Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/525

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Одбаяр хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Г.Б-өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И-овогт Г-гийн Б-д холбогдох эрүүгийн 2110009420000 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл-1 Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ТБГТБ-ийн 1-00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нүхтийн 20 дугаар гудамж, С ХХК-д мужаанаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, И-овогт Г-гийн Б-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “ТТБТ” 1-3 тоотод байрлах гэртээ өөрийн хамтран амьдрагч Н.О-ийн биед халдаж байхад нь салгах гэж очсон С.Э-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв

Эрүүгийн 2110009420000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 8, 20-р хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22, 109-110-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3455 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 117-127-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ТБГТБ” 1 дүгээр байрны 3 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Н.О-ийн биед халдаж байхад нь салгах гэсэн хохирогч С.Э-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад найз охин Н.О- чат бичээд “хаана байгаа хоёулаа уулзъя” гэсэн. Би гэрт нь очиход найз залуу гэх Бороо нь 2 найзынхаа хамт пиво уугаад сууж байсан. Найз залуугийнх нь найзууд гараад явсны дараа бид нэмж уусан. Бид хоёрыг юм яриад сууж байхад Бороо босож ирээд найз охин Отгонтөгс рүү “чи машин авч явсан, чи архи авч ирлээ” гэж дайраад намайг “чи олон залуутай явалддаг” гээд хэл амаар доромжлоод найз охиноо үснээс нь чирээд гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиод байхаар нь би “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гээд салгах гэсэн чинь намайг “пизда чинь чи бид хоёрын голоор орохгүй шүү” гээд гараараа миний хамар руу нэг удаа цохиод авахаар нь би цагдаад хандсан. ...Миний хамар хөхрөөд хугарсан юм шиг байна. Өөр гэмтэл шарх байхгүй. Толгой их өвдөж байна. ...Бид нар пиво уусан байсан. Н.О- бид хоёр зүгээр байсан. Харин Г.Буян-Өлзий нэлээд согтуу байсан. Ер нь бүгд биеэ аваад явчих чадвартай байсан. ...Нөхөр Г.Б-нь гараараа биед буюу нуруунд 2-3 цохиж авсан. Тэрнээс өөр зүйл харагдаагүй.Тухайн үед ямар гэмтэл бэртэл гэх зүйл харагдахгүй байсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт алга байна. Дүгнэлтэд тусгагдсан хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг Г.Б-1 удаа гараараа миний хамар руу цохиж гэмтэл учруулсан юм. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар зодож, цохисон зүйл байхгүй. Одоо миний биеийн зүгээр байгаа. Надад гомдол, санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 20-р хуудас/,

Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед их согтуу байсан. Цагдаагийн байгууллагад согтуудаа дуудлага өгсөн. Маргааш нь эрүүл болоод миний биед гэмтсэн гэх зүйл байхгүй байсан. Би согтуудаа өөрийнхөө амийг хорлох үйлдэл хийсэн юм. Манай хамтран амьдарч намайг болиулаад уурласан байсан. Ер нь бол урьд нь би амиа хорлох гэж оролдож байсан. Согтохоороо би урьд нь алдаж байсан амьдарлаа бодоод сэтгэлээр уначихдаг юм. Өөрөө юу хийснээ санадаггүй. Дараа нь би эрүүл болсон үедээ амиа хорлох гэж гар шуу болон хүзүүгээ зүссэн байдаг. Тэрнээс тухайн үед бол өөрийнхөө үйлдлийг мэддэггүй юм. Урьд нь зодож, цохиж байсан зүйл бол байхгүй. Г.Б-нээх архи уугаад байдаггүй. Хаяа нэг уухаараа хэрүүл өдөөд байдаг юм. Тэрнээс бол намайг зодож, цохиод байдаггүй.

...Би анх мэдүүлэг өгөхдөө ерөнхийдөө согтуу байсан ба дараа нь дахин хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн болохоор хооронд нь хольж сольж мэдүүлэг өгсөн байх. Тухайн мэдүүлэг өгч байх үеүдэд болсон асуудлынхаа талаар сайн санахгүй бүдэг бадаг санаж байсан. Одоо болсон дэлгэрэнгүй мэдүүлэг өгье. Одоо бол болсон асуудлын талаар ерөнхийд нь гайгүй санаж байна. Тухайн асуудал болсон өдөр нь гэвэл 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ний өдрийг шилжих шөнө болсон асуудал юм. 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б- бид хоёр гэртээ амарч байсан бөгөөд Б-ийн 2 найз манай гэрт ирээд 2.5 литрийн савлагаатай 6 ширхэг пиво Б- болон түүний 2 найзын хамт бид дөрөв хувааж уусан юм. Улмаар Б-ийн найзууд орой болох гэж байхад явсан бөгөөд ямар асуудал маргаан гараагүй байсан юм. Одоогоос олон сарын өмнө болсон асуудал болохоор надад ямар нэг цагийн баримжаа байхгүй байна. Ингээд Б-ийн 2 найз нь явсны дараа би өөрийн найз болох Э- руу фейсбүүкээр зурвас бичиж гэрийн ойролцоох худаг дээр уулзалдахаар болж би гэрээсээ гарсан. Б- унтаагүй сэрүүн үлдсэн. Ингээд би гэрээсээ гараад удалгүй Э-тай буцаж гэртээ орж ирсэн. Б- хальт унтсан бололтой эргээд сэрсэн. Улмаар манай гэрт 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг задлаагүй бүтэн пиво байсныг Б-, Э- бид 3 хувааж ууж суусан. Уг пивийг дуусгаж би гэрээсээ гарч Б-ийн машинд байсан 0.75 литрийн соёрхол гэх нэртэй бүтэн задлаагүй архийг гэрт оруулж ирээд Б-, Э- бид гурав хувааж уусан юм. Ингээд тус архийг хувааж ууж юм ярьж сууж байсан бөгөөд гэр халуун байсан болохоор Э- бид хоёр дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлчихсан дан хөхний даруулгатайгаа сууж байсан ба юм яриад сууж байтал Б- гар утсаа гаргаж ирээд Э- бид хоёрын бичлэгийг хийгээд байсан. Тэгтэл манай найз Э- надад Б- чи бид хоёрын бичлэгийг хийгээд байна шүү дээ гэхээр нь би Б-д “чи битгий бичлэг хийгээд бай” гэхэд “янхны бичлэгийг хийхээр яадаг юм” гэхээр нь би утсыг авах гэж оролдон утсыг нь аваад Э- руу шидээд өгтөл Б- надтай маргалдаж улмаар намайг үсдэж, нуруу руу цохиж зодсон юм. Тэр үед Э- Б-ийг намайг зодохыг нь болиулах гэж оролдож салгах гэж голоор ороход Б- Э-д хандан “чамд ямар хамаатай юм пизда минь, битгий голоор ороод бай” гээд Э-ыг үсдээд 2 билүү 3 удаа цохичих шиг болсон тэгтэл Э-ын хамраас цус гараад Э- цагдаа дуудлаа гээд манай гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би Э-ын араас гарах гэтэл Б- гэрээс гаргахгүй байсан ба гартаа заазуур барьчхаад “юун цагдаа дуудах, ална шүү” гээд орилоод байхаар нь би Б-ийг айлгах гэж заазуурыг нь аваад амиа хорлолоо шүү гээд орилолдож байхад хажуу айлын Наранзул гэх эгч орж ирээд Б- бид хоёрыг салгаж хоорондоо эв зүйгээр учраа олж болдоггүй юм уу гээд гарахад нь би араас нь гарч цагдаагийн байгууллага дээр очсон юм. Тухайн үед Б-, Э- бид гурваас өөр хүн байхгүй байсан. Бид гурав л байсан. Б- Э-ын нүүр хэсэгт миний санаж байгаагаар зүүн гараараа үсдэж байгаад баруун гараараа 2 билүү 3 удаа цохисон. Б- намайг зодож цохисон миний толгой, нүүр, нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Би анх цагдаад энэ талаараа мэдүүлсэн. Гэхдээ тэр үедээ их согтуу байсан. Тухайн үед маргааш нь эрүүл болоход миний биед ямар нэг бэртэл гэмтэл учраагүй байсан болохоор нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй ба би өөр ямар нэгэн эмнэлэгт очиж үзүүлээгүй. Одоо ч миний биед тухайн үед цохиулж зодуулж, цохиулснаас болж үүссэн гэх шарх, сорив, бэртэл гэмтэл, ямар нэг зовуурь байхгүй. Харин манай найз Э-ын хамар л Б-д цохиулснаасаа болж гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 109-110-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 3455 дугаартай шинжээчийн: “...1. С.Э-ын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би гэртээ байж байхад манай найз хүүхэн Н.О- нь найз Туул гэдэг нэг эмэгтэйтэй 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орж ирсэн. Бид нар хамт хэдэн пиво хувааж уусан. Орой нь унтаж амарч байхад С.Э-, Н.О- хоёр 1 шил архи хувааж уусан байсан. Н.О- согтсон байсан. Н.О- нь согтоод амиа хорлох гээд заазуур барьсан байсан. Тэгэхээр нь би болиулах гэж байхад С.Э- над руу дайраад байхаар нь С.Э-ыг нэг удаа гараараа алгадсан. Тэгэхэд С.Э-, Н.О- хоёр гараад явсан. Удаагүй байхад цагдаа нар ирсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй. ...Би гараараа нэг удаа цохисон. Тэрнээс өөр ямар нэг байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. ...Дүгнэлтэд дурдсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Б-нь түүний хууль бус үйлдлийг таслан зогсоохоор оролдсон хохирогч С.Э-ын хамар хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогч С.Э- нь мөрдөн байцаалтад: “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх мөнгө байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 54-р хуудас/

Иймд шүүгдэгч Г.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байна.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б-нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар 01 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдаж, суллагдсанаас хойш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

Шүүгдэгч Г.Б-ийн дээрх хувийн байдлаас үзэхэд тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. И-овогт Г-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР