Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0586

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч  шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Ц.А

Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

 

Хэргийн индекс: 128/2023/0315/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.6, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.Ашилжин ажиллах хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалган” шийдвэрлэжээ.

2.  Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг хэрэглэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцсэн гэж үзвэл бүхэлд нь хангаж, тэр талаараа шийдвэрийн Тогтоох хэсэгт зааж шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оын 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.Ашилжин ажиллах хүсэлтийг хангаж шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл шүүхээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.Ашилжин ажиллах хүсэлтийг дэмжихээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай” хэмээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригтой нийцэхгүй байна. Учир нь хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл дахин хэлэлцээд өмнөх шийдвэрээ дахин гаргавал өөрөөр хэлбэл хүсэлтийг эсрэг шийдвэрлэвэл нэхэмжлэгчийн шүүхэд хандсаны үр дагавар огт гарахгүй бөгөөд шүүгчийн зөрчигдсөн эрх огт сэргэхгүй, хамгаалагдахгүй хэвээр үлдэнэ. Ийм учраас хүсэлтийг дахин хэлэлцүүлэх шаардлага байхгүй юм.

 Шүүхийн ерөнхий зөвлөл нь саналыг уламжлах ёстой болохоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс буюу аль нэг шүүх рүү шилжүүлэхээс татгалзах эрхгүй хэмээн хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр маргасан ба энэ байр суурь хэвээр байгаа юм.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д: "...нэхэмжлэгч Ц.А ээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргуулахаар шаардсан энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч Ц.А ийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах боломжгүй” гэжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь “шилжүүлэх” асуудлыг хэлэлцсэн ба Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “шүүгчийг шилжүүлэх зохицуулалт хуульд байхгүй” гэсэн үндэслэлээр татгалзсаныг нэхэмжлэгч нь нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй нь буруу хэмээн маргасан ба түүнийг нь шүүх үндэслэлтэй хэмээн үзсэн мөртөлөө “хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргуулахаар шаардсан” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл хүсэлтийг нь хангахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй тул саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх ёстой юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү” гэжээ.

         3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч талаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0597 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлын 2-т “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах хүсэлтийг нь дахин хэлэлцэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасан нь хуульд нийцээгүй...”-г тодорхой дурдсан тул энэ талаар дахин давтах шаардлагагүй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах шийдвэр гарах ёстой...” гэж гомдож байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцэхгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдлын 4.4, 4.5-д тодорхой дурдсан байгаа.

Нэхэмжлэгч гомдолдоо “....Шүүхийн ерөнхий зөвлөл нь шилжих тухай шүүгчийн заналыг уламжлах ёстой болохоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс шилжүүлэхээс татгалзах эрхгүй...” гэжээ. Шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж ямар нэг асуудлыг шийдвэрлүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчид хандан санал гаргах, зөвшөөрөл авах зэрэг нь хоорондоо ялгаатай юм. Шүүгч нь шүүхийн захиргааны байгууллагадаа хандан өргөдөл, хүсэлт, гомдол гаргах, эдгээрийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохих журмын дагуу шийдвэрлэх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчихгүй. Тухайлбал, шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөн ирүүлэх, сэлгэн ажиллах, чөлөө авах, шилжих хүсэлт гаргадаг бөгөөд эдгээрийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хангаж, эсхүл татгалзаж шийдвэрлэдэг. Үүний нэгэн адил шүүгч Ц.А хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэж, хариуг өгсөн байдаг. Харин, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болоогүй тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ц.А д хандаж ямар чиг санал гаргаж байгаагүй, зөвшөөрөл авч байгаагүй, шүүгчийн хараат бус байдал хөндөгдөөгүй буюу мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2 дахь хэсгийн зохицуулалт зөрчигдөөгүй, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж санал гаргах шаардлага үүсээгүй болно.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0597 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрсөн Ц.А гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ц.А нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А миний шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2. Анхан шатны шүүх “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдол үүсээгүй учраас шүүгч Ц.А саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэж зөв дүгнэсэн атлаа Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.” гэж заасныг зөвхөн шүүгчийг “томилох чөлөөлөх” асуудалд хамааруулж, харин нэхэмжлэгчийн маргасан “шүүгчийг шилжүүлэн томилуулах”-тай холбоотой асуудлыг тухайн хуулиар зохицуулаагүй учраас төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ерөнхий харилцааг зохицуулсан Төрийн албаны хуулиар шийдвэрлэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг хэрэглэсэн байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

4. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Шүүхийг татан буулгасан, өөрчлөн зохион байгуулсан, тухайн шүүхийн шүүгчийн орон тоо цөөрсөн тохиолдолд шүүгчийн өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн орон тоо дутуу байгаа адил шатны шүүхэд, адил шатны шүүхэд орон тоо байхгүй бол доод шатны шүүхэд шилжүүлэн томилж болно.” гэж, 72 дугаар зүйлийн 72.1-д “Ерөнхий зөвлөл шүүхийг хүний нөөцөөр хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 72.1.3. шүүгчийг томилуулах, шилжүүлэх, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх;” гэж шүүгчийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг уг хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

5. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... шилжүүлэн ажиллуулж болно.” гэж заагаад уг хэсгийг “Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэж тодруулж тайлбарласан.

6. Энэхүү заалтаар “албан ажлын зайлшгүй шаардлагаар” төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх асуудлыг зохицуулсан нь нэхэмжлэгчийн шилжин ажиллах хүсэлтэд дурдсан шалтгаантай хамааралгүйгээс гадна анхнаасаа сонгон шалгаруулалтад орж шүүгчид тавигдах бүхий л шаардлагыг ханган ажиллаж буй шүүгч нарыг мөн адил шаардлага хангаж томилогдсон шүүгчээс бүрдсэн шүүхэд “ажлын чанар сайжруулах” зорилгоор шилжүүлэх үндэслэлгүй, харин шүүхийн ажлын шаардлага буюу ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчийг адил шатны шүүхэд хоёр жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  43 дугаар зүйлийн 43.3-д тусгайлан зохицуулсан байх тул тухайлсан хуулиар зохицуулаагүй харилцаа гэж үзэхгүй.

7. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу ... анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, ... Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж зааснаар тухайн шүүхийн шүүгчийн орон тоонд нэр дэвшигч нь шалгалтад авсан онооны эрэмбийн дагуу томилуулах боломжтой болохоор байх тул нэхэмжлэгчийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоонд шууд шилжин ажиллах эрхтэй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүгч нэгэнт томилогдсон бол тухайн орон нутагтаа насаараа ажиллах ёстой гэж үзэх үндэслэлгүй, иргэний эрх нь зөрчигдөж байна. Шүүхийн тухай хуулийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан хүрээнд шилжүүлэх боломжтой” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Тэрээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... Сэлэнгэ аймагт томилогдоод 3 жил 9 сар болж байна. ... нөхөр, 4 хүүхэд маань Улаанбаатар хотод, ... тусдаа амьдраад 3 жил 9 сар болж байна. Миний бие гэр бүлийн хамт амьдрах зайлшгүй шаардлагын дагуу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжих хүсэлт хүргүүлсэн” гэх боловч “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч”-ийн албан тушаалд өөрөө нэрээ дэвшүүлж, томилогдсоноос гадна нэхэмжлэлд дурдсан Шүүхийн тухай хуулийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан зохицуулалтаар энэхүү асуудлыг зохицуулаагүй байх тул эдгээр хуулийн заалтын дагуу хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгч Ц.А “шилжүүлэн ажиллах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэх боломжгүй” талаар хариу өгсөн нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгч Ц.А “оршин суух газраа сонгох, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрх” зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 72 дугаар зүйлийн 72.1.3-т заасныг баримтлан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар шүүгч Ц.А миний шилжин ажиллах хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан болон тогтоол гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ