| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0400/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/518 |
| Огноо | 2021-09-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/518
2021 09 29 2021/ШЦТ/518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Н-ад холбогдох эрүүгийн 21100 0544 0244 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Н- /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла хотхоны 1201 дүгээр байрны гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Б-ы толгойг ясаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүй байхгүй. Надад гэм буруу болоод хэргийн үйл баримтад маргах зүйл байхгүй, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 21100 0544 0244 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ы хохирогчоор өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манай найз Түмэн-Өлзий 23 цагийн үед ганцаараа, эрүүл ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад би 0.75 литрийн савлагаатай нэг шил виски задалж, түүнд хундагалж өгсөн.
Харин би өөрөө уугаагүй юм. Үүрийн 03 цагийн үед Түмэн-Өлзийг “найз охин нь дуудаад байна” гээд бид хоёр манайхаас гараад, такси барьж Хан-Уул дүүргийн Вива сити хорооллын эсрэг талд буюу замын урд байх нэг хотхонд очсон. Тэгэхэд Түмэн-Өлзийгийн найз охин гэх эмэгтэй, өөр залуугийн хамт гарч ирснээ Түмэн-Өлзийтэй маргалдаад байсан.
Удалгүй тэр хоёр эвлэрээд байж байхад нөгөө залуу утсаар хүмүүсийг дуудаад байсан. Тэгэхэд бас өөр хоёр залуу гарч ирсэн бөгөөд нэг нь насанд хүрээгүй дунд ангийн хүүхэд бололтой байсан.
Би Түмэн-Өлзийг “явъя” гэхэд түүний найз охин мөн “явъя” гэтэл нөгөө хүмүүс нь явуулахгүй байсан. Тэгж байхад нөгөө сүүлд гарч ирсэн залуус бидэн рүү дайраад “ясаар шаалгах уу” гээд байсан ба нөгөө насанд хүрээгүй хүүхдийн гарт яс байсан.
Намайг цохих гээд далайгаад байсан, ингэхэд нөгөө гурван залуугийн түрүүлж ирсэн нь салгасан юм. Төд удалгүй өөр нэг нь гартаа яс барьчихсан намайг хөөхөөр нь би зугтаасан.
Бид хоёр зууралдаад түүнийг болиулах гэж байхад өмнөх залуу ирж мөн салгасан. Ингээд намайг салгасан болон насанд хүрээгүй хоёртой юм яриад зогсож байхад нэг нь миний араас шууд толгой руу цохичихсон. Миний толгойноос цус гараад би эргэж харахад нөгөө намайг цохих гээд байсан залуу гартаа яс барьчихсан зогсож байсан. Би түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй байхаар нь би өөрөө такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан.
...Надтай Э.Н холбогдож бид хоёр учраа олсон. Тэрээр надад 300.000 төгрөг өгөхөөр болсон ба би дансаа өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 08х, 10х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Гантуяагийн гэрчээр өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Гончигжав, Цэнджаргал нарын хамт найз Анударийн гэрт очсон. Тэгээд байж байхад над руу манай найз Хоролсүрэн залгаад бид нарыг гэртээ урьсан. Бид дөрөв Хоролсүрэнгийн гэрт 23 цаг өнгөрч байхад очиход түүний нөхөр Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр гээд зүс үл таних 1 эмэгтэй, 5 эрэгтэй хүн, мөн Пүрэвсүрэнгийн дүү гээд нэг банди байж байсан юм.
Биднийг очиход тэд халамцуу байсан. Ингээд бүгдээрээ хөзөр тоглонгоо 0.75 литрийн 1 шил Эдэн архийг хувааж уусан. Тэгээд байж байхад Цэнджаргал надад “манай найз залуу ирчихлээ, хоёулаа гараад ирье” гэхээр нь “за” гээд бид хоёр гарсан.
Тэгэхэд гадаа хоёр зүс үл таних 2 залуу байхаар нь бид хоёр гараад хэсэг юм яриад зогсож байгаад “орох уу” гэхэд найз залуу нь оруулахгүй байсан юм. Ингээд зогсож байхад Гончигжав, Анударь нар явлаа гээд гараад ирсэн ба тэр хоёртой хамт Пүрэвсүрэнгийн дүү Нямбар, мөн найз нь гэх Төгөлдөр нар хамт гарч ирсэн.
...Тэгэхэд Н гэх залуу бууж ирсэн ээ Цэнджаргалын найз залуу, найз Нямбаяр, Төгөлдөр нартай маргалдаад байхаар нь орцонд байж байгаад ...явлаа гээд автобусны буудал руу явж байхад араас Цэнджаргалын найз залуу Түмэн-Өлзийтэй хамт ирсэн залуу “толгойг минь хагалчихлаа” гээд ирсэн.
Тэгээд надаас түрүүлээд таксинд суугаад явсан юм. Намайг байхад хоорондоо зодолдоогүй, бие бие нээ заамдалцаж аваад байсан. Н гэх залуу Түмэн-Өлзий, Баярсайхан нар луу дайраад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнгөнчимэгийн гэрчээр өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны 20 цагийн үед найз залуу Дончидийн хамт найз Пүрэвсүрэнгийн гэрт очсон. Тухайн өдөр Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр байсан бөгөөд бид хоёрын араас найз Н, Төгөлдөр, Загдсүрэн, Содоо нар ирсэн. Ингээд бид нар 2.5 литрийн пиво барагцаагаар 4 ширхгийг уусан.
Тэгээд байж байхад Пүрэвсүрэнгийн эхнэр Хоролсүрэнгийн найзууд гэх 4 эмэгтэй шөнийн 00 цагийн үед ирсэн юм. Бид нар хоорондоо танилцаад 0.75 литрийн архи 2 ширхгийг хувааж уусан. Тэгэхэд шөнө 04 цагийн үед Жаргал, Гантуяа нар “хүн ирж авна” гээд гараад явсан. Үүнээс хойш 1 цагийн дараа Анударь, нөгөө охины хамт явлаа гэхээр нь гаргаж өгье гээд би хамт гарсан юм. Үүнээс 10 минутын дараа Төгөлдөр залгаад Нтай яръя гээд байсан ба Н ярьчихаад гэрээс гараад явсан.
Тэгэхэд Гантуяа Пүрэвсүрэн лүү яриад “найзуудаа аваач ээ” гэхээр нь би ганцаараа гараад очсон. Тэгэхэд Жаргал, Гантуяа нар 2 залуутай хамт, Нямбаяр, Төгөлдөр, Н нар тэднээс зайдуухан зогсож байсан. Энэ үед Жаргалын найз залуу манай гурав луу “бацаанууд минь аятайхан байгаарай” гээд байсан ба Нямбаяр, Н хоёр нэг рүү нь дайраад байсан. Тэгснээ нөгөө залуу гараараа толгойгоо дараад “намайг цохичихлоо” гэсэн. Ингээд салаад явцгаасан ба бид гэртээ ирэхэд Н “би тэр залууг цохичихсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Төгөлдөрийн гэрчээр өгсөн:
“...Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны 22 цагийн үед найз Цэдэнсодном, Н нарын хамт найз Пүрэвсүрэнгийн гэрт очсон. Тухайн өдөр Пүрэвсүрэнгийн төрсөн өдөр байсан бөгөөд бид нарыг очиход Пүрэвсүрэн, түүний эхнэр Хоролсүрэн, дүү Нямбаяр, найз Дончид, түүний эхнэр Мөнгөнчимэг нар байсан. Мөн араас найз Мажигжамаа, Загдсүрэн нар ирэн. Ингээд бид нар 2.5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд байж байхад Хоролсүрэнгийн найзууд гэх 4 эмэгтэй шөнийн 00 цагийн үед ирсэн. Бид нар хоорондоо танилцаад 0.75 литрийн архи 3 шил, 2.5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд байж байхад Жаргал, Гантуяа нар явлаа гээд гэрээс гараад явсан ба үүнээс хойш цагийн дараа Анударь, Гончигоо нар явлаа гэхээр нь би хамт гарч гаргаж өгсөн юм. Ингээд бид гурвыг гадаа гарахад Жаргал, Гантуяа нар яваагүй, орцны гадаа 2 залуутай уулзаад зогсож байсан. Тэгэхэд Гантуяа гэрт орох гэхэд нөгөө залуусын нэг нь “бацаануудтай хамт орох гээд байгаа юм уу” гээд байсан. Энэ үед Анударь, Гончигоо нар явчихсан байсан юм. Би тэгэхээр нь утсаар Ныг дуудаад, хэсэг хугацааны дараа Н гарч ирсэн. Тэгэхэд нөгөө махлах залуу Н бид хоёр луу дайраад үгээр идээд байсан. Бидний араас Пүрэвсүрэнгийн дүү Нямбаяр гарч ирсэн. Энэ үед Нямбар, Н, тэр махлаг залуу нар хоорондоо маргалдаад байсан ба нэг харахад Нямбаяр гартаа булуу яс барьчихсан, цохих гээд далайгаад байсан. Нэг мэдсэн чинь нөгөө махлаг залуутай хамт явж байсан өндөр залуу “миний толгойг хагалчихлаа” гээд гүйгээд явчихаар нь араас нь гүйж очоод уулзахад толгойноос цус гарч байсан ба тэрээр явлаа гээд таксинд суугаад явсан. Тэгээд Н, Мөнгөнчимэг, Нямбаяр бид дөрөв гэрт ороход Н “би тэр залууг цохичихсон юмаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2309 дугаартай:
1.2. М.Б-ы биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/,
6. Хохирогч М.Б-ы эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 04х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Нын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би тэр залуугийн толгой руу чөмөгний ясаар нэг удаа цохиж, гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-45х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Эрдэнэболдын мэдүүлэг /хэргийн 29х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 48х/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 49х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд Вилла хотхоны 1201 дүгээр байрны гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар толгой руу нь чөмөгний ясаар цохиж зодон, түүний биед “...зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч М.Б- /хэргийн 08х, 10х/, гэрч Б.Гантуяа /хэргийн 20х/, гэрч Б.Мөнгөнчимэг /хэргийн 22х/, гэрч Г.Төгөлдөр /хэргийн 24х/ нарын мэдүүлэг,
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2309 дугаартай:
1.2. М.Б-ы биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/,
- хохирогч М.Б-ы эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 04х/ болон шүүгдэгч Э.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 44-45х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч М.Б-ы биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Н нь түүний толгойн тус газарт чөмөгний ясаар цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Э.Нын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоосон байна.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч Э.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээдэд уг хууль хамаарна гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээг,
- мөн хуулийн 4 дүгээр зүйлд “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ, ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн нөхцөл шаардлагыг тус тус тогтоож тодорхойлсноос гадна
- “Зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1,6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж,
- “Хууль хэрэглэх журам” тогтоосон мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “энэ хуулийн 5.1-д заасны дагуу ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э.Нын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд ялаас өршөөн хасах, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайлан зааж зохицуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6, 7, 9 дүгээр зүйлүүдэд тухайлан заасан гэмт хэргийн төрөл, зүйлд хамаарахгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч М.Б-д 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь ”гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн баримттай /хэргийн 10х, 52х/ байх тул эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 07 сарын 02-ны өдрийн/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт Э.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Наас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Над холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон Э.Н нь хохирогч М.Б-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.
4. Энэ хэрэгт Э.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД