Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2019/00722

 

“Ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02375 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 212 дугаар магадлалтай,

“Ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХК-д холбогдох,

11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Ө” ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХК-тай 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Жимобайл ХХК-иас авах утасны гадаад ярианы харилцан холболтын төлбөр болох 386.149.885 төгрөг гаргуулах иргэний хэрэгт өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж ажиллах, тус компани нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 10 хувиар тооцож ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. Үйлчилгээний ямар нэг хөлс аваагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын хөлсөө авах тохиролцоотой байсан. Гэтэл гэрээт ажил дуусаагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компани гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Нэгэнт гэрээг цуцалж байгаа бол хийсэн ажлын хөлсөө тооцож авахаар албан бичгээр мэдэгдэж өөрсдийн хийсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний тайлбар, цагийн тооцоог дэлгэрэнгүй гаргаж хүргүүлсэн. Бид гүйцэтгэсэн ажлаа цагаар тооцож 100 цаг зарцуулсан гэж үзэж, 1 цагийн ажлын хөлсийг жишиг үнээр тооцож 100.000 төгрөгөөр тооцсон. Иймээс М ХК-иас 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.      

Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ө ХХН-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 139 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, уг маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Тодруулбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2018/00471 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/02493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхой илэрхийлсэн албан ёсны байр суурийг хүлээн аваагүй, хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй М ХК-ийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдээгүй тул  2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалсан.  Өмгөөлөгч нь тус компанийн эрх бүхий албан тушаалтанд хэргийн явц байдлын талаар огт танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт хангалтгүй бүрдүүлж өгснөөс болж хэрэг маргаан өдий хүртэл шийдвэрлэгдэхгүй сунжирч байна.

Ө ХХН маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломж байгаа гэж гэрээ байгуулан нэхэмжлэл гаргаж байнгын харилцагч Жимобайл ХХК-тай өөр байдлаар бизнесийн журмаар тохиролцон асуудлыг шийдвэрлэж өнөөдөр нэг том харилцагчаа алдаагүй байх байсан. Харин ч буруу зөвлөгөө өгч шүүхэд нэхэмжлэл гарган харилцагчаа алдах, бизнесийн зах зээлд нэр хүндгүй болох асуудал үүссэн учир гэрээгээ цуцалсан. Түүнчлэн ажлын хөлс нэхэмжлэхдээ 100 цагийн ажил хийсэн, нэг цагийн хөлс нь 100.000 төгрөг гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 100 цаг гэж тооцсон нь бодит бус хэн нэгэн этгээд зохиож гаргасан мэт хэлбэрийн төдий байгаа бөгөөд талууд нэг цагийн ажлын хөлсийг 100.000 төгрөг байхаар огт тохироогүй. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02375 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч М ХК-д холбогдуулан 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө ХХН нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 212 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХК-аас 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Өмгөөллийн инстолекс” ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг нэхэмжлэгч "Ө” ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХК-аас 94.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ө” ХХН-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 367.2.Ажиллуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, ажиллагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан бол ажиллагч ажлын хөлс шаардах эрхээ алдана гэж заасан бөгөөд ажиллагч болох өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, ажлын үр дүн гараагүй тул ажиллуулагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1 а/336 дугаар албан бичгээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдэж дуусгавар болгосон. Талуудын гэрээний 4.6-д өмгөөлөгч нь хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй үйлчлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан, гэтэл хэргийн үйл явцын талаар гэрээ байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа болох 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаа, анхан шатны шүүх хуралдаан болсон 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчдээ биеэр болон бичгээр огт мэдэгдээгүй. Түүнчлэн ажиллуулагч М ХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1 а/336 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан ажиллагч Инсто лекс нь хэргийн үйл явцын талаар мэдэгдэж байснаа нотлох үүрэгтэй байхад хариуцагч М ХК нь тодорхой тайлбарлаагүй, холбогдох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь энэхүү үүргээ зөрчөөгүй талаар танилцуулж, тайлагнах нь Инсто лекс ХХН-ийн үүрэг гэдгийг Хяналтын шатны шүүх анхаарч үзээсэй хэмээн хүсч байна. Энэхүү үүргээ биелүүлж байсан талаарх баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй бөгөөд 22 жагсаалт бүхий үзүүлсэн үйлчилгээний жагсаалтын 18, 22-т заасан анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байгаа бөгөөд бусад 20 ажлыг гүйцэтгэсэн талаараа огт нотлоогүй. Түүнчлэн логикийн хувьд анхан шатны шүүх хуралдаанаас М ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад жагсаалтын 19-т анхан шатны шүүхийн шийдвэрийг авч танилцан давж заалдах гомдол гаргах, хуулийн гаргалгаа нотлох баримтыг хэрхэн тайлбарлах талаас нь дахин ажилласан нь 5 цаг, 20-т Давж заалдах гомдлын төслийг боловсруулан давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 6 цаг, Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэж, хэргийн материалыг дахин нягталж, хэрэг дээр дахин ажилласан 8 цаг гэх мэт 1 асуудлыг гурван өөрөөр тайлбарлан 5, 6 цаг гэх мэтчилэн зохиож тавьсан нэхэмжлэгчийн өөрөө гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэн 5,000,000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна.

Иймд Инсто лекс ХХН-ийн нэхэмжлэлтэй М ХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЩ2018/02375 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 212 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч “Ө” ХХН нь хариуцагч “М” ХК-с 11.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

Зохигчийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь “М” ХК-ийн нэхэмжлэлтэй Жи-мобайл ХХК-д холбогдох иргэний хэрэгт өмгөөлөл, хууль зүй туслалцаа үзүүлэх,  хариуцагч нь нэхэмжлэлийн дагуу шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөхөөр харилцан тохирсон, хариуцагч уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад буюу  2016 оны 5 дугаар сарын 17-ний өдөр гэрээг цуцалжээ /хэргийн 7-10 дугаар тал/.

Зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, гэрээ цуцалсан талаар зохигчид маргаагүй, харин хөлс төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч нь “М” ХК-ийн удирдлага, холбогдох хүмүүстэй уулзаж, маргааны талаар холбогдох баримтыг судалж, нэхэмжлэлийн төсөл боловсруулж, хуульд заасан шаардлага хангаж шүүхэд хүргүүлж, нотлох баримт гаргах,  цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргасан, улмаар хэргийн материалтай танилцаж, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож тайлбар, гомдол гаргах зэргээр эрх зүйн туслалцаа үзүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч дээрх ажиллагаанд нийт 110 цаг зарцуулсан гэж үзэж, цагийн хөлсийг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 11.000.000 төгрөг нэхэмжилжээ /хэргийн 16-18 дугаар тал/.

Өмгөөлөгч нь хэргийн явц, үр дүнд нөлөөлөх аливаа зүйлийг цаг алдалгүй үйлчлүүлэгчид мэдэгдэнэ гэсэн гэрээний 4.6 дах заалтыг зөрчсөн тул гэрээг цуцалсан гэж хариуцагч тайлбарлаж буй боловч энэхүү нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч гэрээ цуцлагдаагүй,  энэ тохиолдолд Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1.-т зааснаар гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй.

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т үйлчлүүлэгч нь үйлчилгээний явцад гарах зардлыг /энэхүү гэрээний 2 дугаар зүйлд зааж тохиролцсон ажлын хөлснөөс гадна улсын тэмдэгтийн хураамж, нотариатч, орчуулгын товчооны үйлчилгээний болон Улаанбаатар хотоос өөр газар очиж ажиллах тохиолдолд тээвэр, холбоо, байр, хоолны гэх мэт/ хариуцна гэж заасан.

Нэхэмжлэгчийн оролцож байсан хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 5.000.000 төгрөгөөр тогтоож, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 212 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ