Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 69

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Л.Баатар, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,  

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,    

Улсын яллагч М.Амарзаяа,   

            Иргэдийн төлөөлөгч Ж.Гантөмөр,    

            Хохирогч Д.Мягмардорж,

Шүүгдэгч Н.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Мягмарсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 0890 тоот эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.         

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл Цагааннуур суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 38-1 тоотод оршин суудаг, “Бэйст буйдан” ХХК-д мужаанаар ажилладаг, улсаас авсан ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Нувааны Мягмарсүрэн РД:РЦ89082970,     

 

Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Мягмардоржийг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн толгойн тус газарт нь пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж бие махбодид нь “тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан,

-давтан үйлдлээр 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке баарны гадаа Б.Цолмонг ямар нэгэн шалтгаангүйгээр “нүүрэн тус газарт нь цохиж” тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнгөц шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :         

- хохирогч Д.Мягмардоржийн:...2016 оны 3 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байхад найз Атарсайхан утасдаад “Толгойтын “Нандин дурсамж” бааранд хүрээд ирээ, машин бариад өгөөч” гэж хэлсэн. Би 22 цаг 25 минутын үед бааранд очсон. Бааранд нилээн сууж байгаад дахин тамхи татах гээд гарчихаад эргээд ороод ирсэн чинь яг баарны 2 давхрын үүдэнд шар малгайтай цэнхэр жинсэн өмд, бор цамцтай, гарандаа Нийслэл гэсэн пиво барьсан залуу надаас гал асуухаар нь би юм дуугаралгүй цаашаа эргээд ортол хажуугаар зөрөхдөө намайг хөөе гээд дуудахаар нь эргээд харсан чинь намайг шууд гараараа ам руу цохиод авсан, тэр үед нь би биеэ хамгаалахаар тэр залууг эргүүлээд гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан чинь тэр залуу эргүүлээд гартаа барьж байсан пивоны шилээр миний толгой руу цохиод шидсэн. Миний доод уруулын завж нь дотор талдаа сэтрээд цус гараад бүр өөх нь гарчихсан байсан. Тархи ар хэсэгтээ, зүүн талдаа хавдартай, мөн миний нуруу нил өвчин болсон байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад учруулсан гэмтлийг Мягмарсүрэн баарны 2 дугаар давхрын үүдэнд надтай таарч гал асууж эргэж харах үед цохиж намайг зодсоноос болж үүссэн гэмтлүүд юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- хохирогч Б.Цолмонгийн:...би тухайн өдөр найзуудынхаа хамт цэргийн баяр тэмдэглээд “Нандин дурсамж” бааранд 22 цагийн үед орж суусан. Манай найз Мягмардоржийг нэг хүн шилээр цохичихсон гэж манай найзын эхнэр хэлэхээр нь би цохисон гэх хүн нь хаана байна гэсэн чинь гадагшаа гараад явж байна гэхээр нь араас нь гүйж гараад найзын эхнэрийн “тэр байна” гэж заасан залууг бариад автал миний нүүрэн тус газар луу шууд мөргөсөн. Энэ хооронд хэсэг манараад байж байтал тойроод зогсож байсан залуусаас нэг нь миний толгой руу цохиод авсан. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирэхээр нь намайг мөргөдөг залууг бариад цагдаа дээр очсон. Цагдаа юу болсон юм бэ гэхэд “энэ залуу манай найзыг цохичихоод дахиад намайг цохичихлоо” гэхэд наад залуугаа аваад машинд суу гэж хэлсэн. Машин руу түлхээд оруултал миний гарнаас хазахаар нь буулгаж байгаад би өөрөө эхэлж орж цаана нь суугаад тэр залууг татаж суулгаад машины хаалга хаагдах үед миний хамар луу хүчтэй цохисон. Миний хамрын яс хугарсан, гарын хуруу шалбарсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Мягмарсүрэн гэх баарны гадаа барьж авсан залуу нүүр рүү мөргөж, дараа нь машинд суулгах гэхэд хазаж, дараа нь машин дотор хамар луу гараараа нэг удаа цохисноос болж учирсан гэмтэл юм. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мягмарсүрэн эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг төлсөн...гэх мэдүүлэг /20-р хуудас/,

- гэрч Г.Бат-Эрдэний:...”Нандин дурсамж” бааранд нэг их удаагүй, 2 аян дээр бүжиглээд тарах болсон. Тэгээд Зоригоо тооцоо хийгээд гарах гэж явсан чинь гадаа зодоон болоод байна гэхээр нь хартал найз Цолмонгийн амнаас нь цус гарчихсан, хувцас нь нил цус болчихсон байсан...намайг мөргөсөн гэж хэлээд нэг шар залууг барьчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- гэрч О.Зоригтбаатарын:...гартал үүдэн дээр Цолмон /Мягмардоржтой 2 давхарт шатан дээр маргаад барьцалдаад авсан байсан/ нэг залуутай маргалдаад, бариад авчихсан, хамарнаас нь цус гарчихсан байсан. Энэ үед цагдаа нар машинтай ирсэн. Цагдаагийн машинд суулгаад аваад явах гэж байтал цагдаагийн машинаас Цолмон орилоод гараад ирсэн. Бест буйданд ажилладаг залууг миний хамар луу мөргөчихлөө гэж хэлээд гараад ирсэн чинь хамар нь тахийчихсан, хамарнаас нь цус гараад тогтохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

- гэрч Б.Оргодолын:...оройн 23 цаг өнгөрч байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр маршрутаа тойроод явж байгаад “Нандин дурсамж” баарны гадаа очиход хэсэг хүмүүс ноцолдоод байсан ба машинаас бууж очиж шалгахад Цолмон гэгчийг намхан нуруутай шар царайтай залуу цохисон гэж мэдүүлсэн ба нөгөө залууг нь очиж шалгах гэтэл шууд зугтаасан, араас нь хөөж барьж аваад шалгатал Мягмарсүрэн гэж өөрийгөө танилцуулсан залуу нилээн согтуу, согтолтын зэрэг өндөр байсан тул машинд суулгаад мөн зодуулсан гэх Цолмонг машинд суулгасан ба тэр үед Цолмон нь машинд суухгүй араас чинь дагаад явна гэж хэлсэн. Тэгэхээр нь хоёуланг чинь авч явах ёстой юм аа, та гомдол саналтай бол цагдаагийн хэлтэст өргөдлөө өг гэж хэлээд машинд суулгасан чинь цагдаагийн машин дотор Цолмон нь “чи намайг зоддог хэн бэ” гэхэд нөгөө Мягмарсүрэн гэдэг залуу хамар луу нь нэг удаа гараар цохиод хамрыг нь чихээд хаячихсан. Мягмарсүрэн гэх залууг сэлбэ 20 буюу түр саатуулах байранд авчирч эрүүлжүүлж, Цолмон гээд зодуулсан залууг эмнэлэг рүү явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

- гэрч Э.Нандин-Эрдэний:...”Нандин дурсамж” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Бэйст буйдан компаний 100 гаруй ажилчид 2 дугаар давхарт хүлээн авалт хийгээд үйл ажиллагаа дуусаад эхнээсээ хүмүүс явсаар 10 орчим хүн байсан. Бэйст буйдангийн нэг залуу үүдэнд шатны тэнд нэг туранхай залуутай муудаад хоорондоо юм ярьж зогсож байгаад нөгөө Бэйстийн залуу гартаа барьж байсан пивоны шилээрээ толгой хэсэг рүү нь цохисон. Нөгөө залуугийнх нь хамраас цус гараад эхлэхээр нь би тэр залууг салгаад 00 руу оруулаад, Бэйстийн залууг гадагшаа гарах үүд рүү гаргасан чинь нөгөө шилээр цохиулсан залуу эргэж найзууд дээрээ очоод бөөнөөрөө араас нь гарсан. Би хамт гартал гадаа хоорондоо зодолдох гээд бөөн юм болсон. Тэр үед эргүүлийн машинтай цагдаа ирээд тэр хэдийг салгаад аваад явсан ба цагдаагийн машин дотор нь нэг нь хамраасаа цус гаргасан, хамраа чихүүлчихлээ гээд орилоод байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3957 дугаартай шинжээчийн:...Б.Цолмонгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнгөц шар гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3959 дугаартай шинжээчийн:...Д.Мягмардоржийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,  

- камерийн бичлэгт үзлэг хийсэн:...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нандин дурсамж” караоке баарны 2 давхрын 23 цаг 47 минутаас эхлэн бичсэн бичлэг байх ба уг асуудал баарны 2 давхрын үүдний орчимд хар бараан өнгийн хувцастай хөх өнгийн малгайтай цамцтай цамцныхаа ханцуйг тохой хэсэг хүртлээ нугалж шуусан 25-30 орчим насны эрэгтэй орж ирэх ба түүний харалдаа цаад талд хар өнгийн цамцтай бараан өнгийн өмдтэй 25-30 орчим насны халимаг үстэй эрэгтэй зогсох ба түүний өөдөөс нь цааш харсан байрлалтай хар өнгийн богино хүрэм өмссөн эрэгтэй зогсох ба цаанаас наашаа эрэгтэй гэнэт баруун гараараа хар өнгийн хүрэм өмссөн эрэгтэйгийн толгой хэсэг рүү нэг удаа цохих хөдөлгөөн хийх үед дотуураа цагаан өнгийн подволк өмссөн хар өнгийн богино хүрэмтэй цаашаа харсан байрлалтай байсан эрэгтэй зүүн гараараа баруун мөрөн дээрээс татаж байгаад баруун гараараа толгой хэсэг рүү нэг удаа цохиж авах үед хар өнгийн цамцтай эхлэж зодоон эхлүүлсэн эрэгтэй дахин хар өнгийн хүрэм цагаан подволктой залууг зүүн гартаа барьж байсан бор өнгийн пивоны шилийг баруун гартаа шилжүүлэн толгой хэсэг рүү шидэх үйлдэл хийх ба энэ үед хар өнгийн хүрэмтэй эрэгтэй өөдөөс нь гараараа толгой хэсэг рүү цохиж баруун хөлөөрөө өшиглөх үед хажуугаас хар өнгийн хувцастай 1.80 см орчим нуруутай биеэрхүү эрэгтэй голоор нь орж ирж 2 тийш нь салгаж байгаа бичлэг буусан байсан:..гэх тэмдэглэл /хх-12/, 

- ял шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/,  

- шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн:...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Нандин дурсамж” гээд нэртэй бааранд ажлынхаа газрын хүмүүстэй цэргийн баяр тэмдэглэж суусан ба тэр үедээ баарны дотроос гадагш гарч явах үедээ баарны гадаа 2 давхрын гарах хаалгын дээр үл таних залуутай таараад гал асуусан чинь байхгүй цаашаа яв гэж хэлэхээр нь би явахгүй чи өөрөө яв гэж хэлээд нүүр рүү нь гараараа цохихоор нь эргүүлээд би ууж байгаад гартаа барьж явсан сэнгүр нэртэй бор өнгийн шил шидсэн ба тэр нь оносон үгүйг нь мэдэхгүй. Тэгтэл тэр үед баарны хамгаалагч орж ирээд салгаад тэврээд авсан ба нөгөө залуу намайг хамгаалагч барьчихсан байхад 2-3 удаа миний толгой руу цохиод миний гуя руу мөн 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд баарнаас гарсан ба гадаа гартал Цолмон гээд бааранд зодоон хийсэн залуугийн найз эргүүлийн машин дотор суучихсан байсан ба намайг суулгаад аваад явсан. Цагдаагийн машин дотор явж байсан чинь тэр Цолмон гэх залуу намайг хэл үгээр доромжлоод би чамайг эрүүлжүүлэх байранд авч очиж байгаад банди болгоно гээд дайраад байхаар нь баруун гараараа нүүр рүү 1 удаа цохиж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь:

2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке бааранд иргэн Д.Мягмардоржийг ямар нэгэн шалтгаангүйгээр илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн толгойн тус газарт нь пивоны шилийг зэвсгийн чанартай бусад зүйл болгон хэрэглэж бие махбодид  нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, мөн давтан үйлдлээр

2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин дурсамж” караоке баарны гадаа Б.Цолмонг ямар нэгэн шалтгаангүйгээр “нүүрэн тус газарт нь цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь....

- хохирогч Д.Мягмардоржийн:...тухайн үед “Нандин дурсамж” бааранд найзтайгаа уулзаж нилээн сууж байгаад дахин тамхи татах гээд гарчихаад эргээд ороход баарны 2 давхрын үүдэнд...гартаа Нийслэл гэсэн пиво барьсан залуу надаас гал асуухаар нь юм дуугаралгүй цаашаа эргээд ортол хажуугаар зөрөхдөө намайг хөөе гээд дуудахаар нь эргээд харсан чинь намайг шууд гараараа ам руу цохиод авсан, тэр үед нь би биеэ хамгаалахаар тэр залууг эргүүлээд гараараа шанаа руу нь нэг удаа цохиход тэр пивоны шилээр миний толгой руу цохиод шидсэн...доод уруулын завж нь дотор талдаа сэтрээд цус гараад бүр өөх нь гарчихсан байсан. Тархи ар хэсэгтээ, зүүн талдаа хавдартай, мөн миний нуруу нил өвчин болсон гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

- хохирогч Б.Цолмонгийн:...би тухайн өдөр найзуудынхаа хамт цэргийн баяр тэмдэглээд “Нандин дурсамж” бааранд 22 цагийн үед орж суусан. Манай найз Мягмардоржийг нэг хүн шилээр цохичихсон гэж манай найзын эхнэр хэлэхээр нь би цохисон гэх хүн нь хаана байна гэсэн чинь гадагшаа гараад явж байна гэхээр нь араас нь гүйж гараад найзын эхнэрийн “тэр байна” гэж заасан залууг бариад автал миний нүүрэн тус газар луу шууд мөргөсөн...мөргөдөг залууг бариад цагдаа дээр очсон...цагдаагийн машин руу түлхээд оруултал миний гарнаас хазсан...тэр залууг татаж суулгаад машины хаалга хаагдах үед миний хамар луу хүчтэй цохисон. Миний хамрын яс хугарсан, гарын хуруу шалбарсан байсан...гэх мэдүүлэг /20-р хуудас/,  

- шинжээчийн:...Б.Цолмонгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын долоовор хурууны өнгөц шар гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

- шинжээчийн:...Д.Мягмардоржийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын шарх гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..гэх дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,  

- хохирогч нар бусдад зодуулсан, зодсон этгээдэд холбогдох арга хэмжээ авсан тухай  гэрч Г.Бат-Эрдэний /хх-ийн 26-р хуудас/, гэрч О.Зоригтбаатар /хх-ийн 28-р хуудас/, гэрч Б.Оргодол /хх-ийн 33-р хуудас/,  гэрч Э.Нандин-Эрдэнэ /хх-ийн 35-р хуудас/ нарын мэдүүлэг,

-...”зүүн гартаа барьж байсан бор өнгийн пивоны шилийг баруун гартаа шилжүүлэн толгой хэсэг рүү шидэх үйлдэл хийж байгаа тухай камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,   

- шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн:...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нандин дурсамж гээд нэртэй бааранд ажлынхаа газрын хүмүүстэй цэргийн баяр тэмдэглэж суусан...гадагш гарч явах үедээ баарны 2 давхрын гарах хаалгын дээр үл таних залуутай таараад гал асуусан чинь байхгүй цаашаа яв гэж хэлэхээр нь би явахгүй чи өөрөө яв гэж хэлээд нүүр рүү нь гараараа цохиход тэр залуу буцаагаад намайг цохихоор нь эргүүлээд ууж байгаад гартаа барьж явсан сэнгүр нэртэй бор өнгийн шил шидсэн ба тэр нь оносон үгүйг нь мэдэхгүй. Тэгтэл тэр үед баарны хамгаалагч орж ирээд салгаад тэврээд авсан...эгээд баарнаас гарсан ба гадаа гартал Цолмон гээд бааранд зодоон хийсэн залуугийн найз эргүүлийн машин дотор суучихсан байсан ба намайг суулгаад аваад явсан...Цолмон гэх залуу намайг хэл үгээр доромжлоод би чамайг эрүүлжүүлэх байранд авч очиж байгаад банди болгоно гээд дайраад байхаар нь баруун гараараа нүүр рүү 1 удаа цохиж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлдогдож тогтоогдсон байна.  

Мөрдөн байцаалтад авагдсан хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нь хохирогч нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодсон, ингэхдээ олон нийтийн газар, тухайн газарт байсан бусад иргэдийг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирлах замаар өөрийгөө бусдын эсрэг тавьж, бусдад өөрийн хүч, зоригийг үзүүлэх, айлган түгшээх гэмт санааны агуулга, чиглэл, үйлдэл хэрэгжсэн нөхцлөөрөө бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт цугларсан байх тул “танхайрах гэмт хэрэг” үйлдээгүй гэж үзэх боломжгүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.Мягмарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.    

Хохиролд хохирогч Б.Цолмон 800.000 төгрөг, Д.Мягмардорж 550.000 төгрөг тус тус хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйл болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан. 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.   

Шүүгдэгч нь ар гэрийн хувийн байдлын хувьд эхнэр, 2, 5 насны 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг /хх-31/ байх ба өмгөөлөгчийнх нь шүүхэд гаргасан баримтаар ээж нь хэвтэрт байна.     

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний ар гэрийн амьдралын болон хувийн бусад байдал, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, мөн ял эдлүүлэх дэглэмийг нь хөнгөрүүлэв.   

Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан гэмт хэргийг: 

- анх хохирогч Д.Мягмарсүрэнд хүч хэрэглэн, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн, мөн үүний дараа

- хохирогч Б.Цолмонд мөн хүч хэрэглэж, догшин авирлаж, танхайрсан байх тул тус тусдаа эхлэл, төгсгөлтэйгээр танхайрах гэмт хэргийг “давтан” үйлдсэн гэж, мөн тухайн хэрэг тус бүр бие даасан эхлэл, төгсгөлтэй гэмт хэрэг тул “нийлмэл” буюу хэд хэдэн гэмт хэрэгт тооцон ял оногдуулах нь зөв гэж үзсэнийг тэмдэглэв.         

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар CD 1 ширхэг хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.     

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:        

 

1. Шүүгдэгч Н.Мягмарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан, зэвсэг завсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Н.Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг багтааж, шүүгдэгч Н.Мягмарсүрэнгийн биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар Н.Мягмарсүрэнгийн эдлэх 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Мягмарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт бүтүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.    

7. Шүүгдэгч Н.Мягмарсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мягмарсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

                                           

                                                           Л.БААТАР

 

                                                           Б.БАТАА