Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2019/0019/З |
Дугаар | 115/ШШ2020/0003 |
Огноо | 2020-01-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 115/ШШ2020/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “АУЭ” ЗБ н,
Хариуцагч: ДГА-ийн ЗД, тус аймгийн Э сумын ЗД болон мөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэнд тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “АУЭ” ЗБ нд холбогдох хэсэг, тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “АУЭ” ЗБ н-ийн ахлагч Ц.Г, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Х.О, хариуцагч тус аймгийн Э с-ын ЗД Э.Г, сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтэн Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АУЭ” ЗБ н-ийн ахлагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус нөхөрлөл нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Э.Ганбаяртай холбогдох хууль, тогтоомжийн дагуу жил бүр гэрээ байгуулж, Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт орших Хунхат нэртэй газарт жонш олборлохоор бэлтгэл үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 тоот захирамжаар уг гэрээг цуцалж, хуульд нийцүүлэн эрх олгогдсон байсан тэсэрч дэлбэрэх бодисын агуулах, тоног төхөөрөмжийг лацдаж, битүүмжлэн үйл ажиллагааг зогсоосон.
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон нягтлан шалгах ажлын хэсэг нь нөхөрлөлүүдийг татан буулгах захирамж гарсан гэдэг нэрийдлээр нэхэмжлэгч талыг шууд татан буулгасан.
Дорноговь аймгийн Засаг даргын дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 15.1, 26.1, 27, 30, 32 дугаар зүйлүүдийг зөрчиж мөн хуулийн 47.1.5-47.1.7 дахь хэсгийг хангасан бөгөөд Засаг даргын энэхүү илт хууль бус захиргааны актаас болж нэхэмжлэгч тал эрэл хайгуулын ажил болон газар шорооны ажилд их хэмжээний эд хөрөнгө, мөнгө төгрөгийг зарцуулсан, өнөөдрийг хүртэл тус нөхөрлөлийн харуул ажилчдад цалин мөнгө өгч өргүй зардал гаргасан нь хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх, эдийн засгийн хувьд илтэд хохирч, дампуурах, үйл ажиллагаа нэг мөсөн зогсох нөхцөл байдал үүсээд байна.
Нэхэмжлэл гаргах үед аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 тоот захирамж нь бидэнд байхгүй байсан. Энэ захирамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын алба аймгийн болон Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэс бусад эрх бүхий албан тушаалтан ирж манай нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосноос хойш үйл ажиллагаа явуулаагүй шүүх дээр хэрэгтэй танилцаж захирамжийг эхээр нь олж үзсэн.
Мөн дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28-р зүйлийг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй. Нөхөрлөл, нөхөрлөлийн гишүүдийн эрх ашгийг хязгаарлаж хохироосон. Захиргааны ерөнхий хуулийн 29-р зүйлд заасан Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтыг дагалдах хуудас хөтлөгдөөгүй, гүйцэтгэлийн дагалдах тэмдэглэгээ байхгүй, 31-р зүйлд заасан зөвлөгөө мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй энэ зүйл заалтад 6 заалт байгаа бүгдийг нь зөрчсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйл зүйлийг үндэслэн эрх зөрчигдөөд байгаа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжийн 6-р заалт, Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн Мэдэгдэх хуудасыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр одоо энэ шийдвэрийг гаргасан ч байсан надад ашиг тус байхгүй. Зөвхөн 9 дүгээр сард гарсан бол нэхэмжлэгч талд ашигтай тал байсан. Одоо хариуцагчид ч ашиггүй, нэхэмжлэгчид ч ашиггүй бүтэн 5 сарын хугацаанд мөн чанараа алдчихаад байгаа эд.
Тэгэхээр хэргийг яаж шийдэх нь ашиггүй ч гэсэн нэгэнт нэхэмжлэл гаргасны төлөө би тэмцэнэ гэж бодож байна.
Нөхөн сэргээлт хий гэсэн бичгийг 07 дугаар сарын 03-ний өдөр Эрдэнэ сумын Засаг дарга Ганбаяр манайд өгсөн. Мөнгө төгрөг нь болдоггүй явсаар байгаад 9 дүгээр сард нөхөн сэргээлтийг хийх гээд нөхөн сэргээлт хийдэг Хятадын компанитай 2 сая юанийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж авчирсан тэгтэл дахин ухлаа гээд хамаг юмыг нь лацдаж ломбодсон.
Эрдэнэ сумын Засаг даргын тухайд Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч ашигласан 926,30 га газрыг орон нутгийн хэрэгцээнд авсан байдаг. 2018 оны 03-р сарын 08-ны өдрийн 03/2111 тоотоор хүргүүлсэн талбайд ашигт малтмал ашиглах боломжтой гэсэн Дорноговь аймгийн Засаг даргын бичиг нь энд байж байна. Кадастрын албаны зөвшөөрөл ч байна.
Засгийн газрын 151 дүгээр тогтоолын зорилго нь үйлдвэрийн зориулалтаар ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй, ашиглалтын болон техник технологийн хаягдлаар бий болсон газарт нөхөрлөл үйл ажиллагаа явуулахыг журамласан. Тиймээс түрүүнд нь Коммод ХХК-ний ухсан 6 нүхийг бид нараар нөхөн сэргээлт хийлгүүлэхээр ашиглуулсан.
Одоо тоног төхөөрөмжийг битүүмжилсэн болохоор уг газраас нүүж болохгүй мөн нөхөн сэргээлт хийж болохгүй нөхцөлтөй байна. Мөн тэсэрч дэлбэрэх аюултай 2 агуулах байдаг. Тэр агуулахын харуул 2-оос доошгүй хүн ажиллуул гэдэг тэр нь заавал ч үгүй тугалган сумтай буутай хүн байдаг. Тэгээд үүнийг нь хаячхаж болохгүй 2 харуул өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Иймэрхүү хүнд байдалтай болгочхоод аргаа бараад би бүтэн 2, 3 сар болж Захиргааны шүүхэд өргөдөл гомдол гаргасан юм.
2019 оны 12 дугаар сарын 15-ний өдөр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12/11 тогтоолоор манай орон нутагт олгосон газрыг хүчингүй болгосон байдаг юм. Тэгэхээр манайх бол тэнд байх шаардлагагүй. Юун ухах нь битгий хэл нөхөн сэргээлт хийх боломж байхгүй, газаргүй болчихсон юм чинь тийшээ очих эрх байхгүй.
Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ДГА-ийн ЗД-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 33-1/1680 дугаартай албан бичиг, Татварын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/338 дугаартай албан бичиг, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/288 дугаар албан бичгээр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Хунхат хэмээх газарт бичил уурхай ашиглаж буй “Аргалын уулын эрдэнэс” болон бусад нөхөрлөлүүдэд үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдал гарсан талаар санал дүгнэлт ирүүлж, Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэ сумын Хунхат хэмээх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоох талаар арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгээр мэдэгдсэн.
“Аргалын уулын эрдэнэс” ХХК нь Татварын ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайд бус өөр газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулсан, бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчил дутагдлыг гаргасан болох нь эрх бүхий байгууллагын үзлэг шалгалтаар тогтоогдсон болно.
Аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжаар Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт орших Хунхат нэртэй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд нягтлан шалгах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 02-07-ны өдрийн хооронд зохион байгуулахаар, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцалж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэн, газрыг хэвийн байдалд оруулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
Дээрх нөхөрлөлүүд нь үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр тогтоож олгогдсон талбай бус өөр газарт жонш олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Нэхэмжлэгчийн хувьд лацтай болохоор би хаашаа ч явж болохгүй байна гэж хэлж байгаа нь зөв. Жоншны олон төрлийн техник, тоног төхөөрөмжийг лацадсан нь эрүүгийн хэрэгтэй холбоотой лацадсан. Аймгийн засаг даргын 573 дугаар захирамжийн 6-р заалтаас болоод лацадсан асуудал байхгүй тул Засаг даргын уг захирамжтай холбоогүй.
Нэхэмжлэгч тал сумаас зааж өгсөн газар дээр аймгийн Засаг дарга дүгнэлтээ гаргуулаад тэгээд тусгай хэрэгцээнд аваад дүгнэлт гаргуулаад тэрний дагуу гэрээ байгуулаад ашиглаж байсан. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийн тухайд ашиглагдаагүй байсан 50 га газрыг тусгай хэрэгцээнээс гаргасан байгаа.
Аймгийн Засаг даргын А/573 дугаар захирамжийн хувьд Мэргэжлийн 3 байгууллагын дүгнэлтийг үндэслэж гарсан. Тиймээс “Аргалын уулын эрдэнэс” ХХК-иас гаргасан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжийн “АУЭ” нд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч ДГА-ийн Э с-ын ЗД-ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Хунхат” нэртэй газрыг сумын ИТХ-ын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд 926 га газраар авсан. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу 10 нөхөрлөл сумын Засаг даргатай гэрээг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туршилтын хугацаатайгаар байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг дахин сунгаж байгуулсан. Гэрээний дагуу нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулж 2019 оны 06 сард аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт зохион байгуулан бичил уурхайг далд уурхай хэлбэрт шилжүүлсэн байна гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг зогсоож ашиглаж байсан техник, тоног төхөөрөмжийг лацадсан. Шалгалтыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/573 тоот захирамжаар бичил уурхай үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан. Энэхүү захирамжийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөрлөлийн ахлагч нарт гэрээг цуцлах, ашигласан талбайг нөхөн сэргээх Мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор нөхөн сэргээлтийг хийж сумын комисст хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн боловч одоог хүртэл нөхөрлөлүүд нөхөн сэргээлт хийгээгүй байна.
Энэхүү “Хунхат” нэртэй газарт “Коммод” ХХК нь 2009 оноос 2015 он хүртэл ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаад 2016 онд ашиглалтын лицензээ цуцлуулсан. Коммод ХХК нь ашиглаж байсан газраа нөхөн сэргээлт хийгээгүй үлдээсний улмаас хулгайгаар жонш олборлох нинжа нар ихсэж, ухсан нүхүүдэд мал унаж үхэх зэрэг гомдол, санал, дуудлагууд удаа дараа гарч, гомдлын дагуу сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны мэргэжилтэн, багийн Засаг дарга нар газар дээр ажиллаж нинжа нарыг баривчлах, хөөн явуулах ажлыг олон удаа зохион байгуулж байсан.
Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын дагуу жилд 50 га газраас илүү олгохгүй гэсэн журмын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23 тогтоолоор бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Тус газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/2111 тоотоор “гол мөрний урсац, бүрэлдэх эх, усан сан болон ойн сан бүхий газрын хилийн зааг хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна” гэсэн албан бичиг ирсэн. Энэхүү албан бичгийн дагуу газар олголтыг хийхэд ямарч хөндөгдөөгүй эрүүл газар байсан учраас Коммод ХХК-ийн нөхөн сэргээлт хийгдээгүй талбайг нөхөрлөлүүдэд ашиглуулж байгаад нөхөн сэргээлт хийлгэх үүднээс 10 нөхөрлөлд газрыг олгох ажлыг зохион байгуулсан.
Тогтоосон газар энэ 10 нөхөрлөлүүдэд өгөөгүй нь нэг талаас миний ажлын хариуцлага алдсаных нөгөө талаас ухагдаагүй шинэ 50 га газрыг олгохоос эрс татгалзсан. Байгаль орчин, газрын мэргэжилтэнтэй зөвшилцөж байгаад Хунхат дээр Коммод ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газар дээр 50 га газрыг олгоод явсан юм. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан нөхөн сэргээлт хийгдээгүй газар дээр дахин үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийх нь зөв гэж бид бүхэн ярилцаад шийдвэрлэсэн асуудал гэв.
Хариуцагч ДГА-ийн Эрдэнэ сумын Байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Ж. Энхцэцэг нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Уг нэхэмжлэлийн талаарх асуудлаар огт мэдэхгүй болохоо мэдэгдэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АУЭ” ЗБ н нь /цаашид “АУЭ” н гэх/ шүүхэд анх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл[1] гаргасныг шүүхээс шууд хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг “маргаан бүхий А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодорхойлж[2] улмаар уг шаардлага дээрээ нэмэгдүүлэн тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг мөн хүчингүй болгуулах шаардлагыг гаргаснаар[3] шүүх тухайн шаардлагуудын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэг. “Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжаар[4] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.н. дэд заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 дахь заалтууд, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8.1.1 дэх заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/03 дугаар тогтоол, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 7/536 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт зэргийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар тус аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутагт орших “Хунхат” нэртэй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг нягтлан шалгах ажлыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ажлын удирдамжийг холбогдох хавсралтуудаар баталж улмаар маргаан бүхий 6 дугаар заалтаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцалж, ...нөхөн сэргээлт хийлгэн, газрыг хэвийн байдалд оруулахыг тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн 6 дугаар заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагынхаа үндэслэлийг “...захирамжаар гэрээг цуцалж, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах болон машин техник, тоног төхөөрөмжийг лацдаж битүүмжлэн үйл ажиллагааг зогсоосон, ...ажлын хэсэг нөхөрлөлүүдийг татан буулгах захирамж гарсан нэрийдлээр ...нэхэмжлэгч талыг татан буулгасан, ...захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27, 30, 32 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, ...эрэл хайгуулын болон газар шорооны ажилд их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж зардал гаргаснаас гадна лацдаж битүүмжилсэн эд хөрөнгийг харж хамгаалах харуулыг одоо болтол цалинжуулж байгаагаас эдийн засгийн хувьд дампуурч, үйл ажиллагаа нэг мөр зогсох нөхцөл байдал үүссэн, ...нөхөн сэргээлт хийж талбайгаа хүлээлгэн өгөх гэтэл нөхөн сэргээлтэд ашиглах машин техник, тоног төхөөрөмжүүд лацтай учир хөдөлгөх боломжгүй байгаа” хэмээн маргаж байгаа бол,
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг “...мэргэжлийн байгууллагуудаас ...нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоох талаар арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг ирсэн, ......нэхэмжлэгчийн хувьд Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөн, ...дүгнэлтээр олгогдсон талбайгаас өөр газарт жонш олборлосон, ...үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, ...гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” хэмээн тайлбарлажээ.
Анх Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга тус сумын “Хунхат” нэртэй газрын 50 га талбайг бичил уурхайгаар олборлолт явуулах боломжтой эсэх талаар лавлагаа гаргуулахаар 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/181 тоот албан бичгийг[5] Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр тус газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7/211 тоот албан бичгээр[6] “...50 га газар нь хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй” гэсэн хариуг ирүүлсэн байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай” 23 дугаар тогтоол гаргаж[7] “Хунхат” нэртэй тухайн газрын 50 га талбайг “бичил уурхайн зориулалтаар” аймгийн тусгай хэрэгцээнд авч, улмаар бичил уурхай эрхлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулахыг Эрдэнэ сумын Засаг даргад даалган үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ.
Гэтэл дээрх үйл баримтын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээр дурдсан 23 дугаар тогтоолтой ижил агуулга, заалт бүхий 08/03 дугаар тогтоолыг гаргасан[8] байх бөгөөд энэ нь “...өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан Тэргүүлэгчдийн алдааг залруулж, эрх бүхий этгээдээс тухайн тогтоолыг гаргасан” үйлдэл болохыг тус Хурлаас ирүүлсэн албан бичигт дурдсан[9] байх тул шүүхээс Хурлын энэхүү 08/03 дугаар тогтоолыг тухайн маргаанд хамааралтай гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.
Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээр дурдсан 08/03 дугаар тогтоолын хүрээнд тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч “АУЭ” нтэй “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г /цаашид “гэрээ” гэх/ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар[10], дахин 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар[11] тус тус байгуулсан байна.
Гэтэл дээрх гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Засаг дарга А/573 дугаар захирамж гаргаж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг шууд цуцлахыг гэрээний нэг тал болох Эрдэнэ сумын Засаг даргад үүрэг болгосон /6 дугаар заалтаар/[12] байх бөгөөд улмаар уг захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн захирамж гарсан тухайн өдөр бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж буй газарт очиж захирамжийн талаар танилцуулан үйл ажиллагааг нь зогсоож байгаа тухайг мэдэгдсэн үйл баримт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонжаргалын болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн ахлагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч аймгийн Засаг даргын энэхүү А/573 дугаар захирамж нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны актаар хэлбэржин гарсны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-40.2.5, 40.3, 40.4-т заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангасан байхаас гадна уг маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын холбогдох заалтуудад нийцсэн бөгөөд тухайн захиргааны актыг гаргах /6 дугаар заалт/ эрх зүйн үндэслэл нь бодитой буюу тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан тусгай нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд захиргааны гэрээг цуцлахтай холбоотой тухайн шийдвэрийг гаргах боломжтой.
Нөгөөтэйгүүр уг захиргааны актыг гаргасан хариуцагч аймгийн Засаг дарга нь захиргааны байгууллага болохын хувьд үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчмуудыг баримтлах үүрэгтэй бөгөөд түүний гаргасан маргаан бүхий А/573 дугаар захирамж нь бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсооход чиглэгдсэн сөрөг үр дагавартай захиргааны акт болохын хувьд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Захиргааны акт .../-г/ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” ажиллагааг буюу сонсох ажиллагааг явуулах замаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлэх учиртай.
Түүнчлэн захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар тусгайлан шаардсан.
Хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны А/573 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.н, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 8.1.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгосон нь уг захиргааны актаар дан ганц гэрээг цуцлахтай холбоотой асуудлыг бус өөр бусад асуудлуудыг шийдвэрлэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “...хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Харин уг захиргааны актад тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдлын талаар буюу тухайлбал, нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцлах болсон нөхцөл шалтгааны талаар тодорхой тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал.../-ыг/ заах”, 40.4-т заасан “...тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шаардлагыг тухайлан хангаагүй байна.
Гэвч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн нэмэлт тайлбарт “...нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08/03 дугаар тогтоолоор олгосон газрын байршил, Ашигт малтмалын газрын дүгнэлтэд заасан газраас өөр газарт үйл ажиллагаа явуулж газрын хэвлийд хохирол учруулсан болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ...бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон[13], ...гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн”[14] хэмээн нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцлах болсон нөхцөл шалтгааны талаар нөхөн тодруулсан нь маргаан бүхий актад хамааралгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүхээс хариуцагчийн татгалзлын эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт хийх нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж дүгнэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Хариуцагчаас татгалзлынхаа үндэслэл болгон тайлбарлаж буй мэргэжлийн байгууллагуудын албан бичгүүдээс үзвэл:
-аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/288 тоот албан бичигт:[15] “ ...Аргалын уулын эрдэнэс...гэсэн 5 нөхөрлөлийн нэгдсэн зөвлөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайн гадна талд далд аргаар жонш олборлох зорилгоор ам нээхээр бэлтгэл ажлыг хийсэн, ...нөхөрлөлүүд нь ...үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгаа нь хүний амь нас эрсдэх эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон, ...нөхөрлөлүүдэд ажиллаж байсан ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан, хүн бэртэж гэмтсэн, өөр хоорондоо муудалцаж биенээ гэмтээсэн зэрэг ноцтой хэрэг зөрчил гарсан тул нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч ажиллана уу” гэж,
-аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/338 тоот албан бичигт:[16] “...Аргалын уулын эрдэнэс ЗГБХН-үүд нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг зөрчсөн тул арга хэмжээ авч өгнө үү” гэж тус тус дурдсан бол,
-аймгийн Цагдаагийн газрын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 33-1/1680 тоот албан бичигт:[17] “...дээрх нөхөрлөлийн тэсрэх бодисын агуулах, гэрээт харуул хамгаалалтыг шалгахад лац хүлээлцсэн тэмдэглэл, хоногийн рапортын дэвтэр байхгүй, тэсрэх бодисын нярав, туслах ажилтан байхгүй, хамгаалагч нь дүрэмт хувцас, галт зэвсэг огт байхгүйгээс гадна тусгай хэрэгслээ ашиглаж мэдэхгүй, 2019 оны 03 сараас хойш ганцаараа үүрэг гүйцэтгэж байснаас гадна гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь гэрээ байгуулахдаа хугацаа дууссан тусгай зөвшөөрөл ашигласан, гэрээнд 2 хамгаалагч гэж заасан байхад хамгаалагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж байсан, хамгаалагч нь объектоо удаа дараа орхисон зөрчил дутагдал илэрсэн” хэмээн дурдаад тухайн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох улмаар зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлэх“-ийг санал болгосон байх ба хариуцагчийн зүгээс дээрх албан бичгүүдэд дурдагдсан зөрчлүүдийг ялган зааглалгүй үйл ажиллагаа явуулж буй бүх нөхөрлөлүүдэд ерөнхийд нь хамааруулан тэдгээртэй байгуулсан гэрээг цуцлах нөхцөл шалтгаан болгон тайлбарладаг.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхээс тодруулсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн тайлбарт:[18] “...хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнөөс хүний амь нас эрсэдсэн, бэртэж гэмтсэн гэх асуудал нь Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлтэй хамааралгүй” гэж дурдсан байгаагаас үзвэл тус газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигт дурдагдсан зөрчлүүдээс зөвхөн “...5 нөхөрлөлийн нэгдсэн зөвлөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан дүгнэлтээр олгогдсон талбайн гадна талд далд аргаар жонш олборлох зорилгоор ам нээхээр бэлтгэл ажлыг хийсэн” гэх асуудал нь нэхэмжлэгчид хамааралтай болох нь тогтоогдож байх ба энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй болно.
Харин аймгийн Татварын хэлтсийн болон Цагдаагийн газрын албан бичгүүдэд дурдагдсан зөрчлүүдийн тухайд нэгэнт гэрээг цуцлах үндэслэлд хамааралгүй бөгөөд Зөрчлийн тухай хуульд зааснаар зохих хариуцлагыг хүлээлгэж болохоор асуудлууд байх тул эдгээрийг нэхэмжлэгчид хамааралтай эсэхийг тусгайлан дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хэрэгт авагдсан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтний хяналт шалгалтын ажлын тайлан болон түүнд хавсаргасан кадастрын зургууд[19], мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулж буй газрын байршлын зураг[20] зэрэг баримтуудаар нэхэмжлэгч “АУЭ” н нь “Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлтэд тусгагдсан 50 га талбайгаас өөр газарт ашигт малтмал олборлосон” болох нь тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч нь маргаагүй хэдий ч тухайн нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн хувьд тухайн 5 га талбайд дур мэдэн үйл ажиллагаа явуулаагүй, эрх бүхий этгээдээс буюу гэрээний нэг тал болох Эрдэнэ сумын Засаг дарга /газрын даамал/-аас хэмжилт хийн хүлээлгэн өгсөн талбайд үйл ажиллагаа явуулж байсан нь хариуцагч Эрдэнэ сумын Засаг даргын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан “...Ашигт малтмал, газрын тосны газраас 7/2115 дугаар албан тоотоор тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй гэсэн албан бичиг ирүүлсэн, ...мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/1084 тоотоор бол бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна гэсэн албан бичгийг хүлээж авснаар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулж ажилласан, ... дүгнэлтээр тогтоосон газрыг энэ 10 нөхөрлөлүүдэд өгөөгүй нь нэг талаас миний ажлын хариуцлага алдасных, нөгөө талаас ухагдаагүй шинэ 50 га газрыг олгохоос эрс татгалзсан юм. Ингээд сумын Байгаль орчин, газрын мэргэжилтэнтэй зөвшилцөж байгаад “Коммод” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газар дээр 50 га газрыг олгосон. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан нөхөн сэргээлт хийгдээгүй газар дээр дахин үйл ажиллагаа явуулж нөхөн сэргээлт хийх нь зөв гэж бид бүхэн ярилцаад шийдвэрлэсэн” гэх тайлбар, тухайн этгээдээс гэрээний 2.1.1-д заасан “бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах” үүргийнхээ дагуу гэрээнд хавсаргасан “...газрын байршлын зураг”, сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан гэрч Г.Ариунжаргалын “...”Коммод” ХХК нь тухайн газарт 926 га талбайд 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаад...2017 онд лиценз нь цуцлагдсанаас хойш уг газарт нинжа нар хулгайн аргаар жонш олборлож эмх замбараагүй байдал үүсгэсэн, иймээс тухайн газрыг бичил уурхайгаар ашиглуулж улмаар нөхөн сэргээлт хийлгэх зорилгоор тухайн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн боловч Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхайгааар ашиглуулах газрын хэмжээг жилд 50 га-гаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн учир 50 га-гаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч улмаар Ашигт малтмалын газраас дүгнэлт гаргуулахад давхцалгүй гэсэн. Уг дүгнэлтийг үндэслэн хүсэлт гаргасан нөхөрлөлүүдэд 50 га-г олгохоор миний бие болон сумын газрын даамал ...хэмжилт хийхэд уг газар нь хөндөгдөөгүй эрүүл газар байсан учир энэ тухайг сумын Засаг даргад мэдэгдсэнээр нөхөрлөлүүдэд дүгнэлтээр олгогдсон талбайг бус өөр газарт буюу өмнө нь “Коммод” ХХК-ийн олборлолт явуулж байсан газар /ухсан нүхнүүд/-ыг оролцуулан 50 га газар зааж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн ашигт малтмал олборлож байсан талбай нь нэгэнт эрх бүхий этгээдээс гэрээгээр тогтоож олгосон талбай байх тул “дүгнэлтээр олгогдсон талбайгаас өөр газарт жонш олборлож газрын хэвлийд хохирол учруулсан...” хэмээн нэхэмжлэгчийг буруутган түүнтэй байгуулсан гэрээг нь цуцлах нэг үндэслэл болгон тайлбарлаж буй хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “АУЭ” н болон Эрдэнэ сумын Засаг даргын хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний[21] Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг гэсэн хэсгийн 3.1.12-т “бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 2,000,000 төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх”, 3.1.16-д “...холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх”-өөр тус тус заажээ. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд гэрээний 3.1.12-т заасан үүргээ биелүүлээгүй, 3.1.16-д заасан үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй байх боловч маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн үед уг гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой эдгээр асуудлыг сумын Засаг дарга “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6.1.5-д заасан “...гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх” эрх, үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх улмаар гэрээний 4.3, 5.1-д заасны дагуу талууд гэрээг дүгнэхдээ харилцан тохиролцох замаар шийдвэрлэх боломжтой байтал гэрээний аль нэг тал биш этгээдээс тухайн гэрээг цуцлах үндэслэл болгон тайлбарлаж байгаа нь захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Мөн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарт “...нөхөрлөлүүдэд хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллах санал, дүгнэлтийг ирүүлснийг үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах зорилгоор захирамж гаргасан” хэмээн дурдсан[22], мөн маргаан бүхий захиргааны актын 1-5 дугаар заалт зэргээс үзэхэд тухайн захиргааны актыг “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” зорилгоор гаргасан гэхээр байна. Гэтэл уг захиргааны актын холбогдох заалтаар нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг цуцлахыг үүрэг болгосон нь бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг шууд зогсоох үр дагаврыг үүсгэсэн, түүнчлэн тухайн хяналт шалгалтыг явуулж дуусаагүй байхад /хяналт шалгалтыг 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд явуулахаар захирамжид заасан/ буюу захирамж гарсан тухайн өдөр ажлын хэсгийн зүгээс нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг шууд зогсоож байгааг мэдэгдсэн нөхцөл байдал нь хариуцагчийн үйл ажиллагаа зорилгодоо нийцээгүй болохыг илэрхийлж байна.
Дээрхээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан “... хуулийн 28.1.2-т заасан гарцаагүй байдлын улмаас эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэсэн үндэслэлээр манайх сонсох ажиллагаа явуулаагүй. Яагаад гэхээр тогтоосон газраас өөр газар ашиглалтын үйл ажиллагаа явуулсан байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын үндэслэлээр тогтоогдсон учраас заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Гарцаагүй байдлын улмаас гэхээр хөдөө орон нутаг байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах яаралтай шийдвэр гаргах үүднээс хууль хэрэглэж энэ үндэслэлээр сонсох ажиллагаа явуулаагүй” гэх тайлбараас үзвэл хариуцагч нь холбогдох хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлуудыг нягтлан шалгалгүйгээр буюу гэрээг цуцлах үндэслэлүүдийн талаар холбогдох тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олголгүй, сонсох ажиллагаа явуулалгүйгээр сөрөг нөлөөлөл бүхий тухайн захиргааны актыг гаргасан нь тогтоогдож байх ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэж, тэдний оролцоог хангах талаарх захиргааны үйл ажиллагаанд баримтлавал зохих тусгай зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан “...нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулах”-аар нөхцөл байдал буюу гэрээг дангаар цуцлах тусгай тохиолдол бүрдээгүй байхад эрх бүхий этгээд нэхэмжлэгч хоёрын хооронд байгуулагдсан захиргааны гэрээг үндэслэлгүйгээр цуцлахыг үүрэг болгож улмаар уг шийдвэрээрээ нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа шууд зогсоосноор нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь ийнхүү дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа анх, маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоолгох” агуулгаар гаргаснаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу “шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа”-г харгалзалгүйгээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг маргаан бүхий захиргааны актыг “хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон тул үүнтэй холбогдуулан тухайн захиргааны актад холбогдох нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай гэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, ...байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах”-аар заасан ба нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан захиргааны актад холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ч түүнийг нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гарсан өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тухайн актын үйлчлэл чиглэсэн этгээд болох бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд \ахлагчид\ танилцуулсан гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс уг захиргааны актыг албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй гэж маргасан ба тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх асуудлаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага...мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь мэдэгдсэн хугацааг нэгэнт нотолж чадаагүй учир маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул тухайн шаардлага бүхий нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Мөн маргаан бүхий захиргааны актаар цуцалсан гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх боловч нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчлөөгүй тул нэхэмжлэлийн тухайн шаардлагын хүрээнд уг захиргааны актын холбогдох хэсгийг “хүчингүй болгож” шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “АУЭ” нөөс маргаан бүхий захиргааны актаар манай нөхөрлөлийн эзэмшлийн машин техник, тоног төхөөрөмжийг газар дээр нь лацдаж битүүмжилснээс шалтгаалан олборлолт явуулж байсан газартаа нөхөн сэргээлтийн ажил хийх боломжгүй болсон, түүнчлэн тэдгээр машин техник, тоног төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх бодисын агуулахын 2 харуулыг одоо хүртэл цалинжуулж байгаа зэргээс эдийн засгийн хувьд хохирсон” гэх тайлбарыг гаргадаг боловч энэ нь маргаан бүхий захиргааны актад хамааралгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй газарт хийсэн үзлэг”-ээр[23] нэхэмжлэгч “АУЭ” нийн ажилчдын байрны гадна болон олборлолт явуулж байсан талбайн орчимд байрлах машин техник, тоног төхөөрөмжүүд, тэсэрч дэлбэрэх бодисын агуулах зэргийг улаан болон цэнхэр өнгийн лацаар тус тус лацадсан байсан нь тогтоогдсон.
Гэвч тэдгээр тоног төхөөрөмж, машин техник, тэсрэх бодисын агуулахад тавигдсан лацыг холбогдох Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг бүртгэлтийн болон мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу тодруулбал, Эрүүгийн 191900340, 192900178 тоот хэргүүдтэй холбогдуулан тавьсан болох нь гэрч Ж.Санжийпэрэнлэйн мэдүүлэг,[24] нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...машин, ... дээр улаан лац тавьсан нь ...хүн дээр байгаа хэрэг дээр байна лээ” гэх тайлбар болон хавтаст хэргийн 196-201-р хуудсанд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад нэхэмжлэгчийн генераторт 002685, тэсрэх бодисын агуулахын хаалганд 002454 дугаартай лац тавьж битүүмжилсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тэсрэх бодисын агуулахын хаалганд тавьсан лацыг хөндөж авсан харин генератор нь анх байсан газраасаа өөр газарт байршиж лац нь хөндөгдөж алга болсон байснаар дахин лацдалгүй орхисон болох нь хэрэгт авагдсан Лац, ломбо хөндсөн тухай тэмдэглэл[25], Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл[26], гэрч Д.Төмөрбаатар, Э.Одпүрэв нарын мэдүүлэг[27] зэргээр тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тэсэрч дэлбэрэх бодисын агуулах болон машин техник, тоног төхөөрөмжийг лацдаж битүүмжилсэн улмаар тухайн этгээдээс нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэх боломжгүй байгаа нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актад шууд хамааралгүй бөгөөд тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор тухайн нөхцөл байдал өөрчлөгдөх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж, машин техникийнхээ лацыг хөндүүлэх болон битүүмжлэлээс гаргуулахтай холбоотой асуудлаа холбогдох байгууллага /Цагдаагийн байгууллага болон харьяалах Прокурорын байгууллага/-д нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтний үйлдсэн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон түүний ажлын албаны Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтнээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “...аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/573 дугаар захирамжаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2019/01 дугаартай гэрээг цуцлах болсоныг мэдэгдсэн” агуулга бүхий ”Мэдэгдэх хуудас”-ыг[28] тус сумын “Хунхат” нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч 10 нөхөрлөлүүдэд гардуулжээ.
Нэхэмжлэгч “АУЭ” нөөс, дээр дурдсан Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин уул, уурхай хариуцсан мэргэжилтний үйлдсэн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тул шүүхээс тухайн “Мэдэгдэх хуудас”-ыг захиргааны гэрээг цуцлах үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт гэж үзэж улмаар түүнийг гаргасан этгээд болох Эрдэнэ сумын Засаг дарга, түүний ажлын албаны Байгаль орчин уул, уурхай хариуцсан мэргэжилтнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар болон хамтран хариуцагчаар татан оролцуулж холбогдох ажиллагааг явуулж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад, уг захиргааны актыг гарсан өдөр нь буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид гардуулан өгч мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан “Мэдэгдэх хуудас” тараасан баримт[29], “Сонсох ажиллагааны тэмдэглэл”, гэрч Г.Ариунжаргалын мэдүүлэг[30] зэргээр тогтоогдож байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар холбогдох захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “АУЭ” н нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд тэрээр уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэх талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл …шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, …хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.5, 2.4.6, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/573 дугаар захирамжийн 6 дугаар заалтын “АУЭ” ЗБ нд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нийн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга болон тус сумын Байгаль орчин, уул уурхай хариуцсан мэргэжилтний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэх хуудас”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АУЭ” ЗБ нд буцаан олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас,
[2] Хавтаст хэргийн 158-159-р хуудас,
[3] Хавтаст хэргийн 158-159-р хуудас,
[4] Хавтаст хэргийн 32-36-р хуудас,
[5] Хавтаст хэргийн 115-р хуудас,
[6] Хавтаст хэргийн 189-р хуудас,
[7] Хавтаст хэргийн 113-114-р хуудас,
[8] Хавтаст хэргийн 46-47-р хуудас,
[9] Хавтаст хэргийн 112-р хуудас,
[10] Хавтаст хэргийн 127-129-р хуудас,
[11] Хавтаст хэргийн 8-10-р хуудас,
[12] Хавтаст хэргийн 33-р хуудас,
[13]Хаваст хэргийн 117-р хуудас,
[14]Хавтаст хэргийн 38-р хуудас,
[15] Хавтаст хэргийн 45-р хуудас,
[16] Хавтаст хэргийн 48-р хуудас,
[17] Хавтаст хэргийн 49-50-р хуудас,
[18] 2-р хавтаст хэргийн 4-р хуудас,
[19] Хавтаст хэргийн 124-126-р хуудас,
[20] Хавтаст хэргийн 185-186-р хуудас,
[21] Хавтаст хэргийн 8-9-р хуудас,
[22] Хавтаст хэргийн 116-р хуудас,
[23] Хавтаст хэргийн 136-147-р хуудас,
[24] Хавтаст хэргийн 218-219-р хуудас,
[25] Хавтаст хэргийн 104-р хуудас,
[26] Хавтаст хэргийн 105-р хуудас,
[27] Хавтаст хэргийн 176-178, 183-184-р хуудас,
[28] Хавтаст хэргийн 96-р хуудас,
[29] 2-р Хавтаст хэргийн 5-7-р хуудас,
[30] Хавтаст хэргийн 225-227-р хуудас,