Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/58

 

2018             09              05                                                 2018/ДШМ/58

Э.Р-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

          Прокурор: А.Дүүрэнбилэг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,                                                   

          Шүүгдэгч: Э.Р,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Рд холбогдох, эрүүгийн 1819000620044 дугаартай, 1 хавтас 223 хуудас бүхий эрүүгийн хэргийг, шүүгдэгч Э.Р, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, хохирогч Н.Ц нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 2, хүүгийн хамт Дорноговь аймгийн ........ сумын 1 дүгээр баг, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Авга овогт Э-ны Р /РД:ЕБ76050837/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Э.Р 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-26 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Авга овогт Э-ны Р-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Р-г 6 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Рд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Э.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Ц давж заалдсан гомдолдоо: ... Одоо миний бие ямар ч үлдэц байхгүй эрүүл саруул эдгэрсэн тул энэхүү өргөдлийг бичиж байна. Учир нь Р намайг зодоогүй. Би энэ тухайгаа байцаагч мөн шүүгч нарт хэлж ойлгуулж хичээсэн, би гомдолгүй, хохирогч би Рд ял шийтгэл оногдуулмааргүй байна. Учир нь Р 6-р ангид орох хүүтэй, тэр хүүгээ хооллож, харж хандаж явдаг хүн. Энэ хүнд ял оноовол үр хүүхдийнх нь ирээдүй хэцүү болно. Р ажил хийж амьдаралаа авч явдаг хүн. Тиймээс бүхэл бүтэн нэг айлын амьдрал сүйрэх гээд байна. Иймд харж хандаж нигүүлсэнгүй сэтгэл гаргаж өгөөч, би гомдолгүй. Анхны мэдүүлэгтээ ухаан санаа орон гаран байсан. Ргийн өөрийнх нь амьдралыг, хүүхдийнхээ ирээдүйг бодож үзлээ ч хохирогч би гомдолгүй. Рг ял шийтгэлгүй гаргаж өгөөч. Р урд нь архи уудаггүй байсан, тэр үед сар гаруй бага зэрэг уусан. Түүнээс хойш огт архи уугаагүй, уухгүй гэж амлалт өгч өчнөөн уучлалт гуйсан нь үнэн болно. Р муу хүн биш, дуугүй, томоотой даруухан хүн шүү дээ. Рд би маш их итгэдэг. Хойшид ч итгэнэ. Р намайг зодоогүй шүү дээ. Би зодсон гэж хэлээгүй. Тухайн үед намайг татах шиг болсон гэж хэлсэнээс намайг хаалганд мөргүүлсэн гэж ч хэлээгүй юу болсныг ч санахгүй байна гэдгээ л хэлсэн. Ер нь миний дэргэд ойр байдаг Рг л буруутгаад байгаа шүү дээ. Тиймээс би гомдолгүй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон тогтоолд дурьдсан нотлох баримтуудаар ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-г тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал Э.Р нь хохирогч Н.Цд хүнд гэмтлийг ямар байдлаар, ямар аргаар учруулсан нь нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцжээ. Э.Р нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ Цд хүнд гэмтэл ямар аргаар /гараараа цохисон, юм мөргүүлсэн, чулуу модоор цохисон эсэх/ учруулсаныг тогтоогоогүй. Тухайн үйл явдал болох үед Р, Ц нараас өөр хүн байгаагүй. Хохирогч Ц 2018.02.23-ны өдөр уг гэмтлийг авсан гэж байгаа боловч дуудлагаар ирж үзсэн түргэн тусламжийн эмч тархинд үүссэн хүнд гэмтлийг оношлоогүй байдаг. Хохирогчоос 2018.03.31-ний өдөр анх мэдүүлэг авсан. Энэ мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн бусад 2 мэдүүлэг нь Ргийн мэдүүлэгтэй зөрүүтэй, хэн эхэлж гэрээс гарсан, хэн хаана зогсож байсан зэрэг мэдүүлгийн зөрөөг гаргаагүй. Мөн хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би эдгээр мэдүүлгийг өгсөнөө санахгүй байна, гэмтлийн дараа юм мартдаг байсан, гэрээс гарсанаас хойшхи зүйлийг санахгүй байна гэж мэдүүлжээ. Шинжээчийн дүгнэлтэд Цд гавал дух яснаас зулай яс луу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай, баруун дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зүүн дух, зулай, баруун дух хэсгийн тархины эдийн гүн дэх цусархаг няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн хооронд болон дух хэсгийн аалзан хальсны доорхи цус харвалт гэмтэл тогтоогдсон. Хохирогч Ц нь 2018.08.26-ны өдөр эмнэлэгт хандаж эдгээр гэмтлийг оношлуулжээ. Мөн Ргийн “хойшоогоо 2-3 алхаад унасан, унахдаа манай гэрийн үүдэнд байдаг том сараалжин хөлний гишгүүрийн наана газар унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-39/, гэрч Гантуяа нь шүүх хуралдаанд мэдүүлсэн “... Цын даралт ихэсдэг байсан, эмнэлэг явдаг” гэсэн мэдүүлэг /ШХТ-11-р тал/ хохирогч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...би хэт ядарсанаас болж ухаан алдаж унасан гэж бодож байна” /ШХТ 8 дугаар тал/ зэрэг мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд дурьдсан цусан хураа, цус харвалт зэрэг нь гавал дух яснаас зулай яс луу үргэлжилсэн шугаман хугарал зэрэг гэмтлүүдтэй холбоотой эсэх, эсвэл цус харвалт ухаан алдаж унасны дараа энэ гэмтэл үүсэх боломжтой эсэхийг тодруулах ёстой. Шинжээч эмч явганаас унаад, хойшоогоо савж унаад энэ гэмтэл үүсэх боломжгүй гэж байгаа боловч өөрийн хүчээр унахдаа ямар нэгэн хатуу мохоо зүйл мөргөж унахад үүсч болохыг тодруулснаар Р, Ц нарын мэдүүлгийг газар дээр нь дахин шалгах ажиллагааг хийж тухайн хэрэг болсон гэх газрын ойр орчимд ямар байдалтай байсныг тодруулж байж гэм буруутай эсэхийг шийдвэрлэх ёстой. Иймд Р гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байхад гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Р давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өрхөөс ганцаар хувиараа хөдөлмөр эрхэлж ам бүлээ авч явдаг. Анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн. Энэхүү ял шийтгэлийг бүрэн гүйцэд нотлогдоогүй байхад оногдуулсанд хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түрүүний мэдүүлэг дээр саваад уначихсан гэж мэдүүлдэг. Хэргийн газарт очиж зураг авсан. Сүүлд санахад ДДШ дардаг хэдэн том чулуу,  трубагаар шон хийсэн байсан, мөн хөдөлгөхгүй гээд арматур төмөр зоочихсон байсан. Тэр бүгд зурган дээр гараагүй байна лээ. Би өөрөө зодож, цохиогүй гэдгээ хэлсэн байгаа, шийдвэрийг дахин харж хянаж өгнө үү гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэдийгээр хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байдаг боловч эхний мэдүүлэг болон сүүлд өгсөн мэдүүлгээр энэ үйлдэл нь Ргийн үйлдлээс болсон гэдгийг нотолдог. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатан дээр Р миний биед гэмтэл учруулаагүй гэж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотолдог. Алтантулгыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах саналыг прокурорт тавьсан боловч ирэх боломжгүй гэдэг байдлаар шүүх хуралдаан үргэлжилсэн. Хэрэв Алтантулга орсон бол энэ хэргийн талаар нилээд хэдэн зүйлийг ярих байсан. Гэсэн хэдий боловч Алтантулгын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Энэ гэр бүлд ямар их хүчирхийлэл үйлдэгддэг вэ гэдгийг тодорхой мэдүүлсэн. Түүний мэдүүлгээс авч үзэхэд Р ах ээжийг зоддог. Зоддог талаар нь ах, эгч нартаа хэлэх гэсэн боловч ээж хэлүүлээгүй, намайг хэлэх юм бол Замын-Үүд сумын хүүхэд шиг алга болгоно шүү гэж хэлж байсан гэх мэтчилэн энэ гэр бүлд хүчирхийлэл үйлдэгддэг талаар мэдүүлдэг. Гомдолд гэмт хэргийг ямар үйлдлээр, ямар аргаар хохирогчийн биед гэмтэл учруулсан талаар тодорхойгүй байна гэсэн байна. Гэтэл хохирогч араас үснээс зулгаагаад, амбаар мөргүүлсэн гэж мэдүүлдэг. Энэхүү хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь дух яснаас хойшоо дагз руу чиглэсэн нуман хугарал гэсэн гэмтэл үүссэн. Энэхүү гэмтэл нь ямар байдлаар үүсэх боломжтой вэ гэсэн шинжээчийн дүгнэлтээр явганаас савж унаад авах боломжгүй, зөвхөн урдаас үүсэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас авахуулаад анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр би өөрөө савж унасан гэж мэдүүлдэг. Хохирогчийн энэ мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байдаг. Дуудлагын эмч ирээд Ц эмчид үзүүлээгүй гэдэг байдлаар ярьж байна. Хүний бие физилогоос шалтгаалаад тархин доор цусан хураа үүссэн үед цусны бүл нь хэр томорсон, эсхүл жижиг байгаагаас шалтгаалаад хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой байдаг. Ийм учраас Ц эмчид үзүүлээгүй. Үзүүлээгүй талаар Ц болон Р, мөн дуудлагаар очсон эмч мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг. Хэргийн газрын үзлэгт өөр бусад зүйлүүд байсан. Тухайлбал ДДШ антен, чулуу байсан гэж шүүгдэгч өөрөө хэлж байна. Хэргийн газрын нөхөн үзлэг хийхэд прокурор миний бие өөрөө оролцсон. Энэ бүгдийг анхны байсан байранд нь байлга гээд шүүгдэгчийг өөрийг нь оролцуулж хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газрын зураг дээр шүүгдэгч хаана унасныг нь гараараа заагаад зогсож байгаа. Ийм хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хохирогчийн мэдүүлэг гуйвж дайвсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр орж ирээд өгч байгаа мэдүүлгүүд нь ийм юм болоогүй гэдэг, тодруулах асуулт асуухаар тухайн үедээ ухаан санаа эрүүл бус байсан гэдэг байдлаар хандаж байсан. Хэрэв шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс харахад хохирогчийн мэдүүлэгт нэг зүйл дахин дахин давтагддаг. Өөрөөр хэлбэл энэ гэр бүлийг Р авч явдаг. Хамаг эх үүсвэрийг Р бий болгодог. Гэр бүлээ тэжээдэг гэдэг зүйлийг ярьж байсан. Мөн гэрч Гантуяагийн мэдүүлэгт авагдсанаар Р “хэрэв хэлэхийн бол би амиа хорлоно” гэдэг байдлаар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа. Энэ мэдүүлгүүдээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна. Ийм учир шалтгааны улмаас хохирогч мэдүүлгээсээ буцаад байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байна. Ийм учраас хэрэгт авагдсан баримтууд хангалттай тул нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аюулын зэргийн үнэлгээ хийсэн баримт, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд шүүгдэгч Э.Р нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-26 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Цыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол  санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

Хохирогч Н.Цын биед учирсан, гавлын дух яснаас зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн зулай, баруун дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, зүүн дух, зулай, баруун дух хэсгийн тархины эдийн гүн дэх цусархаг няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн таславч хооронд болох дух хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт  бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.Ргийн санаатай цохисон үйлдлээс үүссэн байх ба энэ үйлдлээс өмнө буюу дараа нь хохирогч, шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдаж, муудалцсан, өөр бусдад цохиулж, зодуулсан, гэмтэл авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн мэдүүлэг зэргээр хохирогч өөрөө дух хэсгээрээ хатуу мохоо зүйлийг мөргөсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч Э.Р гэрт байхдаа хохирогчийг боож, багалзуурдан, гараараа цохисон улмаар тэр хоёр гэрээс гарснаа удалгүй түс тас хийх чимээ гараад Э.Р, Н.Цыг ухаан алдчихлаа гээд тэвэрсэн байдалтай гэрийн үүдний амбаар руу орж ирэхэд, гэрт байсан Б.Ганбат тусалж гэрт оруулсан талаар гэрч Б.Бормаам, Б.Ганбат, Ц.Алтантулга нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Рг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ талаарх анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон, анхан шатны шүүхээс, шүүгдэгч Э.Ргийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарласан, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь  тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

2018 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө яаралтай түргэн тусламжийн эмчийн үүрэг гүйцтгэж байсан эмч М.Дэлгэрцэцэгийг хохирогч Н.Цд зохих журмын дагуу үзлэг, тусламж үзүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол гарсан/хх-52/ байх боловч дүгнэлт гарсан талаар хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэвч шүүгдэгч Э.Ргийн үйлдлийн улмаас хохирогч Н.Цд хүнд гэмтэл учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байх тул дээрх байдлыг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хамааралтай нөхцөл байдлыг тодруулалгүй орхисон гэж үзэхгүйг дурдаж байна.

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                                                                                                                          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1,  1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Р 48 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                               Н.БОЛОРМАА