| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0503/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/505 |
| Огноо | 2021-09-21 |
| Зүйл хэсэг | 14.3.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Одбаяр хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж-,
шүүгдэгч С.О-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт С-ын О-т холбогдох эрүүгийн 1902003090000 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, Б- овогт С-ын О
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.О- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д- телевизийн сэтгүүлч, редактор Ч.Д-ын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулах “Ч-” ХХК-ий уурхайгаас бэлтгэсэн нэвтрүүлгээс өөрийн утсаар ярьж буй бичлэгийг 2.500.000 төгрөг төлж үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дундговь аймгийн Говь-Угтаал суманд “Ч-” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхай байдаг. 2-3 харуул хамгаалалтын алба үүрэг гүйцэтгэдэг. Маш их хөрөнгийн маргаантай. Тухайн үед манай “Г-” харуул хамгаалалтын алба үүрэг гүйцэтгэж байхад Д- гэх сэтгүүлч манай хамгаалалтын ажилтны утсаар надтай сэтгүүлч гэж хэлэлгүйгээр ярьсан. Тэр үед нь би наад уурхай чинь Монгол улсын татварт нэлээд өртэй 2-3 хамгаалалтын алба ажиллаж байгаа гэж хэлсэн. Хэд хоногийн дараа миний ярьж байсан бичлэгийг нэвтрүүлэг болгож цацаад эхэлсэн. Тэгээд би таньдаг найз Б-той уулзаад миний бичлэгийг гадуур цацаад байна. Би олон залуучууд цалинжуулж ажиллуулдаг, нэр хүнд унах гээд байна. Цаашаа хийсэн гэрээ байгаа гэж хэлээд найзтайгаа хамт сэтгүүлчтэй уулзсан. Надад 5.000.000 /таван сая/ төгрөг өгчих маш их зардал гарсан гэсэн. Надад тийм хэмжээний мөнгө байхгүй гээд тал мөнгийг өгөхөөр тохирсон. Тэгээд тэр өдрийн орой Б- над руу яриад Д- одоо мөнгөө аваад хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Өөрийнх нь зааж өгснөөр Д- телевиз дээр очиж мөнгийг оруулж өгсөн. Миний хувьд ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1902003090125 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Ч.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 140-143, 201-202-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-28-р хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Ш.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 144-145-р хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Д- телевиз Гэгээн далай ХХК-ийн албан бичиг /хх-ийн 177-р хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөнгөн дэвсгэртэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-32-р хуудас/,
Шүүгдэгч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 208-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч О.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, гэрч С.Монголхүүгийн мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,гэрч О.Чинбишрэлтийн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58, 159-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 126-130-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 161-166-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.О-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч С.О- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д- телевизийн сэтгүүлч, редактор Ч.Д-ын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулдаг “Ч-” ХХК-ийн уурхайгаас бэлтгэсэн нэвтрүүлгээс өөрийн утсаар ярьж буй бичлэгийг гаргуулахгүй байхын тулд 2.500.000 төгрөг төлж зориуд нийтлүүлэхгүй байхаар завдсан болох нь:
Хохирогч Ч.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие анх 2019 оны 03 дугаар сард Дундговь аймгийн Говь-Угтаал суманд очиж “Ч-” компанийн хүдрийн уурхайн талаар сурвалжилга бэлтгэж ирсэн юм. Уг нэвтрүүлгийг хянаж эфирээр олон нийтэд хүргэхээр болж шторкийг нь Д- телевизийн фейсбүүк хуудсаар цацсан юм. Зөвхөн энэ сурвалжилгын шторкийг цацаад байгаа юм биш. Манай нэвтрүүлэг бүх мэдээ, нэвтрүүлгийг фейсбүүк хуудсанд тавьдаг юм. Фейсбүүк хуудсанд уг нэвтрүүлгийн шторкийг тавьснаас хойш над руу олон хүн энэ талаар асууж “ямар учиртай сурвалжилга юм бэ, гаргахгүй байх боломж бий юу" гэж асууж байсан. Би бүгдэд нь “боломжгүй ээ, эфирээр гаргана” гэж хэлж байсан. Угаасаа уг сурвалжилгыг “Цаг хөтөлбөрөөр” гаргана гээд олон нийтэд мэдээлчхээд эргээд хэн нэгний хүсэлтээр сурвалжилгыг гаргахаа болино гэсэн асуудал байхгүй юм. Би энэ талаар өөрийн телевизийн улс төр, мэдээллийн албаны дарга С.Б-д тухай бүр нь хэлж байсан. С.Б- дарга надад “мөнгө төгрөг авч болохгүй шүү, чи бид хоёр өөрсдөө асуудалд орно. Хэрвээ чамд хахуульд мөнгө төгрөг өгвөл тэрийг нь баримтжуулж аваад, сэтгүүлчид хахууль өгөхийг оролдсон гэж хуулийн байгууллагад шилжүүлнэ шүү” гэж чиглэл өгсөн юм. Нэг өдөр манай эхнэртэй хамт ажилладаг Б- ах залгаад санал тавихаар нь уулзахад С.О- гэгч залуу хамт ирсэн. Тэгэхэд тэр хоёр надаас миний бэлдсэн сурвалжилгыг гаргахгүй байх арга чарга байна уу гэж хэлсэн. Би тэгэхэд “боломжгүй ээ, сурвалжилга гардгаараа гарна” гэж хэлсэн. Тэгэхэд С.О- нь надад “надад байгаа нь 2,5 сая төгрөг л байна, энийг чамд өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад мөнгө өгвөл баримтжуулж, сурвалжилгадаа оруулъя гэж бодоод “би шийдэхгүй, даргатай уулзаж байж шийднэ” гэдгээ хэлсэн. Би ажил дээр очоод энэ талаар С.Б- даргад хэлсэн. Мөн хуульч Бат-Ялалт ах руу залгаж зөвлөгөө авсан. Ямар учиртай зөвлөгөө авсан гэвэл “хүмүүс надад сурвалжилга гаргуулахгүйн тулд мөнгө өгье гээд байна, би мөнгийг нь аваад олон нийтэд цацвал болох уу” гэж асуусан юм. Тэгэхэд Бат-Ялалт “чи өөртөө мөнгийг нь авахгүй, олон нийтэд цацъя, авлигын гэмт хэргийг таслан зогсооё гэж бодож байгаа бол болно оо, дараа нь чамд наад хүмүүсээс чинь янз бүрийн дарамт шахалт ирэх вий, эрсдэлээ сайн тооцоорой” гэдэг зөвлөгөө өгсөн. Тэр үед Б- ах над руу залгаад “бид хоёр яваад очих уу, уулзъя” гэхээр нь би “ажил дээр хүрээд ир” гэж дуудсан юм. Тэгэхээр нь ТВ телевизийн 1 давхарт байдаг уулзалтын өрөөнд уулзаж мөнгө авъя гэж тооцоолсон юм. Уг өрөө нь хяналтын камертай учраас баримтжуулъя гэж бодсон юм. Мөн хоёр давхрын цонхон зураглаач зогсоож бичүүлэхээр болсон. Энэ талаар би зураглаач Жаргалсайханд хэлсэн байсан. Тэгээд байж байтал Б- ах “гадаа ирчихлээ, гараад ир” гэж хэлэхээр нь би гарахад Б-, С.О- хоёр саарал өнгийн Приус 20 маркийн машинтай ирсэн байсан. Бид гурав тамхины цэг дээр хамт тамхилчхаад би тооцоолсон ёсоороо “дотогшоо оръё” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хоёр “машинд суучих, машинд уулзъя” гэхээр нь би тэр хоёртой хамт машинд нь суусан. Тэгэхэд тэр хоёр намайг гар утсаа гаргаад тавьчих гэхээр нь гар утсаа гаргаад тавихад С.О- нь 2,5 сая төгрөг надад өгөхөөр нь би мөнгийг нь авсан юм. Миний хувьд уг мөнгийг сурвалжилгаа гаргахгүйн тулд авсан юм биш. Харин сурвалжилгыг гаргахгүйн тул өгч байгаа авлига, хахуулийн гэмт хэргийг таслан зогсооё, олон нийтэд мэдээлье, хүргэе гэдэг үүднээс авсан юм. Ажил руугаа ортол манай зураглаач Ш.Ж- ах намайг ярьсан ёсоороо тэр хоёрыг дагуулж орж ирнэ гэж бодоод хүлээж байсан. Миний машинд сууж, бууж байгаа бичлэгийг хийгээгүй байсан. Тэр даруй би О-ийн надад өгсөн мөнгийг ширээн дээр дэлгэж тавиад “сурвалжилга гаргахгүйн тулд надад хахууль өглөө” гэдэг байдлаар хөтлөлт, тайлбар хийсэн. Үүнийгээ ч би Ч- ХХК-тай холбоотой сурвалжилгад оруулсан юм. Миний хувьд эдгээр хүмүүсийг надад хахууль өгөхийг өдөөн хатгасан, турхирсан зүйл байхгүй. Харин эдгээр хүмүүс надад авлига өгөхийг санал болгоход нь баримтжуулъя, хуулийн байгууллагад өгье гэж бодож л зөвшөөрсөн юм. 5 сая төгрөг гэдэг яриа огт яригдаагүй. С.О- гэгч 5 сая төгрөг өг гэсэн гэж намайг гүжирдэж, худлаа хэлсэн байна. Би энэ хүмүүстэй мөнгөний талаар огт яриагүй. Тэр хүмүүс утсан дээрээ бичлэг хийгээд дараа нь намайг шантаачлах вий гэж бодоод би өөрийнхөө яриа, үйлдлийг цэгнэж байсан. Ер нь би анхнаасаа энэ бичлэгийг гаргахгүй, мөнгө төгрөг авах ашиг сонирхол надад байсан бол би бичлэгийн реклам, шторкийг фейсбүүкээр олон нийтэд цацахгүй байх байсан. Би эд нараас авлига авах, шантаач хийх зорилго байсан бол мөнгийг нь аваад нэвтрүүлгийг нь гаргахгүй байсан байх. Би авлигын асуудлыг илчилье, таслан зогсооё гэдэг үүднээс эд нарын надад өгсөн авлигын мөнгийг авч, олон нийтэд илчилсэн юм. Би сэтгүүлч хүнийхээ хувьд дөрөв дэх засаглалын үүргээ биелүүлж байна гэж бодсон юм. ...Уг мөнгийг манай албаны дарга С.Б- “наад мөнгөө санхүү дээр хадгалж бай, сурвалжилга гарсны дараа Авлигатай тэмцэх газар чамайг дуудах ёстой, тэр болтол хадгалж байгаарай” гэсний дагуу санхүүгийн ажилтан Саруулд хэлээд “хүрч болохгүй мөнгө шүү” гээд л сейфт нь хадгалуулсан. Гэхдээ тэмдэглэл, баримт хөтөлсөн зүйл бол байхгүй. Удалгүй Авлигатай тэмцэх газраас намайг дуудахаар нь би уг 2,5 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 140-143, 201-202-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-28-р хуудас/,
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2019 оны 3 дугаар сар 22-нд ажил дээр байж байтал миний фейсбүүк чат руу танихгүй хүн “Сайн уу” гээд бичсэн байсан. Би хэн бэ гэж хариу бичихэд “Д- байна утасныхаа дугаарыг өгөөч, асуух зүйл байна” гэсэн. Би утасныхаа дугаар өгтөл манай найзын найз, миний танил Д- буюу О- залгасан. Чи хэвлэлд ажиллаж байгаа хэвээрээ юу? ажлаа хийж байна уу? Д- телевизийн Д-оо гэж сэтгүүлчийг таних уу? гэж надаас асуусан. Би зүс танина эхнэр нь манайд ажилдаг, манай ажлын хүргэн, мэндтэй устай байдаг инээд алдсан дажгүй залуу шүү дээ яасан? гэтэл намайг ажлаа хийж байтал нууцаар бичлэг хийчхээд телевизээр гаргах гээд байна. Чи таньдаг бол битгий гарга гээд хэлээч өгөөч, би телевизээр гарахаас хүн амьтнаас ичиж байна гэж гуйсан. Би “өө чи ажил хийж байгаа юм уу, ямар ажил” гэтэл найз нь хөдөө уул уурхайн компанид харуул, хамгааллын албанд ажиллаж байгаа гэсэн. Би болох юм болов уу? ямар ч байсан Д-оогоос асууя гэж хэлээд утсаа тасалсан. Д-оо руу залгаад сайн уу би Бабу байна гэтэл ...аан сайн уу, яасан ахаа гэхээр нь чамаас юм асуух, гуйхын хооронд гэсэн. Чи манай найзын бичлэг хийсэн юм шиг байна. Тэрийг нь телевизээр гаргахгүй байх боломж байдаг уу найз маань асуулгаж байна гэсэн. Гэтэл ямар бичлэг вэ гэхээр нь би мэдэхгүй байна, хөдөө уул уурхайн компанид харуул, хамгаалалтын ажил хийдэг гэсэн байхаа гэтэл Д-оо аан тийм тийм, дүү нь нэг сар уул уурхайгаар явсан, уулзаж ярилцъя, энэ утсаар ярих асуудал биш, би одоо цагдаагийн ерөнхий газарт хэвлэлийн хурал сурвалжлах гэж байна. Ажлаа дуусгаад тань руу яваад очъё, уулзаж ярилцъя гэсэн. Би Д- рүү залгаад утсаар ярьсан чинь уулзаад ярилцъя гэнээ гэтэл Д- аан чи ажил дээрээ байна уу, би 5-р сургуулийн энд хоол идэж байна яваад очъё гэсэн. Ажлаа хийгээд байж байтал Д- гараад ир гадаа чинь байна гэсэн. Би гарч уулзсан. Д- надад би нэг уул уурхайн компанид харуул, хамгаалалтын ажил хийж байгаа, тэгсэн наад залуу нууцаар бичлэг хийгээд, намайг телевизээр гаргана гэж байна чи намайг битгий гарга гээд хэлээд өгөөч гэсэн. Би за асууя, уулзъя гээд ойр зуурын зүйл яриад тамхилаад 5 минут орчим болсон. Д-оо над руу залгаад ахаа би төв музейн энд байна одоо уулзах уу завтай юу гэсэн. Д- бид хоёрыг яваад очтол Д-оо ганцаараа байсан. Бид 3 уулзтал тэр 2 нэгнийгээ хараад шууд таньж байсан. Д-оо надаас Бабу ахыг таньдаг юм уу гэхэд нь би “найз байгаа юмаа. Чи манай найзын бичлэгийг хийсэн юмаа даа” гэхэд Д-оо “аан тиймээ гэсэн. Тэр 2 хоорондоо юм ярьсан би яриаг нь нээх анхаараагүй. Миний дүү чи тэр бичлэг гаргахгүй байж болдог уу хэрвээ болдог бол битгий гаргаач гэсэн. Д-оо би бүтэн сар уул уурхайгаар явсан, найз чинь мэдэж байгаа, өчнөөн хоног бензин тос, томилолт, зардал энэ тэр гэж явдаг болсон, тэрийг яах вэ гэхдээ тэр бичлэгийг би ганцаар шийдэхгүй. Манай мэдээний албаны дарга мэднэ. Гэхдээ би асууя, таныг гуйсан болохоор туслахыг бодъё одоо би ажилтай ажил руу очиж даргатай яриад эргээд хэлье гэсэн. Би чадвал бүтээгээрэй, боломжгүй бол ойлгоноо, бүтээвэл баярлана шүү гэсэн. Д-оо тэндээсээ салж яваад Д- найз нь ажилтай байна, цаадхыгаа яривал надаа хэлээрэй би явлаа гээд бас явсан. Би ч ажил руу гаа ороод ажлаа хийж байтал Д- над руу залгаад цаадах чинь хөдөө, гадаа яваад бензин тос үрсэн гэж түрүүн дахин дахин хэлээд байсан би 2.500.000 бүтээхээр боллоо, зардлыг чинь төлнө гэж хэлээрэй гэсэн. Би Д-оо руу залгаад за даргатайгаа уулзсан уу гэтэл уулзаагүй ажилтай байна та байж байгаад дахиад над руу залгаарай энд ажлаа амжуулаад даргатай уулзаад аль болох бүтээх талаас нь ярилцаад танд хэлье гэсэн. Цаг орчмын дараа Д- над руу дахин залгаж хариу хэлсэн үү, юу гэж байна гэхээр нь би дахиж асууя гээд Д-оо руу залгаад за даргатайгаа уулзсан уу гэж асуутал урдаас зардал мөнгө болсон доо, төлөвлөгөөт нэвтрүүлэг гаргахгүй болохоор оронд нь өөр мэдээ гаргана, гэхдээ тэрийг би өөрөө зохицуулна, их л зардал орж хөдөө гадаа явсан даа гэсэн. Тэгэхээр нь би 2.500.000 төгрөг зардалд чинь Д- өгье гэж байна. Боломжгүй бол хэлээрэй ойлгоно гэсэн. Тэгсэн Д-оо “за ахаа, би даргатай яриад бичлэг гаргахгүйгээр зохицууллаа, ямар ч асуудалгүй шүү, харин наад залуугаа мөнгөө аваад манай ажил руу ганцаараа хүрээд ир гэж хэлээрэй, би ажил дээр хүлээж байна” гэсэн. Би Д- рүү залгаад сая ярилаа чамайг мөнгөө аваад ганцаараа хүрээд ир гэж байна гэтэл Д- хоёулаа очъё, би сайн танихгүй, чамтай хамт очъё гэсэн. Би ажил тарах болоогүй, ажилтай байна хүүхдээ цэцэрлэгээс авна өдөр уулзсан юм чинь чи очоод уулзчих, чамайг мөнгөө аваад ир гэсэн шүү гэж хэлсэн. Ажил тарж байтал Д- над руу залгаад ажлын чинь хажууд ирчихлээ хамт очиж уулзъя, цаадах чинь эвгүй, дахиад бичлэг хийж магад, тэгээд чамайг гэрт чинь унаагаараа хүргээд өгье гэсэн. Би дажгүй залуу шүү дээ, өөрөө мөнгөө аваад ир, бичлэг гаргахгүйгээр шийдлээ гэсэн юм чинь чи оччих гэсэн. Д- бид 2 Д-ын ажил руу нь явсан. Ажлыг нь олохгүй бид 2 нэлээд будилаад Д-оо руу ярьж ажлыг нь заалгаад ажлынх нь гадаа очтол Д-оо гаднаа тамхи татаад зогсож байснаа бид хоёрыг хараад буугаад ир гэсэн. Бууж очоод хамт тамхилж байтал мөнгөө авч ирсэн үү гээд асуусан. Д- мөнгө аваад ирлээ авах уу гэтэл Д-оо хүмүүс хараад байна гэснээ, мөнгөө яаж авах уу, энэ булан руу эргэх үү гэснээ ажил руугаа заагаад ийшээ ороод текний араар орж авъя гэхээр нь би гайхаад юун тек гэтэл Д-оо....за за машинд чинь оръё гэсэн. Бид 3 машинд нь ортол Д- “за үнэндээ би телевизээр гарч байгаагүй болохоор айж байна, хэн хэндээ итгэж байгаа боловч бичлэг хийхгүй биз дээ” гэсэн. Тэгсэн Д-оо утсаа гаргаж тавья, угаасаа миний утас iphone болохоор бичлэг хийж болохгүй гээд утсаа гаргасан. Д- ч утсаа гаргаад тэгье гэхээр нь би шоолж Д-оо бичихгүй гээ биз дээ гэтэл тэр 2 намайг утсаа гарга гэсэн. Би утсаа гаргаж тавьсан. Д- Д-оод мөнгө өгөхөөр нь би тоолоорой гэтэл Д-оо зүгээрээ гэж мөнгө авч халаасандаа хийгээд за тэгээд асуудалгүй боллоо шүү гэсэн. Гэтэл Д- Д-оод “хөгшөөн чи фейсбүүк дээрх бичлэгээ устгана биз дээ” гэсэн. Д-оо тэр асуудалгүй устгачихна гэсэн. Би гайхаад юу вэ бичлэг гарсан байгаа юм уу, гараагүй байгаа юм уу гэтэл Д-оо фейсбүүктээ нэвтрүүлгийн шторк гарсан байгаа, тэрийг одоо шууд устгачихна, маргааш телевизээр бас бичлэг гарахгүй ээ би тохирсондоо байна, зохицуулсан, санаа зоволтгүй гэж хэлээд гар бариад буугаад ажил руугаа орсон. Д- намайг явж хоол идье гэхээр нь би миний бие өвдөөд байна дараа болох уу эрт хүргээд өгчих гэсэн. Ингээд бид 2. Хөдлөөд явж байхдаа Д- фейсбүүк рүү ороод бичлэг устгаж уу үзээд өг гэхээр нь би миний утас датагүй гэтэл Д- зогсож байгаад өөрийнхөө утсаар хараад, өө устгаагүй байна чи асуугаач гэсэн. Би Д-оо руу залгаад фейсбүүкэд байгаа бичлэг нь устаагүй байна гэнэ үү гэтэл манай админ залуу ажлаас гараад харьж явна гэсэн 30 минутын дараа устгачихна та санаа битгий зов, асуудалгүй гэсэн. Би Д-д хэлснийг нь дамжуулсан. Д- намайг 10 дугаар хороололд буулгачхаад явсан. Гэртээ ороод цаг орчим болж байтал Д-оо над руу залгаад за ахаа уучлаарай, дүү нь угаасаа баримт хайж байсан юм, би өдөр музейн тэнд уулзсанаас авхуулаад бүх явдлыг бичиж авсан, намайг та нар худалдагдсан гэж бодоо юу, би та хоёрыг Авлигатай тэмцэх газар болон цагдаа гээд бүх газар өгнө гэсэн. Би яасан гэнээ, тоглоод байгаа юм уу гэтэл үгүй ээ ахаа таны ажил төрлийг бодоод л би хэллээ тэр залуудаа хэл, бичлэг гардгаараа гарна, нэмээд та хоёр бас гарна гэсэн. Би яагаад ингэж байгаа юм бэ? Хэрвээ чи бичлэгээ гаргахгүй байж чадахгүй, заавал бичлэг гаргана гэсэн бол ойлгоно ш дээ, чамд хэлсэн ш дээ, боломжтой бол туслаач гэсэн, чи болно гэсэн, одоо юун бас намайг телевизээр гаргах вэ? Хунийг нууцаар бичиж дараа нь ингэж болдог юм уу? Та хоёрын дунд асуудал байгаа бол өөрсдөө уулзахдаа ярилцахгүй яасан юм нь ийм балиар юмандаа яагаад оруулж байгаа байна вэ. Хүнийг ингэж байгааг би ойлгохгүй байна намайг ядаж ийм заваан зүйлдээ гаргахгүй байж болохгүй юу гэтэл та маргааш нөгөө залуугаа дагуулаад манай ажил дээр 10 цаг гээд хүрээд ир гэсэн. Би хариуд нь за би чамтай уулзаж юугаа ярих вэ дээ өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан. Д- рүү залгаад Д-оо ингэлээ чамайг маргааш ирж уулз гэсэн гэж хэлсэн. Д- намайг тоглоод байгаа юм уу? гэж асуугаад үнэн гэтэл за уулзъя гэсэн. Хэсэг хугацааны дараа байрны чинь гадаа байна гараад ир тамхилъя гэсэн. Би Д-тэй уулзтал намайг тэр мөнгөө авч ирж өг мөнгөө авъя гэсэн. Би мөнгө аваагүй шүү дээ, Д-оо авсан, чи тэр мөнгө өгсөн хүнээсээ аваа гэтэл чи намайг танилцуулснаараа мөнгөө Д-оогоос авч өг гэсэн. Би дахиж та хоёртой уулзахыг хүсэхгүй байна. За яахав энэ тэнд тааралдвал мэндтэй байна биз гээд гэртээ орсон. Маргааш нь аль аль нь над руу залгасан би дахиж битгий залга гэж Д-д хэлсэн. Д-оогийн утсыг аваагүй. Тэрнээс хойш дахиж над руу аль аль нь залгасан. Би Д-гийн утсыг авсан Д- “чамайг эвгүй байдалд оруулсан уучлаарай” гэсэн. Мөн хэн хэнтэй нь уулзаагүй байж байгаад 2019 оны 5 дугаар сарын 8-нд Д-оотой ажлын гадаа тааралдсан. Надад хэлэхдээ би Авлигатай тэмцэх газарт өгсөн, хэрэг үүсгэсэн дуудаж мэдүүлэг авах байх гэж хэлсэн. Түүнээс би хэн нэгэнд хахууль өгөхөд нь зуучилсан зүйл байхгүй, харин тэр 2 хүнийг уулзуулж өгсөн нь бол үнэн. Тэр хүмүүс хоорондоо ярьж байгаад мөнгө төгрөг гэж тохиролцсон, миний зүгээс ингэж туслах болом байна уу, боломжгүй бол яахав ойлгоно оо гэдгийг хэлж байсан. Тэр орой телевиз рүү явахад намайг таньдаг учраас л гуйж байгаад авч явсан. Мөнгөө О- өөрөө өгсөн, би хажууд нь байж байсан болохоос өөр ямар нэг оролцоо байхгүй. Мөнгөний дүнг бол би сонсоогүй. Д-, О- 2 хоорондоо бол нэлээн удаан юм ярьсан. Миний сонсож байснаар Д-ын зүгээс нэвтрүүлэг бэлтгэхэд 1 сар гаран хөдөө, гадаа нойртоо нойргүй явсан, бензин тос гээд зардал маш их гарсан гэж бол хэлж байсан. Мөнгөн дүнгийн талаар бол хэдээгүй. Дараа нь О- бол 2,5 сая төгрөг байгаа гэж надад хэлж байсан. Түүний дараа Д- утсаар яриад нэвтрүүлэг гаргахаа больчихлоо, нөгөө хүнээ мөнгөтэй нь ганцааранг нь явуулчих гэж байсан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд өмнө нь мөнгөний талаар Д-, О- 2 хоорондоо ярьчихсан байсан байх. Д-ын зүгээс энэ үйл явцыг нэвтрүүлэгтээ оруулах гээд О-ийг ганцааранг нь явуулчих гэж хэлүүлсэн байх. Намайг бол урьд нь таньдаг хүн тул нэвтрүүлэгт оруулъя гэж бодоогүй байх гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх иргэдээс Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ч-” ХХК-ийн лицензийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 2 компани булаацалдаж маргаантай байгаа талаар мэдээлэл ирж манай сэтгүүлч, редактор Д- томилолтоор Дундговь аймагт ажиллаж сурвалжилга бэлтгэсэн. Ингээд энэ мэдээгээ монтажлаад гаргахад бэлэн болгож Д- телевизийн фейсбүүк хуудсанд байршуулсан байсан. Гэтэл манай сэтгүүлчийг уг мэдээллээ битгий гаргаач гэсэн гуйлт, хүсэлтийг Д-ад хандаж олон удаа ирж байгаа талаар надаа хэлж байсан. Ингээд мэдээ гаргахын өмнөх билүү түүний өмнөх өдөр байх манай сэтгүүлч надад нөгөө хүмүүс ирж уулзъя гээд байна гэсэн, би ямар учиртай юм бэ гэхэд мэдэхгүй ээ яаралтай уулзъя гээд байна гэсэн, миний зүгээс за уулзаж болно оо, гэхдээ уулзалтаа баримтжуулаарай, мөнгө төгрөг амлах, өгөх гээд байвал нууцаар ч хамаагүй бичээрэй гэж хэлсэн. Би гадуур ажилтай байж байгаад ирээд Д-аас нөгөө хүмүүстэйгээ уулзсан уу гэхэд уулзсан, надад 2,5 сая төгрөг өгсөн, гадна талаас нь бол бичлэг хийсэн. Яг өгч, авахад бичлэг хийж чадаагүй гэсэн. Тэгэхээр нь би энэ мөнгө төгрөг өгч, хэвлэл мэдээллийн байгууллагыг хахуульдсан асуудлаа өгсөн мөнгө төгрөгтэй нь өмнөх мэдээндээ нэмж оруул гэсэн. Ингээд тэр өдөр 5 дахь өдөр байсан тул 3 дугаар сарын 25-ны өдрийн даваа гарагийн 21 цагийн цаг хөтөлбөртэй оруулсан. Д-ад өгсөн 2,0 сая төгрөгийг санхүүд хураалгасан бөгөөд мэдээ цацагдсанаас хойш хуулийн байгууллага яаж ажиллахыг харзная, дуудахгүй бол хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар дараагийн сурвалжилгыг хийе гээд байж байсан юм. Танай байгууллагаас дуудсан. Тийм зүйл байхгүй. Манай нэвтрүүлгээ гаргах гээд төлөвлөсөн, гаргах тухай сурталчилгаа буюу шторк танилцуулгыг фейсбүүк дээрээ 5-10 хоногийн өмнө байршуулсан байсан. Ингээд байж байхад өөрсдөө утсаар ярьсаар байгаад ирж уулзахдаа мөнгө өгсөн байсан. Түүнээс манай зүгээс худал амлаж бусдыг гэмт хэрэгт өдөөн турхирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Ш.Ж-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг би одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа дулаарч, өдөр уртсаж байсан үе. Манай телевизийн зураглаач нар гэнэтийн сурвалжилга, нэвтрүүлэгт явж болзошгүй тохиолдолд бэлэн байдлыг хангах зорилгоор ээлжээр уртасгасан цагаар телевизийн байранд үүрэг гүйцэтгэдэг юм. Тэр өдөр намайг ажлын байранд байж байх үед 17 цагийн 30, 40 минутын үед санагдаж байна. Д- сурвалжлагч надад хандан “миний хийсэн нэвтрүүлгийг гаргуулахгүй гээд надад мөнгө өгье гээд байна, одоо ажил дээр ирж надтай уулзана гэж байна. Та тэр үед нь уулзалтын процессын зургийг аваад баримтжуулаад өгөөч” гэж хэлсэн. Орой 18 цаг 40 минутын үед Д- бид хэд нөгөө хүмүүсийг хүлээгээд байж байх үед Д-ын утас руу нөгөө хүмүүс нь өөрсдөө залгасан. Д- “би дагуулаад ажил аваад ороод ирье, та бэлэн байж байгаарай” гэж хэлээд гарсан. Би ажлын хоёр давхрын цайны өрөөний цонхон дээр камераа бэлдээд зогсож байсан. Тэгэхэд телевизийн хашаа руу саарал өнгийн приус 20 маркийн автомашин орж ирсэн бөгөөд Д- уг машинаас буусан хоёр хүнтэй тамхины цэг рүү яваад өгсөн. Тамхины цэг нь миний зогсож байсан газраас харагддаггүй бөгөөд би хаанаас бичлэг хийх үү гээд өөр цонх хайгаад явж байх хооронд Д- тэр хүмүүсийн машинд нь сууж уулзаад буучихсан байсан юм байна лээ. Миний зогсож байсан цонхны доор гадна хаалганы дээд талын саравч байдаг бөгөөд уг саравч нь харагдах орчныг хязгаарлаад байсан. Би уг Тоёота Приус 20 маркийн автомашины бичлэгийг хийхэд телевизийн хашаанаас гараад явчихаар нь би шатаар доошоо 1 давхар руу буухад Д- нэг давхарт ороод ирчихсэн байсан. Тэгэхэд Д- гартаа мөнгө барьсан байсан. Уг мөнгөө шууд ширээн дээр дэлгэж тавиад надаар бичлэг хийлгээд өөрийнх нь сурвалжилсан нэвтрүүлгийг гаргуулахгүйн тулд мөнгө өгөхийг оролдлоо гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхэд би Д-ад “чи жаахан удаан уулзаж байгаад орж ирэхгүй яаваа, би бичлэг хийж амжаагүй” гэдгээ хэлсэн. Д- “дотогшоо орж уулзъя гэсэн чинь орохгүй гээд байхаар нь машинд нь уулзлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145-р хуудас/,
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Д- телевиз Гэгээн далай ХХК-ийн албан бичиг /хх-ийн 177-р хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөнгөн дэвсгэртэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-32-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нь өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлснээр бүрдэл төгсдөг.
Хавтаст хэрэгт шүүгдэгч С.О- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д- телевизийн сэтгүүлч, редактор Ч.Д-ын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд үйл ажиллагаа явуулах “Ч-” ХХК-ийн уурхайгаас бэлтгэсэн нэвтрүүлгээс өөрийн утсаар ярьж буй бичлэгийг гаргуулахгүй байхын тулд хохирогч Ч.Д-ын ажлын байрны гадна Приус 20 маркийн автомашин дотор 2.500.000 төгрөг өгсөн бөгөөд хохирогч Ч.Д- нь С.О-ийн мөнгийг ширээн дээр дэлгэж тавиад “сурвалжилга гаргуулахгүйн тулд надад хахууль өглөө” гэж хөтлөлт хийж, “Ч-” ХХК-тай холбоотой сурвалжилгадаа оруулсан үйл баримт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч С.О- нь өөрийн утсаар ярьж буй бичлэгийг гаргуулахгүй байхын тулд хохирогч Ч.Д- /хэвлэн нийтлэгч/-д 2.500.000 төгрөгийн төлбөр төлсөн нь гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна. Харин хохирогч Ч.Д- /хэвлэн нийтлэгч/ нь шүүгдэгчийн өгсөн мөнгийг авсан боловч “Ч-” ХХК-ийн уурхайгаас бэлтгэсэн нэвтрүүлгээс С.О-ийн утсаар ярьсан бичлэгийг хасаагүй буюу бүрэн эхээр нь нийтэлж, шүүгдэгчийн хүсэл зоригийг туйлд нь хүргээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.О-ийн хүсэл зоригоос үл шалтгаалан гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна. Иймд шүүгдэгч С.О-ийг өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд төлбөр төлж зориуд нийтлүүлэхгүй байхаар завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.О- болон түүний өмгөөлөгч Б.ДашД- нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хохирогч Ч.Д-аас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч С.О-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 3-т “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.
Шүүгдэгч С.О-ээс Д- телевизийн сэтгүүлч, редактор Ч.Д-ад бэлнээр өгсөн 2.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 125 ширхэг 20.000-ын дэвсгэрт бүхий, нийт 2.500.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ДашД-оос “хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй. Тухайн гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир С.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процессын шинж чанарыг агуулсан бөгөөд тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ДашД-оос гаргасан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримт нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон бөгөөд шүүгдэгч С.О-ийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1902003090125 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан байна.
Шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.О- гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөргүй, гэмт үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн төгсөөгүй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч С.О-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх бөгөөд тэрээр бусдад төлөх хохирол төлбөргүй байх тул шүүгдэгч С.О-т оногдуулсан торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.
Хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-д заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-т 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялыг Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сери дугаар бүхий 125 ширхэг 20.000-ын дэвсгэрт бүхий, нийт 2.500.000 төгрөгийг улсын орлого болгосугай.
6. Хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР