Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00724

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар магадлалтай,

Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

О.Ц-ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.178.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Ц-ийн хүсэлтээр 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 10 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. О.Ц- нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээл төлөх хугацаа нь дууссан боловч зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлдэгч О.Ц-аас зээл болон гэрээний дагуу төлөх 5.500.000 төгрөг төлөх ёстойгоос 300.000 төгрөгийг төлсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 100.000 төгрөгийг нэмж төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5.278.500 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 100.000 төгрөгөөр багасгаж, 5.178.500 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч О.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Г-ээс зээлсэн 5.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй 5.500.000 төгрөг төлөх ёстойгоос 400.000 төгрөгийг төлсөн тул 5.100.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алдангид нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ц-аас зээлийн гэрээний үүрэг нийт 5.178.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99.406 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 97.806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.18-ны өдрийн 156 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 5,500,000 төгрөг авах ёстойгоос 300,000 төгрөг, мөн шүүх хуралдааны явцад 100,000 авсан хэмээн хэлсэн гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн дээрх тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй ба хариуцагчаас 100,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөөр байтал дээрх мөнгийг хасалгүй шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг хасалт хийж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч О.Ц-аас зээл, хүү, алдангид 5.278.000 төгрөг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн төлсөн 100.000 төгрөгийг хасч, шаардлагаа 5.178.000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь  нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөгийг  28 хоногийн хугацаагаар 10 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн  4-5 дугаар тал/.

Талууд хүү, алданги  тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. 232 дугаар зүйлийн 232.3.-т нийцсэн ба гэрээнд заасан мөнгийг хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй  боловч  хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрт 5.500.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч 7 хоногийн алдангид 178.500 төгрөг шаарджээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон байх тул  гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/03523 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар магадлалыг  тус  тус хэвээр үлдээж, хариуцагч О.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ