Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 260

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******гийн нэхэмжлэлтэй ******* Завхан аймаг дахь ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие няравын ажил гүйцэтгэж байж байгаад 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар үүрэгт ажлаасаа халагдаж, өөрийн хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 04-р сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1,982,600 төгрөгийн нөхөн олговорыг олгож, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих дансанд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулсан.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн гомдлоор улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан магадлалыг хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн.

... Намайг шүүхийн шийдвэр биелүүлж байна гээд 2016 оны 12 сарын 03-ны өдөр дуудаж ажилд авсан тушаал гаргасан боловч албан ёсоор ажил хүлээлцүүлж өгөхгүй байсаар, мөн ажил хийлгэхгүй байсаар 2016 оны 01 сарын 22-ны өдөр дахиад үндэслэлгүй ажлаас минь халлаа. Халахдаа******* 2015 оны 12-р сарын 21-ний өдрийн 44 тоот акт, 100 тоот албан шаардлага, байгууллагын дотоод журмын 12-р зүйлийн 12.1.2-ийн 1, 6, Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэсэн байгаа нь огт үндэслэлгүй юм.

Тушаалын агуулга нь 2014 оны 12-р сарын 02-нд дутагдал гаргаж байсан учир ажлаас нь халсан боловч шүүхийн шийдвэрээр няравын ажилдаа буцаан томилогдсон. Гэвч 2015 оны 12 сарын 21-ний өдрийн Завхан аймгийн******* -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн дүгнэлтээр тус сургуулийн нярав Б.******* нь 2014-2015 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр 360.000 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа ашигласан, хариуцсан эд хөрөнгөөс 13,3 сая төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан нь тогтоогдсон гэж үндэслэлгүй зүйлээр намайг үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна.

Иймд -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хариуцагчаар гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг харуцагч байгууллагад даалгахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч -ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 06-р сарын 19-ний өдрийн 462 дугаар тогтоолын дагуу 2015 оны 11-р сарын 04-ний өдөр сургуулийн захиргаанд ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасны дагуу уг өргөдлийг хүлээн авч 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/54 тоот тушаалаар Б.******* няравын ажилдаа буцаж томилогдсон байсан.

Гэвч 2015.12.21-ний өдрийн Завхан аймгийн******* -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүн хийсэн дүгнэлтээр тус сургуулийн нярав Б.******* нь 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 360.000 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа ашигласан, мөн өөрийн хариуцсан эд хөрөнгөөс 13,3 сая төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан болох нь тогтоогдож, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл удаа дараа гаргасан тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5,******* 205.12.21-ний өдрийн 44 тоот акт, 100 тоот албан шаардлага, байгууллагын дотоод жарам-ын 12-р зүйлийн 12.1.2-ийн 1, 6, Хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.2.1 дэх заалтуудыг үндэслэн Б.*******г 2016.01-18-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн захирлын тушаал гарсан юм.

... Б.******* нь 2014 оны 12-р сарын 02-нд нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтлөөгүй, хөрөнгө бэлтгэхдээ төсөв, санхүүгийн холбогдох хууль тогтоомжийг зөрчин хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон ба 2013 онд байгууллагын ня-бо, няравын ажлын хариуцлага туйлын хангалтгүй байна гэж гарснаас харахад ажилдаа хайнга хандан зөрчилтэй ажиллаж байсан.

....******* 2015.12.21-ний өдрийн 44 тоот актаар ...ХБК-ийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар тогтоосон 360.000 төгрөгийг төлбөр болгосугай..., мөн тус газрын 100 тоот зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагад -ийн салбар Завхан аймаг дахь ХБК-ийн гүйцэтгэлийн аудитаар бэлэн мөнгөөр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, анхан шатны баримтын бүрдэл дутуу, материалын болон кассын тайланг гаргадаггүй, гаргасан тайлангууд алдаатай хэсэгчилсэн тооллогоор зарим эд хөрөнгүүд дутуу байсан зэрэг зөрчлүүд илэрлээ гэж дүгнээд шаардлагын 3-т Тооллогоор дутагдсан хөрөнгийг 2015.12.31-ний өдрөөр тасалбар болгон бүрэн бүрдүүлэх, дутаасан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажил зохион байгуулах гэж заасны дагуу байгууллагын захиргаанаас комисс гарган ажиллахад, аудитын газрын шалгалтаар нярав Б.*******тай холбоотой 31 нэр төрлийн 154 ширхэг эд хөрөнгө буюу нийт 13,3 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө дутагдсан нь илэрч, түүнээс жагсаалтаар шаардан авч төлүүлсэн болно. /бусдад өгсөн нь илэрч зарим нэг эд хөрөнгө өөрт нь байсан ба буцаан ашиглах боломжгүй эвдэрхий эд авчирч зургаар баталгаажуулан бусдаар тайлбар бичүүлэн хураан авсан ба үүнийгээ ч ******* хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан юм/

******* нь Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа зөрчин хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гарган 2014.10.07-ны өдрийн Б/54 тоот тушаалаар цалин бууруулах, няравын ажил үүргээ дахин хангалтгүй биелүүлж 2041.12.02-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөөлөөлөгдөж байсан.

Мөн нярав нь үндсэн ажлаа өөрөө гүйцэтгэхгүйгээр, нягтлан бодогч түүний ажлыг хавсран гүйцэтгэж байсан нь 2012, 2013 онд нотлогдож байсан бол 2014 онд мөн л энэ зөрчил давтагдаж, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн аудитаар татгалзсан дүгнэлт авахад хүргэсэн.

2013-2015 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар эд хариуцагч нь ажилдаа хариуцлагагүй хандсан тул эд хариуцагчийн ажлын байрыг өөрчлөх шаардагатай гэсэн дүгнэлт гарсан.

Иймд цаашид нярав болон эд хариуцагчаар үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байгаа ******* ямар үйл явдал болсон яагаад би ингээд хохироод яваад байгаа талаар тодорхой сайн мэдэхгүй байгаа учраас энэ талаар танилцуулж тайлбар өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна. 2013-2014 оны аудитын шалгалтыг би өөрөө хүсэлт гаргаж оруулсан юм. Яагаад энэ шалтгалтыг оруулах болсон юм бэ? гэхээр ******* захирлын увиагүй, ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа байдалтай нь эвлэрээд ажиллах боломжгүй байсан учраас шалгуулах хүсэлт гаргаж шалгалт оруулсан. Тэгэхэд тэр шалгалтаар надад нэг ч төгрөгийн зөрчил дутагдал гараагүй. Тэгээд тэр шалгалтын дараа би энэ хүнийг ******* шалгуулсан. ******* шалгуулахад төсөвт үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт гараад *******т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байсан. Ингэж шалгагдаж байх хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. 2014 оны 11 сарын 10-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гараад 2014 оны 11 сарын 27-нд надад ямар ч үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргаж сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулсан. Тэгээд байж байтал 2014 оны 12 сарын 02-нд намайг ажлаас үндэслэлгүй халсан. Би гэнэт ажлаасаа халагдсан учраас багш ажилчидтайгаа эд хөрөнгийнхөө талаар хэлж ярих ямар ч боломжгүй байсан. Байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэл, тоног төхөөрөмжийн бүртгэл зэрэг нь надад байсан учраас би 10 хүнтэй комисс гаргуулж эд хөрөнгөө хүлээлгэж өгсөн юм. Яагаад 10 хүнтэй комисс гаргуулсан юм бэ? гэхээр ******* гэдэг хүн ямар хүн бэ? гэдгийг мэдэж байгаа учраас надад дараа нь гарах эрсдэлээс хамгаалсан юм. Би 57 хүний эзэмшлийн картыг надаас ажил хүлээж авсан *******т хүлээлгэж өгсөн. Би 2014-2015 онд энэ байгууллагад ажиллаагүй. Шүүх хяналтын байгууллагаар явж байгаад шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод эргээд ажилдаа орсон юм. Намайг 2015 оны 11 сарын 27-ны өдөр ажилд авсан дүр эсгэж тушаал гаргасан. Намайг ажилд томилсон тушаал гаргасан хэрнээ надад ажил хүлээлгэж өгөөгүй. Тэгээд байж байтал 2015 оны 12 сарын 04-ны өдөр аудитын шалгалт хийх гэж байна гээд намайг ир гэж дуудсан. Тэгээд намайг очиж уулзахад чиний баримтуудыг шалгаж үзнэ гэсэн. Тэгэхээр нь би баримтуудаа аваад очсон. Тэгээд баримтуудаа өгөөд буцсан. 12 сарын 08-ны өдөр аудитын газраас намайг дахин дуудсан. Намайг очиход манай байгууллагын талаар шалгасан аудитын шалгалт бараг дуусах гэж байхад байгууллагаас чинь чам дээр эдгээр хөрөнгүүдийг дутаасан гэсэн жагсаалт ирсэн гэж хэлсэн. Тэгээд би хэнд хаана ямар эд хөрөнгө байгаа гэдгийг мэдэж байсан учраас би юм дуугараагүй. Тэр дутагдуулсан гээд байгаа эд хөрөнгө дотор нь 250000 төгрөгийн үнэтэй угаалгын машин гэж байгаа. Тэр угаалгын машин нь *******ийн өөрийнх нь холбогдолтой зүйл. Энэ угаалгын машиныг *******д хүлээлгэж өгсөн талаарх баримт огт байхгүй. 300000 төгрөгийн үнэтэй том төмөр ногоон сейф байсан. Тэр сейфийг ******* өөрөө гэдэг хүнд өгөөд машин дээр ачуулаад явсан гэдгийг би мэдэж байгаа учраас бардам хэлж байгаа юм. 420000 төгрөгийн үнэтэй бааз нь манай сургуульд 27 ширхэг байсан. Мөн төгөлдөр хуурыг дутагдуулсан гэсэн байгаа. 4 ханатай гэрээс том шахуу төгөлдөр хуурыг би сургуулиас гарахдаа аваад гарсан байна гэсэн. Энэ хөгжим нь актлагдсан. Бичиг баримт нь бүгд байж байгаа. Манай сургууль 16 ятгатай. Тэр 16 ятганы 6 ятгыг би гарахдаа аваад явчихсан юм гэсэн. Би тэр ятгануудыг аваад явчихвал энэ сургуулийн сургалт яаж явагдах юм бэ. Мөн зөөврийн компьютер, бааз хоёроо ч ялгахгүй. 57 эзэмшлийн карт хаана хэн дээр байгааг ч мэдэхгүй байгаа. Би ажлаа хүлээж авч хийгээгүй ч би ажилдаа ороод эдгээр эд хөрөнгө хаана хэн дээр байгааг бүгдийг нь тогтоож *******т хүлээлгэж өгсөн. Тэгэж хүлээлгэж өгөхдөө би гарын үсгийг нь зуруулж гэрэл зургийг нь авсан байгаа. Үүнийг зурагжуулаад баримтжуулаад өгсөн баримт нь хавтаст хэргийг 106-123 дугаар хуудсанд баримтууд нь байгаа. Намайг 81 хөнжил, гудас дутаасан гэсэн байгаа. Надад болоод манайд тийм их хөнжил гудасны хэрэгцээ шаардлага байхгүй. 360000 төгрөгийн төлбөрийг хувьдаа шамшигдуулсан гэж үзээд байгаа юм. Мөн дотуур байрны төлбөр болох 30000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Эдгээр мөнгөнүүд ямар учиртай юм бэ гэхээр Ховд аймгийн дуулаачийн ангийн оюутан манай сургуульд ирээд дотуур байрны төлбөрт 90000 төгрөг өгсөн. Шалгалт эхэлчихсэн чинь төлбөрөө гүйцээж хий гэж байна сургалтын албанд өгөх гэсэн чинь нягтлан байхгүй байна. Өнөөдөр яаралтай хий гэсэн учраас та тушаагаадахаач гээд надад 30000 төгрөг өгснийг би *******гаас дотуур байр, сургалтын төлбөр гээд банкинд тушаасан баримт нь хавтаст хэрэгт байгаа.

2016 оны 01 сарын 18-ны өдөр намайг ажлаас халсан тушаал гаргасан. Энэ хүн намайг өс хонзонгийн сэдлээр ингэж илт буруутгаж намайг одоог хүртэл хохироож байгаа. Би маш урт хугацаанд энэ доромжлол, гүжирдлэгийг тэсэн тэвчиж байгаа. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг нь шат шатны шүүхийн байгууллагаар тогтоогдож ажилдаа эргэж орсон. Ажилдаа эргэж ороод удалгүй ажлаасаа халагдсан. Шүүхийн байгууллага үнэнийг тогтоож өгнө гэж итгэсээр одоог хүртэл юу ч дуугараагүй тэсэн тэвчиж байна. Миний гүжирдүүлж, гүтгүүлж, доромжлуулж байгаа энэ байдал миний аав, ээж, үр хүүхэд, ханьд минь маш их нөлөөлж байгаа. Миний хань төрд олон хүний дунд ажилладаг хүн. Гэтэл энэ хүний эхнэр нь ажиллаж байсан байгууллагаасаа эд хөрөнгө идэж уусан, шамшигдуулсан гэж олон хүн ойлгож байгаа учраас бидэнд маш их хэцүү байдаг. Бидний нэр хүндэд маш их сэв сууж байгаа. 2016 оны 01 сарын 18-наас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 366 хоног ажилгүй байсан. Миний 1 өдрийн цалин 19826 төгрөг байдаг. 1 сарын цалин 454782 төгрөг байдаг. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалинд 7256316 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажлыг 2016 оны 11-р сарын 15-нд авсан. Түүнээс өмнөх асуудлыг би мэдэхгүй. *******тай холбоотой материалтай танилцсан. Сая ******* энэ асуудлынхаа талаар тодорхой тайлбарлалаа. Тухайн үеийн ажил олгогч, ажилтан 2-ын хоорондын ёс суртахуун зан харилцаа нь албан ёсны харилцаа биш амин хувийн харилцаа нь даамжирсан зүйл харагдаж байна. Миний тухайд одоо ажиллаж байгаа ******* ч бай ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч ******* нартай ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зүйл байхгүй. ******* нь нэгэнт хуулийн байгууллагад хандсан байгаа учраас энэ асуудлыг хууль дүрмийнхээ дагуу хэрхэн шийдвэрлэдэг, тэр журмынх дагуу л шийдвэрлүүлье. Тэгээд гарсан шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж нь Б.*******г шүүхийн шийдвэрээр 2015 оны 11-р сарын 27-ны өдөр няравын ажилд буцаан авсан гэх бөгөөд энэ талаарх тушаал шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нэхэмжлэгч 2015 оны 11-р сарын 27-ны өдрөөс эхлэн няравын ажил үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

Хариуцагч байгууллага нь Б.*******г 2015 оны 11-р сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн авсан боловч -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 360000 төгрөгийг байгууллагад тушаалгүй хувьдаа авч ашигласан, хариуцсан эд хөрөнгөөсөө 13,3 сая төгрөгийн эд хөрөнгө дутагдуулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Аудитийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44 тоот акт, 100 тоот албан шаардлага, байгууллагын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1.2-ийн 1, 6, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтуудыг үндэслэн Б.*******г няравын ажлаас чөлөөлсөн байна.

Б.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага Н.*******г ажлаас чөлөөлөхдөө сургалтын төлбөр 360000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэсэн байгаа боловч талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь Н.******* нь аас 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 360000 төгрөг, өөс 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бэлнээр 30000 төгрөг хүлээж авсан нь хэргийн 2 дугаар хавтасны 80 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, мөн 79 дүгээр хуудсанд авагдсан мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна.

Н.******* дээрх мөнгийг буюу нийт 390000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус сургуулийн дугаартай дансанд шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд түүний энэ тайлбар хэргийн 1 дүгээр хавтасны 113 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллага Н.*******гийн шилжүүлсэн 390000 төгрөгийг өөр гүйлгээ байсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас Н.*******гийн тайлбарыг шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Н.*******г ажлаас чөлөөлөх үндэслэл болсон сургалтын төлбөр 360000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэх байдал нь нэхэмжлэгчийн тайлбар, дугаартай дансанд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийгдсэн гүйлгээгээр үгүйсгэгдэж байна.

Мөн Н.*******г хариуцсан эд хөрөнгөөсөө 13.3 сая төгрөгийн эд хөрөнгийг дутагдуулсан ажил олгогчийн итгэлийг алдсан гэж байгаа боловч Н.*******гийн дутагдуулсан гэх хөрөнгүүд нь тухайн байгууллагын ажилтан албан хаагч нарт бүртгэлээр шилжүүлэн өгч ашиглуулж байсан нь хэрэгт авагдсан мэдээллээр дутаасан хөрөнгийг хэсэгчлэн тоолсон тооллогын жагсаалт, -ийн салбар Завхан аймаг дахь ХБК-ийн няравын ажил хүлээлцсэн хурлын протокол, тоног төхөөрөмж эзэмшиж буй багш ажилчдын карт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг эд хөрөнгө дутагдуулж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэхгүй.

Зөрчлийг илрүүлсэн гэх Завхан аймгийн******* 2015 оны 12-р сарын 21-ний өдөр -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 2013-2015 оны үйл ажиллагааны үр дүн-д хийсэн шалгалтын дүгнэлтийн агуулгаас харахад тус коллежийн 2013-2015 оны үйл ажиллагаа үр нөлөөтэй явуулах санхүү, хөрөнгийн нөөцөөр хангагдсан эсэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тодорхой тусгагдсан зорилт, хөтөлбөр байгаа эсэхэд тулгуурлан гарсан, тус сургуулийн захирал, нягтлан бодогч нарын хамтын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дүнгийн талаар дүгнэж, илтгэсэн байх ба уг дүгнэлтээр тус сургуулийн нярав Б.******* нь хэдийд, санхүүгийн болон эд хөрөнгийн ямар зөрчил гаргасныг тодорхой дүгнээгүй учир нярав Б.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ...мөнгө болон эд хөрөнгө хариуцсан этгээд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тогтоож илрүүлээгүй байна.

Аудитын газрын дүгнэлт нь ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч байгууллагаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

Б.*******гийн дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,196,842 төгрөгийн цалин авсан нь түүний 000285417 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /10 дугаар сарын цалин 371030+11 дүгээр сарын цалин 371030 + 12 дугаар сарын цалин 454782 = 1196842 сүүлийн 3 сарын цалин, 1196842: 3=398947 /сарын дундаж цалин/, 98947: 21,5=18555 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр 18-наас 2017 оны 05 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 337 хоногийн хугацааны цалинг тооцоход нийт 6,253,035 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 6,253,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 114999 төгрөг= нийт 185199 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт гийн *******г Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежоос Б.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны олговор 6,253,035 /зургаан сая хоёр зуун тавин гурван мянга гучин таван төгрөг/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Дээрх олговол зохих 6,253,035 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгал шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг -ийн салбар Завхан аймаг дахь ******* үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох -ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 185,199 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ