Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Т.Чойжамц, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төгс овогт Түвдэнсүрэнгийн Чойжамцад холбогдох эрүүгийн 2115000000117 дугаартай, 163/2021/0135/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төгс овогт Түвдэнсүрэнгийн Чойжамц, 1950 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 71 настай, эрэгтэй............. оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 3, 2 охины хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: ................/

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.Чойжамцыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чойжамцын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000117 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Чойжамц нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Индэртийн Ар" гэх газраас шинэс төрлийн зүсмэл мод 4.7 куб метр, бөөрөнхий 5.24 куб метр мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид 11955149 төгрөгийн шууд хохирол учруулж, Ойн тухай хууль зөрчсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 тал/,

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-18, 23-28 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22 тал/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-29-37 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-39 тал/,

Мод бэлтгэх эрхийн бичиг, гэрээ /хх-113-116  тал/,

Сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлт /хх90-92 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-102-105 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ж.Амартүвшингийн өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хутаг-Өндөр сумын ойн ангийн даргын үүрэг гүйцэтгэгч Шинэбаяр нь “Хялганат Энержи” мод бэлтгэлийн байгууллагын мод бэлтгэлийн үйл ажиллагаа асуудалтай байна” гэж надад хэлсэн юм. Тэр дагуу нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Хялганат Энержи” мод бэлтгэлийн талбайд шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Шинэбаяр, ойн ангийн инженер Даваахүү бид нар явсан.Тэгэхэд мод бэлтгэх зөвшөөрөл авсан талбайгаас биш өөр зөвшөөрөлгүй талбайгаас хууль бус мод бэлтгэсэн байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулсан. Хохирлоо төлүүлж авбал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

Гэрч Ч.Ганзоригийн...Би 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хутаг- Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Индэртийн Ар” гэх газраас Чойжамц, Балдандорж нарын хамтаар уулнаас мод бэлтгэсэн. Тухайн үед бид нар “Камаз” маркийн 49-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан. Мод бэлтгэх газар “Юумз” маркийн трактор байсан. Би тракторын мост нь ажиллахгүй байсныг засах гээд бригад дээрээ үлдсэн юм. Чойжамц жолооч Балдандорж нар нь уул өөдөө өгсөж мод бэлтгэх газарлуугаа явсан. Тэгээд 2 цагийн дараа модоо бэлдсэн гээд ирсэн. Тэгэхээр нь би трактораараа цагаалж ачсан. Бид нар унагасан модоо 4 метрээр тайрч ачсан. Үлдсэн модоо маргааш өдөр нь буцаж ирж авсан. Би трактораа засаад дуусаж байхад уулнаас Чойжамц, Балдандорж нар нь модоо бэлтгээд бууж ирсэн. Тэгээд Чойжамц нь намайг “бэлдсэн модыг цагаалаад ир” гэж хэлсэн. Уг бэлдсэн мод нь тусгаарлалтын талбайгаас гадуур унагасан мод байсныг би мэдээгүй. Тухайн үед Т.Чойжамц гэх хүн нь үүрэг өгсөний дагуу би цагаалсан. ...” гэх мэдүүлэг /хх-53-54 тал/,

Гэрч М.Балдандоржийн “...Надад 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Индэртийн Ар” гэх газраас мод бэлтгэнэ гэж Чойжамц гуай хэлсэн. Тэгээд би “Камаз” маркийн 49-13 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тухайн үед надтай хамт Чойжамц, Ганзориг нар хамт явсан.Тэгээд нөгөө бэлтгэх газар нь Уньт багийн төвөөс ертөнцийн зүгээр баруун урагшаа байдаг “Индэртийн Ар” гэх газарт очиход “Юумз” маркийн трактор байсан ба тракторын мост нь ажиллахгүй байсныг засах гээд бригад дээрээ Ганзориг үлдсэн юм. Би Чойжамц гуайтай хамт уул өөдөө өгсөж мод бэлтгэх газартаа иртэл нөгөө мод бэлтгэх гэж байсан газар нь шавар шавхай ихтэй машин техник явж болохгүй байсан. Тэгсэн чинь Чойжамц гуай “одоо нэгэнт ирчихсэн юм хойно энэ хавиас модоо бэлтгээд буцъя” гэж хэлсэн. Тухайн үед ч би нэг их юм хэлэлгүй үгэнд нь ороод зааж өгсөн газраас мод бэлтгэхээр ойр зуурын юм аа бэлтгэсэн. Угаасаа мод бэлтгэхээр гурвуулаа явсан учир босоо мод хөрөөдөхөөр би аль модыг хөрөөдөх талаар асуухад Чойжамц гуай хөгшин надад унагаах моднуудыг зааж өгсөн. Түүний дагуу би тэр газар байсан модноос нийт 16 ширхэг “Шинэс” мод унагасан. Тэгээд унагаж бэлтгэсэн модоо 4 метрээр тайрч үлдсэн үзүүрийг нь 2 метрээр мөн бэлтгэсэн. Тэгээд тэр оройноо “Камаз” маркийн машинаараа ачаад Уньт багийн төвийн хөрөө рамруугаа явсан. Үлдсэн модоо маргааш өдөр нь буцаж ирж авсан. Уг бэлдсэн мод нь тусгаарлалттай талбайгаас гадна талбайн мод байсныг би мэдээгүй юм. Тухайн үед Чойжамц гэх хүн үүрэг өгсөний дагуу би модыг хөрөөдсөн. ...” гэх мэдүүлэг /хх-59-60 тал/,

Гэрч Г.Энхтайваны өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны орой Чойжамц гэдэг хүний хөрөө рамнаас үзүүр дорцоов нийлсэн 13-14 ширхэг урт нь 2 метрын урттай моднуудыг авчирч гэрийн хашаан дотор өөрсдөө ирж буулгаж өгсөн. ...”гэх мэдүүлэг /хх-62-63 тал/,

Гэрч П.Хандсүрэнгийн “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед Чойжамц гэх хүн ирж тусламжийн хүрээнд мод өгч байна гэж хэлээд ачааны машинаас 17 ширхэг мод манай хашаанд буулгаж өгөөд явсан. ...” гэх мэдүүлэг /хх- 65-66 тал/,

Гэрч Я.Уламбаярын “...Чойжамцын өөрийнх нь хэлснээр 2021 оны 4 дүгээр сарын эхээр би “Индэрт Ар” гэх газраас уг нь мод бэлтгэхээр тусгаарлалт хийсэн талбай байсан.Тэгээд тэр газраа мод бэлтгэхээр очсон чинь нөгөө газрын маань ордог жалганд уулын ус буугаад шавар шалбааг болсон байсан.Тэгэхээр нь тэр газраа мод бэлтгэх боломжгүй болохоор нь хамт явсан хүү Ганзориг, Балдандорж хоёртойгоо мод бэлтгэх тусгаарлалт хийсэн талбайн хажуугийн уулын ар хормой хэсэг газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж хэлсэн. Харин тухайн үед Чойжамц ах нөгөө хоёртоо энэ газарт талбайн тусгаарлалт хийгээгүй шүү гэж хэлээгүй гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-68-69 тал/,

Гэрч Л.Жаргалсайханы “...Чойжамц гэх хүн нь тусгаарлалт хийсэн талбайн гадна талд хууль бусаар мод бэлтгэсэн нь үнэн. Тухайн үед Чойжамц гэх хүнд “та тусгаарлалт хийсэн талбайгаасаа мод бэлтгэхгүй яагаад гадна талбайд нь бэлтгэсэн юм бэ? гэж хэлэхэд гадна талбайд мод бэлтгэсэн нь миний буруу тусгаарлалт хийсэн талбайдаа мод бэлтгэх гэтэл жалган дахь хэсэг нь уулын ус буугаад шавар шавхай их байсан учир машин техник явах боломжгүй байсан юм” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх- 74 тал/,

Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн экологи эдийн засгийн хохирол тооцсон “Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн нойтон мод байна. Уг мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн мод . “Индэртийн ар” хэмээх газарт талбайн тусгаарлалтын ажил хийсэн бөгөөд тухайн мод бэлтгэсэн газар нь тусгаарласан талбайгаас 60-80 метрийн зайд байсан. Бэлтгэсэн мод нь зүсмэл материал 4.7 шоометр, бөөрөнхий мод 5.24 шоометр байлаа. Ачиж тээвэрлэсэн гэх мод нь тусгаарласан талбайн гаднаас бэлтгэсэн болно.” гэх 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт /хх-90-92 тал/,

Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцсон “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 11955149 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 35865447 төгрөг болж байна” гэх 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт /хх-60 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Чойжамцын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Хутаг-өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг өөрийн мод бэлтгэх зөвшөөрөлтэй талбайгаас мод бэлтгэх гээд уг талбайдаа очих гэтэл цас хайлаад мөстөж хөлдөөд шавартай жалга гарч болохгүй байсан учир хамт явсан Балдандорж гэх хүнийг чи энэ талбайгаас ургаа хэдэн мод унагаа гэж хэлсэн. Тэр дагуу нь Балдандорж нийт 16 ширхэг ургаа мод унагааж бэлтгэсэн. ...Ганзориг, Балдандорж нарын хамт тайрч бэлтгээд машиндаа ачаад Уньт багийн төвд байх өөрийн хашаандаа буулгаж талыг нь зүсээд үлдсэн моднуудыг нь хашаандаа буулгаад модны үзүүр дорцовыг нь Уньт багийн амжиргаа тааруу гэх багийн даргын зааж өгсөн 2 айлд буулгасан. Балдандорж, Ганзориг нар намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаа гэдгийг мэдээгүй юм. Би энэ талбайгаас мод бэлтгэ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-160-161 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Т.Чойжамцын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Чойжамц нь эрх бүхий байгууллагаас олгосон мод бэлтгэх эрхийн бичигт зааснаас өөр газраас ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Т.Чойжамц нь мод бэлтгэх арга, технологийг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Т.Чойжамц нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Чойжамцыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Индэртийн Ар" гэх газраас шинэс төрлийн зүсмэл мод 4.7 куб метр, бөөрөнхий 5.24 куб метр мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Чойжамцын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 11955149 төгрөгийн шууд хохирол /хх-90-92 тал/ учирсан нь Булган аймгийн Булган сум дахь сум дундын ойн ангийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 35865447 төгрөгийн /хх-96 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.Чойжамцаас 35865447 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Чойжамцыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Чойжамцын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Чойжамцад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 137-146 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Чойжамц нь ам бүл 3, 2 охины хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Чойжамцын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, уг ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хялганат Энержи” ХХК-ны эзэмшлийн 3173567 төгрөгийн үнэлгээ бүхий 49-13 УБЭ улсын дугаартай “Камаз 5320” загварын тээврийн хэрэгсэл, 1574289 төгрөгийн үнэлгээ бүхий “ЮУМЗ-трактор-50” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4.7 м3 хэмжээтэй зүсмэл мод, 5.24 м3 хэмжээтэй бөөрөнхий мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн “Урал” загварын моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Т.Чойжамц нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж хуульчилсан.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, хуулийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх боловч Төрийн мэдээлэл, эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулаагүй байх тул шүүгдэгч Т.Чойжамцад холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төгс овогт Түвдэнсүрэнгийн Чойжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чойжамцыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чойжамцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Т.Чойжамцаас байгаль экологид учруулсан хохирол 35865447 /гучин таван сая найман зуун жаран таван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: ............../ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хялганат Энержи” ХХК-ны эзэмшлийн 3173567 төгрөгийн үнэлгээ бүхий 49-13 УБЭ улсын дугаартай “Камаз 5320” загварын тээврийн хэрэгсэл, 1574289 төгрөгийн үнэлгээ бүхий “ЮУМЗ-трактор-50” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 4.7 м3 хэмжээтэй зүсмэл мод, 5.24 м3 хэмжээтэй бөөрөнхий мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 63000 /жаран гурван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн “Урал” загварын моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Чойжамц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОТГОНБААТАР