Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

               
                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул, 

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч, шүүгдэгч Ч.Сарантуяа, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Шүүгдэгч Н.Янжмаа, түүний өмгөөлөгч С.Цэрэнханд, Х.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Янжмаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Сарантуяа нарт холбогдох эрүүгийн 2015002260198 дугаартай, 163/2020/0209/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Ханжаргалант овогт Нямсүрэнгийн Янжмаа, 1975 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, эмэгтэй, 45 настай, ...........дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: .........../.

Монгол Улсын иргэн, Гал овогт Чойжиндондогийн Сарантуяа, 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, .........оршин суух, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ........./.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Янжмааг Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1070409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 400000 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Ч.Сарантуяаг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Янжмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв

Шүүгдэгч Ч.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Янжмаа багш надтай олон удаа уулзаж, утсаар ярьж миний мэдүүлгийг өөрчлүүлсэн. Уулзах болгондоо утасныхаа дууг хаачих, сүлжээг нь хаачих, мэдүүлэг өгөхдөө ингэж хэлээрэй гэж үг зааж дарамт, шахалт үзүүлж байсан. Сүүлийн хурал дээр хэлсэн үг Янжмаа багшийн үг. Дандаа ар гэрийн асуудлаа яриад дарамт үзүүлээд байсан тул мэдүүлгээ өөрчилсөн гэв.

Хохирогч Ч.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хамгийн эхний болон сүүлийн мэдүүлэг үнэн зөв. Янжмаа багш надтай 9 сард уулсзанаас хойш үг зааж өгсөн тул шүүх хуралдаан дээр мэдүүлгээ өөрчилсөн. Дараа нь хэрэг прокурорт очоод дахин мэдүүлэг өгөхдөө ийм мэдүүлэг өгөөрэй гэж утсаар ярьж байсан. Уулзахаараа утасныхаа дуу, сүлжээг хаачих гэдэг нь дарамттай санагдсан. Би нөхрийг нь эмчилгээнд байдаг гэж сонсоод мэдүүлгээ өөрчилсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Сарантуяагийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр сургуульд ажиллах хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу жирэмсний амралттай байгаа хүний оронд түр орон тоогоор Нийгмийн багшаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын сүүлээр намайг захирал Янжмаа өрөөндөө дуудсан. Яваад очтол захирал “үндсэн багш ажилдаа орох болж байна чи ажлаасаа гарах боллоо, ээлжийн амралтын мөнгийг түр орон тоон дээр гардаггүй юм. Чиний амралтын мөнгийг гаргаж өгье” гэж хэлээд надад тойруугаар “надад мөнгөний хэрэгцээ гараад байна чамд туслалцаа байна уу?” гэж хэлэхээр нь би тухайн үед намайг ажилд авсан, мөн нөхөр нь эмчилгээнд явдаг гэж сонссон учир хүлээн зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь цалин болон ээлжийн амралтын мөнгө давхар буусан. Би тухайн үед ээлжийн амралтын мөнгө надад олгох ёсгүй юм байна гэж бодоод захирлын хүсэлтийн дагуу өөрөө 400000 төгрөгийг бэлнээр өрөөнд нь оруулж өгсөн.  ...” гэх мэдүүлэг /1хх-20 тал/,

Хохирогч Ч.Сарантуяагийн гэрчээр өгсөн: “...Сургуулийн захирал Янжмаа намайг өрөөндөө дуудаад “би чамд хууль бус амралтын мөнгө гаргаж өгөх гэж байна. Хоёулаа хувааж авъя. Мөнгөө авчихаад эргээд манай өрөөнд ороод ирээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээлжийн амралтын мөнгө данс руу орохоор нь Хаан банкны АТМ-с бэлнээр авчихаад захирлын өрөөнд ороод захиралд бэлнээр 400000 төгрөг өгөхөд захирал “баярлалаа чи үлдсэн мөнгөөрөө нийгмийн даатгалаа тасралтгүй төлөөрэй. Намраас чамайг ажилд эргүүлж авах талаар бодноо” гэж надад хэлсэн. ...”  гэх мэдүүлэг /1хх-22 тал/,

Гэрч М.Батжаргалын өгсөн: “...Манай эхнэр сургуулиас гарахдаа ээлжийн амралтын мөнгө гэж 1500000 орчим төгрөг авсан. Манай эхнэр амралтын мөнгө авахаасаа өмнө надад хэлэхдээ “хүний оронд ажиллаж байсан болохоор амралтын мөнгө гарахгүй юм шиг байна” гэж эхэндээ надад хэлж байсан. Хэд хоногийн дараа Сараа надад “Амралтын мөнгө орохоор болчихлоо. Манай сургуулийн захирал би чамд хуулиар олгодоггүй мөнгийг олгож өгье. Тэгээд хоёулаа тэр мөнгийг хувааж авъя гэж надад хэллээ” гэхээр нь би “за за өөрөө мэдэхгүй юу, хамаагүй тэгж авч болох юм уу?” гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэр бөөн баяр болчихсон гэртээ ирж байсан. Яасан гэхэд “амралтын мөнгөө захиралтай хуваагаад авчихлаа намраас намайг сургуульдаа эргүүлээд багшаар авч ажиллуулна” гэж хэлэхээр нь би “захирал чинь тэгээд чамайг намраас яг сургуульдаа авах юм уу даа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-24 тал/,

Гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн: “...Манай охин Сараа ажлаасаа гарахаасаа өмнө надад “сургуулийн захирал амралтын чинь мөнгийг гаргаж өгч хоёулаа хамт хувааж авъя намраас ажилтай болгож өгнө” гэж хэлсэн. Тэр үед би юм хэлэлгүй орхисон. Яг хэзээ захиралд мөнгө өгснийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-26 тал/,

Гэрч У.Ундармаагийн өгсөн: “...Ч.Сарантуяа нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд түүх, нийгмийн ухааны багш И.Нэргүйн орон тоон дээр түр 6 сарын хугацаанд ажилласан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сургуулийн захирлын Б/15 дугаартай тушаалаар Ч.Сарантуяа багшид 24 хоногийн 1070409 төгрөг бодогдсон. Ч.Сарантуяад 2019 оны 02 дугаар сард амралтын мөнгө 1070409 төгрөг, 2 сарын цалин гэж 937160 төгрөг, нийт 2007569 төгрөг бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл 230870 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 162670 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татвар 6942 төгрөг, ахмадын хандив 2000 төгрөг, сургуулийн 50 жилийн ойн хандив 10000 төгрөг нийт 413482 төгрөг суутгагдаж, гар дээр 1594087 төгрөг олгогдсон. ...” гэх мэдүүлэг /1хх-40 тал/,

Ч.Сарантуяагийн Хаан банкны “депозит дансны дэлгэрэнгүй хуулга” 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг 24 минутанд 1594086 төгрөгийн цалин орсон... мөн өдрийн 14 цаг 41 минутанд 600000 төгрөг АТМ-с авсан баримт.” /1хх-63 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Янжмаагийн яллагдагчаар өгсөн: “...Манай сургуулийн багш Нэргүй жирэмсний амралт авсан. Нэргүй багшийн оронд 2018 оны 9 дүгээр сарын 01-нээс Сарантуяа багш нийгмийн ухааны багшаар түр ажиллахаар болоод 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Тэгээд Нэргүй багшийн жирэмсний амралт дуусаад ажилдаа орох өргөдлөө өгсөн учир 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Тэгээд бичиг хэрэг хүний нөөцийн ажилтан маань над дээр ээлжийн амралт олгох тушаал авч орж ирсэн. Би төлөвлөсний дагуу зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд амралтын мөнгийг нягтлан бодогч дүрэм журмын дагуу бодож олгосон байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх-59-60 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Сарантуяагийн яллагдагчаар өгсөн: “...Надад нэмж ярих зүйл байна. Миний хамгийн анх өгсөн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрчийн мэдүүлэг үнэн зөв юм. Би сүүлд хохирогчоор болон шүүх хуралд ямар учиртай худал мэдүүлэг өгсөн бэ гэхээр 2020 оны 9 дүгээр сарын эхээр би яг өдрийг нь сайн санахгүй байна. Би Орхон аймагт явж байтал миний гар утас руу Эрдмийн өргөө сургуулийн захирал Янжмаа залгаад намайг хаана байгаа талаар асуухаар нь Орхон аймагт явна гэсэн чинь би Орхон аймаг руу орж явна ороод уулзая гэсэн. Тэгэхээр нь би Орхон аймгаас Булган руу гарах хамгийн наана байдаг хорооллын хүнсний дэлгүүрийн дэргэд хүлээж байсан чинь миний гар утасруу дахин Янжмаа захирал залгаад “би ирчихлээ” гэсэн. ...Тэгээд би Янжмаа захиралтай уулзахад “эгч чинь хүнд байдалд орчихлоо, чи хэзээ мэдүүлэг өгсөн юм бэ?” гэж хэлэхээр нь намайг 6 сард цагдаа дээр дуудаж мэдүүлэг авсан. Би гомдол мэдээлэл өгөөгүй байхад дуудсан гэж хэлсэн. ...Янжмаа захирал дахин өөрийнхөө ар гэрийн талаар ярианд чи зээлсэн болгоод өөрчлөх боломж байна уу? гээд надаас гуйгаад байхаар нь би “ингэж худал мэдүүлэг өгч болох юм уу” гэсэн чинь “гайгүй байлгүй дээ авах арга хэмжээ нь торгуулийн арга хэмжээ байлгүй, ямартай ч хоёулаа судлая” гэсэн. ....Тэгээд би хохирогчоор мэдүүлэг өгчихөөд цагдаагаас гараад Янжмаа захирлын гар утасруу залгаад “таны хэлсэний дагуу мэдүүлгээ өгчихлөө” гэж хэлсэн. ...Янжмаа захирал чи мэдүүлэг өгөх дөө 200000 төгрөгөө өгсөн гэж хэлсэн юм чинь гээд 200000 төгрөг надад бэлнээр өгөхөөр нь би “авахгүй яах юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл болохгүй яах юм гээд өгөөд байхаар нь би 20000 төгрөгийг нь аваад бусад мөнгийг нь өөрт нь буцааж өгсөн. Тэгээд намайг Янжмаа захирал “шүүх хурал дээр сүүлд өгсөн мэдүүлгээрээ ярина шүү” гэхээр нь би “таныг гүтгэсэн хэрэгт орчих юм биш үү” гэсэн чинь “тийм юм байхгүй намайг энэ хүн гүтгээгүй гээд хэлчихнэ” гэж хэлсэн. Тэгээд шүүх хурал дээр аргагүй байдалд буюу Янжмаа захирал удаа дараа уулзаж яриад байсан учир ингэж мэдүүлэг өгсөн юм. Янжмаа захирал уулзах бүрдээ чи утасаа унтраачих сүлжээг нь унтраачих гэж хэлдэг байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-84-85 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Янжмаа нь Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1070409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 400000 төгрөг залилан авсан,

        Шүүгдэгч Ч.Сарантуяа нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /1хх-20 тал/, хохирогч Ч.Сарантуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-22 тал/, гэрч М.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-24 тал/, гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн мэдүүлэг /1хх-26 тал/, гэрч У.Ундармаагийн өгсөн мэдүүлэг /1хх-40 тал/, хохирогч Ч.Сарантуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-63 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Янжмаагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-60 тал/, шүүгдэгч Ч.Сарантуяагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-84-85 тал/ зэргээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Сарантуяагийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо. 

Прокуророос шүүгдэгч Н.Янжмааг Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдагсургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1070409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 400000 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Шүүгдэгч Ч.Сарантуяаг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Н.Янжмаагийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч Н.Янжмаагийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

“Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг  ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Янжмаагийн албан тушаалын байдлаа ашиглаж хохирогч Ч.Сарантуяад зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн 400000 төгрөгийг залилан авсан үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарын өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Янжмааг Булган аймгийн Булган сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн нийгмийн ухааны багшаар түр ажиллаж байсан Ч.Сарантуяад ээлжийн амралтын мөнгө болох 1070409 төгрөгийг олгох ёсгүй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 400000 төгрөг залилан авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Сарантуяаг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Н.Янжмаагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Сарантуяад 400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ч.Сарантуяа нь уг хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Янжмааг  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Сарантуяаг гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Янжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т, шүүгдэгч Ч.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Янжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Сарантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Түүнчлэн шүүгдэгч Н.Янжмаад ял шийтгэл оногдуулахдаа түүний нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хорт хавдрын оноштой нөхрөө асран хамгаалдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан бөгөөд шүүгдэгч Н.Янжмаагийн хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханжаргалант овогт Нямсүрэнгийн Янжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

     Шүүгдэгч Гал овогт Чойжиндондогийн Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Шүүгдэгч Н.Янжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр,

Шүүгдэгч Ч.Сарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Янжмаад оногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Янжмаад сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.Сарантуяа торгох ялыг хэсэгчлэн төлөх санал хүсэлт гаргаагүй болохыг дурдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Янжмаа, Ч.Сарантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Сарантуяа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР