Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00136

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1955 онд төрсөн, эмэгтэй, 62 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, Төвийн 04 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг Их-Уул овогт Дондогсүрэнгийн Мягмарсүрэнгийн /РД:ЕС55031607, утас:91214404, 94929277/ хүсэлттэй

 

Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарын эхийг Дондогсүрэнгийн Мягмарсүрэн мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарын эх мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэдээ: Хүүхдүүдийн маань төрсний гэрчилгээн дээр эхийн нэр гэсэн дээр Дондогсүрэнгийн Мягмар гэж бичигдсэн байна. Уг нь миний нэр Д.Мягмарсүрэн юм. Би олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэдгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч нэр буруу бичигдсэнээс болж зөрчил үүссэн учир Баттөмөрийн Жаргал, Баттөмөрийн Мөнхжаргал, Баттөмөрийн Батжаргал, Баттөмөрийн Жаргалсайхан нарын эх нь намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мягмарсүрэн бол миний эхнэр, бидний дундаас 5 хүүхэд төрсөн. Манай хүн 2005 онд олон хүүхэд төрүүлсэн гэдгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Одоо бол 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт шилжсэн. Гэтэл ноднин Нийгмийн даатгалын газарт шалгалт ирээд хүүхдүүдийн төрсний гэрчилгээн дээр эхийн нэрийг Мягмар гэж бичсэн байна. Мягмар гэдэг хүний хүүхдүүдийг Мягмарсүрэн өргөж аваад тэтгэвэр тогтоолгосон юм биш биз дээ гээд үүнийг шүүхээр тогтоолгож ир, тэгэхгүй бол тэтгэврийг зогсооно гэсэн. Уг нь бол манай хүний нэрийг Мягмарсүрэн гэдэг юм. Хүүхдүүдээ төрөхөд би очиж гэрчилгээг нь авдаг байсан, жоохон газар, Мийгаа гээд сурчихсан болохоор Мягмар гээд бичсэн юм шиг байгаан. Тийм учраас шүүхэд хандаж Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарын 4 хүүхдийнхээ эх мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарын эхийг Дондогсүрэнгийн Мягмарсүрэн мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарын төрсний гэрчилгээнд эх Д.Мягмарсүрэнгийн нэрийг Д.Мягмар гэж буруу бичсэний улмаас түүний өндөр насны тэтгэвэр авах эрхийг зогсоох шаардлага үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь шүүхэд хандаж хүүхдүүдийнхээ эх мөн болохыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн нь Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарыг төрүүлсэн эх нь мөн болох нь Д.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, 0000220249-64 дугаартай ургийн овог, эцгийн нэр өөрчилсөн гэрчилгээ, Б.Жаргал, Б.Мөнхжаргал, Б.Жаргалсайхан, Б.Батжаргал нарын төрсний гэрчилгээ, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45/007045 дугаартай Б.Мөнхжаргалын төрсний бүртгэлийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00/000065 дугаартай Д.Мягмарсүрэнгийн Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр нэр өөрчилсөн тухай лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 149 дугаартай Иргэний ургийн овог, эцгийн нэр өөрчлөх тухай захирамж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газарт 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Д.Мягмарсүрэнгийн хүсэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12954 дугаартай Ж.Мягмарсүрэнгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний баримтын архиваас олгосон 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1003 дугаартай лавлагаа, Д.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Б.Жаргалсайхан, Б.Жаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5395 дугаартай Д.Мягмарсүрэн нь Б.Жаргалсайхан, Б.Батжаргал, Б.Мөнхжаргал нарын биологийн эх байх боломжтой, 99,99%-ийн магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн ДНХ-ийн шинжилгээний үр дүн гэсэн хавсралт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаартай Ш.Баттөмөр, Д.Мягмар нарт гэрлэлтийн баталгаа олгосон архивын магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхээс Б.Жаргалын биологийн эх нь Д.Мягмарсүрэн мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Б.Жаргал нь өөр орон нутагт оршин суудаг шалтгаанаар шинжилгээнд хамрагдаж чадаагүй байна.

 

Гэхдээ шүүх түүнийг гэрчээр асуусан бөгөөд уг мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнээд Б.Жаргалыг төрүүлсэн эх нь Д.Мягмарсүрэн мөн гэж үзсэн болно.

 

Иймд Б.Жаргал, Б.Жаргалсайхан, Б.Мөнхжаргал, Б.Батжаргал нарыг төрүүлсэн эх нь Их-Уул овогт Дондогсүрэнгийн Мягмарсүрэн мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Их-Уул овогт Дондогсүрэнгийн Мягмарсүрэнг 1981 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Баттөмөрийн Жаргал,1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн Баттөмөрийн Батжаргал, 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Баттөмөрийн Мөнхжаргал, 1970 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Баттөмөрийн Жаргалсайхан нарын эх мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ