дугаар байрны 28 тоот 48.5 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгснөөр хариуцагч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа болох нь хэрэгт батламж, үзлэгийн тэмдэглэл, орон сууцны ашиглалтын зардал төлсөн тухай баримт, гэрч Г.Өнөрцэцэгийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байх тул хариуцагч Ж.Бат-Эрдэнийг маргааны зүйл болж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй этгээд биш гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь ... хариуцагч Ж , компанийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон учир орон сууц эзэмших журмын 4.4.1б-д зааснаар орон сууцыг хурааж авах эрх үүссэн, маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан” гэжээ.

“Т ” ХХК-ийн ерөнхий захирлын 2012 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 12/227 дугаар тушаалаар батлагдсан “Ажилтнуудад орон сууц эзэмшүүлэх тухай” журамд “...компаниас тухайн орон сууцыг эзэмшигч-ажилтны өмчлөлд шилжүүлэх шийдвэр гартал өмчлөгч нь компани байхаар зохицуулсан ба журмын 4.2.1-д ...120 сар, түүнээс дээш хугацаагаар ажилласан ажилтанд орон сууцны өмчлөлийг үнэгүй шилжүүлэх, 4.4-т гэрээг цуцлах нөхцөлд орон сууцыг хуанлийн 60 өдрийн дотор эргүүлэн авна” гэсэн байх бөгөөд энэ журам нь хариуцагчид шагнал олгосноос хойш батлагдсаныг түүнд танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Шагналын амлалтыг биелүүлснээс хойш батлагдсан уг журмыг хариуцагч Ж д танилцуулаагүй байхад уг журамд заасан нөхцөл бий болсон гэсэн үндэслэлээр орон сууц хураан авах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй, “Т ” ХХК нь шагналаар олгосон хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Т ” ХХК-ийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар тушаал, 2011 оны 12 сарын 30-ны  өдрийн “Батламж”-ийн агуулга нь “орон сууцаар шагнах” буюу хариу төлбөргүй шинжийг агуулсан, шагнагдах болзол нь “...ажил үйлсээрээ хамт олноо манлайлан идэвх зүтгэлтэй ажилласныг үнэлж” гэсэн байх бөгөөд өөр бусад нөхцөл, болзлыг заагаагүй тул Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар хариуцагчид өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Хоёр шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хуулийг буруу  хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03173 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 91 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгч “Т ” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 442,950.00 /дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН