Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/538

 

 

 

 

 

 

 

 

     2021            10           14                                      2021/ШЦТ/538                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Ц-ын С-т холбогдох эрүүгийн 21100 1634 0807 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Good price хүнсний дэлгүүрт аж ахуйн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж ялыг эдэлж дууссан, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Ц-ын С- /РД:МЗ88041876/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.С нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна зогсоол дээр эхнэр А.Цг бусадтай хардаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон, биед нь “...хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                        

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймээс прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Энэ саналаа дэмжиж байна. Миний буруу.“ гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 1634 0807 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Цгийн хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед ажил тараад ажлын газрын найз Наранцэцэг, Мөнхзул нарын хамт Хан-Уул дүүргийн Жетро дэлгүүрийн өмнө хүнд захиалсан гоо сайхны барааг нь өгчихөөд, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хүргүүлсэн. Тухайн өдөр ажил дээр бараа ирээд ажил ихтэй, оройтох байсан бөгөөд нөхөр Ц.С ажил дээр байхад байн байн залгаад байхаар нь би гар утсаа аваагүй юм. Утсаа авахаар хэрүүл маргаан хийх гээд байдаг болохоор нь ажлынхаа хүмүүсээс санаа зовоод утсаа аваагүй юм.

Тэгээд гэрийн гадаа ирэхэд нөхөр Ц.С архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба байрны гадна найз А.Мөнхзулын Лексус 450 маркийн хар өнгийн машинаас буух гэхэд манай нөхөр ирээд “яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, өдөржин буудал хэсэж ирчихээд чиний хийдэг ажил гэж юу байдаг юм, өдөржин биеэ үнэлж явлаа” гэх мэт муу муухай үгээр доромжлоод, “машинаас бууя” гэхээр нь “бууж яах гэж байгаа юм бэ” гээд шууд миний хамар луу нэг удаа гараараа цохисон.

Миний хамарнаас цус гарахаар нь буух гэхэд буулгахгүй хувцаснаас зуураад цохих гээд байхад нь манай найз болиулсан. Тэгээд манай найзуудтай юм ярьж сууж байгаад тайвширхаар нь хоёр найздаа манай нөхрийг оруулчих, би ормооргүй байна гэхэд манай найзууд нөхөрт “танайд орж хоол идье, орж бай, араас чинь оръё” гээд Содбаярыг гэрт орохоор нь найзаараа аав, ээжийнхээ гэрт хүргүүлсэн. ...Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Мөнхзулын гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 03-ны 22 цагийн үед хоёр найзын хамтаар Цэндсүрэнг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэрийнх нь гадаа ирэхэд нөхөр нь гадаа хүлээж байсан. Бид нарыг ирээд зогсоход хүрч ирээд эхнэрээ хэл амаар доромжлоод, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй, шууд цохиод авсан.

Тэгэхэд Цэндсүрэнгийн хамарнаас цус гарахаар нь бид нар салгаад ярилцсан. Удалгүй дахин хэл амаар доромжлоод цээжин бие рүү нь цохиод байсан. Дахин салгаад, нөхөрт нь “гэрт нь оръё, бөөнөөрөө ярилцъя” гэж хэлээд нөхрийг нь оруулаад, Цэндсүрэнг аавынд нь хүргэж өгсөн. Ц.С тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.Наранцэцэгийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Мөнхзул, Цэндсүрэн нарын хамтаар гадуур ажилтай явж байсан. Тэгээд орой нь Цэндсүрэнг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очоод буулгахад, түүний нөхөр согтуу гэрийн гадаа хүлээж байсан. Тэгээд нөхөр нь шууд Цэндсүрэн рүү “хаагуур, юу хийгээд явж байгаад ирсэн юм бэ” гээд үгийн зөрүүгүй нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэр хоёр муудалцахаар нь Мөнхзул бид хоёр “ярилцъя” гээд салгасан. Тэгээд бид нар нэг цаг гаран ярилцахад Цэндсүрэнг нөхөр нь “пизда, гичий, янхан” гэх мэтээр хараагаад байсан. Цэндсүрэн “гэрт ормооргүй байна” гэж дохиод байхаар нь би нөхөрт нь “хамт гэр лүү чинь оръё” гэж нөхрийг нь оруулаад, Цэндсүрэнг аавынд нь хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 8389 дугаартай:

1. А.Цгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-31х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Сын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57х/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 58х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 60х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 66-68х/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ахлах гүйцэтгэгчийн тогтоол баримт /хэргийн 99х/, шүүгдэгч Ц.Саас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 78х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.Цгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй ба шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 78х/ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 161 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Ц.Ст холбогдох эрүүгийн 21100 1634 0807 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Сын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадна зогсоол дээр эхнэр А.Цг “өдөржин юу хийсэн юм, утсаа авсангүй, чиний ажил хийдэг гэж юу байдаг юм, өдөржин биеэ үнэлж явлаа” гэх мэтээр дайрч давшлан, зүй бус үг хэллэг хэрэглэн машинаас буух гэхэд нь буулгахгүй нүүрэн тус газарт нь цохиж “...хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч А.Цгийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед ажил тараад ажлын газрын найз Наранцэцэг, Мөнхзул нарын хамт Хан-Уул дүүргийн Жетро хүнсний дэлгүүрийн өмнө хүнд захиалсан гоо сайхны барааг нь өгчихөөд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны гадна хүргүүлсэн. Тухайн өдөр ажил дээрээ бараа ирээд ажил ихтэй, оройтох байсан бөгөөд нөхөр Ц.С ажил дээр байхад байн байн залгаад байхаар нь гар утсаа аваагүй, утсаа авахаар хэрүүл маргаан хийх гээд байдаг болохоор нь ажлынхаа хүмүүсээс санаа зовоод утсаа аваагүй юм. Гэрийн гадаа ирэхэд нөхөр Ц.С архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба байрны гадна найз А.Мөнхзулын Лексус 450 маркийн хар өнгийн машинаас буух гэхэд манай нөхөр ирээд “яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, өдөржин буудал хэсээд ирчихээд чиний хийдэг ажил гэж юу байдаг юм, өдөржин биеэ үнэлж явлаа” гэх мэт муу муухай үгээр доромжлоод, машинаас бууя гэхээр нь бууж яах гэж байгаа юм бэ гээд шууд хамар луу нэг удаа гараараа цохисон.

...Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,

- гэрч А.Мөнхзулын: “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны 22 цагийн үед хоёр  найзын хамтаар Цэндсүрэнг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд гэрийнх нь гадаа ирэхэд нөхөр нь гадаа хүлээж байсан. Бид нарыг ирээд зогсоход хүрч ирээд эхнэрээ хэл амаар доромжлоод, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй, шууд цохиод авсан. ....Ц.С тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

- гэрч У.Наранцэцэгийн: “...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би Мөнхзул, Цэндсүрэн нарын хамтаар гадуур ажилтай явж байсан. Тэгээд орой нь Цэндсүрэнг гэрт нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа очоод буулгахад түүний нөхөр согтуу гэрийн гадаа хүлээж байсан. Тэгээд нөхөр нь шууд Цэндсүрэн рүү “хаагуур, юу хийгээд явж байгаад ирсэн юм бэ” гээд үгийн зөрүүгүй нүүр лүү цохиод байсан. Тэгээд тэр хоёр муудалцахаар нь Мөнхзул бид хоёр “ярилцъя” гээд салгасан.

Тэгээд бид нар 1 цаг гаран ярилцахад Цэндсүрэнг нөхөр нь “пизда, гичий, янхан” гэх мэтээр хараагаад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 8389 дугаартай:

1. А.Цгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 30-31х/, мөн шүүгдэгч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 39-40х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч А.Цгийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.С түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Сын дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч Ц.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.Цгийн биед учирсан “...хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Энэ хэргийн хохирогч А.Ц нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж, /хэргийн 15-16х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 49х/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 748 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 66-68х/ болон шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг төлж биелүүлсэн талаарх ахлах гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол баримт /хэргийн 99х/ тус тус авагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдалд тооцон үзэхгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгч Ц.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт Ц.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ц мөнгөн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                             

                                            

                                                  ТОГТООХ нь:

 

1. Г овогт Ц-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ст 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ц.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД