Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0572

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ХХХ/ШШХХХХ/ХХХХ дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш

 

Хэргийн индекс: 128/2023/0173/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн ХХХ/ШШХХХХ/ХХХХдугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “2008 он/ Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “А” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус акт болохыг тогтоож, дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б нарын дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох татварын хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ХХХ/ШШХХХХ/ХХХХдугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсгийг үндэслэл болгон ““А” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22 382 701 431, 10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн системд бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хуль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлоогүй, нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

-Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсгийг үндэслэх нөхцөл тухайн хэрэгт үүсээгүй байсан. Тодруулбал, татварын албанаас “А” ХХК-д 22.3 тэрбум төгрөгийн татварыг нэмэгдүүлсэн захиргааны ямар ч акт гаргаагүй. Энэ талаар тодорхой тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүхээс нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан.

-Нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгах үндэслэлээ хууль зүйн хувьд тодорхойлон тайлбарлаагүй, түүний ямар эрх ашиг нь хөндөгдсөн, захиргааны ямар акт гаргасан тодорхойгүй байхад илт хууль бус акт гаргасан мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч ямар акт гаргасан нь аль хуулийг аль заалтыг зөрчсөн тэр нь тухайн компанийн ямар эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй байдаг.

-Шүүхийн шийдвэрээс харахад шүүх тус компанитай холбогдохоос өмнө шийдвэрлэгдсэн Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдтэй уялдуулан энэхүү хэргийг төсөөтэй шийдвэрлэж болохоор байна гэж үзсэн тухайгаа шийдвэртэй дурджээ. Яг төсөөтэй хэрэглэх, шийдвэрлэх асуудал нь хэргийн нөхцөл байдалтай уялдах ёстой, гэтэл өөр өөр хэргийг хольж хутган өмнөх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь эрх зүйн ноцтой алдаа, хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэж үзэхээр байна.   

-Улсын дээд шүүхийн Иргэний хуулийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор “А ХХК”-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэж, хууль зөрчсөн үндэслэлээр илт хууль бусад тооцдоггүй хүчингүй болгодог нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр болох хугацаа 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэхээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

-Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор “А” ХХК-ийн Улсын төсвийн орлого хяналтын байцаагч нарт холбогдох татварын улсын байцаагчийн акттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Уг хэргийн тухайд компанийн 2010-2014 он татвар ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад 2015 онд буюу Засгийн газрын хэм хэмжээний актын төмөрт холбогдох хэсэг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болчихсон байхад хүчингүй болсон Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн акт тогтоосон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн байдаг.

Дээрх 2 шүүхийн шийдвэрийг хариуцагчаас биелүүлж актаар тогтоосон төлбөрийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болгон программд бүртгэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дараагийн Засгийн газрын хуульд нийцсэн хэм хэмжээний акт гарах хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгчийн борлуулалтын үнэлгээгээр тооцон авахыг Татварын ерөнхий газраас Улсын татварын орлого хяналтын газарт чиглэл болгосон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Үүнээс хойш тухайн компанитай холбогдох маргаантай захиргааны акт гаргаагүй бөгөөд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн иргэний болон захиргааны хэрэгт татвар төлөгчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагналтай холбоотой маргааныг шийдвэрлээгүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс харагдана. Өөрөөр хэлбэл “А” ХХК-д татварын албаны зүгээс 22 тэрбумаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн захиргааны аливаа шийдвэр, үйлдэл гараагүй энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад илт хууль бус акт тогтоосон, акт тогтоох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж шүүхийн үзээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-д заасны дагуу Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасантай зөрчигдөж байна.

-Татварын ерөнхий хуулийн /2008/ 1 дугаар зүйлийн 1.1-д “Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцагчийг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 18 дугаар зүйлийн 18.1-д “татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-д “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэж хуульчилсан. Дээрх хууль тогтоомжийн дагуу “А” ХХК нь 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа тухайн цаг хугацаануудад өөрөө тайлагнаж татварын албанд ирүүлсэн байдаг. Гэтэл 2010-2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар ногдуулсан 22.3 тэрбумын татварыг татварын алба үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж маргаж байгаа нь ойлгомжгүй юм. “А” ХХК нь хууль тогтоомжийн дагуу тайлагнан татварын албанд тушаасан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн он тус бүрийн тайлангаар нотлогдоно. Түүнчлэн 2010-2014 онд татвар төлөгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлангаа үнэн зөв тайлагнасан эсэхийг татварын  алба шалгаад 2015 онд хяналт шалгалтаар 83 тэрбум төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмж ногдуулсныг Улсын дээд шүүх 2017 оны 05  дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Татварын улсын байцаагчтай тооцоо нийлсэн акт гэх цаасыг үндэслэл болгож хууль тогтоомжид зааснаас өөрөөр татварыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй билээ. Тус компанид татварын албанаас 22 тэрбумаар нэмэгдүүлсэн гэх татварыг ямар нэгэн актаар ногдуулаагүй бөгөөд татварын улсын байцаагчтай тооцоо нийлсэн гэх баримт нь татварын алба, татварын улсын байцаагчаас үйлдэгдэх хуульд заасан захиргааны акт биш байна. Татварын улсын байцаагч нь зөвхөн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын албан, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт”, 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасан үндэслэлээр “дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх тогтоох хэсгээс бүрдэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасны дагуу хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой бөгөөд түүнийг харьяалах хэлтсийн дарга нь баталгаажуулахаар хуульчилсантай нийцэхгүй байна. Түүнчлэн татварын улсын байцаагчаас гарах акт дүгнэлтийн маягтуудыг татварын ерөнхий газрын дарга баталсан байдаг бөгөөд татварын албанаас тооцоо нийлэх акт гэх захиргааны акт шийдвэрийг гаргадаггүй болно. Тийм актыг батлагдсан маягт ч байхгүй болно. Татварын албаны аль ч түвшний албан тушаалтан (хаагч) хуульд зааснаас өөрөөр эрхээ хэтрүүлэн хуулийн дагуу төлсөн татварыг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1-д Татварыг зөвхөн Улсын Их Хурлын Хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасныг зөрчиж буй үйлдэл болно. Татварын улсын байцаагчийн тооцоо нийлсэн гэх баримт нь татварын албаны шийдвэр (тодруулбал захиргааны акт) биш бөгөөд зөвхөн татварын хуульд заасан үндэслэлээр татварыг хөнгөлөх, хүчингүй болгох зохицуулалтыг чиглэл болгон ажиллаж байгаа татварын албаны үйл ажиллагааг буруутгах боломжгүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг хэргийн үйл баримт, нотлох баримттай холбон тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хуулийн үндэслэл бүхий байх гэдэгтэй нийцэхгүй байна. Захиргааны акт нь ямар үндэслэлээр илт хууль бус болохыг, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг хуулийн заалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Иймд Нийслэл дэх захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ХХХ/ШШХХХХ/ХХХХдугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй байна:

1.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо “...“А” ХХК-д татварын албаны зүгээс 22,3 тэрбумаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн захиргааны аливаа шийдвэр, үйлдэл гараагүй энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. ... Татварын улсын байцаагчийн тооцоо нийлсэн гэх баримт нь татварын албаны шийдвэр (тодруулбал захиргааны акт) биш бөгөөд зөвхөн татварын хуульд заасан үндэслэлээр татварыг хөнгөлөх, хүчингүй болгох зохицуулалтыг чиглэл болгон ажиллаж байгаа татварын албаны үйл ажиллагааг буруутгах боломжгүй ...” гэжээ.

1.2. Шүүх анх “... Татварын ерөнхий газраас 2019 онд татвар бүртгэлийн цахим системд шилжүүлэх үеэр 2014 онд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолыг шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хэмээн тайлбарлаж, “А” ХХК-ийн төлөх ёстой АМНАТ-ын дүнг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, 58,700,440,154.76 татварын өр төлөх ёстой байтал 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж, 81,083,141,585.86 төгрөгийн татварын өр нэхэмжилж буй үйлдлийг илт хууль бус актад тооцуулах тухай” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

1.3. Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “...“А” ХХК-ийн төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн АМНАТ-ийг 81,083,141,585.86 төгрөг болгож /22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлсэн/ TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус актад тооцуулах, дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг даалгах тухай”/ 1 дүгээр хавтаст хэргийн 117, 136 дугаар хуудас/ гэж тодруулсан.

1.4. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “А” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн систем бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг илт хууль бус акт болохыг тогтоож, дээрх дүнг Татварын ерөнхий газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Тооцоо нийлсэн актын дагуу TAIS нэгдсэн системд шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.

1.5. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан хариуцагч Татварын ерөнхий газар нь “төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, системд бүртгэсэн үйлдэл”-ийг хариуцагч татварын байгууллага хэзээ гаргасан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх “илт хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн “уг бүртгэлийг засахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болжээ.  

1.6. Нэхэмжлэл, түүний үндэслэлээс үзвэл татвар төлөгч татвараа өөрөө тайлагнаж төлөх үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэзээ, хэдэн төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан, шүүхийн шийдвэрүүдийн дагуу “төлөх татвараа багасах ёстой” гэж үзсэн бол тайлангаа өөрчилж хүргүүлсэн эсэх, түүнийг татварын алба хүлээн авсан эсэх, Тооцоо нийлсэн акт гэх 2017 оны баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан аль үндэслэлээр борлуулалтын үнэлгээг тооцсон, ямар тайлан, анхан шатны баримтыг үндэслэж үйлдсэн, түүнээс хойш уг баримтыг үндэслэж, төлөх ёстой гэж үзсэн, тухайн татвараа тайлагнаж, төлсөн эсэх, тухайн тайланг нь татварын албанд хүлээн авсан эсэх, аваагүй бол тухайн үед нэхэмжлэгч маргасан эсэх, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн TAIS системд нэмэгдүүлэн бүртгэсэн гэх хариуцагчийн үйлдлийг хэзээ мэдсэн, хариуцагчийн “тайланг засаагүй, ямар ч татвар нэмж бүртгэсэн үйлдэл гаргаагүй, өөрсдийнх нь тайлагнасан дүнгээр байгаа” гэх тайлбар үндэслэлтэй эсэхийг тодруулах, холбогдох тайлан, баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

2. Нотлох баримт дутуу бүрдүүлсэн тухайд:

2.1. Анхан шатны шүүх “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол гарах хүртэл” А” ХХК өөрийн олборлосон овоолгыг төмрийн баяжмал ангилалд тооцуулж, зах зээлийн жишиг үнээр бус борлуулалтын гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөөр байна ...”  гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.2. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Энэ хуулийн 47.6-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:

47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;

47.2.2.дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;

47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж заасан.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх хуулийн аль үндэслэлээр хэрхэн тайлагнасныг “борлуулалтын гэрээний үнэ” үзсэн, хариуцагч түүнийг нь хэрхэн зассан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

2.3. Тэрээр нэхэмжлэгч “А” ХХК нь төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 81,083,141,585.86 төгрөг болгож /22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлсэн/ гэж маргасан атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Гэрээгээр төлөх ёстой дүн нь 38.8 тэрбум байна. Үйл ажиллагаа ковидын нөхцөл байдлаас зогсож 3 тэрбум төгрөгийг төлсөн” гэсэн тайлбар гаргасан, хэрэгт тухайн дүнгүүдээр тайлагнасан тайлан холбогдох баримтууд авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага, түүний үндэслэл буюу маргаан бүхий захиргааны акт, түүний улмаас зөрчигдсөн гэж үзэж, хамгаалуулахыг хүссэн нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн ХХХ/ШШХХХХ/ХХХХ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                     Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ